Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01468

 

 

 

ХЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02817 дугаар шийдвэртэй ХЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ҮХБ ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ҮХБ ХХК-тай 01, 02, 03 тоот худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, 3 төрлийн замын тусгай зориулалтын техник хэрэгслүүд болох зам тэгшлэгч автогрейдр, зам нягтруулагч индүүг худалдсан.

Нэхэмжлэгч нь худалдан авсан техник хэрэгслүүдийг манай компанийн үйлдвэрлэлийн талбай болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах кемпээс хүлээн авч, өөрөө авч явсан. Гэрээнүүдийн нийт төлбөр 120,000,000 төгрөг болсон ба уг төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөр төлөгдөөгүй.

Талууд гэрээндээ төлбөр төлөх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болгож, мөн алдангийг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар тооцохоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 329 хоногийн алдангийг үндсэн зээл 120,000,000 төгрөгөөс бодоход 197,400,000 төгрөг, нийт 317,400,000 төгрөг болсон.

Иргэний хуульд алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасанд нийцүүлэхэд 60,000,000 төгрөг болно. Иймд үндсэн төлбөр 120,000,000 төгрөг, алданги 60,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийг хариуцагч ҮХБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ҮХБ ХХК-аас 180,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХЗ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу худалдагч талаас 2 ширхэг 120,000,000 төгрөгийн үнэтэй машин механизмуудыг биет байдлаар хүлээн авсан. Тухайн жил ковид-19 цар тахлын улмаас ажил хийгдээгүй тул машин механизмуудыг хөдөлгөж чадаагүй. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тооцооны үлдэгдлээ баталгаажуулж тооцоо нийлэх гэрээнд хугацаа алдсан тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй.

4.2. Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд алданги бус хүү төлүүлэхээр тохиролцох ёстой бөгөөд дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээх ёстой.

4.3. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ҮХБ ХХК-ийн захирлаар Д.Зоригтбаатар ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд Ө.Г, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээнд хариуцагч байгууллагыг төлөөлөн О.Ө нар гарын үсэг зурсан тул гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 60,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тайлбар: Талуудын анхны буюу үндсэн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг гэрээнд алданги тооцохоор заалт оруулсан ба гэрээ хүчин төгөлдөр юм.

Гэрээний үүргийн биелэлт хэрхэн хангагдах талаар тооцоо нийлэх гэрээнд заасан. Тус гэрээг байгуулснаар алданги тооцогдохгүй талаар гэрээнд дурдаагүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, алданги тооцож эхэлснээс хойш алданги тооцож, нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХЗ ХХК нь хариуцагч ҮХБ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тайлбар гаргаагүй байна.

 

3. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01, 02, 03 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч ХЗ ХХК нь 25-93 УН улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэсэн зам тэгшлэгч, 86-90 УБ улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн зам индүүдэгч, 73-00 УБ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэсэн зам индүүдэгчийг тус тус нийлүүлэх, хариуцагч ҮХБ ХХК нь нийт 120,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-8/

 

3.а. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлүүд хүчинтэй болсон байна.

Талуудын байгуулсан гэрээний шинж, хүлээсэн үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх гэж зөв дүгнэжээ.

Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр гэрээний зүйлийг хүлээн авмагц бус, хожим гэрээнд заасны дагуу хэсэгчлэн эсхүл бүрэн төлдөг. Мөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт худалдагч нь худалдсан зүйлийг худалдан авагчид үнийг нь бүрэн төлөхөөс өмнө шилжүүлэх үүрэгтэйг зохицуулсан бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт өмчлөх эрхийг шууд шилжүүлэх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх гомдол үндэслэлгүй болно.

3.б.Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу ХЗ ХХК нь дээрх машин механизмыг ҮХБ ХХК-д нийлүүлсэн боловч 120,000,000 төгрөгийг төлөөгүй тул зохигчид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01, 02, 03 тоот худалдах-худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ҮХБ ХХК нь нэхэмжлэгч ХЗ ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгахаар тохиролцжээ. /хх9-11/

3.в. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ҮХБ ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, нийт 120,000,000 төгрөгийн үнэ бүхий машин механизмыг хариуцагчид шилжүүлэн өгсөн, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 120,000,000 төгрөгийн төлбөртэй гарсан ба уг төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул алдангийн 60,000,000 төгрөгийн хамт нийт 180,000,000 төгрөг гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон байна.

3.г. Анхан шатны шүүх хариуцагч ҮХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хариу тайлбар болон татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

3.д. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч ҮХБ ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ХЗ ХХК-д төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн.

4. Талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 1.1-т зааснаар ҮХБ ХХК нь төлөлт хийх хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр заажээ.

Уг нэмэлт өөрчлөлтийн гэрээнд худалдан авагч талыг төлөөлж гарын үсэг зурсан О.Ө нь тус компанийн нягтлан бодогч албан тушаалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тус гэрээний нягтлан гэсэн хэсэгт О.Ө гарын үсэг зурж, дээр нь батлав захирал гэсэн байна.

4.а. Тус гэрээнд гарын үсэг зурсан О.Ө нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш буюу алданги төлөх үүрэг хүлээсэн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулахдаа компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч ХЗ ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу алданги шаардах эрхгүй.

Талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 3 нэмэлт өөрчлөлтийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ҮХБ ХХК-аас 120,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХЗ ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид шаардсан 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулав.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02817 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЗ ХХК-д олгосугай. гэснийг ...120,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЗ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1 гэсний ард ...56.2 гэж нэмж, ...1,057,950 гэснийг ...757,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ҮХБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ