Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02437

 

 

 

 

 

2022 оны ... сарын ... өдөр Дугаар 102/ШШ2022/0....  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б....,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр У...., С.... нартай Баянгол дүүргийн ... тоотод орших хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 5,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөгийг эхнэр У....ийн Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлж байхаар амаар харилцан тохиролцсон юм. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бид тохиролцоогоо гэрээ хийж албажуулахаар болж нотариат дээр очиж тухайн үед биет байдлаар 10,000,000 төгрөгийн төлөлт хийснийг баталгаажуулсан гэрээ хийж, үлдэх 20,000,000 төгрөгийг дээрхтэй адил сар бүр 500,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Би тохиролцсон ёсоор сар бүр төлөлт хийсээр хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлөлт хийсэн бөгөөд энэ үед 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2022 оны 5 дугаар сарын 14-нд У.... над руу чат бичиж, үлдэгдэл мөнгөө бөөнд нь авъя гэсэн. Би 5 дугаар сарын 15-нд үлдэгдэл мөнгөө өгөхөөр ярьтал өөдөөс хашаа байшингаа зарсан гэсэн хариу хэлээд миний амьдарч байгаа хашаа байшинг бусдад давхардуулан зарсан байж болзошгүй байна. Иймд М.... намайг Баянгол дүүргийн ..... тоотод орших .... дугаарын гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай, 514 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт оршин .... улсын бүртгэлийн дугаартай, 34,5 м.кв талбайтай, 20 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууцны зориулалттай байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Бидний бичгээр байгуулсан гэрээнд төлбөрийг бөөнд нь заагаагүй. Гэнэт урьдчилж мэдэгдэлгүй хэлээд, хэлснийхээ маргааш хүнд зарчихсан гэж хэлсэн. Би тохирсноороо төлбөрөө зөрчилгүй өгч байсан...гэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Харилцан тохиролцож хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Төлбөрийг 30,000,000 төгрөгөөр тохирч, М.... төлөх ёстой төлбөрөөсөө 3,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээ зөрчсөн гэх боловч ямар гэрээ зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгчид 25,000,000 төгрөг шилжүүлсэн нь байж байгаа. Хариуцагчид үүнийг буцааж өгөхөд бэлэн байгаа. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Төлбөр төлөх боломжоор хангалгүйгээр бусдад худалдсан байна. Бүх төлбөрийг төлсний дараа өмчлөлийг шилжүүлэхээр тохирсон байсан...гэв.

3.Хариуцагч С.... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 7 дугаар гудамж 209 тоот хашаа байшин миний нэр дээр бүртгэлгүй. Иргэн М....аас би хашаа байшин түрээсэлсэн болон худалдсан гэх байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй болно...гэжээ.

4.Хариуцагч У.... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие танил найз болох М....д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар М.... нь нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлөөд, үлдэгдэл төлбөрийг цалингийн зээл аваад бөөнд нь төлж барагдуулахаар бид амаар тохиролцсон. Нэг жил өнгөрсний дараа үлдэгдэл төлбөрөө бөөнд нь төлөхийг шаардахад М.... найзынхаа приус машиныг унаж яваад унагасан, цалингийн зээл авч хохирлыг төлөөд мөнгөгүй болсон тухайгаа надад хэлсэн. Түүнээс хойш М....аас үлдэгдэл төлбөрөө бөөнд нь авъя, мөнгө хэрэгтэй байна гэхэд цалингийн зээл аваад хүүдээ байр худалдан авч өгөөд мөнгөний боломжгүй байна гэх зэргээр ямар нэгэн шалтаг хэлж байнга хойшлуулсаар ирсэн. Бүр сүүлдээ арга буюу 2022 оны 4 дүгээр сард хашаа байшингаа бусдад худалдаж М....д 25,000,000 төгрөгийг буцаан төлсөн...гэжээ.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ хийж, нэг жилийн хугацаанд 500,000 төгрөг төлж байгаад үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохиролцсон боловч энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг нь буцаан өгч, бусдад төлсөн. С....гийн хувьд У....тэй гэр бүл байж байгаад гэрлэлтээ цуцлуулсан. У....ийн өмчлөлд байж байгаад худалдсан учир тэрээр энэ хэргийн хариуцагч биш байна...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн акт гэх М...., С.... нарын байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хх-5/, гэрээний зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-6/, М....ын Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7-44/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч шүүхэд гаргасан.

4.Хариуцагч У.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор: У....ээс М....д төлбөрийг буцаасан Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримтууд /хх-52-54/, У....ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-55/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч С.... шүүхэд аливаа баримт ирүүлээгүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч М....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 30,000,000 төгрөг төлөхөөс 3,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад хариуцагч үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан тул үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрээний зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, С.... татгалзлын үндэслэлээ ...тухайн гэрээний зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөөгүй, нэхэмжлэгчээс аливаа үл хөдлөх эд хөрөнгө худалдсан болон түрээслүүлсний төлбөр гэж авч байгаагүй учир энэ нэхэмжлэлийг хариуцахгүй гэж, У....ийн татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчийн төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мөнгө хүлээлцсэн акт, М....ын Хаан банк ХХК дахь дансны хуулга зэргээр талууд Баянгол дүүргийн ... улсын бүртгэлийн дугаартай 34,5 м.кв болон 20 м.кв талбайтай хоёр хувийн сууцыг М....д худалдахаар тохиролцож, үүний урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хүлээлцсэн актыг М.... болон С.... нар үйлдэн, нотариатаар гэрчлүүлж, М....саас У....т 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 20,700,000 төгрөгийг дансаар, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч У....ээс М....д 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хоёр удаагийн төлөлтөөр нийт 20,000,000 төгрөг, 5 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг худалдан авагч М.... нь сар бүр 500,000 төгрөгөөр нэг жилийн хугацаанд төлөөд, үлдэх төлбөрийг нэг дор төлөхөөр тохиролцсон, эсхүл урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хасаж үлдсэн төлбөр 20,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон эсэх, нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах талаар хариуцагч мэдэгдсэн эсэх, хариуцагч С.... нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.

Харин 2018 оны 9 дүгээр сард талууд худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийж, гэрээний зүйлийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, үүнээс хойш 2019 оны 7 дугаар сар дуустал сар бүр 500,000 төгрөгөөр 5,000,000 төгрөг төлснийг баталгаажуулан 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, урьдчилгаа мөнгө мөн болохыг тохиролцож С....тэй гэрээг хийсэн. Мөн хариуцагч У....ээс 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2022 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хувааж төлсөн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6.Зохигчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ..... улсын бүртгэлийн дугаартай 34,5 м.кв болон 20 м.кв талбайтай хоёр хувийн сууцыг нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт урьдчилгаа 10,000,000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна гэж үзлээ.

7.Харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа 10,000,000 төгрөг төлсөн болохоо баталгаажуулан хариуцагч С....тэй мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, үүнд гэрээний зүйлийн байршил болон бусад мэдээллийг тусгасан байна. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар сар бүр 500,000 төгрөгийг хариуцагч У....т дансаар шилжүүлэн төлж байжээ. Талууд хэлцлийн гол нөхцлийн талаар тохирсон, төлбөр төлж дууссанаар нэхэмжлэгчид гэрээний зүйлийн өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

8.Хариуцагч У....ийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг эхний жилд сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлөөд, үлдэх төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохирсон гэж тайлбарлана. Түүний тайлбараар: М.... нь урьдчилгаа 10,000,000 төгрөг төлсөн, үлдэх 20,000,000 төгрөгөөс нэг жилд сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тооцвол 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 6,000,000 төгрөгийг хуваан төлж, үлдэх 14,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сард төлж барагдуулах-аар тохирсон гэх боловч нэхэмжлэгч Мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн хугацаанаас хойш сар бүр 500,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл тасралтгүй төлснийг хариуцагч У.... хүлээн авч, улмаар 2022 оны 5 дугаар сард гэрээний зүйлийг бусдад худалдаж, нэхэмжлэгчид 25,000,000 төгрөгийг буцаан төлжээ.

9.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрэнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн зүйлийн 204.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байна.

Хариуцагч У.... хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж буй талаар нэхэмжлэгч М....д мэдэгдсэн гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нэг жилийн хугацаанд төлбөрийг хувааж төлөөд, үлдэх төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохирсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн төлж байсан төлбөрийг тогтмол хүлээн авч байсан байна.

10.Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй учир нэхэмжлэгч М....ыг хариуцагчтай хийсэн хэлцлийн дагуу тухайн эд хөрөнгийг худалдаж авах давуу эрхтэй этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй.

11.Иймд Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт худалдан авах давуу эрхийг ... хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хариуцагч У....ийн нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг бусдад худалдан борлуулахаар хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болох тул нэхэмжлэгч М.... нь хариуцагч талд 4,300,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулснаар гэрээний зүйл болох Баянгол дүүргийн ... улсын бүртгэлийн дугаартай 34,5 м.кв болон 20 м.кв талбайтай хоёр хувийн сууц зэргийг өмчлөх эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй.

12.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахыг эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан ба нэхэмжлэгч хуульд заасан дээрх эрхийн дагуу хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

13.Хариуцагч С....гийн хувьд нэхэмжлэгч М....тай гэрээ байгуулаагүй, түүнд аливаа хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх болон худалдсаны төлбөр аваагүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан. Гэвч тэрээр нэхэмжлэгчтэй 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Мөнгө хүлээлцсэн акт үйлдэн, маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан болохоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 292,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасныг баримтлан, С...., У.... нарт холбогдох М....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М....ыг Баянгол дүүргийн .... улсын бүртгэлийн дугаартай 34,5 м.кв болон 20 м.кв талбайтай хоёр хувийн сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 292,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА