Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 2025003050297 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

М.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Мыг 2019 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч М.Мыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ганцхан удаа надад боломж олгож өгөөч. Ээжтэйгээ хоёулаа хамт амьдардаг болохоор ээжийн маань бие дийлэхгүй байх гэж айгаад байна. Ганцхан удаа боломж олгооч би дахиж тийм ургамал хэрэглэхгүй. Тухайн өдрөөс хойш нэг ч удаа хэрэглээгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хүний биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16, 19-20-р хуудас/

 

2. М.М нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 22-23-р хуудас/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №3003 дугаартай “М.М гэж хаягласан шээсний дээжээс “тетрагидроканнабинол” /ТНС/ илэрсэн “тетрагидроканнабинол” /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 38-41-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3004 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “М.Маас хураан авсан нунтаг зүйл 0.64 гр” гэж хаягласан гялгар ууттай нунтаг шороо мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/

 

5. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 56-58-р хуудас/

 

6. Гэрч О.Зо-рын “2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 24 цагийн жижүүртэй ажил үүргээ гүйцэтгэж байсан. 19 цагийн үед холбоо мэдээллийн төвийн уулзвар дээр суудлын тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгатал 4 хүн суулгачихсан хурд хэтрүүлээд явж байсан. Шалгаж байхад ард суусан хүмүүс нь согтуу ч юм шиг, согтуу байна уу гэхээр архи пиво үнэртэхгүй байсан юм. Тэгэхээр нь тэр хүмүүсийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-р хуудас/

 

7. Шүүгдэгч М.Мын “би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Хөвсгөл-2 дэлгүүрээс 2 гудамжны урд талд засмал замын хажуу талаас навчит хогийн ургамлыг үндсээр нь тасдаж, нэг атга хэртэй хэмжээтэй өвсийг түүж аваад гэртээ аваачиж хатаагаад сонингийн цаасанд ороогоод 2 удаа татаж хэрэглэсэн. Үлдсэн өвсөө өөрийнхөө хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхэнд хийгээд мартсан. Манай ээж хөдөө явна гээд миний цүнхийг авна гэхээр нь дотроос нь өөрийнхөө хувцаснуудыг авсан. 2020 оны 04 сарын 30-ны өдөр найзын төрсөн өдөр болоод Бүрэнбүст амралтанд очоод 00-д ороод нөгөө өвсөө и баримтын цаасанд ороогоод татаж хэрэглэсэн. Би өөр хүнд өгөөгүй, ганцаараа хэрэглээд дууссан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-51-р хуудас/

 

8. Гэрч Д.Б-Э-ний “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад явж байгаад 1-1-р байрны гадаа Төгөлдөр, Номин хоёртой таарсан. Бид нар хамтдаа 2 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд 5-20-р байр орох гээд үйлчилгээний урд зам дээр такситай явж байхад замын цагдаа зогсоосон. Төгөлдөр цагдаагийн урдаас хэрэлдээд байх шиг байсан. Тухайн үед Т, Н, М.М, Төгсбилэг гэх залуучууд байсан. Би Т-ийг танина. Бусдыг нь танихгүй. Бид нар мансууруулах төрлийн ургамал хэрэглээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ:  “Шүүгдэгч М овогтой М.М нь 2019 оны 07 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багт байрлах “Хөвсгөл 2” дэлгүүрийн орчмоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта 9-ийн агууламжтай түүхий эдийг хууль бусаар бэлтгэж хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч О.Зоригтбаатарын мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах нь зүйтэй гэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Мягмарсүрэн овогтой М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.64 грамм эд зүйлийг устгах, шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдаж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ: “Гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн санал байхгүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг зүйлчилсэн, зүйлчлэхдээ хоёр төрлийн ялын санкци хэрэглэж болохоор тогтоосон. Зорчих эрхийг хязгаарлах ял байна. Энэ нь 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах мөн 1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх ийм хоёр төрлийн санкцийг оногдуулахаар заасан байгаа. Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байгаагүй анх удаа ийм гэмт хэрэг үйлдэж байгаа. Анх удаа тохиолдлын байдлаар энэ гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна. Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдсэндээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа. Ял хөнгөрүүлэх нөхцөлийн хувьд ийм байна. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял оногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл шүүгдэгчийн хувьд байхгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дөнгөж 20 гарч байгаа амьдралд хөл тавьж байгаа залуу хүүхэд, ам бүлийн хувьд ээжийнхээ хамт амьдардаг ээж нь зүрхний хүнд өвчний улмаас хүний асаргаанд байдаг. Шүүгдэгч ээжийгээ асарч амьдардаг. Аав нь 3 жилийн өмнө нас барсан. Ээж нь зүрхний өвчний улмаас энэ хүүхдийг төрүүлснээс хойш дахиж хүүхэд төрүүлээгүй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Тухайн өдөр нь аавынх нь өнгөрсөн өдөр байсан тул өглөө би аавынхаа шарил дээр очоод ирсэн гэдгээ ярьж байсан. Ээж нь тодорхой хэмжээгээр асаргаанд байдаг. Хэдий хэвтэрт биш ч гэсэн хүний байнгын асаргаанд байх шаардлагатай зүрхний хүнд өвчтэй гэх эмнэлгийн бичиг баримтууд байсан. Уг баримттай би уншиж танилцсан. Энэ хэрэгт ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш дахиж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй, энэ төрлийн мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бодис өвсийг татаж хэрэглэсэн зүйл байхгүй. Хэрэв дахин ийм гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж хэрэг үүсдэг. Харин татаж хэрэглэсэн бол Зөрчлийн хуульд зааснаар зөрчлийн хариуцлага хүлээлгэдэг. Одоо энэ хүнд ийм зүйл байхгүй, энэ хэргийг үйлдсэнээс хойш өөрийнхөө үйлдэлд чин санаанаасаа дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуу хүний хувьд мөн ажил эрхэлдэг мөн Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан үсчний тэмцээнд 2 дугаар байранд орсон чадварлаг үсчин юм байна. Үсчний ажлаа хийж ахуй амьдрал ээжийгээ авч яваа хүн юм. Тийм учраас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр түүний ар гэрийн байдал, ээжийнх нь биеийн байдал болон өөрийнх нь хэргээ хүлээж байгаа байдал зэргийг харгалзаж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж өгнө үү гэх хүсэлттэй байна. Мөн түүнчлэн М.М нь хувьд тухайн үед уг ургамлыг өөрөө хэрэглэчихсэн байсан. Гэхдээ өөрийнхөө үе тэнгийн залуучуудтай хамт явж байсан. Хажуудаа байсан залуучууддаа үүнийг өгч татуулж уруу татсан зүйл байхгүй байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж нэг удаа хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч О.З-ын “2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 24 цагийн жижүүртэй ажил үүргээ гүйцэтгэж байсан. 19 цагийн үед холбоо мэдээллийн төвийн уулзвар дээр суудлын тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгатал 4 хүн суулгачихсэн хурд хэтрүүлээд явж байсан. Шалгаж байхад ард суусан хүмүүс нь согтуу ч юм шиг, согтуу байна уу гэхээр архи пиво үнэртэхгүй байсан юм. Тэгэхээр нь тэр хүмүүсийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-Э-нийн “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад явж байгаад 1-1-р байрны гадаа Төгөлдөр, Номин хоёртой таарсан. Бид нар хамтдаа 2 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд 5-20-р байр орох гээд үйлчилгээний урд зам дээр такситай явж байхад замын цагдаа зогсоосон. Төгөлдөр цагдаагийн урдаас хэрэлдээд байх шиг байсан. Тухайн үед Төгөлдөр, Номин, М.М, Төгсбилэг гэх залуучууд байсан. Би Төгөлдөрийг танина. Бусдыг нь танихгүй. Бид нар мансууруулах төрлийн ургамал хэрэглээгүй” гэсэн мэдүүлэг, хүний биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, М.М нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №3003 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3004 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М нь 2019 оны 07 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч М.Мыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                   Шүүгдэгч М.Мт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.64 грамм гялгар ууттай нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.64 грамм нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС