Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 02645

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/02645

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг байрлах, “М” ХХК-ийн /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг байрлах, “П” ХХК-д /РД:/ холбогдох,

Гэрээний үүрэгт 516 995 000 /таван зуун арван зургаан сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр “П” ХХК-тай 16/050 тоот Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт хариуцагчийн зар сурталчилгааг нэвтрүүлэх, үүний төлбөрт хариуцагч нь нийт 605 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр эхний төлбөр буюу 180 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 9 сарын 15-ны өдөр хоёр дахь төлбөр буюу 120 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 11 сарын 01-ний өдөр 3 дахь төлбөр буюу үлдэх 305 000 000 төгрөгийг бартераар шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 1.3.3-д зааснаар 3 дахь төлбөрийг хариуцагчийн хэрэгжүүлж буй Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн хүрээнд 2016 оны 05 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан А1 болон А2 байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний талбайн 6 дугааруудаас эсвэл орон сууц, байршлуудаас сонгон 1 м.кв талбайг 2 500 000 төгрөгөөр тооцож нийт 122 м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол гэрээний 5.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх ёстой байсан. Нэхэмжлэгчээс өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч хариуцагч нь төлбөрийг удаа дараа хожимдуулсаар ирсэн ба сүүлийн 3 дахь төлбөрийг огт төлөөгүй. Гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 5 сарын 02-ны өдөр 180 000 000 төгрөг төлөх ёстой байсан ч 2016 оны 5 сарын 26-ны өдөр төлсөн. Энэ хугацаанд 2016 оны 5 сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Иймд 2016 оны 5 сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 сарын 05-ны өдрийг хүртэлх 180 000 000 төгрөгийн 3 хоногийн алданги нь 2 700 000 төгрөг, 2016 оны 5 сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 сарын 26-ны өдрийг хүртэлх 179 000 000 төгрөгийн 21 хоногийн алданги нь 18 795 000 төгрөг болсон. Нийт 21 495 000 төгрөгийн алдангиас 2016 оны 5 сарын 05-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоход 20 495 төгрөг болсон. Дараагийн төлбөр болох 120 000 000 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч 3 хувааж 2016 оны 10 сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 15-ны өдөр 60 000 000 төгрөг төлөх замаар хожимдуулж төлсөн. Энэ төлбөр мөн хожимдож байгаа тул алданги тооцох тухай нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 16/107 тоот албан бичгээр, 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 1/635 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Иймд 2016 оны 9 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх 120 000 000 төгрөгийн 29 хоногийн алданги нь 17 400 000 төгрөг, 2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 90 000 000 төгрөгийн 20 хоногийн алданги нь 9 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 60 000 000 төгрөгийн 42 хоногийн алданги нь 12 600 000 төгрөг, нийт алданги нь 39 000 000 төгрөг болсон. 2016 оны 11 сарын 01-ний өдөр 3 дахь төлбөр буюу үлдэх 305 000 000 төгрөгийг бартераар шилжүүлэх ёстой байсан ч үүргээ гүйцэтгээгүй. Гэрээний 1.3.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сард багтаан бартераар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 45 хоног өнгөрсний дараа бартерын төлбөрийг бэлнээр төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн 305 000 000 төгрөгийн төлбөрийг бэлнээр нэхэмжлэх эрх “М” ХХК-д үүссэн. Цаашлаад тус зүйлд зааснаар хариуцагч нь 90 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн бол бартерын үнийн дүн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувь алданги тооцохоор заасан. 2016 оны 11 дүгээр сард багтаан бартераар төлбөрийг барагдуулах ёстой байсан тул үүнээс хойш 90 хоногийн дараа буюу 2017 оны 3 сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцох эрх үүссэн. Тус хугацаанаас хойш 425 хоног өнгөрсөн байх тул алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 152 500 000 төгрөгт хүрсэн байна. Ийнхүү үндсэн төлбөр болон алдангийн нийт дүн нь 516 995 000 төгрөг болсон. 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 1/639 тоот албан бичгээр гэрээний гүйцэтгэлийг хангаж, үлдэгдэл төлбөрөө барагдуулах, үйлчилгээний 122 м.кв талбайг тохирсон хугацаандаа яаралтай шилжүүлэхийг анхааруулж байсан. Үүний хариуд хариуцагч нь 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 01/340 тоот албан бичиг ирүүлсэн ба улс орон даяар үүсээд байгаа эдийн засгийн хямралтай байдлын улмаас төлөх боломжгүй гэсэн агуулга бүхий үндэслэлгүй хариу ирүүлсэн. Энэ хугацаанд “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн гурав дахь давталтын сүүлийн дугаар нь 2017 оны 4 сарын 15-ны өдөр гарсан ба гэрээний үүргээ “М” ХХК нь бүрэн биелүүлсэн тул 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 1/269 тоот албан бичгээр мэдэгдэж гэрээний гүйцэтгэлийн тайланд хариуцагчийг төлөөлж тус компанийн маркетингийн менежер Ч.Пүрэвсүрэн гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчээс 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 1/406 тоот албан бичиг, 2017 оны 9 сарын 11-ний өдрийн 1/449 тоот албан бичиг, 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 1/476 тоот албан бичгүүдээр тохирсон ёсоор төлбөрөө шилжүүлэхийг шаардаж, хугацаа хожимдуулсан тул алданги тооцох тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Үүний хариуд хариуцагч нь 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 01/226 тоот албан бичиг, 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 01/06 тоот албан бичгүүдээр санхүүжилтийн бэрхшээлийн улмаас төлөх боломжгүй гэдэг тайлбарыг хийсээр ирсэн. Нэвтрүүлгийг амжилттай бүтээхэд ивээн тэтгэгч буюу хамтрагч байгууллагууд төлбөрөө цаг тухайд нь төлөх нь асар чухал байсан ба хариуцагчаас төлбөрөө хожимдуулж байснаас үүдэн М ХХК нь ажилчдын цалин хөлс, зохион байгуулж буй газрын түрээсийн төлбөр, бусад холбогдох зардлуудыг төлөхөд бэрхшээл учирч бусдаас хүүтэй зээл авахад хүрсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс зөвхөн гэрээнд заасан үүргээ биелүүлээд зогсохгүй хариуцагчийн 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 01/138 тоот албан хүсэлтийн дагуу “Өнөө өглөө” болон “Наашаа цаашаа” нэвтрүүлэгт оролцох боломжоор нэмж хангаж байсныг дурдах нь зүйтэй. Гэтэл хариуцагч нь манай компанид үйлчилгээний талбайг тохирсон ёсоор өгөхгүй мөртлөө өөр бусад этгээдүүдэд орон сууц, талбайгаа худалдсаар байгаа ба өнөөдрийн байдлаар 1 м.кв талбайг 3 500 000 төгрөгөөр борлуулж байгаа гэж борлуулалтын албанаас нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл анх манай компанитай тохирсон үнэ болох 2 500 000 төгрөг нь ашиггүй болсон тул ийнхүү үйлчилгээний талбай өгөхөөс татгалзах болсон байна. Бидний тусламжтайгаар дэлхийн хэмжээний нэвтрүүлэгт ивээн тэтгэгчээр оролцож олон нийтэд анх танигдсан байдлаа ийнхүү ашиглаж, эцэст нь тохирсон төлбөрөө төлөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК болон “П” ХХК нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр 16/050 дугаар Хамтын ажиллагааны гэрээг байгуулан “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллыг сурталчилан таниулах бөгөөд хариу төлбөр болгон 605 000 000 төгрөгийг “М” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээгээр “М” ХХК нь авъяасыг дэмжигчид 1 дугаар, Авъяаслаг Монголчууд шоуны үндсэн 13 дугаар, Мэйкийн оф-2 дугаар, Авъяаслаг Монголчууд Хөшигний ард 12 дугаар, нийт 28 дугаар нэвтрүүлгийг цацалтын хуваарийн дагуу нэвтрүүлэхдээ Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллыг сурталчилах үүрэг хүлээсэн бөгөөд “М” ХХК гэрээгээр хүлээсэн дараах үүргээ гүйцэтгээгүй болно. Үүнд гэрээний 2.2.3-д захиалагч байгууллагын пи-ар болон сурталчилгааны гүйцэтгэлийн тайланг сар бүр гаргаж, танилцуулах, захиалагчийн өгсөн захиалгыг техникийн болон цацалтын шаардлага хангасан түвшинд хавсралтад заасан хуваарь, давтамжийн дагуу зохих ёсоор эфирт дамжуулна. Талууд нь захиалагчийн сурталчингааны төлөвлөгөөг гэрээний хавсралтаар секундээр хэмжин баталгаажуулсан байдаг бөгөөд энэхүү төлөвлөгөө хэрхэн гүйцэтгэгдсэн талаар тайланг манай компанид гарган ирүүлээгүй. “М” ХХК-иас шүүхэд “Шинэ яармаг хаусинг прожект” ХХК-тай байгуулсан 16/050 тоот Хамтран ажиллах гэрээний Авъяаслаг Монголчууд-2016 шоу нэвтрүүлгийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гэх материал хүргүүлсэн байх бөгөөд тус тайланд манай компанийг төлөөлөх бүрэн эрхгүй Маркетингийн менежер албан тушаалтнаар гарын үсэг зуруулж маркетинг, борлуулалтын газрын тэмдэг даруулсан байгаа нь хууль зүйн шаардлага хангахгүй болно. Хамтын ажиллагааны гэрээний эхний хэсэгт Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль буюу Иргэний хууль бусад хууль тогтоомжийн үндсэн дээр дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Зар сурталчилгааны тухай хуулийн 19.1-д “Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйлд ашиглуулах, ажил гүйцэтгэлийн зэргээр үйл ажиллагаанд хандив өргөн ивээн тэтгэж, өөрийгөө эсвэл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно”, 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно” гэж заасан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 516 995 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу үндсэн төлбөрөөс 300 000 000 төгрөгийг авсан, үлдэх 305 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 152 500 000 төгрөг, нийт 516 995 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлалаа.

Хариуцагч нь талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, зар сурталчилгааны гэрээ байгуулсан, Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар эд хөрөнгө шилжүүлэх буюу бартерын байрыг өгөх боломжтой тул төлбөрийг мөнгөн хэлбэрээр алдангитай төлөх хууль зүйн боломжгүй, гэрээний төлбөрийн нөхцөл нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

“М” ХХК, “П” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16/50 дугаар Хамтын ажиллагааны гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн 2 дугаар улирлын дугаарт захиалагч буюу хариуцагчийн зар сурталчилгааг нэвтрүүлэх, хариуцагч нь гэрээний 1.3-т заасны дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн зорилт нь зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зар сурталчилгаа захиалагч гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг,  3.1.4-т зар сурталчилгаа түгээгч гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг ойлгоно гэжээ.

Тухайн тохиолдолд дээрх гэрээгээр “М” ХХК нь захиалагч “П” ХХК-ний зар сурталчилгааг түгээгч байх бөгөөд талуудын тохиролцоогоор “Авьяаслаг монголчууд шоу” нэвтрүүлгийн 2 дугаар улирлын дугааруудаараа “П” ХХК-ийн Шинэ яармаг төслийг сурталчилж оролцсон байна.  

Зар сурталчилгааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйл ашиглуулах, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн (ивээн тэтгэж) өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно” гэжээ.

Хариуцагч нь Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийг телевизээр нэвтрүүлэхэд ивээн тэтгэгчээр оролцсон болох нь гэрч Б.Мөнхтулгын “П” ХХК нь ивээн тэтгэгч гэж зар сурталчилгаа явуулсан, нэвтрүүлгийн дундуур Шинэ яармагийн лого уриа үг гарч байсан, тайзны ард уриа лого байралсан байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг, хэргийн 212б талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ивээн тэтгэгчээр оролцсон гэдэгт маргахгүй гэх тайлбар, шоу нэвтрүүлгийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтын хувьд маргахгүй байна.

            Дээрх хуулийн зохицуулалтаар Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийг телевизээр нэвтрүүлэхэд ивээн тэтгэгч “П” ХХК нь зар сурталчилгаа түгээгч “М” ХХК-д эд хөрөнгө шилжүүлэх зэрэг хуульд зааснаар хандив өргөж ивээн тэтгэснээр өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлуулсан байх ба зохигчийн хооронд байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд заасан бартерын байрны үнийг мөнгөн дүнгээр  ивээн тэтгэгчээс шаардах эрхгүй байна.

Зар сурталгаанд ивээн тэтгэгчээр оролцсон дээрх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 305 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй тул Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангид 152 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй юм.

Иймд дээрхийг нэгтгэхэд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт 305 000 000 төгрөг, алданги 152 500 000 төгрөг, нийт 516 995 000 төгрөгийг хариуцагч “П” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 742 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан СД-нд үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16/50 дугаар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд заасны дагуу бартерын зүйлээ гаргуулахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан “П” ХХК-иас гэрээний үүрэгт 516 995 000 /таван зуун арван зургаан сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 742 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА