Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01731

 

 

 

 

2022 09 16 210/МА2022/01731

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/03417 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд автозамын эвдрэлийг хүйтэн асфальт /шинэ технологийн бүтээгдэхүүн/ ашиглан хурдан хугацаанд засварлах, нөхөх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2021 оны 08 дугаар сарын эхээр Т- СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Г- нь орон сууцны хороолол доторх автозамын эвдрэлүүдийг засварлуулах хүсэлтэй байгаа гэсний дагуу бид үнийн санал хүргүүлсэн ба 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Т- СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Г-тай харилцан тохиролцож бүтээгдэхүүний үнийг хямдруулан хүйтэн асфальт 1 шуудайг нь 25,000 төгрөгөөр, 1 шуудайн ажлын хөлсийг 10,000 төгрөгөөр тооцож, нийт 40 шуудай буюу нийт 1,400,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Т- СӨХ-оос гэрээний урьдчилгаа 980,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр автозамын нөхөөсний ажлыг эхэлж тухайн өдөртөө хийж гүйцэтгэж дууссан. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад тус хороолол доторх замын эвдрэл нь маш гүн, хагархай ихтэй, хэт ухагдсан байсан учраас гэрээгээр тохиролцсон 40 шуудай бүтээгдэхүүн замын талд ороод дууссан. Т- СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Г- болон тус хорооллын харуул, үйлчлэгч нар тухайн үед хамт ажлыг хянаж байсан бөгөөд бидэнд асфалт нэмж авъя, бүх эвдрэлүүдээ засуулаад дуусгая гэсний дагуу бид нэмж бүтээгдэхүүн авч ирж замыг засварлаж дуусгасан. Ингээд тухайн газарт очиж замыг нөхөх явцад СӨХ-ны дарга Ч.Г- нь нэгэнт нөхөж байгаа юм чинь энд байгаа 5 нүхийг бас янзлуулъя маргааш нэмж гэрээ хийе гэсэн. Тухайн өдөр нийт 8 нүхийг нөхөж янзалсан мөн нүхнүүд маш гүн эвдрэлтэй байсан учраас нийт 89 шуудай бүтээгдэхүүн орсон. Ажил дуусч ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, асфальтийн уутыг 2 талыг байлцуулан тоолъё гэхэд Ч.Г- тус хорооллын харуулыг тоол гэдэг үүрэг өгсөн. Ингээд тус харуулын хамт асфальтийн уутыг тоолоход нийт 89 шуудай болсон байсан. Манайх шинэ технологийн бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, судалгаа хийх зорилгоор хийж гүйцэтгэсэн ажил бүрийнхээ замын эвдрэлийн гүн, хэмжээ, хэдэн шуудай бүтээгдэхүүн орж байгаа зэргийг фото зурганд буулган авч баталгаажуулдаг. Тэр өдөр Ч.Г-ад гэрээний үлдэгдэл төлбөр 2,135,000 төгрөг болсон тухай хэлэхэд гэрээгээ шинэчлээд, зарлагын падаан, нэхэмжлэхтэйгээ маргааш аваад ирээрэй, мөнгийг нь маргааш шилжүүлчихнэ гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу маргааш нь шинэчилсэн гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэхийн хамт авч очиход Ч.Г- нь танай хийсэн замын нөхөөс ховхорч унасан, хэтэрхий өндөр үнэтэй байна, үнээ бууруул, бид ийм их төлбөр төлөхгүй, гэрээг шинээр хийхгүй, шүүхээр яваад мөнгөө аваарай гэж огт өөр зүйл хэлсэн ба гарын үсэг зурахаас татгалзсан. Тэр өдөр бид нөхсөн нүх болгоныг очиж шалгахад ямарч эвдрэл, ховхорсон зүйл байгаагүй төдийгүй одоо ч ямарч эвдрэлгүй байгаа болно. Утсаар байнга шаардлага тавьсны дагуу Т- СӨХ-оос 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 420,000 төгрөг төлсөн. Манайхаас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр 1,715,000 төгрөгийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд Т- СӨХ-оос 1,715,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай сууц өмчлөгчдийн холбоо нь хотхоны дундах замын нөхөөс хийлгүүлэхээр судалж, нэхэмжлэгч компаниас үнийн судалгааг авч, нөхөөс хийлгэх хэсгийг тухайн компанийн ажилтан нь өөрөө үзээд 40 уут асфальт орно гэсний дагуу ажпын хөлс 15,000 төгрөг байсныг нэг шуудай асфальтад 10,000 төгрөг байхаар тооцож 1,400,000 төгрөгийн ажлын хөлстэй байхаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирж ажлаа хийхдээ 40 ширхэг асфальтаа тоолж ажлаа эхэлсэн бөгөөд ажлаа дуусгасны дараа бидэнд хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, нягтаршуулалтаа дутуу хийсэн байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэсэн акт, нэхэмжлэх ирүүлэхдээ нэмж 47 ширхэг асфальт хийсэн гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлтээр өөр жижиг нүхнүүдийг бөглүүлэхээр ярилцсан нь үнэн боловч нэмэлтээр 47 ширхэг асфальт авч ирсэн болохоо үзүүлээгүй, намайг өөр газарт 1 цаг орчим болоод ирсний дараа бүх ажлаа дууссан гээд байж байсан. Би 1 цагийн дотор 47 ширхэг асфальтыг агуулахаасаа авчраад ажлаа бүрэн хийсэн гэдэгт эргэлзэж байна, байх боломжгүй. Надад нэмэлтээр авчирсан асфальтыг үзүүлээгүй, тоолуулаагүй. Гэрээгээр тохирсон төсвөөс хэтэрхий их хэмжээний төсвөөр ажил гүйцэтгэсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбооноос 1,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 615,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Манай СӨХ нь хотхоны дундах замын нөхөөс хийлгүүлэхээр судалж, нэхэмжлэгч компаниас үнийн судалгааг авч, компанийн ажилтан нь өөрөө үзээд 40 уут асфальт орно гэсний дагуу ажлын хөлс нөхөөс хийлгэх хэсгийг тухайн 15,000 төгрөг байсныг нэг шуудай асфальтад 10,000 төгрөг байхаар тооцож, 1,400,000 төгрөгийн ажлын хөлстэй байхаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирж ажлаа хийхдээ 40 ширхэг асфальтаа тоолж ажлаа эхэлсэн бөгөөд ажлаа дуусгасны дараа бидэнд хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, нягтаршуулалтаа дутуу хийсэн байсан. Харин нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгээс хэт илүү ажил хийсэн гэж биднээс нэмэлтээр 49 шуудай асфалтийн үнийг гэрээ байгуулаагүй атлаа шаардсан нь үндэслэлгүй. Учир нь дээрх гэрээний 3.1-д Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 1,400,000 төгрөг, 8.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн асуудалд дүгнэлт өгөөгүй, амаар нэмэлт ажил хийсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэрээний үнийн дүнг төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээнд заасан 1,400,000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээ байгуулахаас өмнө хийх ажлыг ирж үзэхдээ 40 ширхэг асфальт орно гэж мэргэжлийн байгууллагын хувьд хэлсний дагуу бид хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Харин нэмэлтээр асфальт хийхдээ яг хэдэн ширхэгийг нэмж хийх шаардлагатай болохыг урьдчилан хэлж танилцуулалаагүй, бичгээр нэмэлт өөрчлөлт хийгээгүй атлаа гэрээний үнээс хэт өндөр үнийн дун бухий ажлыг хийсэн гэж шаардаж байгаа нь гэрээний талуудын шударга байдлын зарчимд нийцэхгүй байна. Нөгөөтэйгөөр, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь дээр дурдснаар хэт өндөр төлбөрийг төлөхгүй байх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 40 шуудай асфальтаар нөхөөс хийж дууссан. Энэ тухай Т- СӨХ-ны захирал Ц.Ганбатад мэдэгдэхэд өөр хэдэн нүхийг нөхүүлмээр байна. Нэмж хэдэн асфальт аваад дуусгаад өгчих, гэрээг шинэчлээд хийнэ гэж хэлсний дагуу манай зүгээс 47 шуудай бүтээгдэхүүн авч, ажлыг тухайн өдөр нь хийж дуусгасан. Маргааш өглөө нь гэрээг шинэчилж, нэхэмжлэхийн хамт Т- СӨХ-ны захирал Ц.Ганбатад өгөхөд гарын үсэг зурахгүй, төлөхгүй гэж хэлсэн. Санал тавьж, нэмэлт ажил хийлгэсэн атлаа зөвшөөрөлгүй ажил хийсэн, хэдэн шуудай ажил хийснийг нь мэдэхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэмэлт ажил хийгдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Нэмэлтээр бүтээгдэхүүн авч ажил гүйцэтгэж байхад хариуцагч татгалзаагүй нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцэл хийсэн болохыг нотолж байна. Хариуцагч гомдолдоо бичгийн гэрээ байгуулаагүй гэж тусгасан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээг зөвхөн бичгээр байгуулна гэж хуульд заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б- ХХК нь орон сууцны хороолол доторх зам засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч Т- сууц өмчлөгчийн холбоо нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 9-10-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй.

5.Талуудын байгуулсан гэрээнийн 1.1-т нэг бүр нь 25,000 төгрөгийн үнэ бүхий 40 шуудай хүйтэн асфальтийг, шуудай тутамд 10,000 төгрөгийн хөлстэй буюу нийт 1,400,000 төгрөгийн хөлстэй гүйцэтгэхээр тохиролцож, хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбоо нь ажлын хөлс болох 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Б- ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, Төрийн банк ХХК-ийн төлбөрийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 43-44-р тал/

5.а.Нэхэмжлэгч Б- ХХК нь орон сууцны хорооллын замын эвдрэл гүн, хагархай ихтэй, хэт ухагдсан байсантай холбоотойгоор нэмэлт материал татах хүсэлтийг хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбооноос манай компанид гаргасан, нийт 89 шуудай асфальтаар 3,115,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл 1,715,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр тохиролцсон 1,400,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Б- ХХК нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, нягтаршуулалтыг дутуу хийсэн гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 1-2, 36-р тал/

5.б.Талууд дээрх байдлаар гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээнд маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр төсвийн хэмжээг тогтоолгохоор Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо-г шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтэд Т- орон сууцны хороолол доторх автозамын эвдрэлийг засах ажлын өртөг 77 шуудай буюу 2,695,000 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх-ийн 55, 59-61 74-91-р тал/

5.г.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбоонд гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн талаар мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт материал татаж, ажлыг гүйцэтгэсэн болох нь гэрч Г.Өнөхүсэлийн мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх-ийн 104-107-р тал/.

5.д.Анхан шатны шүүх захиалагчийн хяналтад ажлыг гүйцэтгээгүй гүйцэтгэгчийн буруутай үйлдлийг харгалзан ажлын хөлсийг 195,000 төгрөгөөр бууруулан, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,695,000 төгрөгөөс дээрх 195,000 төгрөг болон хариуцагчийн төлсөн 1,400,000 төгрөгийг хасаж хариуцагч Т- сууц өмчлөгчдийн холбооноос 1,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 615,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

6.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б- ХХК нь гэрээний 8.1-т зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бичгээр мэдэгдээгүй гэжээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт материал татах нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хариуцагч тал хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, мөн гүйцэтгэсэн ажлын хөлсийг шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон байх тул зөвхөн бичгээр мэдэгдээгүй гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/03417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ