Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/02203

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 07 өдөр                  Дугаар 183/ШШ2022/02203                             Улаанбаатар хот

 

 

                 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, У овогт Л.Ж /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, Х овогт Д.Б /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм  хорын хохиролд 69 222 710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч,

Хариуцагч  Д.Б,

Гэрч М.Ц, Б.А, Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 69 222 710 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Д.Б нь 2016 оны 8 дугаар сарын сүүлчээр Хэнтий аймгийн Жаргалхаан суманд байх миний өөрийн өмчлөлийн 2015 оны 12 дугаар сард мал тооллогын А дансанд тоолуулсан адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50 нийт 163 тооны бог, бод нийлсэн малыг миний нөхөр Г.Г нас барчихсан 49 хоног өнгөрөөгүй байх үеэр нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог руу тууж яваад өнөөг хүртэл өгөөгүй болохыг Жаргалхаан сумын ард иргэд болон захиргааны албан хаагчид бүрэн гэрчилнэ. Тухайн үед миний малыг тууж явах үед нь сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид боль гэхэд нь нутаг сэлгэн буух гэж байна хэмээн худал хэлж өнөөг хүртэл мал хаана байгааг хэлж өгч зааж өгөхгүй байгаа болно. Иймд хариуцагч Д.Б-с 2015 онд тоолуулсан малын А дансанд бичигдсэн 1 адуу, 32 тооны үхрийн үнэ 33 000 000 төгрөг 130 тооны богийн үнэ 130*120 000=15 600 000 төгрөг, ашиг шимийн үнэ 11 400 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г үндэслэн ИХШХШТХ-н 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн үнийн дүнг 9 222 710 төгрөгөөр ихэсгэж байна. Хариуцагч Д.Б нь 2016 оны 8 дугаар сарын эхээр миний нөхөр А.Г-ыг нас барсны дараахан манай малуудыг бүгдийг нь авч явж, эд хөрөнгөд маань хохирол учруулсан. Энэхүү үйл явдлыг гэрч О.Н, Д.Б, Д.Ганпүрэв, Л.Г нар тодорхой гэрчлэн мэдүүлэг өгсөн бөгөөд хэдийгээр тухайн үед 163 тооноос илүү мал байсан, мөн мал гэдэг амьтан жил бүр өсч үржин, үр шимээ эзэндээ өгч байдаг хэдий боловч миний хувьд 2015 оны байдлаар малын “А” дансанд бүртгэгдсэнээр буюу адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, нийт 163 тооны малаа Д.Б-с нэхэмжилж байгаа юм. Одоо Д.Бнь надад тухайн малуудыг биет байдлаар хүлээлгэн өгөх нь эргэлзээтэй, түүнчлэн 2016 онд малгүй болсноос үүдэн нийслэл Улаанбаатар хотод шилжин ирсэн зэрэг нөхцөл байдлууд үүссэн тул Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан 2021 оны үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. 2021 оны байдлаар адуу 1 086 364 төгрөг, үхэр 1 381 818 төгрөг, хонь 210 909 төгрөг, ямаа 140 909 төгрөг байна. Үүгээр тооцон үзэхэд 1 адуу 1,086,364 төгрөг, 32 тооны үхэр 44,218,176 төгрөг, 80 тооны хонь 16 872 720 төгрөг, 50 тооны ямаа 7 045 450 төгрөг, нийт 163 тооны малын үнэлгээ 69 222 710 төгрөг болж байна. Урьд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн 60 000 000 төгрөг байсан тул зөрүү болох 9 222 710 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд талийгаач нөхөр А.Ганбатыг маань нас барсны дараагаар эд хөрөнгөд маань санаатайгаар, хууль бусаар хохирол учруулсан Д.Б-аас гэм хорын хохиролд нийт 69 222 710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

 

2.Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Миний нэр дээр Б дүүргийн 11 дүгээр хороонд 2009 онд А дансанд тоологдсон 14 охин үхэр, 2010 онд хавар тугалсан 5 тугал нийт 19 толгой үхрийг Л.Ж-ийн талийгаач нөхөр Г.Г-ын хүсэлтээр 2010 оны хавар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд миний төрсөн ах  Д.Б машин хөлсөлж хүргэж өгсөн. Ийнхүү хүргэж өгөхдөө Л.Ж-ийн талийгаач нөхөр Г.Г бид итгэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож маллуулахаар болсон юм. Г.Г-д итгэх болсон шалтгаан нь түүний аав Г, ээж Н нартай хамт манай аавынх 1962 оноос хойш айл байж ах дүүс шиг өсөцгөөсөн. Г.Г-ийн ах, миний ах Б-тэй 10 жилд нэг ангид хамт сурч, Г.Г бид хоёр цэргийн албыг нэг ангид хааж хамт өссөн найзууд байсан учраас  бие биедээ итгэлцэж харилцан туслалцаж амьдарч байсантай холбоотой юм. Тиймээс Г.Г нь бидний малыг маллаж өгье гэж өөрөө хүсэлт гаргасан. Үүнийг хамтран мал маллаж байсан С, З нар гэрчилнэ. Мөн манай мал болохыг миний мал тооллогын А данс болон бидний хөтөлж байсан дэвтрийн бичилт нотлох юм. Г.Г нь 2013 онд манай ах Д.Б-ээс 50 төлөг авна гээд 1 500 000 төгрөг авч байсан. 2014 онд Г.Г нь 500, 000 төгрөг надаас зээлж оронд нь 10 толгой охин төлөг өгөхөөр тохиролцсон. Г.Г нь бог цөөхөн болохоор тогтохгүй юм. Айлд тавьчихсан байгаа Бог малаа л арвин болгомоор байна гэж санал болгосноор манай зээ дүү М.Цогтсайхан бид хоёр ярилцаад Цогтсайхан 100 бог, би 50 богтой болохоор шийдээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд байдаг Г.Г-ын хашаанд байрлаж “ам зар өгч” 2015 онд мал худалдаж авч Г.Ганбатаар маллуулж байсан. Би өөрийн 600 000 төгрөгөөр 10 бог, дүү Ц-аас 1 795 000 төгрөг зээлж 28 бог худалдаж аваад бид хоёр нийлээд 162 толгой бог малыг Г.Г-аар маллуулж байсан болно. Мөн түүн дээр манай ах Д.Б-ийн 50 толгой тодорхой тооны малыг Г.Г маллаж байсан. 2015 онд дүү М.Ц Партизанаас иргэн Д-р зуучлуулан 17 толгой бяруу худалдаж авсныг 2015 оны намар тохижуулсан вагон сууц, малын тэжээлийн хамт би өөрийн биеэр хүргэж өгсөн. Г.Г 2015 онд мөнгөний хэрэгцээ байна гээд дүү Ц-д 22 бог, 4 бодыг зарж байсан. Миний 40 толгой үхэр, 212 толгой бог нийт 252 толгой мал Г.Ганбатын нэр дээр тоологдож байсан юм. Г.Г-ыг манайхны малыг маллаж байх хугацаанд бидний зүгээс трактор аваачиж өвс хадаж бэлтгэх, малын тэжээл, өвс, мөнгө ба эд материалын туслалцаа байнга үзүүлж байсан. 5 настай хүүхдийн хамт хүн муу байхад нь А.Б гэх хүнийг 2016 оны 01 сараас хойш Г-д ажиллуулж туслуулж хүртэл байсан. Тэднийхийг манай малыг малладаг болохыг А.Б гэрчилнэ. Мөн миний ах Д.Б өвөлжөөнд нь өвлийн байшин барих, хүүхдийг нь өсч том болох, суралцахад нь тодорхой хэмжээний мөнгөн болон эд зүйлийн тусламж үзүүлж байсан. Найз маань 2016 онд аваарт орсны улмаас 2016 оны 06 дугаар сард нас барсан.

 Найз маань нас барж манай малнууд эзэнгүй болсон учраас миний бие 2016 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл очиж малаа маллаж байгаад 2016 оны 09 дүгээр сард малаа тууж явахынхаа өмнө нэхэмжлэгч Ж-т хэл хүргэсэн боловч ирж уулзахгүй зугатаагаад байсан тул аргагүйн эрхэнд малаа тууж явсан. Намайг малаа авч явахад нэхэмжлэлд дурьдсан шиг Засаг даргын тамгын газрын ажилтнууд “боль” гэж ямар 1 байдлаар шаардлага тавиагүй. Би өдрийн цагаар ил туугаад л явсан. Би 2016 оны 9 дүгээр сард адуу 1 толгой, үхэр 29 толгой, хонь 138 толгой нийт 168 толгой малыг Б, А нартай хамт тууж ирсэн. Ганбат, Жамбалпүрэв нарын хүү Ууганаа эхнэр Туулай нар 2015 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байдаг миний ажиллуулдаг 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхдаа 2 400 000 төгрөг дутаасан. Үүнийгээ ээж Ж авсан гэж надад хэлж байсан боловч өдий хүртэл энэ мөнгөө төлөөгүй, баримт нь байгаа болно. Мөн Ж 2015 онд над руу утсаар залгаж “Альфром” явах гэсэн зардал хэрэгтэй байна 1 000 000 төгрөг өгөөч ирээд малаар тооцоо хийе гээд  дүүгийнхээ нөхрөөр манай эхнэр Тунгалагаас 930 000 төгрөг авч байсан боловч мөнгөө ч өгөөгүй, малаа ч өгөөгүй алга болсон. Жамбалпүрэв нь миний найз Ганбатаас “сална” гээд тогтвортой амьдарч байгаагүй гадны хүмүүстэй очиж танхайрч Г-ыг зодож мал булаан авч явж байсныг талийгаач найз маань ярьдаг байсан. Нэхэмжлэгч нь миний ажиллуулж байсан дэлгүүр дээрээс хоолны мөнгө гээд 250 000 төгрөг бэлнээр авч байсан нь тэмдэглээтэй л байна. Манай эхнэр хүнсний болон ахуйн бараа хайрцаганд хийгээд өгч явуулдаг, өөрөө ч “тийм ийм юм байхгүй” гээд аваад л явдаг байсан. Жамбалпүрэв нь бидний малыг маллаж байхдаа биднийг очиход 1 л сүү ч өгдөггүй бүгдийг нь сумын төв рүү авч явж борлуулж малын маань ашиг шимийг бишгүй л хүртсэн. Бид малаа маллуулж байгаа, олон хүүхэдтэй юм даа гээд юу ч хэлдэггүй байсан болно. Би 2010-2016 онд аваачиж маллуулж байсан 40 толгой үхрээс 11 толгой үхэр, 212 толгой богоос 74 толгой дутуу, мөн 2011-2016 онд аваачсан малын жил бүр нэмэгдэх төлийн тоо толгой, авах ашиг шимийг тооцоогүй, нэхээгүй байхад намайг малаа туугаад явснаас хойш 5 жилийн дараа гэнэт ийм юм ярьж шүүхэд дуудаж байгаад бид Жамбалпүрэвт гомдож, гайхаж байгаа учир биднийг хохироосон мөнгө, мал төл, ашиг шимийг тооцож бичсэн болно.                  Нэхэмжлэгч Ж хүний мал маллаж байсан гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд хэрэв өөрийнх нь мал байсан бол миний найзыг талийгаач болоход малнуудыг маань эзэнгүй хаяхгүй, малыг нь хүн гэгээн цагаан өдрөөр туугаад явж байхад 5 жил дуугүй байна гэж байхгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ах Жамбалпүрэвт 2010 онд малаа маллуулсан. Тэгээд одоо ээж аавтай нь он удаан жил найзалсан учраас Ц сангийн аж ахуйгаас мал худалдаж аваад тэнд очиж тавьсан. Нэхэмжлэгч Жамбалсүрэнгийн нөхөр нь авто осолд орж нас бараад түүний 49 хоног өнгөртөл малаа байлгасан. Би Ж-д малчин аваад маллуулсан. Нөхрөө дарамтлаад зодож нүдээд мал гаргаад аваад явдаг байсан. Нутгийн улсууд бүгд мэдэж байгаа. Үнэхээр өөрийнх нь мал байсан бол ийм олон жилийн дараа нэхэмжилж гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Л.Ж-ийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 34 тоот Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, Л.Ж-ийн Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Л.Ж-ээс Д.Б-д олгосон итгэмжлэл, гэрч Л.Г-ийн гаргасан тодорхойлолт, гэрч Д.Г-ийн гаргасан тодорхойлолт, гэрч Т.Н-ын гаргасан тодорхойлолт, гэрч Г.Э-ын гаргасан тодорхойлолт, гэрч Д.Г-ийн гаргасан тодорхойлолт, гэрч Д.Б-ны гаргасан тодорхойлолт, гэрч О.Н-гийн гаргасан тодорхойлолт, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 127 тоот Хэнтий аймгийн Архивын тасгийн Г.Г-ын мал тооллогын бүртгэлийн түүвэр, Т.Н-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Л.Ж Д.Ч нарын байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.Г, Л.Ж нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас олгох архивын лавлагаа, Г.Г-н нас барсны бүртгэлийн лавлагаа, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Ганбатын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2-7, 29-37, 78, 84, 85, 86, 87, 113-116-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагчаас хариу тайлбар, гэрч Ц.Ц-ийн гаргасан тодорхойлолт, гэрч В.Өлзийтогтохын гаргасан тодорхойлолт, гэрч М.Ц-ны гаргасан тодорхойлолт, М.Ц-ны 5034347721 тоот дансны хуулга, гэрэл зураг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх-ийн 15-16, 49-67, 120-р хуудас/ гэсэн баримтуудыг ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, хариуцагчийн хүсэлтээр утасны бичлэгт үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан /97-112, 125-130-р хуудас/ болно.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Л.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай А дансанд бүртгэлтэй байсан миний өмчлөлийн адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50 нийт 163 тооны малыг 2016 онд нөхөр Д.Г-ыг өнгөрсний дараа Д.Б нь бүгдийг нь туугаад аваад явчихсан тул малын үнэ 69 222 710 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн.

3.Хариуцагч Д.Б нь Г.Г-д өөрийн болон бусдын малыг маллуулдаг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа мал харж хандах, маллах хүнгүй болсон тул 49 хоног өнгөрсний дараа өөрийнхөө болон бусад хүмүүсийн малыг туугаад явсан, эхнэр Л.Ж нь энэ талаар мэдэж байсан, нөхөр Г.Г-гаа хамт амьдардаггүй, тусдаа амьдардаг байсан байж одоо 5 жилийн дараа гэнэт малаа авна гээд мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.Ж-ийн нөхөр Г.Г нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд түүний маллаж байсан малыг нь хариуцагч Д.Б нь 2016 оны 9 сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас туугаад явсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Л.Ж нь Г.Г-ын эхнэр буюу хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан гэрлэсний баталгаа, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй, 2016 оны 9 сараас малыг тууж явснаас хойш 5 жилийн дараа мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шаардах эрхийн үндэслэлээ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас хохирол гаргуулахаар тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар заасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

6.Талууд малыг тууж явсан үйл баримтын талаар маргаагүй боловч хохирлыг хариуцах эсэх талаар маргаж байна.

 

7.Хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 34 тоот Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаанд “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн малчин, өрхийн тэргүүлэгч Г-ын мал маллаж байсан хугацаа /2010 оноос 2015 он хүртлэх/ Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн малын тооллого “2011 оноос 2015 оныг хүртэл мал тоолуулсан бөгөөд 2015 онд адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, бүгд дүн 163” гэжээ.

Мөн Хэнтий аймаг, архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай Г.Г-ын мал тооллогын бүртгэлийн түүвэрт “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн малчин Г.Г-ын мал маллаж байсан хугацаа /1994-1996, 1998-2008 он/ 1994 оноос 2003 оны хүртлэх, 2008 онд 332 тооны малтай байсан”, хувийн малтай өрхийн тоо бүртгэл, Г.      Г-ын малын бүртгэл болон Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 9 сарын 24-ний өдрийн архив бичиг хэргийн эрхлэгчийн “...4р багийн иргэн Г.Г-ын 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, бүгд 163” мал тоолуулсан болохыг тодорхойлов” гэсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх мал нь бүгд манай “А” дансанд тоолуулсан, бидний маллаж байсан мал гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь Г.Г нь миний болон М.Ц, Д.Б нарын малыг маллаж байсан бөгөөд бүх малыг өөрийнхөө “А” дансанд банкнаас зээл авахад шаардлагатай гээд тоолуулж байсан гэж маргасан.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нөхөр Г.Ганбатыг хүний мал маллаж байсныг, эдгээр малыг өөрийн “А” дансад бүртгэдэг байсныг  хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний 2015 оны мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, бүгд дүн 163 тооны малын аль нь өөрийн мал болох талаар сайн мэдэхгүй байна гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Г.Г-ын “А” дансанд тоолуулсан 163 тооны мал нь түүний өөрийн өмчлөлийн мал бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлэг, малын тооллогын болон архивын баримтуудаар тогтоогдож байгаа гэсэн.

Мөн нэхэмжлэгч нь мал тууж явсныг гэрчилнэ, эдгээр малнууд нь Л.Ж-ийн мал байсан, уг малыг Д.Б харж байсныг гэрчилнэ гэж гэрчээр О.Н, Д.Б, Д.Г, Л.Г нарыг дуудаж мэдүүлэг авах хүсэлт гаргасаныг шүүх хангаж, гэрч нарын мэдүүлгийг авсан боловч хариуцагчийн утасны ярианы бичлэгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...гэрч нарт нь үг зааж өгөөд энэний дагуу яг хэлнэ шүү гэдгийг тохироод ирсэн” гэж ярьсан, хариуцагч нь уг утасны ярианы бичлэг буюу нотолгооны хэрэгслийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мэдээгүй гэж тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийввэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заасан.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар талуудын гаргасан гэрчийн мэдүүлэг, үзлэгийн баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Мөн хариуцагч нь тэмдэглэлийн дэвтэрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж уг дэвтэрт үзлэг хийх хүсэлтийг гаргасан боловч уг дэвтэр дээрх баримт нь тодорхойгүй, хэнээс хэнд хүлээлцсэн талаарх гарын үсэггүй байх тул хангаагүй болно.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Ц нь “...Г.Г-р малаа маллуулдаг байсан нь үнэн, 2016 оны хавар 100-гаад бог мал аваад аваачиж өгсөн, 4 үхэр өөрөөс нь аваад энэ бүгд миний мал байсан”, гэрч Д.Б-ийн “...2010 оны 5 дугаар сарын эхээр 12 үхэр, тугал, 2013 онд 10 тооны бяруу Г.Г-д аваачиж өгөөд маллуулж байсан, эдгээр бүх малыг өөрийн “А” дансандаа тоолуулж, ашиг шимийг нь хүртэж байсан”, гэрч Б.Б-ын “...Г.Г өөрөө надад Д.Б-гийн малыг маллаж байга гэж хэлж байсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр хүмүүсийн малыг өөрийн “А” дансанд бүртгэсэн, түүний нөхөр Г.Г нь маллаж байсан талаар маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, өөрийн малыг тууж явсан гэж маргадаг боловч дээрх малнууд нь бүгд Д.Б-гийн мал биш байсан болох нь түүний тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Бнь нэхэмжлэгч Л.Ж-ийн “А” дансанд бүртгэгдсэн малыг тууж авч явж, түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан байх тул хохирлыг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь түүний “А” дансанд тоолуулсан малын хэд нь өөрийнх нь болох хэд нь мал маллуулж байсан иргэдийн болох талаар баримтаар нотлоогүй, харин малын тооллогын бүртгэлт бүртгэлтэй байсан адуу нь өөрийн адуу мөн гэж тайлбарласан, уг адууг хариуцагч нь мал туухдаа унаж явсан талаар маргаагүй тул адуу-1 ширхэгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн В22-16 тоот тайланд “...адуу нас гүйцсэн эр /Хэнтий аймаг Жаргалтхаан сум/ 2015 онд 875 917 төгрөг, 2021 онд адуу нас гүйцсэн эр /Хэнтий аймаг, Жаргалтхаан сум/ 1 086 364 төгрөг” байна гэсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 1 086 364 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна гэж үзэв.

Иймээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Баясгалангаас адууны үнэ 1 086 364 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Жампалпүрэвт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68 136 346 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад төлсөн 163 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 30 622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д. Б-аас адууны үнэ болох 1 086 364 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68 136 346 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-т олгож, хариуцагч Д.Б-с тэмдэгтийн хураамжид 30 622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН

                                                    ШҮҮГЧИД                      Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                      Г.СОЛОНГО