Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01135

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01135

 

 

  Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00783 дугаар шийдвэртэй, Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй Г ХХК, Ш.О нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 230,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, С гэсэн оноосон нэр, рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, П.С, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Хаан тауэрийн ** давхрын баруун урд хэсэгт байрлах 207 м.кв үйлчилгээний талбайг рестораны зориулалтаар тохижуулан С нэртэй ресторан ажиллуулж байсан Ц ХХК-ийг дотоод засал, чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдан авах шийдвэрийг гаргахдаа хариуцагч ГХХК-ийн захирал Ш.Отэй уулзаж цаашид Ц ХХК-д үргэлжлүүлэн түрээслүүлэх эсэхийг тодруулахад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал түрээслэнэ гэсэн. Иймээс миний бие хариуцагч Г ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Мөн өдөр Ц ХХК-ийг С ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт 230,000,000 төгрөгөөр худалдан авсан болно.

Хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр шилжүүлж байсан. Гэвч хариуцагч 2020 он гараад түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарлан түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж цаашид үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй тул 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 230,000,000 төгрөгөөр худалдан авсан С ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ 230,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон юм.

Хариуцагч нь манай компанийн тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, С нэр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан, үйл ажиллагаа явуулан ашиг олж байгаа боловч худалдан авсан С рестораны дотоод засал чимэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ширээ сандлын үнийг төлөхгүй байна.

Миний бие 4 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулна гэж итгэсэн учир С рестораныг дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдсан авсан, тус дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өөр газар ашиглах боломжгүй, түрээсийн талбайд зориулан хийж гүйцэтгэсэн учир хариуцагчид актаар хүлээлгэн өгч, хариуцагч үнийг нь төлөхөөр болсон. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь С рестораны дотоод засаг чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авсан С рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч нараас С ресторанд байрлах ширээ, сандал, тоног төхөөрөмж, аяга таваг, техникийн хэрэгслийн үнэ 107,287,070 төгрөг, рестораны дотоод засал чимэглэлийн үнэ 72,712,930 төгрөг, С нэрийн үнэ 50,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х тауэрийн ** дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг манай компани эзэмшдэг. Нэхэмжлэгч тал яагаад худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж 230,000,000 төгрөгийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Түрээсийн гэрээний харилцаа дуусаж байгаа бол түрээсийн зүйлийг буцааж авна. Салган авах боломжтой эд хөрөнгийг энэ хүмүүс салгаад авах боломжтой. Түрээсийн гэрээний дагуу талбай чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж шаардаад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 230,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байвал шаардах эрхтэй этгээд нь өмнөх захирал болох н.Ц юм. Үүнээс харахад энэ хэргийн жинхэнэ хариуцагч Г ХХК мөн эсэхийг шүүх анхаарч үзээрэй. Г ХХК-ийн гүйцэтгэх захирал нь н.О гэж байсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол өнөөдөр Ганган тэнүүн ХХК худалдаж авах хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Ийм хүсэл зориг байж би Ц ХХК-ийн тоног төхөөрөмжийг хүлээж авах ёстой. Г ХХК шүүхэд тайлбар гаргасан үеэсээ энэ тоног төхөөрөмжийг авах хүсэл зориг илэрхийлээгүй. Үнэхээр худалдаад авсан юм бол Г ХХК Т.Ц гэдэг хүний тохижуулсан тоног төхөөрөмжийг ашиглаад үйл ажиллагаа явуулж байх ёстой. Бид дараагийн түрээслэгчдээ талбайгаа түрээслэхийн тулд байгаа эд хөрөнгийг хүлээж аваад жагсаалт үйлдсэн нь үнэн, гарын үсэг зурсан гэх баримтаар худалдаж авсан гэснийг зөвшөөрөхгүй. Одоо эд хогшлыг скаладанд, заримыг нь зуслангийн байшинд хадгалж байгаа, хүлээлгэн өгсөн эд зүйлсээ буцааж аваад, дутуу эд зүйлсийг мөнгөөр өгнө гэв.

3. Хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани Х ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үйлчилгээний талбай захиалан бариулах 2018/04/13-1524 дугаартай гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Х тауэр оффисын ** дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч эзэмшиж, ашигладаг болно. Уг гэрээний дагуу Х ХХК-д одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан аваагүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК-иас манай хүлээн авч улмаар Ц ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээслэгч Ц ХХК нь манай компанийн эзэмшлийн талбайг С рестораны зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн бөгөөд сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу цаг хугацаанд нь тогтмол төлсөөр ирсэн. Ц ХХК-ийн захирлаар Т.Ц бүртгэлтэй бөгөөд Г ХХК-иас анх Т.Ц-тай түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан юм. Түрээслэгч Ц ХХК-ийн захирал Т.Ц нь түрээсийн гэрээний хугацаанд иргэн Б.Б-тай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж Ц ХХК-ийн хувьцааг болон С ресторан, ресторан доторх биет зүйлс буюу С гэсэн нэр, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг нийт 230,000,000 төгрөгөөр худалдан авч байгаагаа хэлсэн. Б.Байгальмаа нь Ц ХХК-ийг худалдаж авахдаа түрээслүүлэгч талаас түрээсийн гэрээг үргэлжлүүлж өөртэй нь байгуулах боломжтой эсэхийг тодруулж асуусан. Бид анх Ц ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан учраас түүнд үргэлжлүүлж түрээслэх боломжтойг хэлж улмаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц ХХК-ийн захирал Б.Б-тай дахин түрээсийн гэрээг байгуулж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал буюу 4 жилийн хугацаатай түрээслэхдээ өмнөх гэрээний нөхцөлтэй ижил буюу нэг сарын төлбөр 1 м.кв нь 25 ам.доллар буюу сарын 12,000,000 төгрөгийг Б.Б зөвшөөрч манай эзэмшлийн 207 м.кв талбайг түрээслэн рестораны зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байсан.

Түрээслэгч нь гэрээний хугацаанд сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хуваарийг зөрчиж хэсэгчлэн түрээсийн төлбөрийг төлж байсан ба 2020 оны 01 дүгээр сараас эхлэн цаашид түрээслэх боломжгүй боллоо, хүн орохгүй, ашиг орлого муу байна гэж амаар болон бичгээр мэдэгдэж гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг зөрчин 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэхээ больсон. Ингэхдээ түрээслэгч Ц ХХК нь өөрсдөө өмч болох тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг авахгүйгээр түрээсийн талбай дээр үлдээсэн ба түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүй. Бидний хооронд С рестораны дотоод засал тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг хамт худалдах, худалдан авах талаар тохиролцсон болон энэ талаар хүсэлт зоригоо илэрхийлсэн үйлдэл хийгдээгүй.

Хэрэв С рестораны дотоод засал тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, ширээ сандалыг зөөж, тээвэрлэн өөрийн склад болон зуслангийн байшинд хадгалахгүй байх байсан. Нэхэмжлэгч тал биднийг рестораны ширээ сандал техник хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа гэж тайлбарладаг боловч дээрхи эд хөрөнгийг хадгалж байгаа ба цаашид дахин хадгалах хэрэгцээ, шаардлагагүй тул рестораны бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан төдийгүй Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан журмын дагуу угсарч суурьлуулсан болон засан сайжруулалт хийсэн эд зүйл, эд хөрөнгө, тоног төхөөрөмжөө буцаан авч талбайг анх хүлээн авсан байдлаар нь түрээслэгч талд буцаан өгөх үүрэгтэй. Бид энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг зөөж, тээвэрлэх болон харуул хамгаалалтыг нь хариуцаж агуулахын төлбөр, тээврийн зардал төлж хохирч ирсэн ба цаашид харуул хамгаалалтын зардал төлж хохирмооргүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц ХХК-ийг С гэсэн оноосон нэр болон уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлээ хүлээж авахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга. Г ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х тауэр 1 давхрын баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу рестораны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан. Гэвч хариуцагч түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсийн талбайг чөлөөлж өгөх эсхүл түрээсийн төлбөр төлөхийг 2020 он гараад шаардаж эхэлсэн учир хариуцагчид түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ширээ сандал зэргийг хариуцагчид 230,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч үнийг төлөхөөр харилцан тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл хариуцагч өөрийн худалдан авсан С рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн үнэ болох 230,000,000 төгрөгийг төлөлгүй 2020 оны 07 дугаар сар хүрсэн учраас нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь С рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг нэхэмжлэгчийг ирж авахыг шаардаж байсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн тохижуулсан дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгсэл, С гэх нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. С рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг хүлээн авч ашиглан үргэлжлүүлэн ажиллуулсан хариуцагчийн үйлдлээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсаныг нотолж байгаа болно.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчээс худалдан авсан эд хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. Нэгэнт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад тус гэрээг цуцлах эсхүл гэрээнээс татгалзахгүйгээр тухайн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг хүлээн ав гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК, Ш.О нараас 230,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г ХХК-д 2020.01.31-ний өдрийн жагсаалтаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийг хүлээж авахыг нэхэмжлэгч Ц ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,308,000 төгрөгийг, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

6.1. Иргэн Б.Б нь Ц ХХК-ийн захирал Т.Ц нар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес удалдах, худалдан авах гэрээ байгуулж, С рестораныг дотоод засал имэглэл, ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт 230,000,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн өдөр түрээслүүлэгч Г ХХК-тай Түрээсийн гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл хариуцагч Ш.О түрээсийн гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаа өнгөрөөгүй байхад түрээсийн төлбөрийг нэг сарын 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 15,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төл эсхүл түрээсийн талбайг чөлөөлж өг гэж шаардан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч Ш.Отэй харилцан тохиролцож түрээсийн талбай болон тус талбайд үйл ажиллагаа явуулж буй С нэртэй рестораныг дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг энэ актын хавсралтад байгаа биет болон биет бус хөрөнгийг рестораны менежментийн хамт Г ХХК-ийн ерөнхий менежер Ш.О-т 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч болон хариуцагч талаас хүмүүс байлцаж хүлээлцсэн болох нь гэрч Г.Г, Н.Б, Д.Э, Ц.С нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба мөн хариуцагч тал 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С рестораны эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж хүлээлцсэн дээр маргадаггүйг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

6.2. Талууд хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг аль талын санаачилгаар цуцлагдсан талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болсон гэж үзэхээр байна. Хариуцагч талтай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, С рестораныг 230,000,000 сая төгрөгөөр худалдан авсан нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 4 жил 6 сарын өмнө түрээсийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэл зориг байсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгч түрээсийн гэрээг хариуцагч талын шахалт шаардлагаар 4 жил 6 сарын өмнө гэрээг цуцалсан гэж тайлбарлаж маргасан бол хариуцагч тал нэхэмжлэгч ашиг орлого олохгүй байна гэж түрээсийн гэрээг нэхэмжлэгч тал цуцлах санал гаргасан. Түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй хугацаа хожимдуулдаг учраас гэрээг цуцалсан гэж тайлбарлаж маргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд шүүх хэний тайлбар үндэслэлтэйд дүгнэлтийг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэргийн 1 х.х-ийн 10-25 талд авагдсан түрээсийн төлбөр төлсөн цахим гүйлгээний баримтаар нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг хугацаа хоцроолгүй сар бүр бүрэн төлж байсан нь нотлогдоно. Энэ баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хожимдуулсан, ашиг орлого муу байгаа учир түрээсийн гэрээг нэхэмжлэгч тал цуцлах санал гаргаж, түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн гэсэх тайлбар үгүйсгэгдэж байна. 1 х.х-ийн 29 дүгээр талд авагдсан баримт, 2 х.х-ийн 61 дүгээр талд авагдсан С ресторанд байрлах хөрөнгийн жагсаалт гэх баримтаар мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна. Хэрэв хариуцагч тал С рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах хүсэл зориг байгаагүй бол актад бичих шаардлагагүй юм. Мөн зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй бол нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгч буй эд хөрөнгө бүрийг нэг бүрчлэн үнэлж хүлээлгэн өгөх шаардлагагүй. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн актын хавсралтад тусгаснаар талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг харуулж байна.

6.3. Анхан шатны шүүх талуудын маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал болох түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх дээр дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан эсэх дээр маргаагүй. Харин талууд түрээсийн гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар, хариуцагчийн санаачилгаар тус тус цуцалсан гэж талууд тайлбарлан маргадаг. Иймд анхан шатны шүүх зохигчдын хэний гаргаж буй тайлбар үндэслэлтэй, баримтаар тогтоогдож буй эсэхэд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр үндэслэх нь хэсгийн 10-д дүгнэсэн нь маргаж буй асуудлаас өөр зүйлд дүгнэлт өгснийг илтгэж байна. Гэрээнээс татгалзсан нь хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үзэж байгаа тохиолдолд гэрээний аль тал ямар шалтгаан нөхцөлийн улмаас татгалзсан эсэх дээр дүгнэлт өгөх шаардлагатай.

Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11, 12 дахь дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгөх актын бичвэр, тус актын хавсралтад хүлээлцсэн хөрөнгийн нэг бүрийн үнэ, нийт үнийг тусгасан зэргээс талуудын хооронд худалдах, худалдан гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх актад бичигдсэн эхний үгийн утгыг анхаарч үзэлгүйгээр үндэслэх нь хэсгийн 13-д дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэлэх журам, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны тоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, түүний хавсралтын талаар тайлбарлахдаа шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14-д нэг талыг барьсан нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь шударга шүүхээр шүүлгэх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Гэрч Д.Э, Ц.С, Г.Г, Н.Б нарын мэдүүлгээр шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14-дэх хэсгийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Мөн хариуцагч тал 1 х.х-ийн 28 дугаар талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зураагүй гэх боловч шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй болно.

6.4. Хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг хариуцагч талын шахалтаар цуцалсан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн тохижуулсан рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг, менежментийн хамт худалдах, худалдан авахаар талууд тохиролцож эд хөрөнгөө актаар хүлээлгэн авсан нь нотлогдож байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 18-д сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, бусдыг гүтгэн доромжилж байна. Хэрэгт авагдсан Бэлэн бизнес худалдах худалдан авах гэрээ-гээр Б.Б Ц ХХК-ийн хувьцааг, рестораны хөрөнгөтэй хамт Т.Ц-аас худалдан авсан. Нэхэмжлэгчээр Б.Б оролцох байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал бодит нөхцөл байдлыг гуйвуулж байна. Хэргийн оролцогч нар хэргийн бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв, шударгаар мэтгэлцэх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нотлох гол баримт нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт гэж үздэг. Гэвч тус акт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн баримт бичиг биш. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Үүрэг үүсээгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Шүүх тус актыг үндэслэл бүхий дүгнэсэн. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг нотлох үүргээ биелүүлээгүй.

Хариуцагчийн талаас түрээсийн гэрээний харилцаа гэж үзсэн. Анх Т.Ц-тай түрээсийн гэрээ байгуулагдахад 207 м.кв хоосон талбайг түрээслүүлсэн. Т.Ц тухайн үл хөдлөх хөрөнгийн дотоод засал, тохижилтыг хийсэн бөгөөд гэрээнд эдгээр засвар үйлчилгээний зүйлийг үлдээхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэгт Т.Ц-ын хийж гүйцэтгэсэн тохижилт, үйлчилгээ ордог. Шүүх талуудын хоорондын түрээсийн гэрээний харилцааг үндэслэл бүхий дүгнэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ дуусгавар болсон бөгөөд гэрээ цуцлагдсан талаар талууд маргаагүй.

Түрээсийн гэрээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт үйлдэгдсэн тул хариуцагч түрээсийн зүйлийг хүлээн авах, нэхэмжлэгч Ц ХХК түрээсийн зүйлийг чөлөөлж өгөх үүргийн хүрээнд хийгдсэн акт юм. Мөн Э ХХК-ийн тодорхойлолт, түрээсийн гэрээгээр татгалзлыг нотолно.

Шүүхээс хийсэн 2 удаагийн үзлэгээр рестораны зарим тоног төхөөрөмжийг агуулахад хадгалж байсан, мөн зуслангийн байшин түрээслээд том эд зүйлсийг хадгалаж буй нь нотлогдсон. Эд хөрөнгийг худалдан авсан бол эд зүйлсийг хадгалах шаардлагагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Өмнө нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. Үзлэг хийсний дараа хариуцагч Г ХХК нэхэмжлэгч Ц ХХК-д эд хөрөнгийг буцааж авах тухай мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч хойшлуулаад байсан учраас С гэсэн оноосон нэр, уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг Ц ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх түрээсийн гэрээ дуусгавар болсон учраас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Г ХХК, Ш.О нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 230,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ 207 м.кв үйлчилгээний талбайг рестораны зориулалтаар тохижуулан С нэртэй ресторан ажиллуулж байсан Ц ХХК-ийг дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт 230,000,000 төгрөгөөр худалдан авч Ганган тэнүүн ХХК-тай 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардсан тул ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан. Хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч үнийг төлөөгүй. Иймд хариуцагч нараас ширээ сандал, тоног төхөөрөмж, аяга таваг, техник хэрэгслийн нийт үнэ 107,287,070 төгрөг, дотоод засал чимэглэлийн үнэ 72,712,930 төгрөг, С гэсэн нэрийн үнэ 50,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Түрээсийн гэрээний харилцаа дуусаж байгаа бол салган авах боломжтой эд хөрөнгийг салгаад авах эрхтэй. Шаардах эрхтэй этгээд нь өмнөх захирал болох Ц юм. Дараагийн түрээслэгчдээ талбайгаа түрээслэхийн тулд байгаа эд хөрөнгийг хүлээж аваад жагсаалт үйлдсэн. Одоо эд хогшлыг складанд, заримыг нь зуслангийн байшинд хадгалж байгаа. Хүлээлгэн өгсөн эд зүйлсээ буцааж аваад дутсаныг нь мөнгөөр өгье гэж маргаж, С гэсэн оноосон нэр, рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг нэхэмжлэгчид даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Зохигч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаан тауэрийн 1 дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбай бүхий байрыг рестораны зориулалтаар сарын 12,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирсон, мөн гэрээ цуцлагдсан үйл баримтын тухайд маргаагүй.

4. Харин гэрээ цуцлагдсаны дараа зохигчийн хооронд түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан байна.

4.1.Хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагч компанийн менежер Ш.О-т рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт авагджээ. Уг актад С нэртэй рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг хавсралтад байгаа биет болон биет бус хөрөнгийг рестораны менежментийн хамт хүлээлгэн өгөх, үүнд рестораны эрх зүйн баримтууд (тусгай зөвшөөрөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, санхүүгийн баримтууд), гэрээ эрх зүйн баримтууд (Юнивижиний холболтын хуудас, Худалдаа үйлчилгээ эрхлэх 2019/852 тоот гэрээ, тохижилт цэвэрлэгээний гэрээ, Чингис шар айргийг худалдах, худалдан авах гэрээ, хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ, ажилчдын анкет), хавсралтаар Хундага аяга таваг гэсэн 74 нэр төрлийн эд зүйлийн жагсаалтыг тусгажээ.

4.2. Талуудын түрээсийн гэрээ цуцлагдсаны дараа хариуцагч нь рестораныг Э ХХК-д түрээсэлсэн байх ба уг компанийн захирлын тодорхойлолтод Э ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-аас С рестораныг түрээслэн авч ажиллуулахаар гэрээ хэлэлцээ хийж, өмнө нь түрээслэн ажиллуулж байсан Ц ХХК-ийн удирдлагуудтай гурвалсан уулзалт хийж 106,760,120 төгрөгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг танилцуулсан. Бид шалгаж үзэхэд элэгдэл хорогдол, эвдрэл хэмхрэл, ашиглалтын хугацаа дууссан байсныг хэлж, 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар нөхөртэй нь ярилцаж тохирсон боловч эхнэр нь 60,000,000 төгрөгөөр зарж чадахгүй гэж хэлсэн. ... засвар хийе гэж түрээслүүлэгч талтай тохиролцож, энд байгаа тоног төхөөрөмж, эд хөрөнгийг яаралтай аваад өгөөч гэж Ц ХХК руу удаа дараа залгаж мэдэгдэж байсан боловч хариу хэлээгүй, ... утсаа ер аваагүй гэсэн байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд, зохигчийн хооронд маргаан бүхий хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохиролцсон буюу нэг талаас нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь үнийг төлж хөрөнгийг хүлээн авах хүсэл зориг илэрхийлэгдсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн актыг үндэслэж талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдаагүй, нэхэмжлэгчид уг гэрээний шаардах эрх үүсээгүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

Иймд нотлох баримтыг зөв дүгнээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг хүлээж авахыг нэхэмжлэгчид даалгахаар шаардсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийнх, эсхүл нэг маргаантай асуудалтай холбоотой байх учиртай. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан байхад хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, талууд өөр өөр гэрээний үүрэг шаардсан байх тул сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийнх гэж үзэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г ХХК, Ш.О нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 230,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

1 дэх заалтын дараа 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-д холбогдох С гэсэн оноосон нэр, рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, ГХХК-д олгосугай. гэж,

3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,378,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.БЯМБАСҮРЭН