Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01749

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01749

 

Ч.Wын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03309 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч.W

Хариуцагч: О.нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 40,812,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагч О.н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О.н нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг зээлж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,121,320 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 775,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 972,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөгийг тус тус буцаан төлсөн.

1.2. Мөн тэрээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19,312,000 төгрөг, нийт 44,312,000 төгрөг зээлсэн. Үүнээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг үндсэн зээлд, 1,166,670 төгрөгийн хүүгийн төлбөрт тус тус буцаан төлсөн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 5544 дугаар тогтоолоор ...О.нийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг нээх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 40,812,000 /44,312,000-3,500,000/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ч.Wт С" гэх компанид хөрөнгө оруулсан тохиолдолд өсгөж авах боломжтой талаар хэлсэн. Улмаар миний бие 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг зээлж, уг мөнгийг С" гэх компанид шилжүүлсэн. Уг мөнгөний ногдол ашиг гэх 7,672,900 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн.

2.2 2018 оны 03 дугаар сарын сүүлээр тус компаниас урамшуулал зарласан. 10,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хүнд 12,000 ам.доллар болгон өсгөж, 7 хоног болгон ноогдол ашиг олгох талаар нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч нь өөрөө тус компанид хөрөнгө оруулахаар болж 19,312,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Миний бие уг мөнгийг тус компанид шилжүүлсэн. Ч.Wт 7 хоног бүр ноогдол ашиг 4,473,972 төгрөг түүний дансанд орсон.

2.3. Гэтэл С" гэх компанийн үйл ажиллагаа хаагдсан. Миний хувьд түүнийг уг компанид хөрөнгө оруул гэж ятгаагүй. Харин би мөнгө зээлээч гэж хэлсэн нь үнэн.

2.4. Миний бие 2017 онд Ч.Wоос 7,071,300 төгрөг зээлж аваагүй. Миний дансанд энэ мөнгийг хийж, надаар бэлнээр авхуулж, өөр хүнд хүргүүлэхийг надаас гуйсны дагуу би аваачиж өгсөн. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.нээс 12,853,038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Wт олгож, нэхэмжлэлээс 27,958,962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 220,598 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргах үедээ О.нийн банк дахь харилцах данс руу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага ханган хэргийн материалд хавсаргаж өгсөн. Мөн дээрх 7,071,300 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,121,320 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 775,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 972,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөг тус тус буцааж авсан тул нэхэмжлэлд дурдаагүй.

Харин О.нээс хариуцагч нь сүүлд зээлсэн нийт 44,312,000 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээлээс 3,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,166,670 төгрөг буцаан авсан. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 40,812,000 төгрөгийг нэхэмжилж байгааг шүүхэд тайлбарласан.

4.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг ба хариуцагчаас 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул уг зээлийн гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг тоолох шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О.нд шилжүүлсэн 19,312,000 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хариуцагч нь зээлсэн нийт 44,312,000 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээлээс 3,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,166,670 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлснөө хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүй. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад анхан шатны шүүх хуулийн буруу хэрэглэж тайлбарласан.

4.3. Нэхэмжлэгч Ч.Wын ээж, өндөр настан Т.Д нь умайн хүзүүний хорт хавдартай эмчлүүлж байсан бөгөөд 2019 оноос 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл охин Ч.Wын асаргаанд байсан. Мөн энэ үед Ковид-19 цар тахлын улмаас орон нутагт хатуу хөл хорионд байсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд тайлбарласан атал холбогдох байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзээгүй юм. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Гэвч тухайн мөнгийг шилжүүлсэн л бол зээлсэн гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал, тухайн мөнгийг шилжүүлсэн хэдий ч Ч.W нь хүнд бэлнээр дамжуулж өгөөрэй гэж О.нийн данс руу шилжүүлснийг тэр даруй тухайн хүнд нь бэлнээр хүлээлгэж өгсөн.

5.2. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас О.нийг дуудаж байцаалт авсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн прокуророос хэргийг хаасан. Тухайн үед 7,071,300 төгрөгтэй холбоотой гомдол гаргаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэлээр 40,000,000 төгрөгийг Ч.W нэхэмжилсэн. Уг шаардлагад 25,000,000 төгрөг, 19,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 7,071,300 төгрөгийг нэхэмжлэлд дурдаагүй.

5.3. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус 7,071,300 төгрөгийг зээлсэн мэтээр тайлбарласан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй болсон. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг зээлсэн, 2018 оны эхээр 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19,000,000 төгрөг зээлсэн. Нийт 50,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс 7,071,300 төгрөгийн 6,595,292 төгрөгийг буцаан төлсөн. Нийт 11,000,000 гаруй төгрөг буцаан төлсөн тооцооллыг гаргасан.

5.4. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд 19,000,000 төгрөгийг Ч.W нь өөрөө О.нд өгсөн. Тухайн мөнгийг зээлүүлсэн гэж тайлбарладаг боловч Ч.W нь намайг сүлжээнд оруулж өгөөд надад өгөх ёстой 25,000,000 төгрөгийг үлдэгдэл хүүгийн хамт оруулж өг гэж бичиг баримтаа О.нд өгснөөр тэр өдөр нь сүлжээнд бүртгүүлж ID код авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Ч.W нь хариуцагч О.нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,812,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Ч.Wоос 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19,312,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн үйл баримт Хаан болон Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх 7-9, 43/

3.1. Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 25,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь зээл 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь уг зээлээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,666,670 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 775,332 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 972,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,726,640 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 885,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,121,320 төгрөг, нийт 12,146,962 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Үлдэх 12,853,038 төгрөгийг буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үлдэх 12,853,038 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх 48-51/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 4,666,670 төгрөгийн 1,166,670 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн гэх боловч талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүгийн төлбөр шаардах эрхээ алдана. Иймд нэхэмжлэгч уг 1,166,670 төгрөгийн хүүгийн төлбөрт тооцсон нь үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 19,312,000 төгрөг үйл баримт тогтоогдсон. Гэвч талуудын хооронд уг 19,312,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь нэхэмжлэгчийг С" гэх компанийн сүлжээний бизнест элсүүлж өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна уг ажиллагааг зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа гэж дүгнэхгүй юм.

4.1. Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авахад тэдний хооронд 19,312,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байх тул хариуцагчийг уг хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд зээлийн харилцаа үүснэ гэж дүгнэсэн нь буруу болсныг залруулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 19,312,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

4.2. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 19,312,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардахад хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

5. Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 7,071,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь шүүхэд болон цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо энэ мөнгөн хөрөнгийн (7,071,300 төгрөгийн) талаар дурдаагүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна. Учир нь, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа /хх 129-130/ дээрх 7,071,300 төгрөгийн талаар дурдсан байхаас гадна нэхэмжлэгчээс хариуцагчид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7,071,300 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

5.1. Талуудын хооронд 7,071,300 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийг энэ мөнгөн хөрөнгийн (7,071,300 төгрөгийн) хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 7,071,300 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас нийт 39,236,338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,575,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/03309 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.нээс 39,236,338 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Wт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,575,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтын ...220,598 гэснийг ...354,132 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН