Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01777

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01777

 

Л.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Ы нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02203 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Ц

Хариуцагч: Д.Ы

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 69,222,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч М.Ы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, хариуцагч Д.Ы, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Ы нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Ы суманд байх миний өмчлөлийн 2015 оны 12 сард мал тооллогын А дансанд тоолуулсан адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, нийт 163 тооны бог, бод нийлсэн малыг миний нөхөр Г.Г нас барсан 49 хоног өнгөрөөгүй байх үеэр нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог руу тууж яваад өнөөг хүртэл өгөөгүй болохыг Ы сумын ард иргэд болон захиргааны албан хаагчид бүрэн гэрчилнэ. Энэхүү үйл явдлыг гэрч О.Э Д.Б, Д.Г, Л.Г нар тодорхой гэрчлэн мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн үед 163 тооноос илүү мал байсан, мөн мал гэдэг амьтан жил бүр өсч үржин, үр шимээ эзэндээ өгч байдаг хэдий боловч миний хувьд 2015 оны байдлаар малын А дансанд бүртгэгдсэнээр буюу адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, нийт 163 тооны малаа Д.Ыгаас нэхэмжилж байна.

1.1. Д.Ы нь надад тухайн малуудыг биет байдлаар хүлээлгэн өгөх нь эргэлзээтэй, түүнчлэн 2016 онд малгүй болсноос үүдэн УлаанБ хотод шилжин ирсэн зэрэг нөхцөл байдлууд үүссэн тул Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан 2021 оны үнэлгээгээр адуу 1,086,364 төгрөг, үхэр 1,381,818 төгрөг, хонь 210,909 төгрөг, ямаа 140,909 төгрөг байна. Үүгээр тооцон үзэхэд 1 адуу 1,086,364 төгрөг, 32 тооны үхэр 44,218,176 төгрөг, 80 тооны хонь 16,872,720 төгрөг, 50 тооны ямаа 7,045,450 төгрөг, нийт 163 тооны малын үнэлгээ 69,222,710 төгрөг болж байна.

Иймд нөхөр А.Г ыг нас барсны дараа эд хөрөнгөд санаатайгаар, хууль бусаар хохирол учруулсан Д.Ыгаас гэм хорын хохиролд нийт 69,222,710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Ыгийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 2009 онд А дансанд тоологдсон 14 охин үхэр, 2010 онд хавар тугалсан 5 тугал, нийт 19 толгой үхрийг Л.Цийн талийгаач нөхөр Г.Г ын хүсэлтээр 2010 оны хавар Хэнтий аймгийн Ы суманд миний төрсөн ах Д.Бэ машин хөлсөлж хүргэж өгсөн. Ийнхүү хүргэж өгөхдөө Л.Цийн талийгаач нөхөр Г.Г бид харилцан тохиролцож маллуулахаар болсон. Үүнийг хамтран мал маллаж байсан н.Сундуй, н.Зул нар гэрчилнэ. Мөн манай мал болохыг миний мал тооллогын А данс болон бидний хөтөлж байсан дэвтрийн бичилт нотлоно.

2.1. Г.Г нас барж, манай малууд эзэнгүй болсон тул миний бие 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл очиж малаа маллаж байгаад 2016 оны 09 дүгээр сард малаа тууж явахынхаа өмнө нэхэмжлэгч Л.Цт хэл хүргэсэн боловч ирж уулзахгүй зугтаагаад байсан тул аргагүйн эрхэнд малаа тууж явсан.

2.2. Би 2016 оны 09 дүгээр сард адуу 1 толгой, үхэр 29 толгой, хонь 138 толгой, нийт 168 толгой малыг н.Б, н.Б нартай хамт тууж ирсэн. Би 2010-2016 онд аваачиж маллуулж байсан 40 толгой үхрээс 11 толгой үхэр, 212 толгой богоос 74 толгой дутуу, мөн 2011-2016 онд аваачсан малын жил бүр нэмэгдэх төлийн тоо толгой, авах ашиг шимийг тооцоогүй, нэхээгүй байхад намайг малаа туугаад явснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Л.Ц хүний мал маллаж байсан гэдгээ мэдэж байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ыгаас адууны үнэ болох 1,086,364 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,136,346 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож, хариуцагч Д.Ыгаас тэмдэгтийн хураамжид 30,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэнтий аймгийн Ы сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, А дансны бүртгэл зэрэг нь нотлох баримтын шаардлагыг бүхэлд хангасан, хууль ёсны, төрийн эрх бүхий байгууллагаас тодорхойлсон улсын бүртгэл мөн бөгөөд үүнийг үгүйсгэх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасантай харшлах юм. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн хувьд улсын бүртгэлийн нэг хэлбэр болох малын А дансны үнэн зөв эсэхтэй маргаагүй, уг зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгчийн нөхөр Г.Г ын нэр дээр бүртгэгдсэн нэхэмжлэгч Л.Цийн гэр бүлийн дундын өмч болох 163 тооны малыг нэхэмжлэгчийн эд хөрөнгө гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хууль буруу хэрэглэн улсын бүртгэлээр тогтоогдсон нотлох баримтыг үнэлээгүй нь хууль ёсны шаардлагыг хангахгүй байна.

4.1. Түүнчлэн, хариуцагч Г.Г ын нэр дээрх мал миний мал байсан гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал уу, эсхүл тусдаа бие даасан шаардлага, үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа яригдах уу гэх зэрэг асуудлыг шүүх дүгнэх шаардлагатай байжээ. Хариуцагч О.Ы татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгчийн хувьд маргааны зүйл болон шаардах эрхтэй холбоотой бүхий л баримтыг шүүхэд гарган өгч, мөн шүүхийн журмаар гаргуулан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар бүрдүүлсэн нотлох баримтууд болох Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О нь нэр бүхий 4 гэрчээс авсан мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт. Тэдгээр гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авахад хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн мэдүүлгийг нотлох чадвараа алдсан гэж дүгнэхдээ урьд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Хийн хариуцагч О.Ытай ярилцсан гэх ярианы бичлэгийг үндэслэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Х гэгч нь хуульчийн эрхгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээд бөгөөд үүнийг нь мэдэж төлөөлүүлэхээс татгалзсан нэхэмжлэгчид өс санахдаа, мөн хариуцагчаас мөнгө салгах гэсэн шунахайн сэдэлт, субьектив санаа зорилгоор ...гэрч нарт би үг зааж өгсөн гэж шүүхэд хэлнэ, тэгээд хоёулаа Цийг унагаая, хоёулаа уулзъя гэх байдлаар ярьсан гэдэг нь тодорхой харагдана. Тэгээд ч энэхүү харилцан яриа гэх зүйл нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэх хэмжээний нотолгооны, нотлох баримтын ач холбогдолгүй.

4.2. Ийм байтал нэхэмжлэгчийн хүсэлтээр асуулгасан гэрч нарыг мэдүүлгийг үгүйсгэсэн атлаа хариуцагчийн хүсэлтээр асуулгасан гэрч нар гэх нэгдмэл ашиг сонирхолтой, төрсөн ах, дүү, бэрүүдийн мэдүүлгийг үнэлэн ...гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв гэсэн нь хэт нэг талыг барьсан, илтэд хариуцагч талд үйлчилсэн гэж харахаар байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь 1 адуу, 32 үхэр, 80 хонь, 50 ямааны хохирлоо шаардсан. Хариуцагч нь тайлбартаа би 2010 онд 10 гаруй үхэр Г ынд аваачсан, 2016 оны хавар 100 гаруй бог мал худалдаж авсан... Би харин авах ёстой малаа дутуу авсан. 200 гаруй бог мал, 29 тооны үхэр, 143 бод мал тууж авчирсан хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хариуцагчийн дээрх тайлбарыг гэрч М.Ф, Б.А, Р.Бэ нар нь дэмжсэн. Тэгэхээр хариуцагч нь 2010 онд аваачсан гэх 10 гаран үхрүүдээс жил бүр өөрсдөө хүнсэндээ хэрэглэдэг болох нь тодорхой байх бөгөөд харин үр төлийг нь н.Г ынх гэдэг айл авдаг байсан. Түүний дараагаар зөвхөн 2016 онд л хонь, ямаа худалдан авч нийлүүлж байсан байна. Тэгээд 2016 оны намар буюу 8-9 дүгээр сарын орчим Г.Г ын бүх малыг өөрсдийн худалдан авсан малтайгаа нийлүүлээд тууж явжээ. Гэтэл нэхэмжлэгч маань 2015 оны бүртгэлийн дагуу нэхэмжлэлээ гаргасан.

4.3. Бог малын тухайд бол ямар ч эргэлзээ байхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хонь, ямаа зэрэг 130 тооны малыг гарцаагүй бүхэлд нь хангах ёстой байсан. Учир нь хариуцагч нь 2015 он болон түүнээс өмнөх хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшилд 1 ширхэг ч бог мал өгөөгүй бөгөөд түүний 2016 оны 04 дүгээр сард худалдаж авсан гэх хонь, ямаа нь хэрэв Г.Г ын нэр дээр тоологдох байсан гэвэл 2016 оны А дансанд бүртгэгдэнэ. Тэгэхээр хариуцагч нь Г.Г ын өмчлөлийн, А дансанд нь бүртгэлтэй байсан 130 тооны хонь, ямаанд хохирол учруулсан гэдэг нь тодорхой байна. Бод малын тухайд бол 2010 онд аваачсан гэх маргаантай байгаа 10 гаруй үхрийг тухайн үед хүлээлгэн өгсөн гэх ямар нэг баримт байхгүй ч нэхэмжлэгч энэ талаар хүлээн зөвшөөрсөн гэлээ гэхэд тухайн үхрүүдээс хариуцагч О.Ы, гэрч М.Ф, Р.Бэ нар нь өөрсдөө хүнсэндээ хэрэглэсээр дууссан, үүнээс гадна 2010 оны малын хувьд насжилт, үхэл, хорогдол ч байсан гэж үзэхээр нөхцөл байдал байна. Харин тухайн малын үр төл нь малыг нь харж, хариулж байсан Г.Г ын өмч болохоор тохирсон. Хариуцагч нь өөрсдийн 2016 оны 04 дүгээр сард худалдан авсан гэх малтайгаа нийлүүлээд Г.Г ын 163 тооны малыг, нийт 300 гаруй малыг хамтад нь авч явсан.

4.4. Дээр дурдсан асуудлаар анхан шатны шүүх ...дээрх малууд бүгд Д.Ыгийн мал биш байсан... Иймд хариуцагч Д.Ы нь нэхэмжлэгч Л.Цийн А дансанд бүртгэгдсэн малыг тууж авч явж, түүний эд хөрөнгөд гэм хор учруулсан байх тул хохирлыг гаргуулах үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь зөв байгаа хэдий ч ...хэд нь өөрийнх нь болох хэд нь мал маллуулж байсан иргэдийн болох талаар баримтаар нотлоогүй гэдгээр 1 ширхэг адуунаас бусдыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байгаа юм. Мөн шүүхийн ...нэхэмжлэгч нь эдгээр хүмүүсийн малыг өөрийн А дансанд бүртгэсэн, түүний нөхөр Г.Г нь маллаж байсан талаар маргаагүй гэдэг нь илт үндэслэлгүй, худал дүгнэлт байна. Л.Цийн хувьд аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчийн хэлж байсан Г.Г ын бүх мал минийх, тэр ямар ч малгүй байсан гэх тайлбарыг илтэд үгүйсгэн, маргаж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн зүгээс нэхэмжлэгчээс асуусан асуултад Л.Ц хариулахдаа зөвхөн 2010 онд аваачсан 10 гаруй тооны үхрийн хувьд хБралтай хариулт юм. Тийм байтал шүүх гэрч М.Ф, Р.Бэ, Б.Ф нарын хэлсэн шиг Г.Г нь зөвхөн тэдний малыг малладаг байсан гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж илтэд мушгин дүгнэснийг яав ч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.5. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү маргаан бүхий эд хөрөнгийнхөө шударга эзэмшигч, бүртгэгдсэн өмчлөгч гэдгээ бүх талаар нотолсон. Тэдгээр нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан, үнэн зөв гэж тооцогддог улсын бүртгэлийн нэг төрөл, гэрчүүдийн мэдүүлгүүд байх атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг буруу хэрэглэн нутгийн иргэдийн мэдүүлгийг үгүйсгэн, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хариулсан хариултыг илтэд мушгин гуйвуулж, бодит үнэнд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 онд худалдан аваагүй малыг худалдаж авсан болгож ярьж байна. 2015 онд 150 гаруй малыг худалдан авч, авах ёстой малаас дутуу 138 толгой малыг тууж ирсэн. 2010 онд 19 тооны охин мал, 2015 онд нэмж 16 толгой үхэр худалдаж авсан. Нийт ашиг шимийг нь тооцохгүй 40 толгой мал байх ёстой талаар малын эзэд нотолдог. 3 гэрч нар анхан шатны шүүх хуралдаанд Д.Ыгийн малыг талийгаач Г.Г малладаг гэдгийг нотолж мэдүүлсэн. 5-6 жилийн дараа надаас эдгээр малуудыг нэхэмжилж, би хулгайлж авсан мэтээр ярьж байна. Тэр үед нэхэмжлэгч өөрөө байсан атлаа зугтааж надтай уулзаагүйд би гомдолтой байна. Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Д.Ыд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 69,222,710 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нь 2016 оны 08 сарын сүүлээр Хэнтий аймгийн Ы суманд байх, 2015 оны 12 сард мал тооллогын А дансанд тоолуулсан миний өмчлөлийн адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, нийт 163 тооны бог, бод нийлсэн малыг миний нөхөр Г.Г нас бараад 49 хоног нь өнгөрөөгүй байхад Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог руу тууж яваад өнөөг хүртэл өгөөгүй тул үнийг нь гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Дээрх шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...2010 оны хавар Д.Ыгийн өмчлөлийн 14 үхэр, 5 тугал, нийт 19 толгой үхрийг нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Г.Г аар маллуулахаар харилцан тохиролцсон. Г.Г нас барж манай малууд эзэнгүй болсон учир 2016 оны 09 дүгээр сард очиж малаа тууж ирсэн. Үүнээс хойш 5 жилийн дараа гэнэт шүүхэд дуудаж байгааг ойлгохгүй байна, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

3. Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Ы сумын Засаг даргын Тамгын газрын Архивын лавлагаанаас үзвэл Чулуут багийн малчин Г.Г ын нэр дээр 2015 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд адуу 1, үхэр 32, хонь 80, ямаа 50, нийт 163 тооны мал бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх 5, 85, 87/

Нэхэмжлэгч Л.Ц, Г.Г нар 1993 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, Г.Г нь 2016 оны 07 сарын 08-ны өдөр нас барсан болох нь холбогдох улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх 84, 86/

 

4. Дээр дурдсан мал тооллогын А данс, гэрлэлтийн лавлагаа, нас барсны лавлагаа зэрэг баримтуудаар Л.Цийг шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй, улмаар Л.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй.

 

4.1. Учир нь, хэрэгт талийгаач Г.Г аас шаардах эрхээ шилжүүлсэн, эсхүл Л.Цт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Л.Ц нь талийгаач Г.Г ын эхнэр гэдэг үйл баримт нь түүнд шаардах эрхийг шууд олгохгүй.

 

4.2. Мал тооллогын А данс нь малын өмчлөлийг эргэлзээгүйгээр нотлох баримт биш юм. Энэ нь бусдын малыг өөрийн нэр дээр тоолуулж, бүртгүүлэх боломжтой ба ийнхүү А дансанд бүртгүүлэхэд эх үүсвэрээ нотлох шаардлага тавигддаггүйтэй холбоотой.

 

Иймд анхан шатны шүүх малын А дансыг үнэлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Гэрч О.Э Д.Б, Д.Г, Л.Г, Б.Ф, М.Ф, Б.А, Д.Бэ нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр Г.Г ыг нас барсны дараа буюу 2016 оны 09 сард түүний маллаж байсан малыг хариуцагч Д.Ы тууж явсан үйл баримт тогтоогдож байх боловч гэрч нарын мэдүүлэг нь малын өмчлөлийг тогтоох баримт болж чадахгүй. Түүнчлэн шүүхэд гэрчээр асуугдсан гэрч нар малын өмчлөлийн талаар харилцан адилгүй, зөрүүтэй тайлбар гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх 70, 71, 73, 74, 146-148, 159/

Иймд анхан шатны шүүх гэрч О.Э Д.Б, Д.Г, Л.Г нарын мэдүүлгийг үнэлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

 

6. Мал тооллогын А дансанд тоологдож, бүртгэгдсэн 163 тооны мал бүгд Г.Г ын өмч байсан гэдгийг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Л.Ц нь шаардах эрхтэй этгээд болохоо нотлоогүй, мал тооллогын А данс, гэрч нарын мэдүүлэг нь малын өмчлөлийг тогтоох нотлох баримт болж чадахгүй тул хариуцагч талын гаргасан 1 адуу нь Г.Г ынх байсан гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх 1 адууны үнийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

7. Иймд анхан шатны шүүх шинжээч хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн В22-16 дугаар дүгнэлтийг үндэслэн 1,086,364 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. /хх 97-111/

 

8. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Зохигчдын хооронд үүссэн маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой маргаан биш тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.Ы