Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/02817

 

 

 

 

 

 

 

2022 06 17

101/ШШ2022/02817

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, Х з ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Ү х б  ХХК /рд:0/-д холбогдох, 

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2020 оны 06 сарын 08-ны өдөр Ү х б ХХК-тай №01, №02, №03 тоот Худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, 3 төрлийн замын тусгай зориулалтын техник хэрэгслүүд болох зам тэгшлэгч автогрейдр, зам нягтруулагч индүүг тус тус худалдаж гэрээ байгуулсан. Худалдан авсан техник хэрэгслүүдийг манай компанийн үйлдвэрлэлийн талбай болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах кемпээс асаан хүлээн авч хөлөөр нь авч явсан. Гэрээнүүдийн нитй төлбөр 120,000,000 төгрөг болсон ба уг төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр тохирсон. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөр огт төлөгдөөгүй байсан. Тиймээс талууд гэрээндээ төлбөр төлөх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болгож, мөн алдангийг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар тооцохоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 329 хоногийн алдангийг үндсэн зээл 120,000,000 төгрөгөөс бодоход 197,400,000 төгрөг, нийт 317,400,000 төгрөг болсон. Гэхдээ Иргэний хуульд алдангийг үндсэн төлбөрийн 50 хувь гэж заасны дагуу хуульд нийцүүлэхэд 60,000,000 төгрөг болж байгаа. Иймд үндсэн төлбөр 120,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийг хариуцагч огт төлөөгүй тул уг мөнгийг Ү х б ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг 2022 оны 01 дүгээр сард үүссэн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл хариу тайлбараа гаргаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хариуцагч нь үндсэн төлбөр 120,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг бууруулах талаар хүссэн. Гэхдээ манай компани алданги бууруулах үндэслэл байхгүй болохоо мэдэгдсэн гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №01, №02, №03 дугаар худалдах-худалдан авах гэрээнүүд, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, алдангийн тооцоолол, сэлбэгийн задаргаа, зарлагын баримтууд,

- хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Х з ХХК нь хариуцагч Ү х б  ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х з ХХК нь хариуцагч Ү х б  ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №01, №02, №03 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдээр Х з ХХК нь 0 УН улсын дугаартай 0 арлын дугаартай 70,000,000 төгрөгийн үнэтэй зам тэгшлэгч, 0 УБ улсын дугаартай, Tian Gong YZ-12, 0 арлын дугаартай 30,000,000 төгрөгийн үнэтэй зам индүүдэгч, 0 УБ улсын дугаартай XCMG UZ-14, 0 арлын дугаартай 20,000,000 төгрөгийн үнэтэй зам индүүдэгчийг тус тус нийлүүлэх, Ү х б  нь нийт 120,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь бичгийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/

 

Мөн гэрээний талууд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №01, №02, №03 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдэд өөрлөлт оруулж, худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болгон, хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний зүйлүүд болох зам тэгшлэгч, зам индүүдэгчийг худалдагч Х з ХХК-иас Ү х б  ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь механизм хүлээцсэн актаар тогтоогдож байна.

 

Мөн талууд тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдэж, худалдан авагч Ү х б  ХХК нь 120,000,000 төгрөгийг худалдагч Х з ХХК-д төлөх өртэй гарсныг баталгаажуулсан байна. /хх-ийн 12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан ба худалдан авагч Ү х б  ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 120,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсантай холбоотой тайлбар, баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй.

 

Хариуцагч Ү х б  ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Зохигчдын хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 13, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшилсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувь гардан авсанаас хойш хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ү х б ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х з ХХК-д төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Хариуцагч Ү х б  ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь алдангид 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ү х б  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х з ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ү х б ХХК-иас 180,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х з ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ