Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/02059

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

 2022 оны 06 сарын 24 өдөр                         Дугаар  183/ШШ2022/02059                     Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 49 тоот байрлах, Ц ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, **** байрлах, Г ХХК /РД:*******/,

Хариуцагч: Б дүүрэг, 19 тоот оршин суух, З овогт Ш.О /РД:******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Рестораны дотоод засал, чимэглэл ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Э.Ч,

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,

Хариуцагч Ш.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж,

Гэрч Ч.О, Г.Г, Н.Б, Д.Э, Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Г ХХК , Ш.О нарт холбогдуулан рестораны дотоод засал, чимэглэл ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Х дүүргийн ****баруун урд хэсэгт байрлах 207 м.кв үйлчилгээний талбайг рестораны зориулалтаар тохижуулан С нэртэй ресторан ажиллуулж байсан Ц ХХК-ийг дотоод засал, чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдан авах шийдвэрийг гаргахдаа хариуцагч Г ХХК-ийн захирал Ш.О-тэй уулзаж цаашид Ц ХХК-д үргэлжлүүлзн түрээслүүлэх эсэхийг тодруулахад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуусгал түрээслэнэ гэж хэлсэн. Иймээс миний бие хариуцагч ГХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай Түрээсийн гэрээг байгуулсан. Мөн өдөр Ц ХХК-ийг С ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт 230 000 000  төгрөгөөр худалдан авсан болно.  Хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөр болох 12 000 000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр хариуцагчид шилжүүлж байсан. Гэвч хариуцагч 2020 он гараад  түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарлан түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж цаашид үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй тул арга буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 230 000 000 төгрөгөөр худалдан авсан С ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000  төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон юм. Хариуцагч нь манай компанийн тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, С гэх нэр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулан ашиг олж байгаа боловч худалдан авсан С рестораны дотоод засал чимэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ширээ сандлын үнийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Дээр дурдсанчлан миний бие 4 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулна гэж итгэсэн учир С рестораныг дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдсан авсан, тус дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өөр газар ашиглах боломжгүй бөгөөд түрээсийн талбайд зориулан хийж гүйцэтгэсэн учир хариуцагчид актаар хүлээлгэн өгч, хариуцагч үнийг нь төлөхөөр болсон. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагч нь Срестораны дотоод засаг чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авсан С рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнийг төлөх үүрэгтэй. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж С рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С рестораны дотоод засал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэд 230 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Х дүүргийн ** хороонд байрлах 203 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч эзэмшдэг. Энэхүү эзэмшиж буй үл хөдлөхөө Ц ХХК-д түрээслүүлсэн. Ц ХХК нь С ресторан ажиллуулахаар дотоод засал, тохижилт, ширээ, сандал зэргийг 230 000 000 төгрөгөөр дотоод засал чимэглэлийг хийгээд энэ талбайг үргэлжлүүлэн түрээслүүлэх хүсэл сонирхол байгаа эсэхийг хариуцагчтай уулзаж ярилцахад түрээслэх боломжтой гэсний дагуу түрээслээд явсан, тиймээс ч 250 000 000 төгрөгийн зардал гаргаж тохижуулсан. Гэтэл хариуцагч талаас цаашид түрээсийн талбайг түрээслэх боломжгүй, түрээсийн үнээ нэмнэ, түрээсийн талбайг чөлөөлж өг гэж шаардсаны дагуу түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн. Энэхүү түрээсийн талбайг хүлээлгэж өгөхдөө тохижилт засвар үйлчилгээний зардал болох 250 000 000 төгрөгийг бэлэн төлөх, эсхүл Герман элчин сайдын яамны хажууд байрлалтай рестораныг шилжүүлж авахаар тохиролцсон боловч хариуцагч компани авсан зүйлийнхээ төлбөрийг төлөөгүй, хохироож байна. Нэхэмжлэгч Ц ХХК-иас хүлээж авсан тоног төхөөрөмж, заалны зохион байгуулалт хэвээрээ, ширээ сандал зэргийг ашиглаж байгаа үйл баримт харагддаг. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн засаж тохижуулсан рестораныг хэвийн ажиллуулаад явж байгаа тул энэхүү рестораныг тохижуулахад зарцуулсан 250 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Энэхүү гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулахыг шаарддаггүй. Хариуцагч талаас хүлээж авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой асуудлаар маргадаггүй, ийм эд хөрөнгө хүлээж аваагүй гэж маргадаг боловч аваад хэрэглээд явж байдаг юм гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** 1-р давхарын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшдэг болно. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ц ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээслэгч Ц ХХК ХХК нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг  Срестораны зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн бөгөөд сар бүрийн  түрээсийн төлбөрийг гэрээний дагуу цаг хугацаанд нь тогтмол төлсөөр ирсэн. Ц ХХК-ний захирал Т.Ц нь түрээсийн гэрээний хугацаанд иргэн Б.Б-тай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ байгуулан түрээслэгч Ц ХХК-ний хувьцааг болон С рестораны дотор агуулагдах бүхий биет зүйлсийг худалдах, худалдан авахаар болж, ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийт 230 000 000 төгрөгөөр худалдан авсан байсан. Б.Байгальмаа нь Ц ХХК ХХК-нийг худалдан авахдаа түрээслүүлэгч талаас түрээсийн гэрээг үргэлжлүүлэн түрээслүүлэх эсэх талаар тодруулахад нь Ц ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байсан учраас үргэлжлүүлэн түрээслэх боломжтой талаар хэлж улмаар 2019 оны 7 дугаар  сарын 31-ний өдөр Ц ХХК-ний захирал Б.Б-тай 2023 оны 9 дүгээр  арын 26-ны өдрийг дуустал буюу 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээг дахин байгуулсан. Энэ хугацаанд түрээслэгч нь гэрээнд заасан сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хуваарийг хэсэгчлэн түрээсийн төлбөрийг төлж байсан ба 2020 оны 1 дүгээр сараас эхлэн “... цаашид   би түрээслэх боломжгүй боллоо, хүн орохгүй, ашиг орлого муу байна...” гэж амаар болон бичгээр эхэлсэн. Улмаар гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг зөрчин 2020 оны 2 дугаар  сарын 01-ний өдрөөс түрээслэхээ больсон. Ингэхдээ түрээслэгч Ц ХХК нь өөрсдийн өмч хөрөнгө болох тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг авахгүйгээр түрээсийн талбайд орхиод явсан байдаг. Түрээслүүлэгч тал болох Г ХХК нь дотоод засал чимэглэл, ширээ сандал,техник хэрэгсэл,тоног төхөөрөмж авч талбайг чөлөөлж өгөх талаар утсаар, амаар бичгээр мэдэгдэл хүргүүлэн 2020 оны 3 дугаар  сарын 05-ны өдрийн дотор талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн ч түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй байсан тул арга буюу Ц ХХК-ний рестораны тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг тусад нь өөрийн складанд хадгалж байгаа болно. Эдгээр тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нь өгөхөд татгалзах зүйлгүй болно. /СD-г хавсаргав./ Харин нэхэмжлэлд дурьдсан шиг “...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 230 000 000 төгрөгөөр худалдан авсан С ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон юм...” гэх агуулга тайлбар нь худал юм, актанд зурагдсан гарын үсэг нь Ш.О-гийн гарын үсэг биш. Өөрөөр хэлбэл, бидний хооронд С ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 230 000 000  төгрөгөөр худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо огт хийгдээгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болно.

Гэтэл нэхэмжлэгч нь Г ХХК-ийг рестораныг худалдан авахаар тохиролцсон мэтээр нэхэмжлэлдээ дурьдаж улмаар үнийг төлөхгүй байгаа учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа агуулгаар шаардаж байгаа нь буруу юм. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дэх хэсэгт: “... Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан чөлөөлөгдөнө...” гэж зааснаар өмнөх түрээслэгч Ц ХХК-ийн захирал Т.Ц үүргээс  чөлөөлөгдөж, харин компанийг худалдан авсан Б.Байгальмаа үргэлжлүүлэн түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сар хүртэл төлсөн болно. Мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “...Түрээслэгч түрээсийн гэрээ  дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслэн эд хөрөнгийн буцаан өгөх үүрэгтэй... ” гэж түрээслэгчийн хариуцлагын талаар хуульчилсан байх ба хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэг, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг гэдэгтэй нийцэж байгаа тул түрээслэгч Ц ХХК нь түрээсийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 2-р  дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн талбайг түрээслүүлэгч Г ХХК анх хүлээн авсан байдлаар буцаан өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч тал яагаад худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж хэлээд 230 000 000 төгрөгийг шаардаж байгааг миний бие ойлгохгүй байна. Түрээсийн гэрээний харилцаа дуусаж байгаа бол түрээсийн зүйлийг буцааж авах үүргийг хүлээж байгаа. Салган авах боломжтой эд хөрөнгийг энэ хүмүүс салгаад авах боломжтой. Түрээсийн гэрээний дагуу талбай чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж шаардаад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 230 000 000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байвал шаардах эрхтэй этгээд нь өмнөх захирал болох Ц юм шүү дээ. Энэ үүднээс харахад энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Г ХХК мөн үү гэдэг дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Г ХХК-ийн гүйцэтгэх захирал нь н.О гэдэг хүн байсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол өнөөдөр Г ХХК худалдаж авах хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Ийм хүсэл зориг байж би Ц ХХК-ийн тоног төхөөрөмжийг хүлээж авах ёстой. Г ХХК шүүхэд хариу тайлбар гаргасан үеэсээ эхлээд энэ тоног төхөөрөмжийг авах хүсэл зориг илэрхийлээгүй. Үнэхээр худалдаад авсан юм бол Г ХХК Ц гэдэг хүний тохижуулсан тоног төхөөрөмжийг ашиглаад үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл бид нар дараагийн түрээслэгчдээ талбайгаа түрээслэхийн тулд зарим эд хогшлыг скаладанд, заримыг нь зуслангийн байшинд хадгалж байсан нь үзлэгээр тогтоогддог. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн эсэх дээр шүүх эхний ээлжинд эрх зүйн дүгнэлт хийж байж дараа нь гэрээний дагуу шаардах эрх үүссэн эсэх дээр дүгнэлт хийх ёстой байх. Иргэний хуулийн 324.2-т түрээслэгч өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ агуулгаар юу харагдаж байгаа вэ гэвэл Ц-аас Б худалдаж авсан эд зүйлийг аваад үргэлжлүүлэн Байальмаа Г ХХК нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсон тул ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдэл, хорогдлыг тооцож, буцааж өгөх үүрэгтэй. Түрээсийн гэрээний үндсэн шинж, түрээсийн гэрээний оролцогч нарт хамааралтай заалт юм. Нэгэнт түрээсийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээнэ. Эцэст нь ер нь бодит байдал дээрээ нэхэмжлэгч тал 230 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа Ц-д тавиад түүнтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байсан байх. Нэгдүгээрт энэ гэрээний нэг тал нь Г ХХК биш учраас жинхэнэ хариуцагч биш юм. Анхнаасаа түрээсийн харилцаа үүссэн, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэв.

 

3.Хариуцагч Ш.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч тал хариуцагч Ш.О-т холбогдуулаад хэдэн төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хувь тэнцүүлсэн байдлаар буюу тавин хувийг Ш.О-ээс гаргуулахаар шаардаж байгаа гэж ойлголоо. Нэгдүгээрт Ш.О нь 115 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл хариуцагч Г ХХК-ийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байгаа. Хариуцагч Ш.О нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирлаа ажиллаж байгаа тул хариуцагч нарын ашиг сонирхол нэг гэж үзэж байна. Нотлох баримтын хэмжээнд нотлогдоогүй, зөрүүтэй асуудал байна. Түрээсийн гэрээ нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн. Түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчээр засан сайжруулалттай холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Яг ямар үндэслэлээр 230 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гээд хариуцагч нараас шаардаад байгаа юм. Б, Ц нарын бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээг үндэслээд шаардаад байна уу, хэрэгт авагдсан 1 сарын 31-ний өдрийн актыг үндэслээд шаардаад байгаа юм уу. Энэ нь тодорхойгүй байна. 1 сарын 31-ний өдрийн актыг үндэслээд шаардаад байгаа бол энэ нэг хариуцагчаас шаардаж буй шаардлагад ч хүрэхгүй үнийн дүн юм. 230 000 000 төгрөгөөр энэ гэрээ хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Хоёрдугаарт бид нар нөхцөл байдлыг үзлэг хийгээд тодорхой болгосон. 2020 оны 2 сарын 01-ний өдрөөс түрээслэгч Байгальмаа бизнесийн үйл ажиллагаа хийхэд хүндрэлтэй боллоо, бид нар тодорхой судалгаагүй орж ирсэн байна аа гэж хүлээн зөвшөөрөд түрээсийн гэрээнээс өөрсдөө гараад явсан. Тиймээс эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн гэж маргаад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тийм тохиролцоо болсон бол Г ХХК энэ эд хөрөнгийг худалдаад авсан байсан бол гуравдагч этгээдэд түрээслэх шаардлагагүй байсан. Нэг зүйл тодорхой харсан бол Ш.О гэдэг хүн нийтийн хоолны салбарт насаараа ажилласан хүн. Энэ нэхэмжлэгч нарыг бодвол насаараа энэ бизнесийг эрхэлсэн. Энэ хүний брэнд, үйл ажиллагаа нь бүхэлдээ тогтсон. Бидний үйл ажиллагаа, бидний барааны тэмдэг, бидний нэрийг ашиглаад үйл ажиллагаа явуулаад байгаа мөртлөө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй гэж дурдсан байна. С рестораны бүх халбага хэрэгсэл дээр хариуцагчийн брэндийн тэмдэг байдаг. Ц бургерийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр зориулалтаар тохижуулсан байсан. Харин одоо байгаа ресторан бургерийн тохижилт, хутга сэрээг стеэйкэн дээр хэрэглэх боломжгүй. Бургерийн эд зүйлийг рестораны үйл ажиллагаанд ашиглах ямар ч боломжгүй. С гэх хаягийг нь авах гэхээр мөнгөөр авах болж байна. Нэхэмжлэгчийн эд зүйлээр өөрийн агуулахыг дүүргэчихээд нэмэлтээр зардал гаргахыг хүсэхгүй байгаа тул компанийн нэр хаяг, шошготой холбоотой зүйлс нь байгаа. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан эд хөрөнгөө хүлээлгэж өгснөөр, нөгөө тал нь хүлээж авснаар гэрээ байгуулагдсан талаар яригдаж байна. Талууд гэрээний гол нөхцлөө тохирдог. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь юу юм бэ гэдэг дээр талууд тохиролцсон. Үндсэн гэрээний гол нөхцлөө ч тохироогүй байж хавтаст хэрэгт авагдсан 01 сарын 31-ний өдрийн акт гэдэг зүйлийг үндэслээд шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нарыг рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршлага байсан эсэхийг мэдэхгүй байна. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гээд түрээсийн гэрээгээ цуцалж байгаа асуудал байгаа. Түрээсийн гэрээ үргэлжлэх ёстой байсан гээд маргаж байгаа бол энэ түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой шаардлагаа гаргаад түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглах талаар эрх ашгаа хамгаалуулаад явах боломж байсан. Гэтэл 6, 7 сарын дараа гэнэт гарч ирээд бид нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гээд гэрээний төлбөрөө шаардаад байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ, МНТК ХХК-ийн 5001051380 тоот дансны хуулга, Б.Б-ийн эзэмшлийн 4720**** Тоот дансны хуулга, Б.Б-гийн эзэмшлийн 500220***** тоот дансны хуулга, №7989275 тоот шилжүүлгийн баримт, Б.Б-гийн эзэмшлийн 5002660**** тоот дансны хуулга, №8046462 тоот шилжүүлгийн баримт, 90 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 82 000 000 төгрөгийг шилжүүлгийн баримт, 13 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Т.Ц-ын төлбөрийн нэхэмжлэх, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, хавсралт /жагсаалт/, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ц ХХК-иас Г.Ж-т олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ц ХХК-иас Э.Ч-д олгосон итгэмжлэл /хх-ийн 3-35, 62, 245-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Г ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК -ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр, Г ХХК-ийн 2018 онд баталсан компанийн дүрэм, Г ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, ГХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ц ХХК-д “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, Э ХХК-ийн гаргасан тодорхойлолт, н.М-ын гаргасан тодорхойлолт, гэрэл зургууд /хх-ийн 34-38, 45-46, 51-58-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ш.О-гээс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Хан-Уулд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ш.О-гийн гарын үсгийн туршилтын загвар, 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ /Ш.О-гийн гарын үсгийн чөлөөт загвар, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Кредит картын гэрээ /Ш.О-гийн гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар,  Ш.О-ийн гар бичвэр, Ш.О-гийн гарын үсгийн туршилтын загвар, 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Ш.О-гээс А.О-т олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ш.О-гээс Ч.Ж-д олгосон итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Г ХХК-иас О.М-д олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК-ийн 2022 онд баталсан компанийн дүрэм, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Г ХХК-иас Ц ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, хавсралт, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Түрээсийн гэрээ /хх-ийн 43, 47, 66-80, 85-89, 120-126, 143, 147, 197-222-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гарын үсгийн шинжээч томилж дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, хариуцагч Ш.О-гийн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагч ГХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х дүүрэг, ** дугаар хороо, Хаан тауэр, 1 давхарт байрлах, Срестораны дотоод орчин, агуулахад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Зуслангийн байшинд буй эд зүйл, гаднах эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, хариуцагч Ш.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ц ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтыг гаргуулж /хх-ийн 127-135, 156-159, 160-179, 180-191, 231-239/ хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ц ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нартай түрээслэж байсан рестораны дотоод засал чимэглэл, ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, эд зүйлсийг бүгдийг нь хүлээлгэн өгсөн боловч үнийг төлөхгүй хохироож байгаа тул худалдсан, шилжүүлэн өгсөн эд зүйлсийн үнэ 230 000 000 төгрөгийг гаргуулахаар” шаардсан.

3.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Ц ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусахад рестораны ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ буцаан авч, талбайг хүлээлгэн өгөх, чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тул үнийг төлөх үүрэг үүсээгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Ш.О нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ц ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчээс засан сайжруулалттай холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй, бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардаад байгаа нь ойлгомжгүй, хариуцагч биш, хэрэгт авагдсан 2020 оны 1 сарын 31-ний өдрийн хүлээлгэн өгсөн актыг үндэслээд шаардаж байгаа бол уг актанд гарын үсэг зураагүй, эд зүйлсийг хүлээн аваагүй, харин хадгалж байгаа гэж маргасан.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №2018/04/13-1524 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээг хариуцагч Г ХХК нь Хурд групп ХХК-тай Улаанбаатар хотын Х дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах *** барилгын 1-р давхарт байрлах 207 м.кв талбайтай үйлчилгээний талбайг захиалан бариулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг талбай нь Г ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байдаг талаар зохигч талууд маргаагүй.

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г ХХК нь Ц ХХК-ийн ерөнхий захирал Т.Ц-тай түрээсийн гэрээ байгуулж, Улаанбаатар хот Х дүүрэг *** 1-р давхарын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбай бүхий байрыг рестораны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулж байсан байна.

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас Ц ХХК-ийн ерөнхий захирал Т.Ц, нөгөө талаас Б.Б нар хэлэлцэн тохиролцож, бэлэн бизнес худалдах, худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний нийт мөнгөн дүн 230 000 000 төгрөг байхаар, төлбөрийг төгрөгөөр болон автотээврийн хэрэгсэл оролцуулж барагдуулахаар, мөнгөн дүнд рестораны дотор агуулагдах бүхий биет зүйлс багтаж байгаа талаар харилцан тохиролцжээ.   

Уг гэрээний 2.2-д “талууд тус гэрээгээр Ц ХХК-ийн эзэмшиж буй С рестораныг худалдах, худалдан авах тухай харилцааг зохицуулна”, 2.3-д “худалдан авагч тал Ц ХХК-ийн хувьцааг бүрэн худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлж тус гэрээнд заасан мөнгөн дүнг бүрэн барагдуулж рестораныг хүлээн авч дуусахад тус гэрээ дуусгавар болно”, 2.4-д “тус гэрээний дагуу Ц ХХК-ийн эзэмшил S брэндинг ашиглах эрхийг давхар авч байгаа болно” гэжээ.

Хэрэгт авагдсан Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000168764 дугаартай гэрчилгээнд “2019 оны 7 сарын 31-нээс Б.Б-г захирлаар томилсныг бүртгэж”, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “...хувьцаа эзэмшигчээр Б 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй” болсон байна.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Түрээсийн гэрээ нэг талаас түрээслүүлэгч ГХХК, нөгөө талаас түрээслэгч Ц ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Байгалмаа нар харилцан тохиролцож, түрээслүүлэгч талын өмч болох Монгол улс, Улаанбаатар, Х дүүрэг,  1-р давхарын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбай бүхий байрыг рестораны зориулалтаар түрээслэгч талд түрээслүүлэхээр байгуулжээ.

Талуудын байгуулсан Түрээсийн гэрээний 2.4.1-д “түрээсийн гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анх байгуулагдан хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээний биелэлтийг 1 жилийн хугацааны үр дүн болон түрээслэгч талын гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбогдон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин байгуулагдаж байна”, 2.4.2-д “түрээсийн гэрээний хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болно” гэжээ.

Зохигч талууд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан, талбай түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргийг зөрчиж, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж байсан тул түрээсийн гэрээг цуцлаж, рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдах, худалдан авахаар хариуцагч Г ХХК, Ш.О нартай харилцан тохиролцож, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгөх акт үйлдэж, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тул худалдсан эд хөрөнгийн үнэ болох 230 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцоогүй, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн актад гарын үсэг зураагүй гэж мэтгэлцсэн.

 

5.Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байна, түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн актаар “Х дүүргийн 1-р давхарт байрлах “С” нэртэй рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг энэ актын хавсралтад байгаа биет болон биет бус хөрөнгийг рестораны менежментийн хамт “Г” ХХК-ийн ерөнхий менежер О-т хүлээлгэн өгөв”, рестораны эрх зүйн баримтууд 1.тусгай зөвшөөрөл /нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгосон рестораны үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг баримт/, 2.тусгай зөвшөөрөл /Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд үйдвэр үйлчилгээ эрхлэх зөвлөлийн даргын олгосон зөвшөөрөл/, 3.Галын аюулгүй байдлын дүгнэлт, санхүүгийн баримтууд “Д” ХХК-ийн санхүүгийн программ, гэрээ эрх зүйн баримтууд болон ажилчдын анкет /ресторан дээр 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 10 ажилтан бүртгэлтэй байгаа болно”, хүлээлгэн өгсөн Б.Б, Ц ХХК-ийн захирал, хүлээн авсан Ш.О, Г ХХК менежер гэжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авсан ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдоно гэсэн.

Хариуцагч нар нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, 324 дүгээр зүйлийн 324.1-д түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, 324.2-д түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байхад рестораныг чөлөөлж өгөхгүй, эд хөрөнгөө авахгүй гэрээгээ зөрчсөн, эд зүйлсээ авах талаар удаа дараа мэдэгдэж, шаардлага хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж маргасан.

Мөн хариуцагч Ш.О нь хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн актад гарын үсэг зураагүй гэж маргаж, актанд зурсан гарын үсэг Ш.О-ийнх мөн эсэх талаар шинжээч томилж, гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/12848 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Гэвч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хариуцагчид гарын үсгийн харьцуулах загвар ирүүлэх талаар мэдэгдсэн, мөн зарим загвар ирүүлсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргах хангалттай баримт гэж үзэхгүй, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь дахин шинжээч томилуулах, захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасан тул тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/13458 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Кримналистикийн хэлтсийг шинжээчээр дахин томилсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 937 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1.шинжилгээнд ирүүлсэн 2020.01.31 гэсэн огноотой Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт” гэсэн баримтын “хүлээн авсан” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ш.О-гийн гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай гарын үсгийн бүтэц, хөдөлгөөний бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ өөр байх тул шинжилгээнд ирүүлсэн материалын хүрээнд харьцуулан шинжлэх боломжгүй байна” гэжээ.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчээс рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан аваагүй, хүлээн аваагүй, өөрсдөө үлдээгээд явсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зураагүй талаараа баримтаар нотлоогүй, уг баримтыг хуурамчаар үйлдсэн, нэхэмжлэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар шалгуулах талаар холбогдох байгууллагад нь хандаагүй, хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан хундага, аяга таваг зэрэг рестораны хэрэгслүүдийг өөрийн склад буюу агуулахад хураалгаастай байгаа талаар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 31-нд хүлээлгэн өгсөн акт байгуулагдсан эсэх талаар мэдэхгүй, ийм үйл баримт болоогүй гэсэн боловч шүүх хуралдаанд гэрч Д.Э “...2018 оны 10 сараас 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ресторанд ахлах тогоочоор ажиллаж байсан, гэтэл рестораныг зарах болчихлоо гээд бид гал тогооны эд зүйлсээ тоолсон”, гэрч Ц.С “...2019 оны 5 сард ажилд орсон, ресторанд тогооч хийж байсан. Рестораныг зарсан гээд эзэд нь тооллого хийнэ гэсэн, дараа нь цалин багасаад ажлаасаа гарчихсан”, гэрч Г.Г-ийн “...А ресторанд ээлжийн мастер ажилтай, 2020 оны 5 дугаар сарын 01-нд ажил хүлээлцэж авсан, тооллого хийгээд бараа материал авч байсан, эд зүйлсийг ашиглахгүй байсан тул зөөсөн”, гэрч Н.Б-гийн “...2019 оны 8 дугаар сарын 01-нээс ажиллаж байгаа, 2020 оны 1 дүгээр сарын 31-нд эд зүйл хүлээлцэхэд буюу тооллого хийхэд байлцсан. Манай захирал юмаа авч байгаа, үзээдэх гэсэн болохоор нь ирсэн”, гэрч Ч.О-сийн “...манай агуулахад Ц ХХК-ийн баахан эд зүйлс хураалгаатай байдаг, авахгүй хэцүү байна” гэсэн мэдүүлгээр рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Мөн хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Ц  ХХК-нд түрээсийн талбайг чөлөөлөх талаар шаардлага хүргүүлсэн, түрээсийн талбайг суллаж өгөхийг шаардсан болох нь хэрэгт авагдсан Г ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шаардлага, Э ХХК-ний захирал М.М-гийн болон З.М-гийн тодорхойлолт, тоног төхөөрөмж, эд хогшлийн зургаар нотлогдоно гэсэн боловч уг шаардлага болон тодорхойлолтыг нэхэмжлэгч Ц ХХК-нд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, рестораны заалны доторх тоног төхөөрөмж, техник хэрэгслийг болон S брэндингийг ашиглаж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хариуцагч нар нь түрээсийн гэрээний дагуу үүргийг шаардах байсан, хэргийн жинхэнэ хариуцагч нь Т.Ц гэсэн тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шаардлагаа болон хариуцагчаар өөрөө тодорхойлох тул худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Х дугаар хороо, 1 давхарт байрлах үйлчилгээний талбай буюу 42 дугаар хороонд байрлах зуслангийн байшинд үзлэг хийж, гэрэл зургийг тэмдэглэлийн хамт хэрэгт хавсаргасан баримтаар хариуцагч Г ХХК нь рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өөрийн складад хураасан буюу зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ресторанд ашиглаж байгаа талаар маргаагүй, эд зүйлсийг хадгалж байгаа, өөрсдөө ирж аваагүй, талбай суллаж өгөхгүй байгаа гэсэн боловч эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгөх талаарх баримтгүй тул хүлээн авсан гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнийг 230 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно, уг гэрээний дагуу шилжүүлэн авсан бүх зүйлийг хариуцагчид худалдсан гэсэн боловч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээний үнэ 230 000 000 төгрөгт буюу гэрээний үнэд гэрээний 2.3, 2.4, 3.2-д заасан Ц ХХК-ийн хувьцаа, S Pub брэндинг ашиглах эрх, рестораны доторх агуулагдах бүхий биет зүйлс багтаж байх бөгөөд нэхэмжлэгч нь Ц ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, түүний тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийн үнэ нь хэд байсан болох талаар буюу Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээний 3.2-д заасан 1-р хавсралтыг ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч ГХХК-иас рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үнэд хэрэгт авагдсан хүлээлгэн өгсөн эд зүйлсийн жагсаалтад авагдсан эд зүйлсийн үнэ болох 107 287 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 122 712 930 төгрөгийг болон хариуцагч Ш.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 6.Улсын тэмдэгтийн хураажийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 308 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 694 385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар хариуцагч ГХХК-иас 107 287 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122 712 930 төгрөгийг  болон хариуцагч Ш.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 308 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 694 385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН