Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/03344

 

 

 

 

 

 

 

 

                                              2022        07          27

                     101/ШШ2022/03344

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Б.Д-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоот хаягт байрлах, “Б Т Б к” ХХК /рд:0/,

 

Хариуцагч: Б.Ч,

 

ХариуцагчЭ.Б нарт холбогдох,

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Бд бүртгэснийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

  Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гэрч Б.С, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Д нь Ж.Бтэй гэр бүл болж 2016 оны 5 сард охинтой болж гэр бүлээ төлөвлөсөн. Ингээд 2018 оны 08 сард орон сууц авахаар бид 2 талын ах дүүгээсээ тусламж хүсэж байрны үнэ болох 53,000,000 төгрөгийг бэлэн болгож байр авахаар ярилцан улмаар “Б Т Б к” ХХК-ийн барьсан орон сууцыг худалдан авахаар тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байр ,6 тоотод байрлах 42.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэн мөнгөөр худалдаж авсан билээ. Тухайн үед орон сууцыг “Б Т Б к” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан мөнгийг нь тус компанийн хүсэлтээр, мөн тус компанид барилгын гүйцэтгэгч ажил хийж гүйцэтгэж байсан А.Ч нарын хүсэлтээр Хаан банкны 5013053951 тоот дансанд тохиролцсон ёсоор 53,000,000 төгрөгийг нэг дор бүрэн шилжүүлсэн юм. Ингээд “Б Т Б к” ХХК-ийн зүгээс бидэнд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгч түлхүүр өгснөөр бид орон сууцандаа орж одоог хүртэл амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд манай гэр бүл “Б Т Б к”  ХХК, түүний удирдлага нараас гэрчилгээгээ удаа дараа шаардахад “....удахгүй гаргаж өгнө, танайд төлбөр тооцооны асуудал байхгүй, гүйцэтгэгчээр ажилласан А.Чтой тооцоо нийлээд гэрчилгээг чинь шууд гаргаж өгнө гэх мэтээр” асуудалд хандсаар өдийг хүрээд байна. Бид бүхэн залуу хүмүүс гэр бүл болж анх удаа орон сууц худалдан авахаар 2 талын аав ээж ах дүүгээсээ орон сууцны төлбөр болох 53,000,000 төгрөгийг олж уг орон сууцыг шударгаар худалдаж авсан атал орон сууцны минь гэрчилгээг хариуцагч байгууллагын зүгээс гэрээ болон хуулийг зөрчиж гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд “Б Т Б к”  ХХК, түүний захирал М.Ж-Э нартай 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар хот, Баязүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байр, 6 тоотод байрлах, 42.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тал болох Б.Д миний нэр гаргуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж нотлох баримтууд шүүхэд ирэхэд нэхэмжлэгч миний маргаж буй орон сууцны гэрчилгээг хариуцагч компани миний танихгүй огтоос мэдэхгүй иргэн Эрдэнэбаатарын Баярмаад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгсөн нь тогтоогдлоо. 2018 оноос хойш өдийг хүртэл амьдарч буй орон сууцыг минь бидний танихгүй иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч байгууллага гаргуулж өгсөнд туйлын гомдолтой, маш ихэд гайхаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас иргэн

Э.Бг хамтран хариуцагчаар татан дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Иймд Э.Бгийн нэр дээр гарсан Улаанбаатар хот, 0 тоот, 44.45 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны 000712167 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Д нь “Б Т Б к”ХХК-тай орон сууц худалдан авахаар тохирсон боловч төлбөрийг компанид төлөөгүй, удаа дараа төлбөрийн мөнгийг төлөхийг шаардсан уулзалт зохион байгуулсан боловч төлбөрийг төлөөгүй, компаниас төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт орон сууцны төлбөрийг зохих ёссоор төлөөгүй учир орон сууцыг эзэмших ашиглах эрхгүй этгээд болно. “Б Т Б к”ХХК нь Б.Ды хувьд хүлээх ямар нэгэн хариуцлагагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ч нь н.Ж-Этай хамтран ажиллаж байсан барилгын гүйцэтгэлийг удирдаж байсан хүнийг төлөөлж байна. Б.Д, Б нар нь 2016 оны 5 дугаар сард гэр бүл болж 2018 оны 8 дугаар сард орон сууц авахаар тохирч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 6 тоотод байрлалтай 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлнээр худалдаж авахаар 53 сая төгрөгийг нэг дор шилжүүлсэн. А.Чд нэхэмжлэгч шилжүүлсэн гэдэг нь нотлогддог. Тус мөнгийг А.Ч нь н.Ж-Эийн зөвшөөрлөөр түүний хэлсэн дансанд нь шилжүүлсэн. Тэд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажиллаж, Б.Д, н.Баярцэцэг нарын байр авсан мөнгийг барилгын ажлын гүйцэтгэл, ажилчдын хөлсөнд зарцуулсан. Баримтаас харахад А.Чын гүйлгээний хуулгад 195,265,358 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн мөнгө уг мөнгөнд орсон. Мөнгийг 5013053951 тоот дансаар тохиролцсон ёсоор авсан. А.Ч үүнийг зөвшөөрдөг. А.Ч, Б.Д нарын хооронд үүссэн асуудал байхгүй. 2018 оноос өдийг хүртэл нэхэмжлэгч гэр бүлийн хамтаар маргаан бүхий байранд амьдарч байгаа, гэвч тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ н.Баярмаа гэх хүний нэр дээр шилжсэн нь А.Чд хамаагүй. Барилгыг А.Ч 80-90 хувийн гүйцэтгэлтэй хийж, улсын комисст заасан хугацаанд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн шаардлага болох Э.Бгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг даалгаж, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэдгийг хариуцагч А.Ч хүлээн зөвшөөрч байгаа. 195,265,358 төгрөгт нь Б.Ды худалдаж авсан байрны мөнгө орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг дэмжиж байна. Түүнийг байрандаа амьдарч байх хугацаанд нь гэрчилгээг нь гаргаж өгөөгүй, өөр хүний нэр дээр гаргасан байна гэв.

Хариуцагч Э.Бшүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон боловч гэрээний үнийг төлөөгүй учир тэдний орон сууцыг эзэмшиж байгаа асуудал нь хууль бус төдийгүй хамтран хариуцагчаар татагдсан Э.Бнь ч хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчсөн үйлдлийг хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Д нь “ Б Т Б к” ХХК-иас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 6 тоот 42.2 м.кв тайлбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцон 2018-08-21-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан орон сууцны үнийг өгөхөөр тохирон орон сууцаа хүлээн авч амьдарч эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг өгөлгүй дээрхи орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа болно. Б.Д нь манай байгууллагыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “орон сууцны төлбөрийг төлсөн” гэж байгаа боловч уг төлбөрийг “Б Т Б к” ХХК-д огт хамааралгүй этгээдэд шилжүүлсэн нь орон сууцны төлбөрийг гэрээний дагуу төлсөн гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд энэ тухайд Б.Дд удаа дараа мэдэгдсэн, хэрвээ гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2020-10-28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд Б.Д мэдэгдлийг хүлээн авсанаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн боловч орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учир мэдэгдлийн дагуу гэрээ цуцлахыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Б.Д нь гэрээг цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд маргаан бүхий орон сууцыг Б.Ды хууль бус эзэмшлэзс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Удаа дараа байрны үнийг нэхсэн гэдэг нь худал. Би урьд нь компанийн удирдлагуудтай болон ажил гүйцэтгэж байсан хүмүүстэй холбоотой байсан, ярьж хэлж асууж байхад А.Чтой түр зуурын асуудалтай байгаа, түүнийг шийдээд танай асуудлыг шийдээд өгнө гэж “Б Т Б к” ХХК-иас хэлж байсан. 2019 онд Э.Бнь гэрээ хийж, гэрчилгээг гаргуулсан явдал болсон байсан тул худал мэдээлэл сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

А.Ч нь "Б Т Б к" ХХК, н.Жн- нартай холбоогүй биш 130 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээгээр А.Ч өөрийн хөрөнгөөр ажил хийсэн. Тухайн байрыг Б.Д өмчилсөн гэдгийг А.Ч гэрчилнэ. Учир нь нэхэмжлэгчийн мөнгийг н.Жаргалан-Энхийн заасан дансанд нь шилжүүлсэн. Мөн н.Жн-ийг зөвшөөрлөөр ажил гүйцэтгэх гэрээ хийсэн нь дансны гүйлгээгээр нотлогддог. Улсын комисст хүлээлгэн өгөхөд нь ч оролцсон. Б.Д гэрчилгээ гараагүй байхад гэрээ хийсэн боловч тухайн үеийн эдийн засгийн тооцооллоор 53 сая төгрөгийн гэрээг "Б Т Б к" ХХК-тай байгуулсан. Б.Ды тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн байрыг худалдан авсан бол, төлбөр мөнгө тооцоо биелэгдсэн бол баримтаа Э.Бгаргаж өгөх боломжтой байсан. Байрыг авч, түүнээсээ хэдэн төгрөгийн татвар улсад төлсөн зэрэг баримтаа гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбар нь үгүйсгэгдэнэ. "Б Т Б к" ХХК, н.Жаргалан-Энх, А.Ч нарын асуудал тусдаа. н.Ж-Э төлбөрийг бүрэн авснаа зөвшөөрдөг, тус мөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэнг дансны хуулгаар нотолдог. А.Ч ажлаа гүйцэт хийдэг, Б.Д төлбөрөө хийсэн, Б.Д нь "Б Т Б к" ХХК-тай гэрээ хийсэн. Энэ маргаан үүсэхээс өмнө байр Э.Бгэх хүнд шилжсэн боловч байр, тог, цахилгааны мөнгөө төлж буй хүн нь Б.Д байна. Иймд "Б Т Б к" ХХК-иас гаргасан сөрөг үндэслэлгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 08 сарын 21-ний өдрийн орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, Хаан банкны дансны хуулга, фото зураг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууц ашиглалтын төлбөр төлсөн баримтууд,

Хариуцагч “Б Т Б к” ХХК-иас гаргасан баталгаат шуудангийн төлбөрийн баримт, мэдэгдэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,

Хариуцагч А.Чоос гаргасан Хаан банкны дансны хуулга,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, холбогдох баримтууд, Хаан банк ХХК-ийн лавлагаа,

Хариуцагч А.Чын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ,

Хариуцагч  “Б Т Б к” ХХК-ийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Улсын дээд шүүхийн албан бичиг, гэрчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Б Т Б к” ХХК-д холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар  А.Ч, Э.Бнарыг татаж, 0 тоотод байрлах, 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Бд бүртгэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК болон Э.Бнар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “Б Т Б к” ХХК-иас хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

Хариуцагч А.Ч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан.   

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч “Б Т Б к” ХХК нар  2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б Т Б к” ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 43 айлын орон сууцны 42.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Б.Д нь 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр тооцон нийт 54,626,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-14 дүгээр тал/

 

Тус гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Д нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 53,000,000 төгрөгийг хариуцагч А.Чын эзэмшлийн Хаан банк ХХК дахь 0 тоот дансанд “Д-аас байрны үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /хх-ийн 22 дугаар тал/

 

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 43 айлын зориулалттай орон сууцыг иргэн Б.Жамбалсүрэнгийн захиалгаар “Б Т Б к” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна. Барилга ашиглалтад орсоноос хойш “92б” байр гэх бүртгэлийн хаяг авсан байна. Уг 92б дугаар орон сууцны 6 тоотын 2 өрөө орон сууцанд Б.Д нь гэр бүлийн хамт барилга ашиглалтад орсоноос хойш одоог хүртэл “Б Т Б к” ХХК-ийн зөвшөөрлөөр орж, амьдарч байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Энэ нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууцны ашиглалт, цахилгаан, ус, дулааны төлбөрийг Б.Д нь 2019 оны 01 сараас эхлэн төлсөн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 34-60, 111-112, 143-146 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч “Б Т Б к” ХХК нарыг орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц нь баригдаж байсан, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж  байсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Иймд Б.Д, “Б Т Б к” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Уг үүргийн хүрээнд худалдан авагч Б.Даас орон сууцны тохирсон үнэ төлөх үүргээ биелүүлсэн эсэх, худалдагчаас  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг зөрчсөн эсэх нь талуудын маргааны зүйл болсон. 

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар талуудын маргааны зүйл болох 0  тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.Бнь “Б Т Б к” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Бнь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 44.45 м.кв гэж бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-ийн 108-113 дугаар тал/ 

 

Нэхэмжлэгч Б.Даас “...байр худалдан авахаар “Б Т Б к” ХХК-ийн оффист захирал М.Ж-Э, А.Ч нартай гурвуулаа уулзсан. Ингээд 2 өрөө орон сууцыг “Б Т Б к” ХХК-иас  худалдан авахаар тохиролцож захирал М.Ж-Этэй нь гэрээ байгуулсан. М.Ж-Э нь орон сууцны нийт төлбөр 54,626,000 төгрөгөөс татвар, хураамжийг хасч тооцоод 53,000,000 төгрөгийг манай ажлыг гүйцэтгэж байгаа А.Чын дансанд хийчихээрэй гэж хэлсэн. Тухайн үед А.Ч нь барилгын ажлыг хийж байсан, М.Ж-Э нь А.Чын дансанд хийхийг зөвшөөрсөн тул би мөнгөө А.Чын дансанд хийсэн” гэж тайлбарласан.

 

Хариуцагч А.Ч нь өөрийн дансаар орон сууцны төлбөр 53,000,000 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээ “...“Б Т Б к” ХХК болон манай “ММОч” ХХК нар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани маргаан бүхий орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгэсэн. Уг ажлын хөлсөнд 123,302,100 төгрөгийг манай компани авахаар тохиролцсон боловч бодит байдал дээл 190,000,000 төгрөгийн ажлыг хийж өгсөн. Барилгын ажил явагдах үед би өөрийн биеэр ажилчдаа болон барилгын бараа материалыг хариуцан ажиллаж байсан ба ажилчдын цалин хөлсийг өгөх шаардлагатай болоход “Б Т Б к” ХХК-ийн захирал М.Ж-Э нь Б.Даас төлөх 53,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлүүлж, ажилчдын цалинг олгож байхыг зөвшөөрсөн” гэж тайлбарласан.

 

“Б Т Б к” ХХК болон “ММОч” ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг “ММОч” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. “ММОч” ХХК-ийн захирал нь А.Ч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /2-р хх-ийн 103-107, 178-186 дугаар тал/

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэх болсон үндэслэлээ “...Б.Д нь орон сууцны үнийг төлөөгүй тул Э.Бд шилжүүлсэн” гэж тайлбарлаж, А.Чын “ММОч” ХХК-иар маргаан бүхий орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин А.Чыг гүйцэтгэвэл зохих барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарладаг.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Саас “...Би энэ 43 айлын орон сууцны барилгын цахилгааны ажлыг нь хийж гүйцэтгэсэн. Намайг ажиллаж байхад   А.Ч заслын ажил хийж байсан. Би болон миний доорх ажилтанууд цалингаа дандаа А.Чоос авч байсан. Барилгын эд зүйл, хоол унд бүгдийг А.Ч өгдөг байсан. А.Ч, М.Ж-Э нар цэргийн сургуулийн найзууд байсан. А.Ч нь бартерийн байр байна гэхээр нь би эхнэрийнхээ дүү Б.Дыг уулзуулсан. Тэгээд Б.Д нь н.Ж-Э, А.Ч нартай уулзаад байр авахаар болсон. М.Ж-Э орон сууцны мөнгийг бөөнөөр нь А.Чын дансаар өгөөрэй гэж Б.Дд хэлсэн байсан. М.Ж-Э, А.Ч нартай Б.Д уулзаж гарч ирээд гэрээний мөнгийг А.Чын дансанд хийгээрэй гэж М.Ж-Э хэлж байна гэж надад хэлсэн. Маргааш нь Б.Д бүх мөнгөө М.Ж-Эийн хэлсэний дагуу А.Чын дансанд хийчихлээ гэж хэлсэн” гэж мэдүүлсэн.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан ба талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Д нь орон сууцны үнэ 53,000,000 төгрөгийг “Б Т Б к” ХХК-ийн захирал М.Ж-Эийн заавар, зөвшөөрлийн дагуу А.Чын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Б.Д нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч “Б Т Б к” ХХК-иас гаргасан орон сууцны үнийг манай компанийн дансаар төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох А.Чд хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч “Б Т Б к” ХХК нь зөвшөөрсөн байх тул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК нь нэхэмжлэгч Б.Дыг орон сууцны үнийг төлөөгүй гэж маргах боловч 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, дараа өдөр болох 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны төлбөрийг төлсөн байгаа үйл баримтыг бодитоор тайлбарлаж, үндэслэл бүхий няцааж чадаагүй. Мөн хариуцагч А.Чыг барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж маргах боловч энэ нь “Б Т Б к” ХХК, “ММОч” ХХК нарын хоорондын асуудал байх бөгөөд уг асуудал нь Б.Дд хамааралгүй байна.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК нь худалдах-худалдах авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Дд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчсөн байна.

 

Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудыг харьцуулан үзэхэд орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, маргааны зүйл болох 0 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Дд шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Ббүртгэгдсэн. Түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх ба “Б Т Б к” ХХК, Э.Бнарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч Э.Бнь орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж өмчлөх эрхийг олж авсан байх ба түүнийг Иргэний 114 дүгээр зүйлд зааснаар эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэх үндэслэлээр өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. /1-р хх-106-113, 2-р хх-65-78 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Б.Ды орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, 0 тоотод байрлах, 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Бд бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Д нь худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй ба уг эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Э.Бболох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч “Б Т Б к” ХХК нь 0 тоотод байрлах, 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч биш атлаа Б.Ды хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч “Б Т Б к” ХХК-иас гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх журамтай ба үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 501,280 төгрөг /431,080+70,200/, хариуцагч “Б Т Б к” ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээл үлдээх нь зүйтэй.

 

Бусад:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч “Б Т Б к” ХХК, Э.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Б Т Б к” ХХК-ийн өмгөөлөгч Р.Пнар шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХК-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б.Г, Б.Б, П.Г нарыг оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б Т Б к” ХХК нь гэрчээр Б.Гыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. /1-р хх-126, 2-р хх-162/  Шүүх хариуцагчаас тодорхойлсон гэрчийн хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд гэрч Бумдүүрэн нь Увс аймгийн Улаангом сум, 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 20 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар  харьяа Засаг даргаас тодорхойлолт ирсэн. Хариуцагч “Б Т Б к” ХХК нь гэрч Б.Бумдүүрэнгийн оршин суух хаягийг дахин тодорхойлж өгөөгүй. /2-р хх-187-189/

 

Гэрч Б.Ганхөлөг нь шүүх хуралдаанд “...“Б Т Б к” ХХК-ийн барьсан орон сууцны борлуулалтын ажлыг би хийхээр ярилцаж байсан боловч борлуулалтын ажил огт хийгээгүй. “Б Т Б к” ХХК, А.Ч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төлбөр мөнгөний асуудал болон Б.Дтай байгуулсан гэрээний талаар огт мэдэхгүй” гэж мэдүүлсэн.

 

Хариуцагч А.Чын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Д.О, Д.Э, Э.А, Н.М, Д.О, Л.М, Л.Ч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр иргэдийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. /1-р хх-155, 239, 2-р хх-53, 59/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Т Б к” ХХК, А.Ч, Э.Бнарт холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, 0 тоотод байрлах, 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Бд бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ды нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч  “Б Т Б к” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 501,280 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ