Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/02520

 

 

2022 оны... сарын... өдөр Дугаар 102/ШШ2022/0.... Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 156,548,335 /нэг зуун тавин зургаан сая таван зуун дөчин найман мянга гурван зуун гучин таван/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

А.... нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...тай ...дугаартай Зээлийн гэрээ байгуулж 138,949,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ... дугаарт Ипотекийн гэрээгээр Баянгол дүүргийн ... тоот 79,98 м.кв, улсын бүртгэлийн ... дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч А.... нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 320 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 134,594,874.29 төгрөг, зээлийн хүү 21,580,498.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,915.02 төгрөг, даатгал 348,047.34 төгрөг, нийт 156,548,335.09 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл үүсч Зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу уг Зээлийн гэрээг ... ХХК нь цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. А....ээс 156,548,335.09 төгрөгийг ... ХХК-д олгуулж өгнө үү. Ипотекийн гэрээгээр барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Засгийн газраас өөрийнх нь санхүүжүүлж байгаа зээл Ковид-19 цар тахлаас шалтгаалан хүүгийн төлөлтийг царцаахад хариуцагч А....тэй байгуулсан зээлийн гэрээ хамаарахгүй юм. Учир нь Засгийн газрын санхүүжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүний хэмжээ 5, 6, 8 хувийн хүүтэй байдаг. Хариуцагчтай байгуулсан энэхүү зээлийн гэрээ нь ердийн буюу Засгийн газраас санхүүжүүлээгүй, жилийн 18 хувийн хүүтэй Орон сууцны зээлийн гэрээ байгаа.

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдалд орсон нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэдгийг тохиролцсон. Хариуцагч цаашид төлбөрийн чадваргүй болсон гэж бид үзсэн учир Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа. Нэмэгдүүлсэн хүүг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хүүнээс тооцсон 20 хувиар тооцож шаардаж байгаа. Ковидын хуулиас болоод банкууд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсний дагуу тодорхой хугацаанд тооцоогүй байгаа. Одоо хүртэл зээлээ төлж байя гээд байгаа боловч нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаас тусгай активын даргад олгож байгаа итгэмжлэл нь шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг олгож байгаа юм. Төлөөлөх бүрэн эрхийн хуульд заасан шаардлага нь бичгэн байх, төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хугацаа тогтоосон байхыг шаардаж байгаа учир төлөөлөгчид олгосон итгэмжлэл хуульд нийцсэн...гэв.

2.Хариуцагч А.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний графикийг зөрчсөн гэж байна. Графикийг зөрчсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. 2022 оноос өнөөг хүртэл дэлхий даяар Ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч, хил гааль хаагдаж, төлбөрийн чадваргүй болж, үйл ажиллагаа доголдож банкны өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд хүндрэл үүссэн. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас Банк болон санхүүгийн байгууллагаас олгож буй зээлийн хүүгийн хугацааг царцаасан. Нэгэнт Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр банкнаас олгосон ипотекийн зээлийг царцаасан байхад хариуцагч А....ийн зээлийг энэ нөхцөл байдалд хамааруулаагүй. Хамааруулаагүй атлаа зээлийн графикийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэж чадахгүй байдал үүссэн. Монгол улсын хэмжээнд 2020 оноос хойш Ковид цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон учир гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй байна. Зээлийн тооцоолол мөн тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударийг нэхэмжлэгч ... ХХК-ийн төлөөлөгч гэж үзэх боломжгүй. Хуульд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй итгэмжлэл байна. Шүүхэд ... ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан Тусгай активын газрын захирал Б.... гэдэг хүн А....д итгэмжлэл олгосон байна. Япон улсын иргэнээс ...д зөвхөн шүүхэд хандах итгэмжлэл олгосон байна. Энэ нь ...т холбгдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн эргэн төлөлтийг шаардах, зээлийн гэрээг цуцлах эрх олгоогүй байна. ... өөрөө шаардах эрхгүй, түүнээс ...д олгосон итгэмжлэл шаардлага хангахгүй байгаа учир төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. ...д цаашид дамжуулж итгэмжлэл олгох эрх олгоогүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй гэсэн асуудал үүсэж байгаа учир нэхэмжлэлийг буцаах үндэслэл үүссэн байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл төлөх төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэдэг заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор, гэрээний нэг талд хохиролтой заалт байна. Хуулиар хамааруулахаар тогтоосон зүйлийг гэрээгээр хориглож болохгүй...гэв.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот Эрх олгох тухай тушаал /хх-6/, ... ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б....гээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-7, 28/, ... ХХК, А.... нарын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ...тоот Орон сууцны зээлийн гэрээ /хх-8-10/, мөн өдрийн ... тоот Ипотекийн гэрээ /хх-11-12/, ... өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, Зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх-14/, Зээлийн дансны хуулга /хх-15-18/, А....ийн ... ХХК-д гаргасан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт /хх-31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: А....ээс төлөөлөгч Б....т олгосон итгэмжлэл /хх-35/-ийг гаргасан байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэгч ... ХХК-иас хариуцагч А....ийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах тухай гаргасан хүсэлтийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-53-54/, нэхэмжлэгчээс А....ийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөл /хх-60/, зээлдэгч А....тэй тэй 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл /хх-61/, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Нөхцөл өөрчлөх өргөдлийн маягт /хх-62-64/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлдэгч А.... гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 2021 оны 4 дүгээр сараас хойш огт биелүүлээгүй, цаашид зээл төлөх боломжгүй болох нь илэрхий болсон учир зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний дагуу үндслэн зээл 134,594,874 төгрөг, зээлийн хүү 21,580,498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,915 төгрөг, даатгал 348,047 төгрөг, нийт 156,548,335 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн төлбөрийг Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй болсон учир зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнээс дахин олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаа А.Анударийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг буцаалгах хүсэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

4.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй эсэх, Ковид-19 цар тахлын улмаас зээлийн хүүгийн төлбөр төлөлтийг зогсоох ёстой байсан эсэх, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх, хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөх боломжгүй байсан эсэх зэрэгт өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцсэн.

5.Харин талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ипотекийн зүйлийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн мөнгийг зээлдэгч хүлээн авсан, эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөлт хийгдэж байгаагүй, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн төлөлтөөс хойш нэмж төлбөр төлөгдөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

6.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ...ны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот Эрх олгох тухай тушаал, ... ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б....ий төлөөлөгчид олгосон 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн .... тоот, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... тоот итгэмжлэлүүдээр ... ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.... нь тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, гүйцэтгэх удирдлагаас олгогдсон итгэмжлэлийн дагуу өөрт олгогдсон төлөөлөх эрхийг ...тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах... эрхийг 3 жилийн хугацаатай олгосон болох нь тогтоогдож байна. Уг эрхийн дагуу тэрээр Н....д, улмаар түүнээс татгалзаж А....д ...ны нэхэмжлэлтэй А....т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг буцаалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт тайлбар үндэслэлгүй байна.

7.Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч Зээлийн гэрээний дагуу 138,949,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авчээ.

8.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ... тоот Ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч А.... нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоот хаягт байршилтай 79,98 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, талууд уг хөрөнгийг 203,949,000 төгрөгөөр үнэлэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

9.Зээлийн эргэн төлөлтийг хариуцагч А.... нь хуваарийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сар хүртэл тогтмол төлж, улмаар 2019 оны 6, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад төлсөн, 2020 оны 2, 7, 9 дүгээр саруудад тус тус төлөлт хийж, нийт үндсэн зээлд 4,354,125 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 53,440,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,065 төгрөг, даатгалд 795,761 төгрөг, нийт 58,615,426 төгрөг төлжээ.

10.Харин 2019 оны 5 болон 7 дугаар сар, 2020 оны 1, 3, 4, 5, 6, 8, 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба зээлдүүлэгч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

11.Зээлдүүлэгч нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэж тайлбарлах бөгөөд үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй, мөн 2021 оны 4 дүгээр сараас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

12.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна хэмээн тохиролцсон нь хуульд нийцсэн байх тул Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

13.Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарыг хүртэл тооцсон байх бөгөөд талууд гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгүүдэд нийцсэн учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

14.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөр төлөгдөөгүй, Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх боловч хариуцагч тал өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй учир гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжтой гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

15.Маргаан бүхий Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч А.... нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй.

16.Хариуцагч А....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч ... ХХК-ийг Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг зээлдэгч хүссэн боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл төлөх төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэдэг заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор, гэрээний нэг талд хохиролтой заалт гэж тайлбарласан.

Гэвч Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж хуульчилсан ба маргаан бүхий Орон сууцны зээлийн гэрээ нь дээрх хуульд заасан төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл биш болох нь Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагчийн зүгээс компанийн удирдлагууд Хятад улс руу буцаад Коронавируст халдварын цар тахлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд Зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаагүй, тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

17.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,891 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,010,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... ХХК болон А.... нарын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ...тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А....ээс 156,548,335 /нэг зуун тавин зургаан сая таван зуун дөчин найман мянга гурван зуун гучин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 21 дүгээр байрны 1602 тоот 79,98 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205067496 дугаар бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,891 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,010,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА