Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 05 сарын 11 өдөр                         Дугаар 183/ШШ2022/01471                      Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, Б овогт Д.М /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, И ТӨААТҮГ /РД:******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаад дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч И ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирал Д.М намайг Үндэсний Аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/842 дугаар дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/20 дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн И төвийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/111 тушаалаар Чингис хаан ОУНБ-ын захирлын ажлаас чөлөөлсөн. Миний бие энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаныг Монгол улсын Дээд шүүх хүлээн авч хянаад Монгол улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор намайг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын захирлаар эгүүлэн томилж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 14 662 292 төгрөгийг авахгүй байхаар тохиролцож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилд томилогдох хүртэлх буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18 881 676 төгрөгийг авах эрхтэй байна. /2020.08.15-2021.01.14-ний өдөр хүртэл ажлын 99 хоног, нэг өдрийн цалин 190 724 төгрөг = 18 881 676 төгрөг байна/ Иймд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирал Д.М миний ажилгүй байсан ажлын 99 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18 881 676 төгрөгийг олгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга н.М нь хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Энэ хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 30-нд ажилд томилох шийдвэр гарч тэрийг нь би 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн. Ажилдаа ирээрэй гэж дуудаад ирсний дараа тушаал гарсан гэдгийг мэдэгдсэн. Маргаан таслах комисст өргөдөл гаргасан байсан. 2020 оны 3 дугаар сард маргаан таслах комиссын мэргэжилтэн н.А цалинтай холбоотой асуудлыг маргаан таслах комисс шийдэхгүй гэсэн учраас 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэдгийг буюу шаардах эрх үүссэн гэдгийг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ гэж үзэж байна. Цалин хөлсийг ажилгүй байсан хугацаа гэж тооцож байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 сарын хугацаандаа багтаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.М-ын хувьд нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь энэ талаар маргаан таслах комисст хандсан, мөн цар тахалын нөхцөл байдал байсан учраас нэхэмжлэлээ хугацаандаа багтааж шуудангаар хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү, тухайн байгууллагын дотоод асуудлаар хүнийг хохироох ёсгүй гэж үзэж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаадлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Улсын Дээд шүүхийн тогтоолоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус тогтоолын 2.1.2-т хариуцагчаас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 14 662 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ илэрхийлсэн, 2.1.3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нигмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр буюу тушаал гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлнө гэж тус тус эвлэрсэн. Нэхэмжлэлд дурдагдсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэх хугацааг хүртэл хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж эвлэрсэн. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2020 оны 04 дүгээр сараас хойш 2021 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацаанд төлсөн эсэх нь харагдахгүй байна, төрийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны нөхөн олговорыг хувьд тохиролцоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулсан үйл баримт нь нэхэмжлэгч гомдол гаргасан гэсэн үйл баримт байхгүй, тэр нь тогтоогдоогүй. Г.А даргаас нэхэмжлэгчээс гомдол ирээгүй, ямар нэгэн гомдол хүлээж аваагүй талаар манай ёс зүйн хороонд гомдол гаргаад уг гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоолыг шүүхэд өгсөн. Албан бичиг хийж өгснийг нь ёс зүйн дүрэм зөрчсөн гэж арга хэмжээ авсан үйл баримт байгаа. Хөдөлмөрийн маргаан таслах комисс хандалттай сайн ажилладаггүй байсан талаар маргахгүй, одоо шинэ бүрэлдэхүүнтэй комисс томилогдсон. Өмнөх комиссын бүрэлдэхүүнээс ёс зүйн хороо нь нэг бүрчлэн тайлбар авсан байгаа, тэр нь тогтоолд тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч шүүхэд хандах эрхээ 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эдэлсэн. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй нь энэ эрхийг зөрчөөгүй. Шинээр илэрсэн нөхцөл бий болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа шийдвэр гарах өдрөөс гэж тоолсон. Аль ч хугацааг тоолсон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.М-аас гарсан өргөдлийг хэлэлцсэн гэж үзэх боломжгүй. Тухайн үед хөдөлмөрийн маргаан таслах комиссын даргыг орлож байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бичиг нь 1999 оны 129 тогтоолын хавсралаар баталсан Хөдөлмөрийн маргааны дүрмийн 3.1, 3.5-т тус тус зааснаар баримтаар нотлогдох ёстой. Гэтэл бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, тийм бүртгэлээ сайн хөтөлдөггүй дутагдал байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар авагдсан баримт нь илтэд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/550 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Д.М-ыг ажилд авах тухай” тушаал, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 806 тоот Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 тоот Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2155 тоот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/550 тоот Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын “Д.М-ыг ажилд авах тухай” тушаал, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 806 тоот Улсын дээд шүүхийн тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2155 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 тоот Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Д.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06/2300 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 2-42, 57-58, 104-107, 116-117, 118-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10-1/522 тоот Иргэний нисэхийн ерөнхий газраас Б.Х-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01 тоот Эвлэрлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №22/04 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын Ёс зүйн зөвлөлийн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ХЭЗДБГ-ын дарга П.А-ын хариу тайлбар, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/104 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулах тухай” тушаал, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр П.А-ын гаргасан гомдол, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/223 тоот Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын “П.А-ыг ажилд авах тухай” тушаал /хх-ийн 44, 49-50, 71-77, 124-125, 148-153, 154-155, 158-159, 160, 161-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч И газар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр хүчинтэй болсон байхад ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М-тай ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг ажилд томилох шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.М-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14 662 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-нийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 16-26-р хуудас/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 тоот магадлалаар Д.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч И ТӨААТҮГ-т холбогдох хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 12-15-р хуудас/

Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00806 дугаар тогтоолоор  “...Иргэний нисэхийн үндэсний төв болон Д.М нар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрч, “...нэхэмжлэгчийг Буянт-Ухаа  Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5/тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна. ...Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14 662 292 төгрөгийг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. Хариуцагч нь эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн” ... тухай №01 дугаар “Эвлэрлийн гэрээ”-г баталж” шийдвэрлэжээ. /хэргийн 6-11-р хуудас/

 

5.Талуудын маргаан зүйл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, эвлэрлийн гэрээгээр ажилгүй байсан хугацааны цалинг авахгүй гэж харилцан тохиролцсон эсэх талаар байна, ажилд эгүүлэн тогтоосон талаар маргаагүй байна.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад хариуцагч тал буюу ажил олгогч И ТӨААТҮГазар нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.М-ыг өмнө эрхэлж байсан Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргасан боловч 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Д.М-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №Б/550 тоот И төвийн даргын тушаалаар Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс авч ажиллуулахаар томилсон болох нь хэрэгт авагдсан И төвийн даргын тушаал, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж, хөөн хэлэлцэх хуулийн хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус дүүргийн шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ шуудангаар ирүүлжээ. 

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/550 дугаар “Д.М-ыг ажилд авах тухай” тушаалд “...шүүхийн шийдвэрийн дагуу Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс авч ажиллуулсугай” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалыг ажилд ирэхдээ буюу 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн, ажилдаа ирээрэй гэж дуудаад ирсэн өдөр тушаал гарсан болохыг мэдэгдсэн, мөн Хөдөлмөрийн маргаан таслах комисст цалингийн талаар гомдол гаргаж байсан гэж, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөн гэдгийг Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэх боломжтой байсан, ажилд томилсон тушаал гарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр мэдсэн, Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байгаагүй болох нь Ёс зүйн хорооны тогтоолоор нотлогдоно гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Б.М-ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06/2300 дугаартай албан бичигт “...Таны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан “...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 18 881 646 төгрөг олгож өгөх тухай хүсэлтэй танилцаж хэлэлцсэн бөгөөд хүсэлтэд дурдсан асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамрагдаж байх тул шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь хуульд нийцэхээр байна” гэжээ.

Уг албан бичгийг хууль бус, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн маргаан таслах комисст ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ёс зүйн зөвлөлийн тогтоолоор нотлогдоно, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.М-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэмд заасан ажилтны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон гэсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар-22/04 “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолын үндэслэх хэсэгт “...Дээрх албан бичигт дурдсанаар Д.М-аас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хүсэлт гомдол өргөдөл гаргасан бол тухайн хүсэлт өргөдөл гомдол нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд зааснаар шийдвэрлэгдэх байсан боловч нэг талаас гомдол гаргагч буюу тус газрын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажил олгогчийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах хэсгийг ахлагчаар ажиллаж байсан Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын хувьд П.А болон нөгөө талаас тус газрын хуулийн мэргэжилтнүүд нөгөө талаас тус газрын Хөдөлмөрийн маргаан комиссын ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга буюу тус газрын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энь “Д.М-аас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй, хэлэлцэж шийдвэрлэгдээгүй” гэсэн тайлбар, хуралд гаргасан тайлбар, тус зөвлөлөөс гаргуулан авсан баримт, холбогдох ажилтан, албан тушаалтнаас нотлох баримт ирүүлээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байх тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбатын гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь тус газрын ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.2а, 3.1.2г, 3.1.2е, 3.1.2ж, 3.1.4б, 3.1.4е-д тус тус заасан ажилтны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/104 дугаартай тушаалаар байгуулагдсан тус газрын Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс нь ажилтны гаргасан гомдол/өргөдөл/-ыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд заасны дагуу хүлээн авч, энэ тухай холбогдох дэвтэр хөтөлж бүртгэлжүүлдэггүй байжээ гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв” гэжээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.М-ыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнд хамаарахгүй болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №А/104 дүгээр “Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулах тухай” тушаалаар нотлогдоно. Уг тушаалд Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд: ахлагч хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга, нарийн бичгийн дарга хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын хуулийн мэргэжилтэн гэсэн бөгөөд П.А нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргаар ажиллаж байгаа талаарх тушаалыг шүүхэд ирүүлсэн.

Зохигч талууд Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.М-ыг хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан талаар маргаагүй бөгөөд түүнд арга хэмжээ авсан Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар-22/04 “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолд эс зөвшөөрвөл гардан авснаас хойш гомдол гаргах эрхтэй гэсэн боловч дээрх тогтоол нь хүчин төгөлдөр болсон эсэх талаарх баримтыг ирүүлээгүй, мөн тогтоолд “...тус газрын Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс нь ажилтны гаргасан гомдол /өргөдөл/-ыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд заасны дагуу хүлээн авч, энэ тухай холбогдох дэвтэр хөтөлж бүртгэлжүүлдэггүй байжээ” гэсэн нь байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан гэж дүгнэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан үйл баримт байгаа болох нь тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарагдах тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж ойлгоно.

 Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.М-ыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлаар томилсон тушаал гарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сарын хугацааг тоолоход 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдөр дуусгавар болж байгаа, мөн Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол гарснаар эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан гэсэн.

Нэхэмжлэгчийг Улсын Дээд шүүхийн тогтоол гаргаснаар эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй, Улсын Дээд шүүхийн тогтоолд “...гарсан өдрөөс хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна” гэсэн байх тул тогтоол гарснаар мэдэх боломжтой байсан үзэх боломжгүй, талууд шүүхэд Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авсан талаарх баримтыг ирүүлээгүй.

Мөн нэхэмжлэгч, өмгөөлөгч нар нь ажилд томилсон тушаал гарсан гэдгийг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирээрэй гэхэд нь ирээд танилцуулснаар мэдсэн гэж тайлбарласан, хариуцагч нь тушаал гарсан өдрөөр мэдэх боломжтой байсан гэсэн боловч уг тушаалыг танилцуулсан эсэх талаар баримтгүй, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн талаар маргаагүй болно.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 04-нөөс ажилдаа ирээд тушаалтай танилцсан бол тус дүүргийн шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 06-нд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн боловч нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шууданд хийснээр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны олговор 14 662 292 төгрөгийг  эвлэрлийн гэрээний дагуу авахгүй гэж харилцан тохиролцсон, мөн хяналтын шатны шүүх хуралдаанд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилд томилох тушаал гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхээр эвлэрсэн нь ажилд томилох тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгатай гэж маргасан.

Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон ажлаас үндэслэлгүй халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор болох 14 662 292 төгрөгийг л авахгүй гэж тохирсон болохоос ажилд эгүүлэн тогтоох тушаал гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэж гэрээнд заагаагүй, энэ талаар тохиролцоогүй, харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрсэн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №001/ХТ2020/00806 тогтоолд дурдсан талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-нд “...1.1 Зохигчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалтай иргэний хэрэгт эвлэрч нэгдсэн тохиролцоонд хүрч, талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригоо илэрхийлж түүнийгээ баталгаажуулан энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулсан болно.

2.1 Зохигчид шүүхийн шийдвэрээр тогтоосон дараах асуудлаар дор дурдсан тохиролцоонд хүрч эвлэрлэв. Үүнд:

2.1.1 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-т Нэхэмжлэгчийг одоогийн Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын захирлын ажилд нь эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна.

2.1.2 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2-т хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14 662 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба Талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна.

2.1.3 Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг Хариуцагчид даалган шийдвэрлэсэн байх ба Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

3.1 Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ нь талуудын хоорондын бүхий л ойлголт ба тохиролцоог төлөөлөх ба талууд хоорондын бүх тохиролцоо, амлалт, ойлголтыг орлоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 9-10-р хуудас/

Хариуцагч нь эвлэрлийн гэрээний 2.1.2-т заасан “....нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна” гэсэн нь ажилгүй байсан хугацааны олговрыг авахгүй гэсэн агуулгатай, 2.1.3-т “...байх ба...” гэсэн холбоос нь олговор болон нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл аль аль нь ажилд томилох тушаал шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл гэж логикоор ойлгогдоно гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний утга ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй, агуулгыг тодорхойлох боломжгүй гэх үндэслэлгүй, эвлэрлийн гэрээний 2.1.2-т “...энэхүү олговор” гэсэн нь “...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 14 662 292 төгрөгийг”, 2.1.3-т нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг ажилд томилох шийдвэр гарч ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл” гэсэн агуулгатай байна гэж дүгнэв. 

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлсэн тогтоосон боловч ажилд эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг олговрыг авахгүй гэж харилцан тохиролцсон, энэ талаар эвлэрлийн гэрээний агуулгад тусгасан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарч, ажилд эгүүлэн томилсон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрээр нэг өдрийн цалин 190 724 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 190 724 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /хэргийн 24-р хуудас/  

Хариуцагчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож үзэхэд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 99 хоног буюу 18 881 676 төгрөг /190 724х99хоног=18 881 676 төгрөг/ байх тул И ТӨААТҮГазраас нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан 99 хоногийн цалинд 18 881 676 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1.3-т ажилд орох тушаал гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахаар эвлэрсэн байх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг цалингаас тооцож суутгана гэж тохиролцсон, гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр суутгаж байгаа гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд шимтгэлийг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцоогүй, хариуцагчийн төлөөлөгч нь хуулийн дагуу шимтгэлийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлгүй байгаа гэж Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолд тусгагдсан, уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон учир шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болно. 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 18 881 676 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 359 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 252 359 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Д.М-ын   /РД:*******/-ын ажилгүй байсан хугацааны цалин 18 881 676 төгрөгийг хариуцагч И газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 359 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т буцаан олгож, хариуцагч И газраас 252 359 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН