Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0018

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           М.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Мт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-н М.

 

М.М нь 2019 оны 07 дугаар сард  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Б овгийн М-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.64 грамм нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

            ... Шүүгдэгч М.Мын хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ял хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар тусгайлан хүндрүүлэх зүйл байхгүй.

            Хувийн байдлын хувьд ам бүл хоёулаа, ээжтэйгээ хамт амьдардаг, ээж нь зүрхний хүнд өвчний улмаас хүний асаргаанд байдаг, яллагдагч нь ээжийгээ асарч, эмчилгээг нь хийлгэдэг, үсчин мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж тодорхой амжилт гаргадаг. Гэмт хэрэгт холбогдсон цагаас хойш ямар нэгэн байдлаар энэ гэмт хэрэгт холбоотой болон өөр ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.

            Шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал болоод бусад байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял ногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ногдуулсан ялыг хөнгөрүүлж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Р.Ц- давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 07 дугаар сард  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд М.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нь ... шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хуульчилсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу уг ял нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан байна.

 

Гэтэл хууль үйлчлэх цаг хугацааны хувьд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2019 оны 07 дугаар сард үйлдсэн байхад уг ялыг оногдуулах нь хуульд заасан дээрх зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч М.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гэсэн нэршлийг хольж бичсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлийг устгахыг зохих байгууллагад даалгаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлт оруулж зөвтгөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... заасан ... гэсний дараа ... мансууруулах ...  гэснийг хасаж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын ... устгасугай ... гэснийг ... устгахыг Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА