Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01824

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 156,548,335 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г-ХХК нь А.О-тэй 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1165114851 дугаартай зээлийн гэрээг байгуулж 138,949,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗБ1165114851 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Ү-888888888 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч А.О- нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 320 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г-ХХК-аас гэрээг цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна.

Хариуцагчтай байгуулсан энэхүү зээлийн гэрээ нь Засгийн газраас санхүүжүүлээгүй. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдалд орсон нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэдгийг талууд тохиролцсон. Хариуцагч цаашид төлбөрийн чадваргүй болсон гэж бид үзсэн учир Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна. Ковидын хуулиас болоод банкууд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсний дагуу тодорхой хугацаанд тооцоогүй.

Иймд Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 134,594,874.29 төгрөг, зээлийн хүү 21,580,498.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,915.02 төгрөг, даатгал 348,047.34 төгрөг, нийт 156,548,335.09 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш Ковид цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон учир гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй байна. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр банкнаас олгосон ипотекийн зээлийг царцаасан. Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэж чадахгүй байдал үүссэн. Зээлийн тооцоолол мөн тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г-ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзэхгүй. Мөн Япон Улсын иргэнээс н.Энхтүвшинд зөвхөн шүүхэд хандах итгэмжлэл олгосон байх бөгөөд энэ нь А.О-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн эргэн төлөлтийг шаардах, зээлийн гэрээг цуцлах эрх олгоогүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй гэсэн асуудал үүсэж байгаа учир нэхэмжлэлийг буцаах үндэслэл үүссэн байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл төлөх төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэдэг заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор, гэрээний нэг талд хохиролтой заалт байна. Хуулиар хамааруулахаар тогтоосон зүйлийг гэрээгээр хориглож болохгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г-ХХК болон А.О- нарын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1165114851 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.О-ээс 156,548,335 /нэг зуун тавин зургаан сая таван зуун дөчин найман мянга гурван зуун гучин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК-д олгосон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 0000 байрны 0000тоот 79,98 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-888888888 дугаар бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,891 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,010,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Үндсэн зээлд 8,354,125 төгрөг төлсөн боловч анхан шатны шүүх 4,354,125 төгрөг гэж дүгнэлт буруу хийсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 4,354,125 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Нэхэмжлэгч Г-ХХК нь хариуцагч А.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156,548,335 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй болсон тул гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргасан байна.

3. Г-ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Э- нь тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот Эрх олгох тухай тушаалаар олгож эрхийн дагуу хариуцагч А.О-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.Зээлдүүлэгч Г-ХХК, зээлдэгч А.О- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1165114851 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ нэртэй гэрээгээр зээлдүүлэгч нь 138,949,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 8-10/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.Зээлдэгч А.О- нь үндсэн зээлд 4,354,125 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 53,440,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,065 төгрөг, даатгалд 795,761 төгрөг, нийт 58,615,426 төгрөг төлсөн, 2019 оноос хойш зээлийн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчлийг хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, талуудын тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 14/

5.а. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудахаар гэрээний 4.4.1 дэх заалтаар харилцан тохиролцжээ.

5.б. А.О- нь гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул Г-ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Энэ талаар шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэжээ.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн 58,615,426 төгрөгөөс зээлд 4,354,125 төгрөг, зээлийн хүүд 53,440,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,065 төгрөг, даатгалд 795,761 төгрөгийг тус тус суутган тооцсон байна. Хариуцагч уг тооцооллыг тодорхой бус гэж тайлбарлаж байгаа боловч өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Иймээс үндсэн зээлд 8,354,125 төгрөг төлсөн байхад 4,354,125 төгрөг гэж буруу тооцсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

6.а.Талууд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ1165114851 тоот Ипотекийн гэрээ байгуулж, А.О- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж, 0000 байрны 0000тоот хаягт байршилтай 79,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн заалтыг зөв хэрэглэсэн.

 

6.б.Анхан шатны шүүх хариуцагч А.О- зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээнэ.

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан төлсөн 85,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД