Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 202

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр,Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 516 995 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М" ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр "Н" ХХК-тай 16/050 тоотхамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгт хариуцагчийн зар сурталчилгааг нэвтрүүлэх, үүний төлбөрт хариуцагч нь нийт 605 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Гэрээний 1.3.2-т заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр эхний төлбөр буюу 180 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь төлбөр буюу 120 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 дахь төлбөр буюу үлдэх 305 000 000 төгрөгийг бартераар шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 1.3.3-д зааснаар 3 дахь төлбөрийг хариуцагчийн хэрэгжүүлж буй Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн хүрээнд 2016 оны 5 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан А1 болон А2 байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний талбайн 6 дугааруудаас эсвэл орон сууц, байршлуудаас сонгон 1 м.кв талбайг 2 500 000 төгрөгөөр тооцож нийт 122 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол гэрээний 5.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх ёстой байсан.

Нэхэмжлэгчээс өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч хариуцагч нь төлбөрийг удаа дараа хожимдуулсаар ирсэн ба сүүлийн 3 дахь төлбөрийг огт төлөөгүй. Гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 180 000 000 төгрөг төлөх ёстой байсан ч 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Энэ хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Иймд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 180 000 000 төгрөгийн 3 хоногийн алданги нь 2 700 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 179 000 000 төгрөгийн 21 хоногийн алданги нь 18 795 000 төгрөг болсон. Нийт 21 495 000 төгрөгийн алдангиас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоход 20 495 төгрөг болсон.

Дараагийн төлбөр болох 120 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч 3 хувааж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 15-ны өдөр 60 000 000 төгрөг төлөх замаар хожимдуулж төлсөн. Энэ төлбөр мөн хожимдож байгаа тул алданги тооцох тухай нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16/107 тоот албан бичгээр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/635 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 120 000 000 төгрөгийн 29 хоногийн алданги нь 17 400 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хуртэл 90 000 000 төгрөгийн 20 хоногийн алданги нь 9 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 60 000 000 төгрөгийн 42 хоногийн алданги нь 12 600 000 төгрөг, нийт алданги нь 39 000 000 төгрөг болсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 дахь төлбөр буюу үлдэх 305 000 000 төгрөгийг бартераар шилжүүлэх ёстой байсан ч үүргээ гүйцэтгээгүй.

Гэрээний 1.3.4-т зааснаар 2016 оны 11 дүгээр сард багтаан бартераар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 45 хоног өнгөрсний дараа бартерын төлбөрийг бэлнээр төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 305 000 000 төгрөгийн төлбөрийг бэлнээр нэхэмжлэх эрх "М" ХХК-д үүссэн. Цаашлаад тус зүйлд зааснаар хариуцагч нь 90 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн бол бартерын үнийн дүн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувь алданги тооцохоор заасан. 2016 оны 11 дүгээр сард багтаан бартераар төлбөрийг барагдуулах ёстой байсан тул үүнээс хойш 90 хоногийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцох эрх үүссэн. Тус хугацаанаас хойш 425 хоног өнгөрсөн байх тул алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 152 500 000 төгрөгт хүрсэн байна. Ийнхүү үндсэн төлбөр болон алдангийн нийт дүн нь 516 995 000 төгрөг болсон. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/639 тоот албан бичгээр гэрээний гүйцэтгэлийг хангаж, үлдэгдэл төлбөрөө барагдуулах, үйлчилгээний 122 м.кв талбайг тохирсон хугацаандаа яаралтай шилжүүлэхийг анхааруулж байсан. Үүний хариуд хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/340 тоот албан бичиг ирүүлсэн ба улс орон даяар үүсээд байгаа эдийн засгийн хямралтай байдлын улмаас төлөх боломжгүй гэсэн агуулга бүхий үндэслэлгүй хариу ирүүлсэн. Энэ хугацаанд "Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн гурав дахь давталтын сүүлийн дугаар нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ба гэрээний үүргээ "М" ХХК нь бүрэн биелүүлсэн тул 2017 оны 5 дугаарсарын 29-ний өдрийн 1/269 тоот албан бичгээр мэдэгдэж гэрээний гүйцэтгэлийн тайланд хариуцагчийг төлөөлж тус компанийн маркетингийн менежер Ч.Пүрэвсүрэн гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/406 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1/449 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/476 тоот албан бичгүүдээр тохирсон ёсоор төлбөрөө шилжүүлэхийг шаардаж, хугацаа хожимдуулсан тул алданги тооцох тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Үүний хариуд хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/226 тоот албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/06 тоот албан бичгүүдээр санхүүжилтийн бэрхшээлийн улмаас төлөх боломжгүй гэдэг тайлбарыг хийсээр ирсэн.

Нэвтрүүлгийг амжилттай бүтээхэд ивээн тэтгэгч буюу хамтрагч байгууллагууд төлбөрөө цаг тухайд нь төлөх нь асар чухал байсан ба хариуцагчаас төлбөрөө хожимдуулж байснаас үүдэн М ХХК нь ажилчдын цалин хөлс, зохион байгуулж буй газрын түрээсийн төлбөр, бусад холбогдох зардлуудыг төлөхөд бэрхшээл учирч бусдаас хүүтэй зээл авахад хүрсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс зөвхөн гэрээнд заасан үүргээ биелүүлээд зогсохгүй хариуцагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/138 тоот албан хүсэлтийн дагуу "Өнөө өглөө" болон 'Наашаа цаашаа" нэвтрүүлэгт оролцох боломжоор нэмж хангаж байсныг дурдах нь зүйтэй.

Гэтэл хариуцагч нь манай компанид үйлчилгээний талбайг тохирсон ёсоор өгөхгүй мөртлөө өөр бусад этгээдүүдэд орон сууц, талбайгаа худалдсаар байгаа ба өнөөдрийн байдлаар 1 м.кв талбайг 3 500 000 төгрөгөөр борлуулж байгаа гэж борлуулалтын албанаас нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл анх манай компанитай тохирсон үнэ болох 2 500 000 төгрөг нь ашиггүй болсон тул ийнхүү үйлчилгээний талбай өгөхөөс татгалзах болсон байна. Бидний тусламжтайгаар дэлхийн хэмжээний нэвтрүүлэгт ивээн тэтгэгчээр оролцож олон нийтэд анх танигдсан байдлаа ийнхүү ашиглаж, эцэст нь тохирсон төлбөрөө төлөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК, "Н" ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16/050 дугаар хамтын ажиллагааны гэрээг байгуулан "Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгт Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллыг сурталчилан таниулах бөгөөд хариу төлбөр болгон 605 000 000 төгрөгийг "М" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээгээр "М" ХХК нь авъяасыг дэмжигчид 1 дугаар, Авъяаслаг Монголчууд шоуны үндсэн 13 дугаар, Мэйкийн оф-2 дугаар, Авъяаслаг Монголчууд Хөшигний ард 12 дугаар, нийт 28 дугаар нэвтрүүлгийг цацалтын хуваарийн дагуу нэвтрүүлэхдээ Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллыг сурталчилах үүрэг хүлээсэн бөгөөд "М" ХХК гэрээгээр хүлээсэн дараах үүргээ гүйцэтгээгүй болно. Үүнд гэрээний 2.2.3-д захиалагч байгууллагын пи-ар болон сурталчилгааны гүйцэтгэлийн тайланг сар бүр гаргаж, танилцуулах, захиалагчийн өгсөн захиалгыг техникийн болон цацалтын шаардлага хангасан түвшинд хавсралтад заасан хуваарь, давтамжийн дагуу зохих ёсоор эфирт дамжуулна.

Талууд нь захиалагчийн сурталчингааны төлөвлөгөөг гэрээний хавсралтаар секундээр хэмжин баталгаажуулсан байдаг бөгөөд энэхүү төлөвлөгөө хэрхэн гүйцэтгэгдсэн талаар тайланг манай компанид гарган ирүүлээгүй. "М" ХХК-иас шүүхэд "Ш" ХХК-тай байгуулсан 16/050 тоот хамтран ажиллах гэрээний Авъяаслаг Монголчууд-2016 шоу нэвтрүүлгийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гэх материал хүргүүлсэн байх бөгөөд тус тайланд манай компанийг төлөөлөх бүрэн эрхгүй Маркетингийн менежер албан тушаалтнаар гарын үсэг зуруулж маркетинг, борлуулалтын газрын тэмдэг даруулсан байгаа нь хууль зүйн шаардлага хангахгүй болно.

Хамтын ажиллагааны гэрээний эхний хэсэгт Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль буюу Иргэний хууль бусад хууль тогтоомжийн үндсэн дээр дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Зар сурталчилгааны тухай хуулийн 19.1-д "Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйлд ашиглуулах, ажил гүйцэтгэлийн зэргээр үйл ажиллагаанд хандив өргөн ивээн тэтгэж, өөрийгөө эсвэл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно", 19.2-т "Энэ хуулийн 19.1-д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно" гэж заасан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Зар сурталчилгааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Н" ХХК-иас гэрээний үүрэгт 516 995 000 төгрөг гаргуулах тухай "М" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 742 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн зүгээс "эд хөрөнгө" гэдэгт мөнгө ордог тухай тайлбарласан боловч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэндгомдолтой байна. Иргэний хуулийн 83 дугаар зүйлд "Хөрөнгө" гэж юу болохыг тодорхойлсон ба энэ эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхээс бүрддэг.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд эд хөрөнгө" болон "эдийн бус хөрөнгө"-г тодорхойлсон ба аливаа этгээдийн эзэмшилдбайгаа юмсыг "эд хөрөнгө" гэдэг. Тус хуулийн 84.2 дахь хэсэгт "эд хөрөнгө"-г дотор нь үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө гэж ангилах тухай заасан. Мөнгө бол "хөдлөх эд хөрөнгө"-д орох ёстой тул "эд хөрөнгө" мөн. Энэ нь эрх зүйн логикийн хувьд ойлгомжтой зүйл юм. Яагаад гэвэл мөнгө нь "үл хөдлөх эд хөрөнгө" биш, тус хуулийн 84.5 дахь хэсэгт тодорхойлсон "эдийн бус хөрөнгө" ч биш. Иймд цаана үлдэж байгаа ганц тодорхойлолт нь хөдлөх эд хөрөнгө" болно. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дүгээр зүйлд "хөдлөх эд хөрөнгө"-ийг өргөн утгаар нь тодорхойлж "үл хөдлөх эд хөрөнгө" биш бусад бүх зүйлийг хөдлөх эд хөрөнгө байна гэж заасан нь тохиолдлын зүйл биш юм.

Хэрэв анхан шатны шүүхийн үзэж байгаагаар мөнгө нь "эд хөрөнгө" биш бол "хөдлөх эд хөрөнгө" биш гэсэн үг. Мөнгө нь эд хөрөнгө биш бол дээрх хуулийн дагуу хуулийн ерөнхий тодорхойлолт болох "хөрөнгө" биш болно гэсэн үг. Дэлхий нийтээр мөнгийг хөдлөх эд хөрөнгөд тооцдог. Тухайлбал ОХУ-н Иргэний хуулийн 130 дугаар зүйлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлсон. Энэ талаар мөн Монголын эрх зүйн шинжлэх ухаанд нэг ойлголттой байдгийг дурдах нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 516 995 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтын ажиллагааны гэрээнд үндэслэсэн гэж тодорхойлсон бол хариуцагч татгалзлын үндэслэлээ Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдсан гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

Анхан шатны шүүх Зар сурталчилгааны тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шаардах эрхийн зохицуулалтыг буруу тодорхойлсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь зар сурталчилгаа явуулах, хариуцагч нь зар сурталчилгааны үнийг төлөх нөхцлөө тохиролцсон, гэрээний үнийг төлөх аргыг тодорхойлохдоо мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгөөр үнэ төлөх хугацаа тогтоосон бөгөөд тогтоосон хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгөн хөрөнгөөр төлөхөөр үүргийг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн гэрээнд алдангийн талаар талууд тохиролцсон боловч алдангийг хангах, алдангиас чөлөөлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хариуцагчийн буруутай байдлыг харгалзаж үзэх ёстой.

 

Талууд гэрээний үүргийн зөрчлийн талаар маргаж байхад хариуцагчийн буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатнышүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй болно.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 742 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ