Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

 

Улсын яллагч С.Б

Хохирогч Б.Н

            Шүүгдэгч Г.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шт холбогдох эрүүгийн 2025000000446 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “М А ” ХХК-ийн захирал, Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн 11 дүгээр хорооллын .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Г.Ш, регистрийн дугаар ......

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Хос ундарга” хүнсний дэлгүүрт иргэн Б.Нтай маргаж, гар утасны бичлэг хийлгэхгүй гэж ноцолдох үедээ Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 11 сарын 07-ны өдөр хохирогчийг зодсон зүйл байхгүй. Өөрөө нүүр ам руу цохиод савчаад байхаар нь малгайнаас нь бариад бие, биеэ доош нь дарсан. Харин би өвдөглөөгүй. Мөн хойноос боосон гээд байгаа би боогоогүй. Хохирогч хүзүүндээ нарийхан гинжтэй л харагдсан. Тэр нь нарийхан ор гарсан байх гэж бодож байна. Бид хоёр ноцолдож бие биеэ доош нь дарсан. Хохирол төлөх гэсэн чинь хөдөө явсан байсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 сарын 19-ний өдөр миний картыг 2 удаа уншуулахаар нь картаа өгчихөөд Улаантолгой явчихсан. 2020 оны 11 сарын 07-нд буцаж ирээд нөгөө мөнгөө буцааж авъя гэтэл чи хаанаас ирсэн хазгай хэлтэн бэ? харваас луйварчин авгай байна гээд бид 2 маргатал намайг үсдээд дарсан үс газраар нэг болсон. Яагаад худалдан авагчид гар хүрч байгаа юм бэ? гэтэл цагдаагаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Үйлчлэгчээ дуудаад миний унасан үсийг цэвэрлүүлж хогийн сав руу

хийлгэсэн. Намайг өвдөглөөд чирсэн. Өрөөсөн ээмэг алга болсон. Эмчилгээний зардал 108000.төгрөг нэхэмжилнэ. Миний толгой зодуулсны дараа 7 хоног өвдсөн. Одоо зүгээр байгаа. 2020 оны 12 сарын 13-нд ажил руугаа яваад 2021 оны 01 сарын 20-нд ирлээ. Би энэ дэлгүүрт илүү уншуулсан мөнгөө авъя л гэж шаардсан гэсэн мэдүүлэг,

 

 

-Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянцагаан багийн нутагт байрлах “Хос Ундарга” дэлгүүрээр орж худалдагч нартай нь уулзахдаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр худалдан авалт хийхдээ виза картаас мөнгө илүү уншуулсан байсан тул мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл дэлгүүрийн худалдагч хоёр эмэгтэй манай картын машин нэг л удаа уншсан чамаас илүү мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгуулмаар байна итгэхгүй байгаа бол та 2 хяналтын камер шүүж үзэхгүй юу гэтэл тэр хоёр эмэгтэй луйварчин авгай, хазгай хэлтэй авгай эндээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би шударга байхгүй бол утсан дээрээ бичлэг хийлээ гэж хэлээд бичлэг хийж эхэлтэл тэр хоёр эмэгтэй шууд над руу дайрч үснээс зулгаан намайг газар унагаж хүзүүн тус газар маажиж хүзүү болон нуруун дээр өвдөглөж дарчхаад намайг босгохгүй байсан.Энэ хэрэг болох үед миний баруун талын чихэнд байсан шууд сүвлэж зүүдэг 2014 оныд хосоор нь 248.000 төгрөгөөр авч байсан жижиг алтан ээмэг алга болсон байсан. Түүнийг төлүүлж авна. Хүзүүний зөөлөн эд гэмтлийн улмаас 83.000 төгрөгийн эм, түрхэх тос авч хэрэглэсэн. 5 өдөр нэг удаа хийлгэхдээ 5000 төгрөгөөр шарлага хийлгэсэн. Одоогоор 108.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 09-10 хуудас/,

 

        -Гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Хэрэг болсон өдөр нэг эгч дэлгүүрт орж ирээд Г.Ш эгчээс 5000 төгрөг нэхээд байсан. Тэр эмэгтэй Г.Ш эгчээс мөнгө төгрөг нэхэж байхдаа жаажийсэн гахай минь камераа хурдан шүүгээд өг өөрөө гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гээд байсан. Шинэцэцэг эгч наад бичлэгээ болиоч гээд утсыг нь авах гэсэн чинь нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаж аваад үс үснээсээ зулгаагаад байсан ” гэсэн мэдүүлэг /хх 15-16 хуудас/

     

           -2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 828 тоот: 1. Б.Нын биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, цээжинд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

           2. Зулгаралт нь үзүүр ирмэгтэй зүйлийн 4 удаагийн, зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

           4.Хүзүүний зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

            5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 20-21 хуудас/

 

-Шүүгдэгч Г.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би хохирогчийг зодсон зүйл байхгүй. Өөрөө утсаараа нүүр ам руу цохиод савчаад байхаар нь малгайнаас нь бариад үснээс доош дарсан гэсэн мэдүүлэг /хх 50-51 хуудас/

 

-Г.Шийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37, 38-39 хуудас/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 хуудас/ зэрэг   болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Ш нь хохирогч Б.Нын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчид хохирол төлөгдсөн. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

 

            Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Нтай маргаж, гар утасны бичлэг хийлгэхгүй гэж ноцолдох үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Нын шүүх хуралдаанд өгсөн “2020 оны 10 сарын 19-ний өдөр миний картыг 2 удаа уншуулахаар нь картаа өгчихөөд Улаантолгой явчихсан. 2020 оны 11 сарын 07-нд буцаж ирээд нөгөө мөнгөө буцааж авъя гэтэл чи хаанаас ирсэн хазгай хэлтэн бэ? харваас луйварчин авгай байна гээд бид 2 маргатал намайг үсдээд дарсан үс газраар нэг болсон. Яагаад худалдан авагчид гар хүрч байгаа юм бэ? гэтэл цагдаагаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Үйлчлэгчээ дуудаад миний унасан үсийг цэвэрлүүлж хогийн сав руу хийлгэсэн. Намайг өвдөглөөд чирсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Хэрэг болсон өдөр нэг эгч дэлгүүрт орж ирээд Г.Ш эгчээс 5000 төгрөг нэхээд байсан. Тэр эмэгтэй Шинэцэцэг эгчээс мөнгө төгрөг нэхэж байхдаа жаажийсэн гахай минь камераа хурдан шүүгээд өг өөрөө гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гээд байсан. Г.Ш эгч наад бичлэгээ болиоч гээд утсыг нь авах гэсэн чинь нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаж аваад үс үснээсээ зулгаагаад байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Нын биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 828 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт  өөрөө нүүр ам руу цохиод савчаад байхаар нь малгайнаас нь бариад бие, биеэ доош нь дарсан. Харин би өвдөглөөгүй. Мөн хойноос боосон гээд байгаа би боогоогүй. Хохирогч хүзүүндээ нарийхан гинжтэй л харагдсан. Тэр нь нарийхан ор гарсан байх гэж бодож байна. Бид хоёр ноцолдож бие биеэ доош нь дарсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

        

            Хохирогч Б.Н нь хохирлын талаар ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Шийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга / төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.Э.