Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03353

 

 

 

 

 

 

 

 

2022 07 29

101/ШШ2022/03353

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Д.Т-т холбогдох

 

4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн хашаа байшингаа 19,000,000 төгрөгөөр зараад мөнгөө өөрийнхөө дансанд байршуулсан. Гэвч би зээлтэй байсан тул миний данснаас зээл татаад байсан болохоор энэ тухай өөрийн дүүгийн эхнэр Д.Тт хэлсэн. Ингээд Д.Тын данс руу 10,000,000 төгрөгөө түр хугацаагаар шилжүүлсэн. Уг мөнгөө хэрэг болсон үедээ буцааж авна гэж тохиролцсон. Гэвч уг мөнгөнөөс 4,300,000 төгрөгийг өгөөд үлдэх 5,700,000 төгрөгийг өгөхгүй байна. Уг 5,700,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг нь дүү О.М, эхнэр Д.Т нарын гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж үлдээгээд, үлдэх 4,200,000 төгрөгийг хариуцагч Д.Таас гаргуулан авах хүсэлттэй байна. Би уг мөнгөө Д.Таас шаардахад хэрүүл маргаан хийгээд өгөхгүй байгаа тул аргагүй шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Мээс 10,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Хэзээ ч түүнээс мөнгө зээлж байгаагүй. О.М нь өөрөө дансанд байгаа мөнгийг маань банк зээлэнд татаад байна, чиний дансанд байлгаж байя гэж хэлсэн. Ингээд миний данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс нь би 6,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Үлдэх 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг нь нөхөр О.Мы хэлсэний дагуу түүний хадгаламж руу нь хийсэн. Учир нь манай нөхөр О.М нь эгч О.Мээсээ мөнгө авах ёстой гэж байсан. 2,000,000 төгрөгийг нь байрны түрээсийн төлбөрт хийсэн. О.М нь нэг сарын хугацаанд манай гэрт байсан ба байрны түрээсийн төлбөрийг хамт төлөлцөнө гэсэн юм. 0 тоотод байрлах орон сууцыг бид сарын 700,000 төгрөгөөр түрээслэдэг. Иймд одоо О.Мт өгөх мөнгө байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны дансны хуулга,

- хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, орон сууц хөлслөх гэрээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Д.Тт холбогдуулан 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.1 Нэхэмжлэгч О.М нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данснаас 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Тын эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Зохигчдын хэн аль нь ...О.Мийн дансанд байгаа мөнгөнөөс банк зээлэнд татаад байгаа тул, Д.Тын дансанд түр байршуулахын тулд уг 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. О.М нь хэрэгтэй үедээ мөнгөө буцааж авах байсан үйл баримтыг тайлбарласан.

 

3. Хариуцагч Д.Т нь өөрийн дансаар 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авахдаа О.Мийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдоос гаргасан тайлбараар тогтоогдож байна. Харин тэрээр уг мөнгөн хөрөнгөөс 6,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.1 Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч рүү буцаан шилжүүлж, үлдэх 5,700,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөөгүй байна.

 

3.2 Гэвч нэхэмжлэгч О.М нь 5,700,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг авахгүй, үлдэх 4,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

 

3.3 Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон нөхөр О.Мы хадгаламжийн данс руу тус тус хийсэн тул төлөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч О.М болон хариуцагч Д.Т нар нь хамтран орон хөлслөхөөр тохиролцсон, орон сууц хөлслөх гэрээний үүргийг О.М хариуцах үүрэгтэй гэх үйл баримтыг агуулсан баримтгүй, уг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргасан.

 

Нөгөө талаар, хариуцагчаас ...2,000,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн, О.М нь манайд 1 сарын хугацаанд байсан, орон сууцны сарын төлбөр 700,000 төгрөг гэж тайлбарлаж байгаа нь зөрүүтэй, учир дутагдалтай байна.

 

Мөн 2,000,000 төгрөгийг нөхөр О.Мы хэлсний дагуу түүний хадгаламжийн данс руу хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий биш, О.Мийн мөнгөн хөрөнгийг О.М нь бусдад заавар өгөх замаар захиран зарцуулах эрхтэй гэх баримт хэрэгт авагдаагүй. Д.Т нь хохирсон гэж үзвэл О.Маас өөрийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 82,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Таас 4,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжид 82,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ