Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01617

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01617

 

М.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Жын, хариуцагч У.У, С.Д нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр У.У, С.Д нартай Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Зүүн ард аюушийн * дугаар гудамж, *** тоотод орших хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгч, сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөгийг эхнэр У.У-ийн Хаан банк дахь ********** тоот дансанд шилжүүлж байхаар амаар харилцан тохиролцсон. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бид тохиролцоогоо гэрээ хийж албажуулахаар болж нотариат дээр очиж тухайн үед бэлнээр 10,000,000 төгрөгийн төлөлт хийснийг баталгаажуулсан гэрээ хийж, үлдэх 20,000,000 төгрөгийг дээрхтэй адил сар бүр 500,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Би сар бүр төлөлт хийж, сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлөлт хийсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. У.Уранчимэг над руу 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр чат бичиж, үлдэгдэл мөнгөө бөөнд нь авъя гэсэн. Би 05 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөхөөр ярьтал өөдөөс хашаа байшингаа зарсан гэж хэлсэн. Миний амьдарч байгаа хашаа байшинг бусдад давхардуулан зарсан байж болзошгүй байна. Иймд М.Ж намайг Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Зүүн ард аюушийн * дугаар гудамж, *** тоотод орших ГД:********** дугаарын гэрчилгээтэй, Г-********** улсын бүртгэлийн дугаартай, 514 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт оршин Ү-********** улсын бүртгэлийн дугаартай, 34,5 м.кв талбайтай, 20 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууцны зориулалттай байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Харилцан тохиролцож хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Төлбөрийг 30,000,000 төгрөгөөр тохирч, М.Ж төлөх ёстой төлбөрөөсөө 3,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагч 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг буцааж өгөхөд бэлэн байна. Төлбөр төлөх боломжоор хангалгүйгээр бусдад худалдсан байна. Бүх төлбөрийг төлсний дараа өмчлөлийг шилжүүлэхээр тохирсон байсан гэжээ.

2. Хариуцагч С.Д нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь миний нэр дээр бүртгэлгүй. Иргэн М.Жаас би хашаа байшин түрээсэлсэн болон худалдсан гэх байдлаар ямар нэгэн мөнгө авч байгаагүй болно гэжээ.

3. Хариуцагч У.У нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие танил найз болох М.Жд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Зүүн ард аюуш * дугаар гудамж, *** тоот хаягт байрлах хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар М.Ж нь нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлөөд, үлдэгдэл төлбөрийг цалингийн зээл аваад бөөнд нь төлж барагдуулахаар бид амаар тохиролцсон. Нэг жил өнгөрсний дараа үлдэгдэл төлбөрөө бөөнд нь төлөхийг шаардахад М.Ж найзынхаа приус машиныг унаж яваад унагасан, цалингийн зээл авч хохирлыг төлөөд мөнгөгүй болсон тухайгаа надад хэлсэн. Түүнээс хойш М.Жаас үлдэгдэл төлбөрөө бөөнд нь авъя, мөнгө хэрэгтэй байна гэхэд цалингийн зээл аваад хүүдээ байр худалдан авч өгөөд мөнгөний боломжгүй байна гэх зэргээр ямар нэгэн шалтаг хэлж байнга хойшлуулсаар ирсэн. Бүр сүүлдээ арга буюу 2022 оны 04 дүгээр сард хашаа байшингаа бусдад худалдаж М.Жд 25,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасныг баримтлан, С.Д, У.У нарт холбогдох М.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М.Жыг Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Зүүн ард аюуш * дугаар гудамжны *** тоот хаягт байрлах ГД:********** гэрчилгээтэй Г-********** улсын бүртгэлийн дугаартай 514 м.кв талбайтай, 18640312724928 нэгж талбартай газар, ГД:********** гэрчилгээтэй, Ү-********** улсын бүртгэлийн дугаартай 34,5 м.кв болон 20 м.кв талбайтай хоёр хувийн сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 292,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар хариуцагч С.Д нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасагдаж, улмаар хариуцагч У.У нь маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсанаар хариуцагч нарын өмчлөх эрх тус тус дуусгавар болсон байна. Түүнээс гадна дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгосон буюу үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч нар тухайн маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх олгохоор тохиролцсон гэх баримт байхгүй атал шүүх Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг, мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь тухайн хэрэг маргаанд хамааралтай хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаас нэхэмжлэгч нь хариуцагчид 500,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр шилжүүлэхээр тохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх нэг талын гаргөасан тайлбарыг нөгөө талын гаргасан тайлбараас илүү үнэн зөв гэ жүзэх байдлаар хэт нэг талыг барьсан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: 2018 онд харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Төлбөр төлөх аргачлал хувиарыг тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, гол тохиролцооны дагуу хариуцагчийн данс руу сар 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь Хаан банк ХХК-ийн дэлгэрэнгүй хуулга байна. 10,000,000 төгрөгийг төлсөн байсан. Хариуцагчийн гомдолд дурдсан 109 дүгээр зүйлийн зохицуулалт, өмчлөгчийн шилжүүлэх үед хийх ёстой гэрээ юм. Үл хөдлөх харилцааны талаар, хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан ИХ 270.1, 270.2-т заасныг үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгчийн өөрийн дансны хуулгаар нотолсон. Үлдэгдэл төлбөрийг тохиролцсон байдаг. 2019 оны 08 дугаар сарын 08, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд шаардлага гаргаж байсан. Бөөнд нь төлөх тохиролцоо байсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйн улмаас хууль буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.а. Нэхэмжлэгч М.Ж нь Баянгол дүүргийн **-р хороо, Зүүн ард аюуш * гудамж, *** тоот хаягт байрлах 514 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 34.5 м.кв, 20 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлээ ...У.У, С.Д нартай газар, 2 ширхэг хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн, үлдэх мөнгийг сар бүр 500,000 төгрөг шилжүүлж төлж барагдуулахаар тохиролцсон, одоо 3,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн... гэж тайлбарласан байна.

2.б. Дээрх шаардлагыг хариуцагч У.У, С.Д нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч М.Жтай газар, хоёр ширхэг хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч М.Ж нь 26,550,000 төгрөгийг цувуулан өгөөд үлдэх 3,450,000 төгрөгийг өгөхгүй хойшлуулсаар ирсэн. Сүүлд арга буюу 2022 оны 04 сард хашаа, байшингаа бусдад худалдаж, М.Жд 25,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн... гэж тайлбарлан маргажээ.

3.а. Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хариуцагч талын гаргасан ...хашаа, байшингаа бусдад худалдсан... гэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь гэрээний үүргийг биелүүлэх бодит боломжтой эсэхийг тогтооход ач холбогдолтой. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар улсын бүртгэлээр тодорхойлогдоно.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж гарах шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэх, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг биелүүлэх боломжтой эсэх, хэрэв боломжгүй бол үүсэх үр дагаврыг хэн хариуцах зэрэг нөхцөл байдал тодорхой болно.

4. Дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР