Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          С.Б

               Шүүгдэгч                                           Г.Ш

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Э

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой Г.Шт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Шийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогтой Г-н Ш.

 

Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” хүнсний дэлгүүрт Б.Н-тай маргаж, гар утасны бичлэг хийлгэхгүй гэж ноцолдох үедээ Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш овогтой Г-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ш давж заалдах гомдолдоо:

“ ...  хэрэг болсон гэх газар камерын бичлэгт Б.Н-н эрүүл мэндэд халдсан гэх үйлдэл байдаггүй /хх-61/. Болсон үйл явдлыг би эрүүгийн хэрэгт удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэрч С.Л бол Б.Н нь дэлгүүрт орж ирээд намайг хэл амаар доромжилж намайг цохисныг харсан.

Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 282 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Н-н биед хөнгөн гэмтэл учруулсан, учирсан 4 удаагийн зулгаралт гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлээр үүсгэгдэнэ гэсэн байна. Гэтэл энэхүү гэмтэл нь ямар үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэнг тогтоохгүйгээр намайг буруутгаж буйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь хэргийн нотолбол зохих байдлыг  шалгаад Г.Ш намайг дээрх шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Н тайлбартаа:

“ ... Г.Ш өөрөө хэл ам, яс үндсээр дайрч доромжилсон. Г.Ш өөрөө эхэлж үсдэж доош дарсан, бас утсыг шидэж хагалахаар дайрсан. Миний хүзүү, нүүрний зурсан сорвийг шүүх эмнэлэг тогтоосон. Худалдан авагч миний картнаас мөнгө авсан шударга бус гэж үзэж байна. Энэ шууд луйврын шинжтэй. Дэлгүүрийн камерын бичлэгээ бүх талаас үзүүлээгүй процесс болон доош дараад намайг босох үеийн бичлэг камерын бичлэгээ бүрэн өгөөгүй. Шүүх хурлын үед бичлэг харуулах боломжгүй гээд камерын бичлэггүй шүүх хурал болсон. Л гэгч хүнийг би зодсон зүйл байхгүй. Надад худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Г.Ш харин ч  худалдан авагчаа хохироож үсдэж хүзүү нүүрний сорви одоо ч арилаагүй байна.

Харин Т.Ш-с болж би цаг хугацаа тодорхой хэмжээний эдийн засгаараа хохирсон байгаа надад худлаа ярьж хэлсэн зүйл байхгүй. С.Л-г би зодсон бол би шүүхээр шалгуулах хүсэлтэй байна. Энэ намайг гүтгэсэн учир гомдолтой байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ:  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Шийн гаргасан “...шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Иргэн Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” хүнсний дэлгүүрээс 5.550 төгрөгийн эд зүйл худалдан авч, төлбөрийг ХААН банкны картаар хийсэн байх боловч түүний ХААН банкны данснаас 14 цаг 31 минутад 5.550 төгрөг, 14 цаг 32 минутад 5.550 төгрөг тус тус хасагдаж,  нийт 11.100 төгрөг “Х” дэлгүүрийн дансанд шилжсэн /хх 3/ байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Н нь дээрх асуудлыг “Х” дэлгүүрийн худалдагчид хэлж, илүү төлсөн мөнгөө буцаан авах шаардлага тавьсны улмаас Г.Ш, Б.Н нар нь хоорондоо маргалдаж, Г.Ш нь түүнийг “ ... гар утасны бичлэг хийлгэхгүй ...” гэж ноцолдох үедээ Б.Н-н эрүүл мэндэд ... хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хүзүү цээжинд 4 тооны зулгаралт ... санаатай учруулсан үйл баримтын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

 аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г нь  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  дугаартай дүгнэлтийг гаргахдаа магадлуулагч Б.Н-н биед үзлэг хийж, хүзүүний зүүн хажуу, дагз хэсэгт 12 х 0.2 см, хүзүүний баруун хажууд 3 х 0.2 см, 1 х 0.2 см, цээжинд гол хэсэгт 3 х 0.1 см зулгарсан. Хүзүүний зүүн талд булчингийн чангаралтай, эмзэглэлтэй, зүүн мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан талаар дурдаж,

түүний биед учирсан хүзүүний зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь ... гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ... шинэ гэмтэл байна гэж тогтоосон байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Н-н “ ... та нар шударга бус зан гаргаж байгаа юм бол утсаараа бичиж олон нийтэд түгээнэ гэсэн чинь худалдагч эмэгтэй миний утсыг авах гэж булаацалдсан. Тэгж байхдаа миний үснээс татаж доош татаад хэд хэдэн удаа доош дугтарсан. Дараа нь миний өмсөж байсан куртикны захнаас бариад доош дарсан. Би өөрөө арга буюу тэмцэж байж доод талаас нь гараа гаргаж үснээс нь зулгааж байгаад холдуулж өөрийгөө сулласан ... энэ үйл явдал болох үед миний хүзүүний хоёр талд урсан байсан, мөн доош дарж дугтрах үед миний хүзүүний зүүн талын зөөлөн эд гэмтсэн ... ” гэсэн мэдүүлэг үндэслэлтэй болох нь

тухайн үед дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагч Б.Б-н өгсөн “ ... баруун билүү зүүн хүзүү билүү хүзүүнд нь зурагдсан нарийн зураас гарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 17/ болон “Х” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хяналтын камерт үзлэг хийсэн тухай дээрх тэмдэглэлд “ ... 14 цаг 56 минут 58 секундэд яллагдагч Г.Ш хохирогч Б.Н-н өмсөж байсан хувцасны захаас татаж хяналтын камерын тусгалд орж ирж байх бөгөөд түүний өмсөж байсан хувцасны захаас хоёр удаа урагш нь татаж байх ба хохирогч Б.Н хоёр хөлийнхөө өвдгөөр нугалж газарт суусан байх бөгөөд хойшоо чирэгдэж байна. Түүний дээрээс яллагдагч Г.Ш дарсан байх бөгөөд нэг нэгнийхээ үснээс зулгааж байх ба цаанаас нэг хүн ирээд тэднийг салгаж ... хохирогч Б.Н-н өмсөж байсан хувцас дээд талаараа тайлагдаж байх бөгөөд түүний дараа яллагдагч Г.Ш хохирогч Б.Н-н үснээс нэг удаа урагш дугтарч татаад хоёулаа босоод хяналтын камерын тусгалаас гарч байна ... 15 цаг 14 минут 50 секундэд цагдаагийн албан хаагч орж ирсэн ... ” гэж дурдагдсан байх ба энэхүү тэмдэглэлээр

шүүгдэгч Г.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ... би хохирогчийг зодсон зүйл байхгүй ... миний нүүр лүү гар утсаараа цохисон ... ,  өөрөө май чи ийшээ цохь гээд нүүрээ тулгаад байсан...” гэсэн мэдүүлэг, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “... би тэр хүнд гар хүрээгүй, гомдолтой байна ... ” гэсэн тайлбар болон давж заалдах гомдол,

гэрч С.Л-н “ ... гар утсыг авах гэсэн чинь Г.Ш эгчийн нүүр лүү нь цохих шиг болсон ... Тэгээд хоорондоо барилцаад үс үснээсээ зулгаагаад байсан. Тэр үед Ш-н ээж салгах гээд очсон чинь нөгөө эгч Ш-н ээжийнх нь цээж рүү өшиглөсөн ... манай дэлгүүр хяналтын камертай ... хэрэг болох үед хяналтын камерууд бүгд ажиллаж байсан ... ” гэсэн мэдүүлгүүд нь няцаан үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч Г.Ш нь  “ ... миний биед хөхрөлт няцралт үүссэн ... даруй үзүүлж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх ба мөрдөгч түүний хүсэлтийг хангаж, Г.Шийн биед учирсан гэх гэмтлийг тогтоолгосон байх ба шинжээчийн 841 дугаартай дүгнэлтээр “ ... баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 3.0 х 2.2 см хэмжээтэй бүдэг хүрэн шаргал өнгийн цус хуралт ... ” үүссэн нь тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байна. /хх 25-26/

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийн бодит байдлыг тогтоосон байх ба шүүгдэгч Г.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Шийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Шийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий 1 ширхэг CD-г ирүүлсэн байх боловч уг CD-д бичигдсэн бичлэг нь энэ хэрэгт хамааралгүй /гадна автомашины зогсоолын бичлэг/ байх тул мөрдөгч, прокурор нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3, 32.3 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэгжүүлж ажиллах талаар цаашид онцгой анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Шийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                   С.УРАНЧИМЭГ