Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03417

 

 

 

 

 

 

 

 

                                               2022        08         04

                     101/ШШ2022/03417

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, “Б с”ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 оршин байрлах, “Т н”нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.,  хариуцагчийн төлөөлөгч Ц., түүний өмгөөлөгч Л., гэрч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Б с”ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд автозамын эвдрэлийг хүйтэн асфальт /шинэ технологийн бүтээгдэхүүн/ ашиглан хурдан хугацаанд засварлах, нөхөх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2021 оны 8 дугаар сарын эхээр Т н СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Ггэж хүн холбогдож орон сууцны хороолол доторх автозамын эвдрэлүүдийг засварлуулах хүсэлтэй байгаа гэсний дагуу бид үнийн санал хүргүүлсэн ба 2021.08.11 өдөр №20/08/02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”- г байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Т н СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Гтай харилцан тохиролцож бүтээгдэхүүний үнийг хямдруулан хүйтэн асфальт 1 шуудайг нь 25,000 төгрөгөөр, 1 шуудайн ажлын хөлсийг 10,000 төгрөгөөр тооцож, нийт 40 шуудай буюу нийт 1,400,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Т н СӨХ-оос гэрээний урьдчилгаа 980,000 төгрөгийг 2021.08.13-ны өдөр шилжүүлсэн. 2021.08.18-ны өдөр автозамын нөхөөсний ажлыг эхэлж тухайн өдөртөө хийж гүйцэтгэж дууссан. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад тус хороолол доторх замын эвдрэл нь маш гүн, хагархай ихтэй, хэт ухагдсан байсан учраас гэрээгээр тохиролцсон 40 шуудай бүтээгдэхүүн замын талд ороод дууссан. Т н СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Гболон тус хорооллын харуул, үйлчлэгч нар тухайн үед хамт ажлыг хянаж байсан бөгөөд бидэнд асфалт нэмж авъя, бүх эвдрэлүүдээ засуулаад дуусгая гэсний дагуу бид нэмж бүтээгдэхүүн авч ирж замыг засварлаж дуусгасан. Ингээд тухайн газарт очиж замыг нөхөх явцад СӨХ-ийн дарга Ч.Гнь нэгэнт нөхөж байгаа юм чинь энд байгаа 5 нүхийг бас янзлуулъя маргааш нэмж гэрээ хийе гэсэн. Тухайн өдөр нийт 8 нүхийг нөхөж янзалсан мөн нүхнүүд маш гүн эвдрэлтэй байсан учраас нийт 89 шуудай бүтээгдэхүүн орсон. Ажил дуусч ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, асфальтийн уутыг 2 талыг байлцуулан тоолъё гэхэд Ч.Гтус хорооллын харуулыг тоол гэдэг үүрэг өгсөн. Ингээд тус харуулын хамт асфальтийн уутыг тоолоход нийт 89 шуудай болсон байсан. Манайх шинэ технологийн бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, судалгаа хийх зорилгоор хийж гүйцэтгэсэн ажил бүрийнхээ замын эвдрэлийн гүн, хэмжээ, хэдэн шуудай бүтээгдэхүүн орж байгаа зэргийг фото зурганд буулган авч баталгаажуулдаг. Тэр өдөр Ч.Гад гэрээний үлдэгдэл төлбөр 2,135,000 төгрөг болсон тухай хэлэхэд гэрээгээ шинэчлээд, зарлагын падаан, нэхэмжлэхтэйгээ маргааш аваад ирээрэй, мөнгийг нь маргааш шилжүүлчихнэ гэж хэлсэн. 2021.08.19-ний өдөр буюу маргааш нь шинэчилсэн гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэхийн хамт авч очиход Ч.Гнь танай хийсэн замын нөхөөс ховхорч унасан, хэтэрхий өндөр үнэтэй байна, үнээ бууруул, бид ийм их төлбөр төлөхгүй, гэрээг шинээр хийхгүй, шүүхээр яваад мөнгөө аваарай гэж огт өөр зүйл хэлсэн ба гарын үсэг зурахаас татгалзсан. Тэр өдөр бид нөхсөн нүх болгоныг очиж шалгахад ямарч эвдрэл, ховхорсон зүйл байгаагүй төдийгүй одоо ч ямарч эвдрэлгүй байгаа болно. Утсаар байнга шаардлага тавьсны дагуу Т н СӨХ-оос 2021.08.24-ний өдөр 420,000 төгрөг төлсөн. Манайхаас 2021.08.25-ны өдөр 21/007 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр 1,715,000 төгрөгийг төлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. “Т н” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Гтай эв зүйгээр ярилцах гэж хичээсэн ч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд “Т н” СӨХ-ноос 1,715,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай сууц өмчлөгчдийн холбоо нь хотхоны дундах замын нөхөөс хийлгүүлэхээр судалж, нэхэмжлэгч компаниас үнийн судалгааг авч, нөхөөс хийлгэх хэсгийг тухайн компанийн ажилтан нь өөрөө үзээд 40 уут асфальт орно гэсний дагуу ажпын хөлс 15,000 төгрөг байсныг нэг шуудай асфальтад 10,000 төгрөг байхаар тооцож 1,400,000 төгрөгийн ажлын хөлстэй байхаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, 20/08/02 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирж ажпаа хийхдээ 40 ширхэг асфальтаа тоолж ажлаа эхэлсэн бөгөөд ажлаа дуусгасны дараа бидэнд хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, нягтаршуулалтаа дутуу хийсэн байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэсэн акт, нэхэмжлэх ирүүлэхдээ нэмж 47 ширхэг асфальт хийсэн гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлтээр өөр жижиг нүхнүүдийг бөглүүлэхээр ярилцсан нь үнэн боловч нэмэлтээр 47 ширхэг асфальт авчирсан болохоо үзүүлээгүй, намайг өөр газарт 1 цаг орчим болоод ирсэний дараа бүх ажлаа дууссан гээд байж байсан. Би 1 цагийн дотор  47 ширхэг асфальтыг агуулахаасаа авчраад ажлаа бүрэн хийсэн гэдэгт эргэлзэж байна, байх боломжгүй. Надад нэмэлтээр авчирсан асфальтыг үзүүлээгүй, тоолуулаагүй. Гэрээгээр тохирсон төсвөөс хэтэрхий их хэмжээний төсвөөр ажил гүйцэтгэсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын акт, үнийнсанал хүргүүлэх тухай мэдэгдэл, нэхэмжлэх, төлбөр төлөх мэдэгдэл, фото зураг,

- хариуцагчаас гаргасан гэрчилгээ, төлбөр төлсөн баримтууд,

- шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б с”ХХК нь хариуцагч “Т н”нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 11-ний  өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг хугацаатай байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Б с”ХХК нь Түмэн наст орон сууцны хороолол доторхи зам засварын ажлыг хүйтэн асфальтаар нөхөж дүүргэх замаар гүйцэтгэх, захиалагч “Т н” нь 1,400,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудаас гаргасан тайлбар, дээрх бичгийн гэрээгээр тус тус тогтоогдсон. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

Талуудын хооронд “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Талууд 1 шуудай асфальтыг 25,000 төгрөг, 1 шуудайд зарцуулагдах ажлын хөлсийг 10,000 төгрөгөөр тус тус тохирсон үйл баримтын талаар маргаагүй, энэ нь үнийн саналын баримтаар тогтоогдсон. Захиалагч “Т н”ноос ажлын хөлс 1,400,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь нийт 89 шуудай буюу 3,115,000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс төлсөн 1,400,000 төгрөгийг хасч, үлдэх 1,715,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. /хх-ийн 18, 43-44 дүгээр тал/

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “ажлаа хүлээлгэж өгөөгүй, нягтаршуулалтаа дутуу хийсэн” гэж тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан болохоо тайлбарласан. Мөн  ажлын үр дүнг доголдолтой гэж бичгийн тайлбартай дурдсан байх боловч уг тайлбараа  баримтаар нотлоогүй, энэ талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, доголдлыг татгалзлынхаа үндэслэл болгоогүй. Харин нэмэлтээр жижиг нүхнүүдийг засварлуулахаар ярилцсан боловч нэмэлт 49 шуудай асфальт аваагүй тул уг материалын зардлыг төлөхгүй гэж, бараа материалын тоо хэмжээг татгалзлын үндэслэлээ болгон тайлбарласан.

 

Иймд талууд ажил гүйцэтгэх явцад нэмэлтээр дахин орон сууцны хороолол доторхи замын бусад/жижиг/ нүхүүдийг бөглөж, дүүргэх ажлыг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон болон ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.  Харин уг нэмэлт ажилд зарцуулагдсан асфальтын хэмжээнд маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэмэлт ажил гүйцэтгэхээр дахин 49 шуудай асфальтыг агуулахын байрнаас авчирсан гэх боловч захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ч.Г-д танилцуулах замаар тоолж бүртгэл хийлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Ө-ийн “...уг ажлыг тухайн үед би хариуцаж хийсэн. Анх 3 том нүхийг бөглөх байсан ба үүнд 40 шуудай асфальт орсон. Ажлаа хийгээд дууссаны дараа Ч.Гзахирал бусад жижиг нүхнүүдийг бөглүүлэхийг хүсч, нэмэлт ажлын гэрээгээ маргааш нь хийхээр амаар тохирсон юм. Бид нэмэлт ажил хийхээр агуулахаас 50 шуудай асфальт авчирсанаас 49 шуудай нь ажилд зарцуулагдсан. Анх 50 шуудай асфальт ирэх үед Ч.Гзахирал руу утасдаж мэдэгдээд ажлаа хийсэн” гэх мэдүүлгээр тогтоогдсон.

 

Талууд ажлын үр дүнд зарцуулагдсан материал болох асфальтын хэмжээнд харилцан адилгүй тайлбар гаргаж, маргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ажлын нийт үр дүнд зарцуулагдсан материалын тоо хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон.

 

Шинжээч Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос  2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан дүгнэлтээр Т н орон сууцны хороолол доторхи автозамын эвдрэлийг засах ажлыг гүйцэтгэхэд нийт 77 шуудай буюу 2,695,000 төгрөгийн хэмжээний асфальт зарцуулагдсан болохыг тогтоосон байна. /хх-ийн 59-91 дүгээр тал/

 

Зохигчдын хэн аль нь дээрх шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж мэтгэлцээгүй.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноор гүйцэтгэгч “Б с”ХХК нь нийт 77 шуудай буюу 2,695,000 төгрөгийн хэмжээгээр ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь 89 шуудай буюу нийт 3,115,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс шинжээчийн тогтоосон 2,695,000 төгрөгөөс захиалагч “Т н” нь 1,400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,295,000 төгрөгийн ажлын хөлсийг төлөөгүй гэж үзэхээр байна.

 

Гүйцэтгэгч “Б с”ХХК нь нэмэлт ажилд зарцуулагдах материалыг захиалагчийн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй, түүний хяналтад нэмэлт ажлыг гүйцэтгээгүй буруутай байх тул захиалагчийн төлвөл зохих үүрэг 1,295,000 төгрөгөөс 195,000 төгрөгийг гүйцэтгэгчид хариуцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнгийн хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй тул хариуцагч “Т н”ноос үлдэх 1,100,000 /1,295,000-195,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б с”ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 615,000 /1,715,000-1,100,000/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөгийг нэхэмжлэгч “Б с”ХХК төлсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөгийг талуудад хувааж хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч “Т н”ноос 1,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б с”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 615,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөгийн тал хувь болох 150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.БЯМБАЖАРГАЛ