Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/03309

 

 

 

 

 

 

 

 

 

                                                              2022        07          22

                            101/ШШ2022/03309

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Ц /рд:0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Н-д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 40,812,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Мөнгөнгүүр эмнэлэгт 2017 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа иргэн О.Нтэй нэг өрөөнд хамт эмчлүүлж танилцсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад О.Н нь нэгэн сүлжээний бизнес эрхэлдэг маш их ашигтай ажилладаг тухай надад олон удаа ятган тайлбарладаг байсан. Ингээд удалгүй эмнэлгээс гарсаны дараа 2018 оны эхээр та надад 25,000,000 төгрөг түр зээлдүүлчих, би маш хурдан хугацаанд өсгөж өгнө гээд гуйгаад байхаар нь би түүнд итгэж 2018 оны 02 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг О.Нийн 5090537837 тоот дансаар шилжүүлж өгсөн. Мөн удалгүй 2018 оны 04 сарын 03-ны өдөр дээрх дансанд дахин 19,312,000 төгрөгийг сүлжээний бизнест оруулаад өсгөөд өгнө гэж гуйгаад байхаар нь дансаар шилжүүлж өгсөн. Гэтэл Нямгэрэл нь миний нийт 40,812,000 төгрөгийг авсан цагаасаа эхлэн өнөөдөр өгнө, одоо өгнө гэж хуурч мэхэлсээр сүүлрүүгээ утасаа ч авахгүй, ор сураггүй, таг чиг алга болж миний итгэлийг эвдэж, анхнаас зориуд зохион байгуулж, таньдаг байсан итгэлийг далимдуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон намайг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн байна. Энэ асуудлаар миний бие цагдаагийн байгууллагад хандсан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар 5544 тоот тогтоолоор “О.Н нь 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр 03-ны хоорондох хугацаанд 7 хоног бүр ашгаа өгдөг, таны мөнгийг өсгөөд өгье гэж хохирогч Ч.Цоос 2 удаагийн үйлдлээр 40,812,000 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг нээх үндэслэлгүй...” гэж шийдвэрлэсэн байна.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөгийг зээлж авсан. 7,071,000 төгрөгөөс 2018 оны 03 сарын 07-ны өдөр 2,121,320 төгрөг, 2018 оны 04 сарын 13-ны өдөр 775,332 төгрөг, 2018 оны 04 сарын 18-ны өдөр 972,000 төгрөг, 2018 оны 04 сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөгийг тус тус төлсөн. Харин сүүлд авсан 44,312,000 /25,000,000+19,312,000/ төгрөгөөс 2018 оны 03 сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг үндсэн зээлд, 1,166,670 төгрөгийг хүүд тооцож тус тус төлсөн. О.Н нь 2018 оны 04 сараас хойш зээлийн үлдэгдэл мөнгөө төлөлгүй утсаа ч авахгүй алга болсон. Иймд О.Н нь дээрх зээлж авсан мөнгөнүүдээс нийт   40,812,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 2 сард миний танил болох Батсайхан гэдэг хүн надтай холбогдож намайг нэгэн арга хэмжээнд урьж оруулсан юм. Тэр нь Стамфорд гэх нэртэй компанийн зохион байгуулсан арга хэмжээ гэж байсан түүнд маш их олон хүмүүс оролцож хүмүүс доллароор хөрөнгө оруулалт хийж богино хугацаанд өсгөж байгаа талаар баяр хөөртэйгөөр ярьцгааж тэнд хэд хэдэн орны гадаад хүмүүс болон монголын лидерүүд сургалт явуулж мөн 5.000 доллар түүнээс дээш доллароор олон хүнийг шагнаж урамшуулж байсан, энэ үед тус компанид олон хүн хамрагдан элсэн орж байсан. Би энэ үйл ажиллагаанд оролцоод орохоор шийдээд мөнгө хайж эхэлсэн. Ц эгч рүү утасдаж ...би Стамфорд гэж компанийн арга хэмжээнд оролцлоо зүгээр юм шиг байна, мөнгө зээлж ормоор байна гэхэд Ц гуай намайг дэмжиж “...би наад компанийн чинь талаар мэднээ манай нутгийн миний танил охин наад компанид чинь надаас мөнгө зээлээд орсон байгаа 7 хоног болгон мөнгөө өгөөд бараг дуусаж байгаа ашигтай юм билээ гэхээр нь би бүр итгэсэн. Тэгээд Ц гуай надад чи эхлээд орж бай гээд 10.000 доллар буюу 25,000,000 төгрөгийг 2018 оны 02 сарын 12-ны өдөр 11 цаг 24 минутад миний данс руу шилжүүлж зээлдүүлсэн. Би уг мөнгийг нь дээрхи компанийн Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах Станфорд нэртэй оффис дээр очиж лидер гэх Мл  нартай уулзаж асуухад таныг Байгалмаагийн багт орно мөнгөө лидр Д-гийн данс руу хийгээрэй гэхээр нь би Долгорсүрэн гэдэг хүний данс руу нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр 13 цаг 10 минутанд тэр дор нь шилжүүлж хийсэн. Түүнээс хойш надад ноогдол ашиг гэж орж ирсэн мөнгийг Цт хүүгийнх нь хамт 7,672,990 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн юм. Гэтэл 2018 оны 3-р сарын сүүлээр байх тус компаниас урамшуулал гэж зарлаж 10.000 доллорын хөрөнгө оруулалт хийсэн хүнд 12.000 доллар болгон өсгөж өгнө энэ мөнгөнөөс нь 7 хоног болгон ноогдол ашиг олгоно гэхээр нь би мөн Ц гуайд энэ талаар ярихад Ц гуай одоо би өөрөө орно, харин чи надад 4-р сард хүүгийнхээ хамт төлөх ёстой 4,838,000 төгрөгийг гарга би өөрөө 19,312,000 төгрөгийг гаргана чиний данс руу хийчихэе нийлүүлээд намайг оруулчих гээд 2018.04.03-ны өдөр миний данс руу шилжүүлээд би тэр өдрөө 24,150,000 төгрөгийг данснаасаа авч найман шарга зах дээр очин 10,000 доллар болгон солиулж аваад багийн ахлагч лидер Байгалмаатай ярихад та Алтансувдад очиж тушаагаад Ц гуай даа ади код нээлэг гэж хэлэхээр нь Бодь цамхагийн 9 давхарт 901 тоотод очиж Стамфордын лидер А-д 10.000 доллароо тушаагаад Алтансувд тэр дор нь Ц гуайн нэр дээр 2152479 дугаарын ади код нээж энэ кодоор нь Ц гуайд 7 хоног болгон ноогдол ашиг гэж 1865.1 доллар монгол мөнгөөр 4.473.972 төгрөг орсон байсан. Гэтэл удалгүй Стамфорд компанийн үйл ажиллагаа хаагдсан гээд зогсож бид нар мөнгөө авч чадалгүй алдсан юм. Ц гуай бид хоёр хэн хэн нь компанид итгээд мөнгө оруулсан боловч эцэст нь ийм юм болно гэж мэдээгүй, миний хувьд Ц гуайг ор гэж ятгаагүй харин би мөнгө зээлээч гэж хэлсэн нь үнэн харин энэ компаний талаар Ц гуай надаас илүү мэдлэгтэй өмнө нь мэддэг байсан учир намайг дэмжиж өөрөө зөвшөөрч мөнгө шилжүүлсэн юм. Түүнээс би энэ хүнийг залилаж хуурч худлаа хэлж мөнгийг нь авч өөр юманд хувьдаа ашиглаагүй юм. Үүнийг Ц гуай сайн мэдэж байгаа юм. Тийм ч учраас надаас 3 жил гаран болоход мөнгө гэж нэхэж байгаагүй мөн шүүхээр нэхэж байгаагүй юм. Гэтэл 2021 оны 11-р сард намайг цагдаагийн газраас дуудсан. Би 99352080 гэсэн дугаараа 2002 оноос хойш одоог хүртэл cap бүр төлбөрийг нь төлөөд тогтмол нээлттэйгээр ашиглаж байгаа, нэг ч удаа утсаа хаалгаж байгаагүй Ц гуай миний энэ дугаарыг сайн мэднэ бид хоёр энэ дугаараар холбогдож яридаг байсан юм. Миний бие анх удаа л сүлжээ гэдэг юманд орж байгаа нь энэ гэтэл намайг Ц нь "Би сүлжээний бизнес эрхлэдэг маш их ашигтай ажилладаг тухай олон удаа ятгаж байсан" гэж үндэсгүй гүтгэж бичсэн байна. Би тухайн үедээ Ц гуайд би хөрөнгө оруулалтын компанийн арга хэмжээнд орлоо ашигтай юм шиг байна гэж л хэлээд мөнгө зээлүүлээч л гэж хэлж байсан юм. 2021 оны 11 сард намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас дуудаж байцаалт авсан очоод болсон бүх үнэн зүйлийг нь мэдүүлсэн үүнээс хойш дахин дуудаагүй байж байгаад 2021 оны 12 сарын эхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад шуудангаар мэдэгдэл ирсэн үүнийх нь дагуу би шүүх дээр ирж нэхэмжлэл гардаж авсан. Тэгэхэд намайг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хүн залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэсэн тогтоол гаргасан байсныг мэдээд өмгөөлөгч авч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасан юм. Бидний гаргасан гомдлын хариуд 2021 оны 12 сарын 20-ны өдөр прокуророос ..." Мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй байхад прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэртээ "гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж прокурорынхоо тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм. Би 2017 онд Ц-оос 7,071,300 төгрөгийг зээлж аваагүй. Миний дансанд энэ мөнгийг хийж, надаар бэлнээр авахуулж өөр хүнд хүргүүлэхийг надаас гуйсаны дагуу би ачаачиж өгсөн. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

-нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 5544 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, нас барсны бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Ар-Мөнхжин өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны дансны хуулга, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

-хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 48 тоот прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол, Хаан банкны дансны хуулга, эмнэлгийн магадлагаа, шинжилгээний бичгүүд,

-хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн захидалд үзлэгийн тэмдэглэл,  Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч О.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,812,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2017 оны 12 сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг, 2018 оны 02 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 03-ны өдөр 19,312,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Уг мөнгөнөөс О.Н нь нийт 40,812,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн.Тэрээр миний мөнгийг өсгөж өгнө гэж зээлж авсан. Би “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн сүлжээнд элсээгүй. Миний нэрээр ай-ди кодыг О.Н өөрөө авсан байгаа нь намайг элссэн гэж үзэхгүй. Надад энэ ай-ди кодын нууц үг байхгүй” гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...25,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Үүнээс 16,926,962 төгрөгийг нь төлж барагдуулсан. 19,312,000 төгрөгийг зээлж аваагүй, энэ мөнгөөр “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн сүлжээнд түүнийг элсүүлж өгсөн. Энэ мөнгө надад хамааралгүй. 2017 онд 7,071,300 төгрөгийг зээлж авч байгаагүй. Ч.Цын гуйлтаар 7,071,300 төгрөгийг хүнд аваачиж өгсөн” гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Цын эзэмшлийн Төрийн банк ХХК дахь данснаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг, Хаан банк ХХК дахь данснаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19,312,000 төгрөгийг тус тус хариуцагч О.Нийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 7-9,  43 дугаар тал/

 

Хариуцагч О.Н нь уг мөнгөн хөрөнгөөс 25,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримтад маргаагүй, харин 7,071,300 төгрөгийг Ч.Цын гуйлтаар хүнд аваачиж өгсөн, 19,312,000 төгрөгөөр “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн сүлжээнд Ч.Цыг оруулж өгсөн гэж дээрх мөнгөн хөрөнгүүдийг өөрийн дансаар хүлээн авах болсон үндэслэлийг тайлбарлаж, 25,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс үлдэх төлбөрийг төлөхийг зөвшөөрч, бусад мөнгөн хөрөнгийг төлөхөөс татгалзсан.

 

Тэрээр 19,312,000 төгрөгтэй холбоотой тайлбараа нотлохоор “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн  сүлжээнд Ч.Цыг элсүүлж өгсөн болох нь мэйлээр нотлогдоно гэж тайлбарлаж, мэйлд үзлэг хийлгүүлсэн. Үзлэгээр “Ч.Ц” гэх нэртэй жи-мэйл хаягт Ц-ийн нэрээр “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-д бүртгэл үүсгэж, 810.72, ам долларын хөрөнгө оруулалт таны дансанд орлоо гэх захидал ирсэн байна. /хх-ийн 29-32, 84-87 дугаар тал/

 

Шүүх үзлэгийг явуулахад хариуцагч О.Н нь Ч.Ц” гэх мэйл хаягийг би “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-д Ч.Цын өмнөөс үүсгэсэн, надад нэвтрэх нууц үг нь байдаг гэж тайлбарлаж, уг мэйл хаягийн нууц дугаарыг тэрээр өөрөө хийх замаар үзлэгийг явуулсан. Нэхэмжлэгч Ч.Цоос надад ийм мэйл хаяг байхгүй, би ийм мэйл хаяг ашиглаж байгаагүй, нууц үгийг О.Н мэдэж байгаагаас үзэхэд тэр өөрөө ашигладаг мэйл хаяг байна гэж үгүйсгэж маргасан.

 

Хариуцагч О.Нээс 2018 оны 04 дүгээр сарын 13-нд 775,332 төгрөгийг 324 ам доллар гэх, 2018 оны 04 сарын 19-нд 972,000 төгрөгийг 405 ам доллар гэх, 2018 оны 04 дүгээр сарын 26-нд 2,726,640 төгрөгийг 1136.1 ам доллар гэх, 2018 оны 02 дугаар сарын 26-нд 885,000 төгрөгийг fivevends гэх гүйлгээний утгаар тус тус нэхэмжлэгч Ч.Цын Хаан банк дахь дансанд шилжүүлсэн байна. Уг мөнгөн шилжүүлгийг хариуцагч О.Н нь “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн сүлжээнээс Ч.Цт сүлжээнд элссэний хөрөнгө оруулалт болгож өгсөн гэж тайлбарласан. /хх-ийн 48-51 дүгээр тал/

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12/4-1700 тоот албан бичигт “...хэрэг бүртгэлтийн 181001545 дугаартай хэрэгт О.Н нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн байна. Харин Ч.Ц хэрэгт ямар нэг байдлаар мэдүүлэг өгөөгүй байна” гэжээ. /хх-ийн 89 дүгээр тал/

 

Тус эрүүгийн хэрэг “Стэмфорд Трейдинг Техноложик" гэх нэртэй сүлжээний бизнест залилуулсан гэх гомдлоор үүссэн хэрэг байх ба О.Нээс хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Би өөрийн танил эгч Цоос зээлж аваад өгсөн. Манай тэр эгч хувиараа ломбард ажиллуулдаг орлогын эх үүсвэртэй учраас надад мөнгө зээлж байсан юм. Би нийт 48,250,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд үүнээс 13,000,000 орчим төгрөгийн ногдол ашиг авсан. Одоо би 35,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 93 дугаар тал/

 

Дээрх үзлэгээр илэрсэн үйл баримт, О.Нээс Ч.Ц руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, эрүүгийн хэрэгт О.Нээс гаргасан мэдүүлэг зэргийг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд 19,312,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу шилжүүлж авсан гэж үзэхээр байна. Учир нь Ч.Цыг сүлжээнд элсүүлсэн гэх атлаа тухайн сүлжээний урамшууллыг О.Н нь өөрийн эзэмшлийн данснаас Ч.Ц руу шилжүүлсэн байна. Уг үйл баримтыг хариуцагчаас шүүх хуралдаанд тодруулж асуухад тэрээр “...сүлжээний урамшуулал нь элссэн хүний данс руу орох ёстой, гэхдээ Ч.Цын урамшуулал миний дансанд орсон тул би буцаагаад данс руу нь хийсэн” гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.

 

Мөн тэрээр эрүүгийн хэрэгт хохирогчоор Ч.Цоос мөнгө зээлж аваад өгсөн, Би нийт 48,250,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд үүнээс 13,000,000 орчим төгрөгийн ногдол ашиг авсан. Одоо би 35,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн байгаагаас үзэхэд тэрээр сүлжээний бизнест Ч.Цыг элсүүлж, түүнийг хохирсон талаар мэдүүлээгүй, өөрөө Ч.Цоос мөнгө зээлж авч сүлжээнд өгөх замаар хохирсон үйл баримтыг мэдүүлжээ. Тус иргэний хэрэг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсч, уг өдөр хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. О.Н нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хариу тайлбар гаргасан байх үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн байна. Шүүх хуралдаанд тэрээр “...эрүүгийн хэрэгт би 19,312,000 төгрөг нь Ч.Цын мөнгө болохыг тухайн үед яагаад мэдүүлээгүй болохоо мэдэхгүй байна” гэж тайлбарласан нь эрүү болон иргэний хэрэгт гаргасан мэдүүлэг, тайлбарууд нь зөрүүтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Н нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ч.Цоос мөнгө зээлж авсан” болохоо мэдүүлсэн байдал, Ч.Цын нэр дээр и-мэйл хаяг нээж, нэвтрэх нууц үгийг мэддэг байдал зэргээс үзэхэд хариуцагчаас гаргасан “...19,312,000 төгрөгөөр “Стэмфорд Трейдинг Техноложик" ХХК-ийн сүлжээнд Ч.Цыг оруулж өгсөн” гэх тайлбар няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч нь 7,071,300 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч анх шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 7,071,300 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтын талаар дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тодруулж, өөрчилж гаргахдаа мөн дурдаагүй. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 7,071,300 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Ц нь анх цагдаагийн байгууллагад хариуцагч О.Нд холбогдуулан залилуулсан гэх гомдол, мэдээлэл гаргасан байх ба уг гомдолдоо 7,071,300 төгрөгийн талаар дурдаагүй. 25,000,000 төгрөг, 19,312,000 төгрөгийг тус тус өсгөж өгнө гэж хуурч мэхэлж авсан талаар гомдол гаргажээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч О.Нээс гаргасан “...7,071,300 төгрөгийг зээлж аваагүй. Тухайн үед Ч.Ц нь надад хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, чиний данс руу шилжүүлчихье, чи тэр хүнд бэлнээр аваачаад өгөөч гэж гуйсаны дагуу уг мөнгө миний дансаар орсон” гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна. Иймд талуудын хооронд 7,071,300 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

 Хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийн хэмжээгээр, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19,312,000 төгрөгийн хэмжээгээр тус тус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба Ч.Ц нь О.Нд дээрх мөнгөн хөрөнгүүдийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч О.Н нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 19,312,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг төлөхгүй гэж маргасан ба зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг ба хариуцагчаас 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул уг зээлийн гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг тоолох шаардлагагүй байна.

 

Харин 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 19,312,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргасан тул уг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй. Нэхэмжлэгчээс хариуцагч нь уг гэрээний үүргийг зээлсэн даруй хурдан хугацаанд өсгөөд буцааж өгнө гэж надад хэлсэн гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5544 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор “...Тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нь иргэн Ч.Цоос гаргасан Ө-9246 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан” болох нь тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Хариуцагч О.Нээс хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Цт шилжүүлсэн байна. Уг өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх өөр баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй. Өөрийн төрсөн эхийг асарч байсан болох нь холбогдох байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэгч Ч.Цын 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 19,312,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч О.Нээс шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байх тул уг мөнгөн хөрөнгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч О.Нийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг тооцож үзвэл хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,666,670 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 775,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 972,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөг, 2018 оны 02 дугаар саырн 26-ны өдөр 885,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,121,320 төгрөг, нийт 12,146,962 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. Иймд 25,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 12,146,962  төгрөгийг хасч тооцвол, үлдэх 12,853,038 төгрөгийг тэрээр нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт нийт 16,926,962 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримт гаргаж нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс 3,500,000 төгрөг нь зээлийн хүүд төлөгдсөн гэж тайлбарласан боловч талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул уг мөнгөн хөрөнгийг зээлийн хүүд тооцож, үндсэн төлбөрөөс хасах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч О.Нээс 12,853,038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цт олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,958,962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч О.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 220,598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Нээс 12,853,038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ц-д олгож, нэхэмжлэлээс 27,958,962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 220,598 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ