Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01860

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/03344 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, А.Ч , Э.Б нарт холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, ... тоот хаягт байрлах 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б гийн нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д , түүний өмгөөлөгч Ц.Б , хариуцагч бөгөөд хариуцагч Б ХХК, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Р.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Д миний бие 2018 оны 08 сард орон сууц авахаар ах, дүүгээсээ тусламж хүсэж байрны үнэ болох 53,000,000 төгрөгийг бэлдэж, улмаар Б ХХК-ийн барьсан орон сууцыг худалдан авахаар тохиролцож ... хаягт байрлах 42.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тухайн үед орон сууцыг Б ХХК-тай 2018 оны 08 сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан мөнгийг тус компанийн болон тус компанид барилгын ажил гүйцэтгэж байсан А.Ч нарын хүсэлтээр Хаан банкны 0000000000 тоот дансанд 53,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Ингээд Б ХХК-ийн зүгээс бидэнд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгч, түлхүүр өгснөөр орон сууцандаа орж одоог хүртэл амьдарч байгаа. Б ХХК, түүний удирдлагаас гэрчилгээгээ удаа дараа шаардахад ...удахгүй гаргаж өгнө, танайд төлбөр тооцооны асуудал байхгүй, гүйцэтгэгчээр ажилласан А.Ч той тооцоо нийлээд гэрчилгээг чинь шууд гаргаж өгнө... гэсэн хариуг өгч өдийг хүрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны гэрчилгээг хариуцагч компани Э.Б гийн нэр дээр гаргуулж өгсөн болох нь тогтоогдсон. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Д миний нэр дээр гаргуулж, ... тоот хаягт байрлах 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б гийн нэр дээр бүртгэснийг хүчингүй болгож өгнө үү.

2.   Хариуцагч Б ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Д нь Б ХХК-тай орон сууц худалдан авахаар тохиролцсон боловч төлбөрийг компанид төлөөгүй, компаниас төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт орон сууцны төлбөрийг зохих ёсоор төлөөгүй учир орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй этгээд болно. Б ХХК нь Б.Д ы хувьд хүлээх ямар нэгэн хариуцлага байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч А.Ч ын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 сард орон сууц худалдан авахаар тохирч ... д байрлах 42.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 53,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогддог. Тус мөнгийг А.Ч нь Б ХХК-ийн захирал М.Ж ийн зөвшөөрлөөр түүний хэлсэн дансанд шилжүүлсэн. Тэд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг барилгын ажил, ажилчдын хөлсөнд зарцуулсан. А.Ч нь барилгын ажилд нийт 195,265,358 төгрөгийг зарцуулсан баримтаар харагддаг. Нэхэмжлэгчийн төлсөн мөнгө уг мөнгөнд орсон. 2018 оноос өдийг хүртэл нэхэмжлэгч гэр бүлийн хамтаар маргаан бүхий байранд амьдарч байгаа. Тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Э.Б гэх хүний нэр дээр шилжсэн нь А.Ч д хамааралгүй.

 

4.   Хариуцагч Э.Б гийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон боловч гэрээний үнийг төлөөгүй учир тэдний орон сууцыг эзэмшиж байгаа асуудал нь хууль бус төдийгүй хамтран хариуцагчаар татагдсан Э.Б нь хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчсөн үйлдлийг хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.   Хариуцагч Б ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: Б.Д нь манай байгууллагыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцны үнийг төлсөн гэж байгаа боловч уг төлбөрийг Б ХХК-д огт хамааралгүй этгээдэд шилжүүлснийг орон сууцны үнийг гэрээний дагуу төлсөн гэж үзэхгүй. Энэ тухайд Б.Д д удаа дараа мэдэгдэж, гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Б.Д мэдэгдлийг хүлээн авснаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн боловч орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учир мэдэгдлийн дагуу гэрээ цуцлахыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно. Иймд маргаан бүхий орон сууцыг Б.Д ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч Б.Д ы хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлд дурдсан удаа дараа байрны үнийг төлөхийг шаардсан гэдэг нь худал. Миний бие хариуцагч компанийн удирдлага болон ажил гүйцэтгэж байсан хүмүүстэй холбоо барьж асуухад А.Ч той түр зуурын асуудалтай байгаа, түүнийг шийдээд танай асуудлыг шийдэж өгнө гэсэн тайлбар өгч байсан. Мөн Э.Б д байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 онд өгсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

7.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК, А.Ч , Э.Б нарт холбогдох Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлтийг хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, ... д байрлах 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б д бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Д ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 501,280 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

8.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

8.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Д орон сууцны үнийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнээгүй, мөн Иргэний хуулийн ямар зүйл заалтаар иргэний эрх зүйн ямар харилцаа талуудын хооронд үүссэн болон талууд ямар эрх, үүрэг хүлээж оролцсон талаар хуульд нийцүүлэн дүгнээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж үнэлэлт, дүгнэлт бүрэн өгч чадаагүй гэж үзэж байна.

8.б. Б.Д нь өөрийн эрх, хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулж өмгөөлөгчтэй оролцох тухайгаа шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх хүлээж аваагүй. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.8-д тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мөн талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

8.в. Анхан шатны шүүх хамтран хариуцагч Э.Б д олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүүрэн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, маргааны үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

9.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг зөв дүгнэж шийдвэрлээгүй гэх гомдлын агуулгыг зөв гэж үзэж байна. Гэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнэ 53,000,000 төгрөгийг Б ХХК-ийн захирал М.Ж ийн зөвшөөрлөөр түүний хэлсэн дансанд шилжүүлсэн гэх дүгнэлт нь үндэслэлгүй. Манай тал мөн адил давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гомдол гаргаж байгаа тул ийм тайлбар гаргаж байна. Харин энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын эрхийг эдлүүлээгүй, журмыг зөрчсөн эсэх гэдэг асуудалд тайлбарлах зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо төлбөрөө төлөөгүй юм чинь үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн агуулгаар нэхэмжлэгч талыг тайлбар гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулах боломжтой. Харин тэр процессын хууль зөрчсөн буюу өмгөөлөгч оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, одоо хүсэлтийг хүлээж аваагүй гэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн өөрөө энэ хэргийг бүхэлд нь хэн хянаж үзээд асуудлыг шийдвэрлэх байх аа гэж бодож байна.

 

10.   Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

10.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийг тус тус буруу тайлбарласан буюу ...үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох А.Ч д хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч Б ХХК нь зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх Б ХХК нь зохих хэмжээний ашиг олсон байх ёстой бөгөөд хэдэн төгрөгийн ашиг олсон болох нь баримтаар нотлогдон тогтоогдсон тохиолдолд л үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг хийх ёстой байсан. Гэтэл хэрэгт Б ХХК-ийн гэрээний дагуу хүлээн авах ёстой 54,626,000 төгрөгийг А.Ч ын дансанд хийхийг зөвшөөрсөн тухай ямар ч баримт авагдаагүй. Мөн Б ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг бүрэн биелэгдэж ажил гүйцэтгэгч М ХХК нь гэрээгээ дүгнэн тус гэрээний 1.2-т заасан бартерын тооцоондоо ... тоот, хэдэн м.кв талбайтай орон сууцыг өгөхөөр тохиролцсон тухай баримтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн тохиолдолд л Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг шүүх хийх буюу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэнд тооцсон дүгнэлтийг хийх ёстой байсан.

10.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт талуудын гаргасан тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохоор хууль тогтоогч хуульчилсан. Гэрч Б.С , А.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А  нарын өгсөн мэдүүлэг болон тайлбар нь шүүхийн шийдвэрт бичигдсэнээс арай зөрүүтэй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн 54,626,000 төгрөг байхад Б.Д 2018 оны 08 сарын 22-ны өдөр 53,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба талуудын хооронд НӨАТ суутгах талаар тохиролцсон баримт байхгүй, мөн НӨАТ суутган тооцсон гэж үзэхэд 1,092,520 төгрөг суутгагдах бөгөөд үлдэх 533,480 төгрөгийн тооцоо огт хийгдээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн нь А.Ч , Т.А нарын хоорондоо үгссэн тайлбарт хөтлөгдөн гаргасан шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх гэрч болон Б.Д , Т.А нарын тайлбар нийцэхгүй байгааг анхаарч үзээгүй.

10.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгүүдэд нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай хуульчилсан. Хариуцагч Б ХХК нь М ХХК-тай 2017 оны 10 сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үнийг 123,302,100 төгрөг гэж тодорхойлжээ. Гэрээнд бартераар 3 орон сууц тооцох талаар байхгүй бөгөөд 2018 оны 08 сарын 22-ны өдөр А.Ч Б ХХК-ийн хооронд... тоот 2 өрөө орон сууцны үнэ 53,000,000 төгрөгийг Б ХХК болон Б.Д нарын хооронд 2018 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авахаар гэрээний үнэд тооцон 53,000,000 төгрөгийг авах тухай А.Ч д М.Ж зөвшөөрөл өгсөн тухай, энэ үед нь гэрч Б.С , нэхэмжлэгч Б.Д нар хамт байсан тухай ямар ч нотлох баримт байхгүй болохыг шүүх зөв зүйтэй дүгнэж чадаагүй. Түүгээр ч зогсохгүй анхан шатны шүүх шийдвэртээ ...хариуцагч Б ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Д д гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б.Д нь худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй... гэж дүгнэсэн нь энэ шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар Б ХХК-аас төлбөр мөнгөө нэхэх хэрэгтэй гэж зааж өгсөн мэт ойлгогдож байна.

10.г. Шүүх А.Ч хүлээсэн үүргээ биелүүлж гэрээгээ дүгнээгүй, хэчнээн төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэснээ нотлоогүй тул Б ХХК-ийн эдлэх эрхийг өмнөөс нь эдэлж Б.Д аас байрны мөнгө авах эрхгүй байсан буюу Б ХХК нь М ХХК-тай 2017 оны 10 сарын 02-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.2.7-д Талууд харилцан зөвшилцөхгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэг, хариуцлагыг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэйг шүүх огт анхаарч дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.

10.д. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас илтэд зөрүүтэйгээр бичиж албажуулсан нь энгийн нэгэн техникийн алдаанд тооцох боломжгүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбарыг огт өөрөөр өөрийн эсрэг тайлбар гаргасан мэтээр бичсэн нь шүүхийн шийдвэр хэрхэн бичигдэх тухай заасан Улсын дээд шүүхийн тогтоолын эсрэг гаргасан эрх зүйн баримт гэж үзэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийн үндэслэлийг нь өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

11.   Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулиар хамаарал бүхий этгээд гэж хариуцагч талаас тайлбарладаг. Иргэний хуулийн 182 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус зааснаар тухайн орон сууцны өмчлөгч нь Б ХХК бус иргэн Э.Б болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд сөрөг нэхэмжлэл гаргах этгээд нь тодорхой байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаа орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж тодорхойлжээ.

Аливаа шаардах эрх нь хуулиар тодорхойлогдсон байх учиртай. Нэхэмжлэгч ...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах... гэсэн шаардлагаа ямар хуулийн, ямар зохицуулалтад үндэслэн гаргаж байгаа нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүй, зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

Түүнчлэн, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах гэсэн нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага мөн эсэх, эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагын үндэслэл эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулах нь зохигч талууд маргааны зүйлийн талаар зөв мэтгэлцэх, улмаар хэргийн үйл баримтыг зөв тогтооход ач холбогдолтой байдаг.

 

3.   Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Э.Б д холбогдуулан гаргасан шаардлагаа ... хаягт байрлах 42.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Б гийн нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах тул уг шаардлагыг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй юм.

Харин Иргэний хэргийн шүүх тухайн бүртгэл хийгдэх үндэслэл болсон хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаарх маргааныг хянан шийдвэрлэх боломжтой.

 

4.   Нэхэмжлэгч талаас гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлтэй.

2022 оны 07 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Б.Д нь түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгааныг хэлж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. /2хх 218-219/

Хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй өмгөөлөгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан ...хууль зүйн туслалцаа авах... нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл биш.

Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий этгээдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хэргийн оролцогчийн эрх зөрчигдөж болохгүй юм.

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/03344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2022 оны 08 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 501,280 төгрөг, хариуцагч талаас 2022 оны 09 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 501,280 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР