Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02077

 

2022 оны 06 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/02077 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, БҮК-ийн байранд байрлах, У ХХК /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  9 дүгээр давхарт байрлах, Г ХХК /РД:******/,

Хариуцагч: С дүүрэг, 15 тоотод оршин суух, Б овогт Ц.Ц /РД:*********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 128 929 377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж,

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

Хариуцагч Ц.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Г ХХК, Ц.О нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөр, хүү, алданги нийт 1 128 929 377 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г ХХК-иас барилгын арматур, катанка зэрэг барилгын материал зээлээр авах хүсэлт гаргасны дагуу 2016 оноос хойш зээлээр нийлүүлж байсан ба тус компанийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.О-ын нэр хүнд, хөрөнгийн чадварт итгэж зээл олгож хамтран ажиллаж ирсэн. 2019 онд дахин зээлээр худалдан авах санал тавьсны дагуу дараах гэрээнүүдийг байгуулж, 784 837 120 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдсан. Үүнд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 393 350 540 төгрөгийн бараа материал, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 200 697 070 төгрөгийн бараа материал, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 75 044 450 төгрөгийн бараа материал, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 115 745 060 төгрөгийн бараа материал. Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 263.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан, зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм.

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.5-д Худалдан авагч тал гэрээгээр хүлээн авсан бараа материалын үндсэн төлбөрийг тухайн таталт хийсэн өдрөөс хойш 1 жилийн дараа эргэн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу татан авалт хийсэн өдрөөс хойш төлбөрийг 1 жилийн дотор төлөх ёстой байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 58/2019 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 дугаартай, Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн 2.5-д Худалдан авагч тал гэрээгээр хүлээн авсан бараа материалын үндсэн төлбөрийг тухайн таталт хийсэн өдрөөс хойш 6 сарын дараа эргэн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу татан авалт хийсэн өдрөөс хойш 6 сарын дотор төлбөрийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл бүрэн төлөөгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 58/2019 дугаартай гэрээний төлбөрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр татсан бараа материалын үнэ 27 293 560 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын19-ний өдрийн бараа материалын үнэ 69 608 700 төгрөг, нийт 96 902 260 төгрөг төлсөн ба уг гэрээний үлдэгдэл 103 794 810 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Бусад гэрээний төлбөрүүд огт төлөгдөөгүй болно. Дээрх дөрвөн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 687 934 860 төгрөг бөгөөд төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/240 тоот албан бичгээр 687 934 860 төгрөг болон тухайн үед тооцогдсон хүү болох 16 754 169.65 төгрөгийн хамт төлж барагдуулахаа амлаж хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд хариуцагчаас янз бүрийн шалтгаан ярьж төлбөрийг төлөхгүй хойшлуулсаар ирсэн бөгөөд Ерөнхий захирал Ц.О-т олон удаа албан бичгээр төлбөр төлөх хугацаа хэтэрсэн талаар мэдэгдсэн боловч хариу ирүүлэхдээ амласан хугацаандаа төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасныг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай, 2019 оны 08дугаартай 15-ны өдрийн 58/2019 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64/2019 дугаартай, Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 687 934 860 төгрөгийг Г ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Алданги 343 967 430 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.8-д Гэрээний тохиролцсон нөхцөлийн дагуу хугацаандаа гэрээний төлбөр тооцоо төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн, дүнгээс тооцож төлнө гэж заасан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 дугаартай гэрээний 2.6-д, 2019 оны10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 дугаартай гэрээний 2.7-д, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 дугаартай гэрээний 2.7-д тус тус Гэрээний тохиролцсон нөхцөлийн дагуу хугацаандаа гэрээний төлбөр тооцоо төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө" гэж заасан бөгөөд бүх төлбөр төлөх хугацааг 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлснээр алдангийн хэмжээ нийт төлбөрийн дүнгийн 50 хувьд хүрсэн болно. Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6-т хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн Глобал бридж констракшн ХХК-аас 343 967 430 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

Хүүгийн төлбөр 97 027 087 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийн хувьд, талуудын хооронд байгуулагдсан дөрвөн удаагийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлд Монгол Улсын Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-р заалтыг баримтлан худалдан авагч тал зээлээр бараа материал авсны төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнд жилийн 7,2% /хувь/-ийн хүүг тооцон төлнө. Хүүг сарын хуанлийн хоногоор тооцох ба барааг татсан өдрөөс эхлэн зээлээ авсан барааны тооцоог бүрэн гүйцэт төлж барагдуулах хүртэлх хугацаанд тооцно. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана: 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж тус тус заасны дагуу татан авалт хийсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны хүүг нэхэмжлэл эрх үүссэн. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 дугаартай гэрээний төлбөрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр татсан бараа материалын үнэ 27 293 560 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын үнэ 69 608 700 төгрөг, нийт 96 902 260 төгрөг болон түүнд ноогдох хүүгийн төлбөрт 958 711.48 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Үндсэн төлбөр болон хүүг хамт шилжүүлсэн бөгөөд Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Бусад төлбөрт ноогдох хүүгийн төлбөрийг төлөөгүй болно. Хүүгийн төлбөрт нийт 97 027 087 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд дээрх үндэслэлээр Г ХХК-аас нийт 1 128 929 377 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/2019 дугаартай Батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 оны дугаартай гэрээний нөхцөлүүдийн дагуу нийт үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр хамтран хариуцах үүрэг хүлээсэн. Тухайн үед Ц.О нь хариуцагч компаний хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал гэж ойлгуулан урьд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлээр бараа материал авч, иргэний хувиар батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн ба Ц.О-т төлбөр төлөхийг удаа дараа бичгээр болон мэдэгдэж байсан. Иймд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Ц.О- аас 645 504 402 төгрөгийг, Г ХХК-иас 483 424 975 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 687 934 860 төгрөг, хүү 97 027 087 төгрөгийг тус тус төлсөн. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлага болох 1 128 929 377 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хүлээн зөвшөөрч 784 961 947 төгрөгийг төлсөн тул энэ зөвшөөрлийг батлуулах хүсэлтэй байна.

Одоо үлдэх алданги 343 967 430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Бид үндсэн төлбөр, хүүг төлчихвөл алдангийг хөнгөлөх, чөлөөлөх талаар ярилцаагүй, энэ талаар ямар нэгэн бичгийн баримт байхгүй. Алданги 343 967 430 төгрөгийг хариуцагч Г ХХК болон Ц.О нараас шаардаж байгаа үндэслэл нь гэрээнд хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл үндсэн төлбөрөө төлөөрэй гэдэг шаардлагуудыг удаа дараа тавьсан нэхэмжлэлүүдийг явуулсан энэ баримтууд хэрэгт авагдсан байгаа энэ хугацаанд бол хангалттай хүлээгээд удаа дараа батлан даагч, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал гээд холбогдох албан тушаалтнуудад шаардлага тавьсан боловч төлбөрийн чадвартай мөртлөө төлбөр төлөхгүй хойш нь чирсэн төлбөрийн чадвартай гэж хэлж байгаа нь үндэслэлтэй, хариуцагч нь орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулж хангалттай орлого олж байдаг, ерөнхий захирал Ц.О нь бол төлбөрийн чадвартай тодорхой хэмжээний маш олон бизнестэй хүн байж гэрээний эрх зүйн үр дагаврыг мэдэж байж санаатайгаар хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Хариуцагч Ц.О-ын хувьд нийт алдангийн 196 667 270 төгрөгийг батлан даалтын гэрээгээр хариуцах ёстой тэгэхээр Ц.О-ын хувьд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаар хариу тайлбар ирүүлээгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь төлөх боломжгүй гэж байгаа боловч өнөөдөр долларын ханш зөрүүтэй болсон, бүтээгдэхүүн маань импортоор орж ирдэг бүтээгдэхүүн учраас ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн, бид ковид 19 цар тахалтай нөхцөл байдал амаргүй үед төлбөрөө төлөөч гэж удаа дараа шаардлага тавьсан, гэтэл төлөөгүй.

Тиймээс санаатайгаар төлбөрийн чадвартай байж алданги төлөөгүй тул алдангид хариуцагч Г ХХК-иас 147 022 160 төгрөгийг, Ц.О-аас алданги 196 667 270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид зээлээр бараа материал авсан нь үнэн, гэрээ байгуулсан болон тооцооны үлдэгдлийн талаар маргаан байхгүй. Тиймээс ч бид үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг бүгдийг төлсөн. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр, хүүгээ төлчихвөл алдангийн талаар ярилцана гэсэн учраас бид хамаг зүйлээ шавхаад зээлээд ч болсон гээд үндсэн төлбөр, хүү болох 784 961 947 төгрөгийг төлсөн. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна, учир нь улс орон даяар цар тахалаас болж үйл ажиллагаа зогссон учраас алданги төлөхөд хүндрэлтэй байна. Хоёр талаас гүйцэтгэх захирлууд хоорондоо ярилцаад үндсэн төлбөр, хүүгээ эхлээд төлчих, тэгээд хэдүүлээ дараа нь алдангиа ярилцая гэсэн. Мөн шүүх дээр үлдсэн төлбөр, хүүгээ төлчихвөл эвлэрээд дуусгана гэдэг яриа гарсан. Тиймээс л бид үндсэн төлбөр, хүүг төлөх гэж маш яаралтай мөнгө төгрөг цуглуулаад компанийнхаа хамаг мөнгийг шавхаад удаа дараа хурал хойшлоод мөнгөө төлчих гээд хүчин чармайлт гаргаад хийсэн байгаа болохоос нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар мөнгөтэй байж төлөхгүй байсан юм байхгүй. Хаа, хаанаа компаниуд хэцүү байгаа, бэлэн мөнгөгүй байгаа, тэгээд үндсэн төлбөрөө, хүүтэйгээ хамт төлөөд хоёр талын харилцан ярьсны үндсэн дээр эвлэрнэ, алдангийг авахгүй гэж хоорондоо ярилцаад шүүх дээрээ эвлэрье гэсэн болохоор алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэ талаар ярилцаагүй гэж хэлж байгаад гайхаж байна. Хэрэв эвлэрэхгүй гэж байсан юм бол бид манай зүгээс арай өөр тайлбарыг ярьж, хүнд хэцүү байдалтай байсантай холбоотой баримтуудыг авчирч болох л байсан. Гэтэл өөр юм ярьж ирчихээд одоо мэдэхгүй гэж байгаад гайхаж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  У ХХК-ийн ТУЗ-ын тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №58/2019 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1, 2, 3, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 тоот гэрээний хавсралт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, У ХХК-ийн 503800***  тоот дансны хуулга, Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02/146 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02/38 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, Г ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/099 тоот албан бичиг,  Г ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/123 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичиг, Г ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/240 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, Г ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/257 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/346 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, У  ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58/02 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг, У ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 82/02 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, У ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 85/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, У ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны 145/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, У ХХК-ийн 1331 тоот, 1330 тоот Нэхэмжлэх, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 179/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, У ХХК-ийн 1961 тоот Нэхэмжлэх, У ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 231/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, 2744 тоот Нэхэмжлэх, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 276/02 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, 3662 тоот Нэхэмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 323/02 тоот албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 343/02 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 391/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 399/02 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 342/02 тоот К.Ж-т олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Г ХХК-ийн Хавсралт 1, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Батлан даалтын гэрээ, Ц.О-ын иргэний үнэмлэхний хуулбар, У ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15/02 тоот Д.Э-т олгосон итгэмжлэл гэсэн /хэргийн 5-52, 59, 74-75, 76, 106-107-р хуудас/ баримтуудыг,

Хариуцагч Ц.О-аас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б.Д-д олгосон итгэмжлэл /хэргийн 84-р хуудас/,

Хариуцагч Г ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/451 тоот Д.З-д олгосон итггэмжлэл, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн /хэргийн 60-61-р хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч У ХХКнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 687 934 860 төгрөг, хүү 97 027 087 төгрөг, алданги 343 967 430 төгрөг, нийт 1 128 929 377 төгрөгийг хариуцагч Г ХХК, Ц.О нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үндсэн төлбөр 687 934 860 төгрөг, хүү 97 027 087 төгрөг, нийт 784 961 947 төгрөгийг төлсөн тул үлдэх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 343 967 430 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас 147 292 160 төгрөг, хариуцагч Ц.О-аас 196 675 270 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

3.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалтай хүнд нөхцөл байдалд байсан, нэхэмжлэгч нь үндсэн төлбөр, хүүг төлчихвөл эвлэрнэ, алдангийн талаар хөнгөлөх, чөлөөлөх талаар харилцан тохиролцоно гэсэн байж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хэрэв алданги шаардах байсан бол бид нотлох баримт гаргах, хариуцагч Ц.О-аас тайлбар ирүүлэх байсан гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Ц.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч У ХХКнь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 28/2019 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 233,4 тонн, 414 192 600 төгрөгний бараа материал, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 115,588 тонн, /27 293 560+69 608 700+103 794 810/ 200 697 070 төгрөгний бараа материал, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 44,39 тонн, 75 044 450 төгрөгний бараа материал, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 68,36 тонн, 115 745 060 төгрөгний буюу нийт 784 837 120 төгрөгний бараа материалыг худалдсан, худалдан авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тус тус тогтоогдож байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги төлөх талаар байна, гэрээ байгуулсан, гэрээний үлдэгдэл төлбөр, хүүг төлсөн талаар маргаагүй байна.

 

7.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөхийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2019/05/03-ны 28/2019 тоот гэрээний дагуу 221,877 тонн буюу 393 350 540 төгрөг, 2019/08/15-нд байгуулсан 58/2019 тоот гэрээний дагуу нийт 115,588 тонн буюу 200 697 070 төгрөгийн үлдэгдэл 103 794 810 төгрөг, 2019/10/16-нд байгуулсан 59/2019 тоот гэрээний дагуу нийт 44,405 тонн буюу 75 044 450 төгрөг, 2019/11/06-нд байгуулсан 64/2019 тоот гэрээний дагуу 68,358 тонн буюу 115 745 060 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 687 934 860 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар зохигч маргаагүй.

Хариуцагч нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсанаар нийт 687 934 860 төгрөг, гэрээнд зааснаар хүү 97 027 087 төгрөг, нийт 784 961 947 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 343 967 430 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Г ХХК-иас алдангид 147 292 160 төгрөг, хариуцагч Ц.О-аас 196 675 270 төгрөгийг тус тус гаргуулна гэсэн.

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалтай хүнд нөхцөл байдал байсны улмаас үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй байсан, мөн алданги авахгүй эвлэрлэх талаар компанийн удирдлагууд ярилцаж шийдвэрлэсэн гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 28/2019 тоот гэрээний 2.8-д, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 58/2019 тоот гэрээний 2.6-д, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59/2019 тоот гэрээний 2.7-д, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64/2019 тоот гэрээний 2.7-д гэрээний тохиролцсон нөхцөлийн дагуу хугацаандаа гэрээний төлбөр тооцоо төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө гэж тус тус харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь цар тахалтай нөхцөл байдлын улмаас төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж тайлбарласан бөгөөд дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул хариуцагчаас энэ талаар баримт ирүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж, алдангийн 50 хувийг хариуцагч Глобал бридж констракшн ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Ц.О-аас түүнтэй байгуулсан батлан даалтын гэрээнд зааснаар №28/2019 дугаартай гэрээний алдангийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч Ц.О нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №01/2019 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.3-д батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд №28/2019 дугаартай гэрээний нийт үүргийн гүйцэтгэл болох үндсэн төлбөр буюу үнэ /үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нарын тооцоо нийлсэн актын дүнгээр/ гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу эргэн төлөх төлбөрийг ам.долларт хөрвүүлэн шилжүүлэх, гэрээний дагуу тооцогдсон хүү, алданги, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардалыг тус тус хариуцана гэж заажээ.

Гэвч гэрээний 4.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 4.2-д батлан даагч энэхүү гэрээнд заасан хэмжээгээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5 дахь хэсэгт заасан төлбөрийг төлнө гэж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ460.2-д үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Г ХХК нь гэрээний үндсэн төлбөр, түүний хүүг төлж барагдуулсан, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Г ХХК-иас алданги 343 967 430 төгрөгний 50 хувь болох 171 983 715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 171 983 715 төгрөгийг болон хариуцагч Ц.О-т холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 802 597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1 017 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г ХХК-иас алдангид 171 983 715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 171 983 715 төгрөгийг болон хариуцагч Ц.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 802 597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1 017 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН