Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01788

 

 

О.М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03353 дугаар шийдвэртэй

О.М ийн нэхэмжлэлтэй

Д.Т т холбогдох

4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Т , хариуцагчийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн дүүгийн эхнэр Д.Т ын данс руу 10,000,000 төгрөгийг түр хугацаагаар шилжүүлсэн.

Уг мөнгийг хэрэг болсон үедээ буцаан авахаар тохиролцсон. Гэвч Д.Т нь 4,300,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 5,700,000 төгрөгийг өгөөгүй. 5,700,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг нь дүү О.М , түүний эхнэр Д.Т нарын гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж үлдээгээд, үлдэх 4,200,000 төгрөгийг хариуцагч Д.Т аас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие О.М ээс 10,000,000 төгрөг зээлээгүй. О.М нь миний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлснээс 6,000,000 төгрөгийг нь буцаан өгч, үлдэх 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг нөхөр О.М ы хадгаламжийн дансанд хийсэн. Учир нь О.М нь О.М ээс авлагатай байсан.

О.М 1 сарын хугацаанд манай гэрт амьдарсан тул байрны түрээсийн төлбөрийг хамт төлөхөөр болсон. Бид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 58 дугаар байр, 30 тоотод байрлах орон сууцыг сарын 700,000 төгрөгөөр түрээслэдэг тул ба үлдэх 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн.

Иймд О.М т өгөх мөнгө үлдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Т аас 4,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 82,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн 3.2-т нэхэмжлэгч О.М нь 5,700,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг авахгүй гэж, шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд даргалагчаас нийт 5,700,000 төгрөгийг төлөөгүй боловч 1,500,000 төгрөгийг нэхэмжлэхгүй юм уу гэж асуулт асууснаас үзвэл шүүх ямар шалтгаанаар хэдэн төгрөгийг ямар данс руу шилжүүлсэн талаар тодруулах ажиллагаа хийгээгүй.

О.М ийн 10,000,000 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр ах н.Д ын 5893153634 тоот дансанд 1,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн 5913215618 тоот дансанд 2,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн 5913215618 тоот дансанд 2,300,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дүү О.М ы хадгаламжийн дансанд 2,100,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дүү О.М ы орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 2,140,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үлдэх 460,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр жижиг гүйлгээнүүд хийгдсэн байхад шүүх баримтыг бодитоор үнэлээгүй.

4.2. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг Д.Т т танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэв энэ тайлбартай танилцсан бол О.М ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах байсан.

4.3. Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас өмгөөлөгч авах, О.М ыг гэрчээр оролцуулах боломжтой эсэхийг асуухад шүүгч энэ талаарх шийдвэрийг гаргадаг гэхээ таны маргаан дээр заавал өмгөөлөгч авч оролцох шаардлагагүй, өөрөө орсон нь дээр гэх мэдээлэл өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Буруу мэдээлэл авсан тул өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож, О.М ыг гэрчээр оролцуулж чадаагүй.

4.4. 4,200,000 төгрөгийн 2,140,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр О.М ы хөлсөлж буй орон сууцны төлбөрт шилжүүлсэн. Гэтэл шүүх хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлабр гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Д.Т т холбогдуулан 4,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. О.М нь Хаан банк ХХК дахь Д.Т ын эзэмшлийн дансанд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна. /хх21 дэх тал/

 

4. Нэхэмжлэгч нь уг 10,000,000 төгрөгөөс дүү О.М ы гэр бүлд 1,500,000 төгрөгийг өгсөн, Д.Т аас 4,300,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх 4,200,000 төгрөгийг шаарджээ.

 

5. Хариуцагч нь ...6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, түүний зөвшөөрлөөр О.М д 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хамтран хөлсөлсөн орон сууцны төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч О.М т 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,300,000 төгрөг нийт 4,300,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үнийн дүнд 1,500,000 төгрөгийг хасч нэхэмжилсэн.

 

6. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг буцаан шаардаагүй, 4,300,000 төгрөгийг дансаар авсан тул хариуцагч нь 4,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй.

 

7. Талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан ...нэхэмжлэгчийн хүсэлтээр ах н.Д ын 5893153634 тоот дансанд 1,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн 5913215618 тоот дансанд 2,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн 5913215618 тоот дансанд 2,300,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дүү О.М ы хадгаламжийн дансанд 2,100,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дүү О.М ы орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 2,140,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, үлдэх 460,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр жижиг гүйлгээнүүд хийгдсэн гэх үйл баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хэмжээнд хянан шийдвэрлэнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан ба хэргийн оролцогч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, эрх зүйн туслалцаа авах боломж олгох талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга үүргээ зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

10. Хариуцагч Д.Т нь хэргийн материалтай 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр танилцсан тул түүний нэхэмжлэгчийн мөн оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тайлбартай танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй болжээ.

 

11. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг Д.Т нь хөлслүүлэгч Л.Бат-Өлзийгийн төлөөлөгч М.Н тай байгуулсан. Анхан шатны шүүх энэ гэрээнд О.М оролцоогүй тул түүнд үүрэг үүсээгүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн тул гэрээнд дүгнэлт өгөөгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/03353 дугаар шийдвэртэй хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,170 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ