Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж шүүгч Б.Нацагдорж, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

          Иргэдийн төлөөлөгч Г.Нарантуяа

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

 Хохирогч Б.Баатар нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Отгонтөгст холбогдох эрүүгийн 201618000174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булгийн 1-р хэсэг 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шарайд овогт Одончийн Отгонтөгс /РД МА:83070711/   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

Шүүгдэгч О.Отгонтөгсийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....2016 оны 06 дугаар сарын 20-ны багийн найз Бат-Оргилтой хамт 2 пиво уусан. Тэгээд дараа нь дахиж нэгийг уугаад байж байтал манай найз Зоригоо залгаад “пиво ууя” гэсэн. Тэгээд байж байтал машины бензин дуусах гээд байхаар нь колонк руу явж байтал гэнэт гэрэл гялбаад нэг юм ороод ирсэн. Юу болохыг би сайн ойлгоогүй. Гэтэл хүн дайрсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Баатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “.... Би 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирж 2 дүүтэйгээ уулзаад хүүг нь аваад Дархан явсан. Тэгээд маргааш өглөө нь ийм зүйл болсныг мэдээд 11 цагт Сэлэнгэ аймагт ирсэн чинь талийгаач нарт задлан шинжилгээ хийгээд дууссан байсан. Бага насны хүүхдийг асран халамжлах үүргийг би ирэх жилээл өөр дээрээ авна. Энэ хүнийг харж хандах болов уу гээд удаан харлаа, одоо хараад хэрэггүй юм байна гэж ойлголоо. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг

Хохирогч А.Болоржингийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би 2016 оны  06 дугаар сарын 20-ны орой манай гэрт ээжийн хоёр найз хоёр талийгаач орж ирээд ээжтэй ойр зуурын юм яриад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ээжийн хоёр найз нь чи бид хоёртой АТМ ороод ир, чамд шоколад авч өгмөөр байна гэхээр нь би хоёр талийгаачтай цуг гэрээсээ гараад гэрийн ард талын асцальтан замаар явж АТМ ороод буцаад ээжийн найз талийгаач Отгоноо эгчтэй хөтлөлцөөд бид хоёрын хажууд Дорж ах цуг зэрэгцээд явж байсан чинь ямар ч байсан гэрэл гарч ирсэн түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй, нэг мэдсэн би эмнэлэг дээр ирсэн байсан. Би өөрийн болсон асуудлыг сайн санахгүй байна.....” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/

Гэрч Б.Төмөрчөдөрийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2016 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 24 цаг 30 минутын үед өөрийн гэрээсээ хадам дүү Болорцэцэгийн хамт гарандаа гэмтэл авчихаад өвдөөд байхаар нь оёдол тавиулахаар өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 76-85 СЭҮ улсын дугаартай Тоёота креста марзийн машиныг унаад сумынхаа эмнэлэг орж оёдол тавиулчихаад ирээд эмнэлэг дээр баруун гарынхаа алганд 3 оёдол тавиулчихаад буцаад Болорцэцэгийн хамт буцаад 01 цаг 10 минутын үед эмнэлэгийн гаднаас хөдлөөд машинтайгаа 60 айлын орон сууцны арын асфальтан замаар гэрлүүгээ явж байтал замын голд Алтанбулаг суманд оршин суудаг Заяа өөрийн хоёр хүүхэдтэйгээ, түүний урд Оюунтунгалаг, Дорж ах хоёр 10 гаруй насны эмэгтэй хүүхэд хөтлөөд ар араасаа явж харагдсан. Ингээд би хажуугаар нь гарах гэсэн чинь Заяа гар өргөөд байх шиг байсан би зогсоогүй хажуугаар нь өөрийн тээврийн хэрэгсэл зорчих эгнээгээр явж өнгөрсөн. Тэгээд би тэд нарыг өнгөрөөд явах үед сумын захиргааны зүгээс их хурдтай машин ирж яваа харагдсан. Би айж сандраад бараг зогсох үед нөгөө машин миний хажуугаар бараг 100 гаруй км-ийн хурдтай явж өнгөрсөн би бараг дугаарыг нь харж амжилгүй 37-10 гэсэн дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь би яанаа замын голд хүмүүс явж байгаа шүү дээ гээд зогсоод эргээд хартал ямар ч байсан нэг хүн маш өндөр дээр шидэгдээд түс тас хийгээд аймар чимээ гарсан. Би айгаад бушуухан хөдлөөд шууд сумын захиргааны жижүүр дээр ирээд 37-10 гэсэн саарал өнгийн Приус хүн дайрчихлаа гэхэд жижүүр нь яанөаа Отгонтөгс дөнгөж сая эндээс хөдлөөд гарсан гэж хэлсэн. Би тэр үед цагдаа дуудаарай гэж хэлээд өөрийн хадам дүү Болорцэцэгийн хамт гэрлүүгээ яваад амарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

 

          Гэрч Г.Болорцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... 2016 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө бэр эгч Төмөрчөдөрийн гэмтсэн гарыг нь боолгочихоод буцаад 60 айлын арын асфальтан замаар гэрлүүгээ явж байхад Заяа 2 бага насны хүүхэд хөтөлсөн явж харагдсан, түүний цаана эрэгтэй эмэгтэй 2 хүн нэг 10 гаруй насны эмэгтэй хүүхэдтэй хамт замын голоор алхаад явж байсан.....гэнэт сумын төвийн захиргааны талаас их хурдтай машин холын гэрлээ асаасан бид хоёрын нүдийг гялбасан байдалтай хурдтай гарч ирсэн. тэр үед эгч яанаа хүн дайрлаа шүү дээ гээд байсан. Тэгээд удаачгүй эгчийн машинтай зөрсөн Приус-10 маркийн машин түс тас гээд чимээ гарсан эгч шууд сумын төвийн захиргааны гадаа ирээд жижүүрт нь орж хэлсэн байх. Тэгээд бид хоёр гэрлүүгээ харьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/

          Гэрч О.Мөнгөн-Одын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..... Ингээд бид нар буухад Отгонтөгс та нар хамт явж байсан юм уу гээд мэнд асуугаад Зоригтбаатар авсан 2 литрийн Три медведь пиво задлаад хувааж уухад нь би уугаагүй. Харин Бат-Эрдэнэ, Алтанхуяг, Алтанбаяр, Зоригтбаатар, Отгонтөгс нар ууж дуусаад дахиад нэг пиво Алтанбаяр задалсан чинь Отгонтөгс миний машин шатахуун дуусах гэж байна колонк орноо гэсэн чинь Зоригтбаатар нэг мөсөн пиво дуусгаад явъя гэхэд нь үгүй одоо бензин хийхгүй бол машин унтрах гээд байна гээд бид нар Отгонтөгсийн машинд суугаад хөдөлж яваад Отгонтөгс өөрийн ажлын газрынхаа гадна зогсоод өөрийн өрөөнөөс мөнгө авч гарч ирж байгаа харагдсан. Тэгээд машинаа асаагаад бензин авахаар зам руу гарч хөдлөөд  сумын төвийн 5 давхар байрны араар гараад хар асфальтан замаар ороод явж байхад би Зоригтбаатарыг өвөр дээрээ суулгаад явж байгаад нэг зам руу урагшаа харсан чинь ямар ч байсан урдаас хурц гэрэлтэй машин Отгонтөгстэй зөрөх агшинд гэнэт түс, тас хийсэн чимээ гарч машинаа зогсоогоод бид нар бүгд машинаас буухад машинд мөргүүлсэн хүн машины цонх хагараад толгой хэсгээрээ ороод ирсэн байсан. Нэг хүн нь болохоор зам дээр ямар ч дуу чимээ гаргахгүй, түүний хажууд нэг эмэгтэй уйлаад охинтойгоо уйлаад та нар хүн дайрчихлаашдээ түргэн дуудаач гээд хашгираад байсан. Ингээд би шууд ганцаараа гүйгээд сумын төвийн эмнэлэг ороод эмч дуудах гээд явах үед Отгонтөгс болохоор цагдаад дуудлага өгнө гээд үлдсэн. Харин би эмнэлэг ороод буцаад ирсэн чинь Цагдаагийн хүмүүс ирсэн бид нарыг хол зогсож бай гэж хэлсэн. Ийм л асуудал болсон.....” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/

Гэрч Б.Бат-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...... Тэгтэл Отгонтөгс бензин дууслаа яваад ирье гэхэд Зоригтбаатар гэрлүүгээ явъя гэхэд үгүй хамт яваад ирье гээд бид нар музейн урд талаас Алтанбаяр жолоочийн урд суугаад бид дөрөв ард нь суусан. Тэгээд сумын захиргааны урд зогсоод Отгонтөгс өрөөнөөсөө мөнгө авч гарч ирсэн. Дараа нь Отгонтөгс бид нартай машин жолоодоод шууд бензин авахаар захиргааны урд талаас давхиад 60 айлуудын орон сууцны урд байдаг асфальтан замаар ороод их хурдтай давхисан. Ингээд замаар явж байхад бид нарын урд талаас нэг машин ирж явсан. Тэр машинтай Отгонтөгс өнгөрсөн тэр агшинд гэнэт хүн түс, тас гээд явсан юу болов гээд харах зуур миний харснаар нэг хүн шууд мөргүүлээд жолооч талын хажуугаар урд талын салхины шил хагараад толгойгоороо машин дотор ороод ирсэн. машин зогссон би шууд буугаад эргэн тойрноо харсан чинь машины ард талд нэг жаахан хүүхэд уйлчихсан хажуу талд нь нэг эмэгтэй хүн газар уначихсан хэвтэж харагдсан. Миний сонсож байгаагаар бол ээжээ босооч гээд байх шиг байсан. Хажууд нь 2 эмэгтэй хүн харагдсан. Тэгээд би сууж явсан Отгонтөгсийн машины цонх руу хартал нэг эрэгтэй хүн ухаангүй цус гоожсон ямар ч хөдөлгөөнгүй байсан. Цаад талд нь буюу Алтанбаяр газар ухаан алдаад унасан харагдсан. Удаачгүй эмч нар ирсэн. Дараа нь цагдаагийн хүмүүс ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/

     Гэрч Т.Алтанхуягийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Отгонтөгс, Алтанбаяр гэх зүс таних ах нар Зоригтбаатар ахыг дуудсан бөгөөд бид нар хамт Отгонтөгс, Алтанбаяр ах нар руу сумын захиргааны урд талд байхад нь очиж уулзаад тэндээсээ Портерооор болон Отгонтөгс ахын 37-10 СЭА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд хуваагдаж суугаад музейн ар талд очиж зогсоод дэлгүүрээс авсан 2 сав шар айргаа зургуулаа хувааж ууцгаасан. Тухайн шар айргаа хувааж уусны дараа Зоригтбаатар, Бат-Эрдэнэ, Мөнгөн-Од бид дөрөв Улаанбургас гэх газар руу буцах гэтэл Отгонтөгс ах та нар жаахан байж байлдаа, хэдүүлээ жаахан байж байгаад шатахуун аваадахъя гэхээр нь бид нар явахаа азанасан. Тэндээсээ Приус маркийн автомашиндаа хуваагдаж суугаад Алтанбулаг сумын захиргааны үүдэнд очоод Зоригтбаатар, Отгонтөгс ах хоёр ороод гарч ирсэн. Тэндээсээ яг юу авсан талаар би мэдээгүй. Сумын захиргаанаас хөдлөөд төв зам руугаа нийлэх гэж 64 айлын урд талын хатуу хучилттай туслах зам дээр явж байхад тас гэх чимээ гарсан бөгөөд урд талын салхины шил бутраад дотогшоо орж ирээд зогссон. Сууж явсан автомашин маань зогсонгуут л бид нар бууцгаасан бөгөөд буугаад хартал урд талын салхины шилийг цөмлөөд толгой, цээжин хэсгээрээ автомашины урд талын суудал руу тулсан байдалтай эрэгтэй хүн байсан. Автомашины чанх ард талд 15-20 метрийн зайнд эмэгтэй хүн хэвтэж байсан. Мөн жаахан охин уйлаад байсан гэхдээ тэр хүүхдийг яг хаана байсан талаар олж хараагүй. Төд удалгүй Цагдаа ирсэн. Эмнэлэг болон Цагдаа ирээд мөргүүлсэн эмэгтэй хүнийг эмнэлэгийн нацилкан дээр тавиад Мөнгөн-Од бид хоёр болон нэг эмчийн хамт өргөөд Алтанбулаг сумын эрүүл мэндийн төв рүү авч ирсэн. Буцаж хэргийн газар очоод автомашины салхины шил рүү зоогдоод орсон байсан эрэгтэй хүний цогцосыг Мөнгөн-Од, Бат-Эрдэнэ, Зоригтбаатар нарын хамтаар өргөөд эмнэлэг рүү авчирсан......” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/

          Гэрч М.Зоригтбаатарын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Отгонтөгс нь миний 99171778 дугаарын гар утсанд өөрийнхөө 93222207 дугаараас залгаж хаана байгаан хөгшөөн гэхээр нь би урд байна яасан бэ гэсэн чинь би ганц нэг юм уучихсан явж байна ганц нэг юм аваад өгчих гэсэн. Тэр нь архи пиво юм. Тэгэхээр нь би 30-40 минутын дараа төв орно тэгээд яръя гээд утсаа салгасан. Бат-Эрдэнийн гэрт Хуягаа, Бандиа нар байсан ба намайг Отгонтөгстэй утсаар ярихыг сонсож байсан. Тэгээд бид нар хамт төв рүү явсан. Тэгээд сумын төвд 22 цаг өнгөрч байхад орж ирээд Мишээл гэдэг нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай 2 том пиво, тамхи аваад явж байхад Сүхбаатар хөшөөний орчим Отгонтөгстэй таарсан. Тэр үед Отгонтөгс 37-10 гэсэн дугаартай мөнгөлөг ч гэмээр саарал ч гэмээр өнгөтэй Приус машинаа өөрөө барьчихсан, жолоочийн хажууд нь манай сумын Баярка гээд залуу суучихсан явж байсан. Отгонтөгс надтай таарахдаа согтуу байсан. Тэгээд намайг Отгонтөгс нь хаачих юм хөгшөөн гэсэн тэгэхээр нь би чи өөрөө л мэдэхгүй юу гэсэн. Тэгсэн Музейн ард очъё гээд машинаа бариад хөдөлсөн. Би араас нь Бат-Эрдэнэ, Хуягаа, Бандиа нарын хамт араас нь хөдлөөд Музейн ард талд очиж зогсоод бид дөрөв Отгонтөгсийн машины ард орж суугаад 2 пивоныхоо 1-ийг нь задлаад уусан. Бандиагаас бусад нь бүгд уусан. Тэгээд хоёр дахь пиво дөнгөж задлаад тойруулж байхад буюу 00 цагийн үед Отгонтөгс нь бензин дууслаа, гялс колонк ороод бензин хийгээд ирье гэхээр нь би за тэгвэл хэдүүлээ нэг мөсөн ингээд салъя харьж унтацгаая гэсэн чинь Отгонтөгс гялс явчихаад ирье гээд бид нар яг сууж байсан байрлалаараа машинтайгаа хөдөлж яваад сумын захиргааны гадаа очоод Отгонтөгс машинаасаа буугаад захиргаа руу ороод ойролцоогоор 3-4 минут болоод гарч ирээд машинаа жолоодоод колонк орох гээд төв асфальтан зам руу чиглэлтэй явж байтал өөдөөс нэг машин ирсэн. Тэр машин өөрийнхөө урсгалаар яваагүй бид нарын явж байсан урсгалаар өөдөөс ороод ирсэн. Тэгсэн чинь Отгонтөгс эсрэг урсгал руу дарсан чинь түс гээд л явчихсан. Тэгээд юу болчихов, яав ийв гээд бид нар машинаасаа буугаад харсан чинь машины урд салхины шилийг хага мөргөөд нэг хүний толгой ороод ирчихсэн, бас нэг эмэгтэй хүн, хүүхэд 2 цаана газар машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан. бас 2 том хүн, 1 хүүхэд байсан. Тэр хүмүүс хүн дайрчихлаашдээ гээд орилоод байсан. Харин машины урд салхины шилээр толгой нь орсон эрэгтэй хүн болон машинд мөргүүлсэн эмэгтэй, бас хүүхэд огт хөдлөхгүй байсан. Тэгээд Отгонтөгс надад Зоригоо би хүн дайрчихлаа ш дээ эмч, цагдаа дуудаачээ гээд орилоод байсан. Тэгээд удаагүй сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/

         Гэрч Э.Алтанбаярын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой Отгонтөгстэй таараад 2 литрийн Нийслэл пиво уугаад тэгээд салах гэсэн Отгонтөгс намайг хоёулаа явъя гээд машиндаа суулгаад явж байхдаа Зоригтбаатар руу залгаад чи пиво аваад ир гээд яриад байсан. Ингээд удаач үгүй Зоригтбаатар 2 литрийн савтай Три медведь гэсэн нэртэй пиво авсан бид нар шууд Алтанбулаг музейн ард хувааж уусан. Ингээд Отгонтөгс шатахуун авмаар байна явъя гээд бид нарыг машиндаа суулгаад сумын захиргааны гадаа зогсоод өрөөнөөс мөнгө аваад захиргааны урдаас 01 цагийн үед хөдлөөд явсан. Ингээд бид нар 60 айлын орон сууцны араар явдаг хатуу хучилттай замаар Отгонтөгс их хурддтай миний харснаар 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд төв зам руу орох гээд явж байтал урдаас нэг машин явж харагдсан. Энэ үед Отгонтөгс нөгөө машинтай зөрөөд гарсан урд хүн гараад ирсэн. Хүн гээд хэлэхийн завдалгүй түс, тас гээд явсан. Харин би урд сууж явж байхад нэг хүн ямар ч байсан мөргөгдөөд миний талаар зорчигчийн талаар цонх хагараад цээжин биеэрээ болон толгой хэсгээрээ ороод ирсэн. Тэр хүний хамаг биенээс нь цус гарч байсан би машинаас буугаад нэг мэдсэн ухаан алдаад унасан эмнэлэг дээр байж байсан. Тэрнээс хойш юу болоод байсныг ойлгоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/

             Гэрч Б.Бат-Оргилын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би эхнэр Бат-Оргил, 5 настай хүү БАтжаргал нарын хамт 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчимд өөрийн гэртээ байж байхад миний найз Отгонтөгс эхнэр Энхцэцэг 4-н хүүхдийнхээ хамтаар ирсэн. Манайд цай, хоол идэх зуураа 2 сав 2.5 литрийн Нийслэл гэх шар айраг Отгонтөгстэй хамт хувааж уусан. Тухайн шар айргаа 21 цаг өнгөрч байхад дуусгасны дараа би унтсан байна лээ. Би унтаж байха хооронд Отгонтөгс гэрийнхэнтэйгээ хамт явсан байсныг 01 цагийн үед ам цангаад байхаар нь ус уух гэж босохдоо мэдсэн. Ус уучихаад буцаад унтаж амраад өглөө 08 цагийн орчимд зам тээврийн осол аваар болсон талаар мэдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/

             Гэрч Г.Отгонцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой 00 цаг өнгөрч байхад гэртээ хүүхэдтэйгээ хамт унтаж байсан чинь гаднаас Дорж ах, Оюунтунгалаг эгч нар орж ирээд намайг “Босоод ир АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад өгөөч гээд байхаар нь би орноосоо босч ирээд мөнгө авч өгөхөөр хамт гарсан. Ингээд бид гурав хамтдаа манай гэрээс гараад сумын төв рүү явж байсан чинь Оюунтунгалаг эгч Анхзаяаг гэрээс нь аваад явъя гээд тэдний гэрт нь орсон. Тухайн үед Анхзаяа нь гээрээсээ өрийн төрсөн охин Болоржин, Анужин нарыг дагуулаад гарсан. Ингээд бид нар сумын төвд байдаг ХААН банкны АТМ-ээс мөнгө авахаар 60 айлын хойд талын төв асфальтан замаар явж байсан ба Анхзаяа, Анужин бид 3 урд талд нь Оюунтунгалаг, Дорж, Болоржин нар нь бид нарын хойд талд замын баруун талын шороон хэсгээр цуваад явж байхад бид нарын явж байсан зүгийн хойд талаас нэг машин гэрлээ асаачихсан маш хурдтай давхиж ирж байгаа чимээ харагдахаар нь эргээд хартал бид нарын хойно явж байсан Дорж, Оюунтунгалаг, Болоржин нарыг маш хүчтэй мөргөсөн. Мөргөх үед Оюунтунгалаг эгч мөргүүлээд шидэгдэж машин дээгүүр нь нь даваад мөргөсөн машины баруун тал руу унасан. Хамт явж байсан Болоржин мөн мөргүүлэн шидэгдэж мөргөсөн машины баруун тал руу унасан. Харин Дорж ах харагдахгүй алга болсон байсан ба хаана яаж мөргүүлснийг хараагүй. Тэгээд тэр машины жолооч машинаа тэр дорно зогсоогоод машинаасаа бууж ирээд би хүн дайрчихлаа гээд орилоод байсан ба надад утсаа өгөөд цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гээд байсан. Би тухайн үед айж сандарсан байсан тул утсыг нь аваагүй хараад зогсож байсан. Тухайн үед машины жолооч согтуу байх шиг харагдаж байсан. Ингээд Анхзаяа бид хоёр Оюунтунгалаг эгч дээр очоод босгох гэтэл босохгүй доошоо хараад хэвтсэн байсан. Болоржин уйлаад босч чадахгүй хэвтээд байсан ба удалгүй цагдаа, эмч нар ирээд Болоржин Анхзаяа бид нарыг эмнэлэг рүү авч явсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/

            Гэрч Ц.Эрдэнэтуяагийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвийн дарга, их эмч ажилтай 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 23 минутанд гэртээ унтаж байх үед миний утас дуугарч сувилагч Мядагаас хар зам дээр хүн машинд дайруулсан байна. Би эмнэлэгээс ослын газар руу явж байна та хэргийн газарт хүрээд ирээч гэж хэлсэн. Ингээд би ослын газарт очиход 1 эмэгтэй замын хажуу талд ямар ч хөдөлгөөнгүй доошоо харсан хэвтэж байсан харин 1 эрэгтэй нь автомашины урд шилээр автомашин дотор орсон байдалтай нас арсан байсан. Харин газарт хэвтэж байсан эмэгтэй нь нас бараагүй амьсгаатай байсан учир нацилк авчирч эмнэлэг рүү зөвөрлөх замд нас барчихсан юм. Үнэхээр хүнд хүнд гэмтлүүдтэй хүн байсан. Хоёр хөл нь хугарсан хоёр гарын мах нь зулгарч үгүй болсон, маш их хэмжээний цус алдсан ухаангүй байдалтай байсан амьд үлдэх найдваргүй хүнд шархтай байсан ба нацилк дээр гаргаад авч явах замд л амьсгаа хураасан. Тухайн үед бага насны хоёр охин хүүхэд байсан ба том охин хүүхэд нь биедээ гэмтэл авсан байсан. Хамт явж байсан ээж нь согтуу бас нэг эмэгтэй согтуу байдалтай байсан. Ингээд бага насны охин хүүхдийг үзэхэд толгойн дух хэсэгт нь халцарсан, уруул нь хавдсан, амнаас нь цус гарч хатсан байдалтай байсан. Осол гаргасан машны жолооч Отгонтөгс нь машиныхаа хажууд баруун гарнаас нь цус гарсан байдалтай шоконд орсон шинжтэй зогсож байсан. Ингээд би Отгонтөгсийг аваад эмнэлэг рүү явсан ба эмнэлэгт очиж гарынх нь шархыг цэвэрлэж, боолт хийсэн. Отгонтөгсийн баруун гар нь шилэнд зүсэгдсэн яс нь хугараагүй байдалтай байсан. Хүн дайрсан Отгонтөгсийн машин дотор олон залуучууд байсан ба машиных нь гадна гараад зогсоцгоож байсан. Нэг залуу нь шоконд орсон газарт хэвтэж байсан ба биед нь ямар нэг ил харагдах шарх байгаагүй. Ингээд эмнэлэгт ирсэн жаахан охиныг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү дахин сайтар үзүүлэхээр хүргүүлсэн. Отгонтөгсийн гаранд боолт хийгээд сумын цагдаад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Отгонтөгс би юу хийчих вээ гээд уйлаад байсан бага зэргийн архи үнэртэж байсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр тал/

           Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-15 дугаар тал/

           Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр тал/

            Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 20 дугаар тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 22-44 дүгээр тал/

Хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 45-46 дугаар тал/

Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэлүүд /хх-ийн 48-52 дугаар тал/

Албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр тал/

Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 95 дугаар тал/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 96 дугаар тал/

 

Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №80 дугаартай дүгнэлтэнд:

-37-10 УБР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Приус 10 маркийн машиныг жолоодож явсан Одончийн Отгонтөгс нь /МА83070711/ 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр жолооч болсон, тээврийн хэрэгсэл жолоодох “BCД” ангиллын 420478 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй. Тоёота Приус маркийн 37-10 УБР улсын дугаартай автомашиныг “В” ангиллын эрхийн үнэмлэхээр жолооддог. Жолооч О.Отгонтөгсийн ангилал тухайн автомашиныг уолоодоход тохирч байна.

-Жолооч О.Отгонтөгс нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтыг зөрчсөн, 2.7 уолоочид до дурьдсан зүйлийг хориглоно. А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох....гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч Д.Оюунтунгалаг, Т.Дорж, А.Болоржин нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.Явган зорчигчийн үүрэг. 3.1 Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөр явна. Мөн явган зорчигч Д.Оюунтунгалаг, Т.Дорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.Явган зорчигчийн үүрэг 3.9 г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

-Тоёота Приус 10 маркийн 1762 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Одончийн Отгонтөгс нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн эхрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөн, мөн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж дүгнэлт гаргав.........гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/

 

Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №5 дугаартай дүгнэлтэнд:

“-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар Монгол Улсын стандарт Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 шаардлагыг хангаж байгаа тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход техникийн хувьд бүрэн бүтэн байдал нь зөвшөөрөгдсөн байна.

-Осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.

-Ослын улмаас эвдрэл гэмтэл үүссэн.

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар Монгол Улсын стандарт Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардалага MNS 4598:2011 шаардлагыг хангаж байгаа тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд хууль дүрэм журмын дагуу оролцох бөгөөд техникийн хувьд бүрэн бүтэн байдал нь осол гарахад нөлөөлөх боломжгүй....” гэх дүгнэлт хавсралтын хамт /хх-ийн 102-104 дүгээр тал/

 

Шинжилгээнд зориулж цус авахуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 109 дүгээр тал/

Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №6339 дугаар дүгнэлтэнд:

“-Шинжилгээнд ирүүлсэн О.Отгонтөгсийн гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн О.Отгонтөгсийн гэх цусанд 3.9 промилли спиртийн агууламж илэрч байна.

-Цусан дахь 3.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.....гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар тал/

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  №310 дугаар актанд:

-А.Болоржингийн биед дух, тохой, бугуй зулгарсан зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаархгүй.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар тал/

 

Цогцосд үзлэг хийсэн тухай тэмдэглэл...../хх-ийн 122-124 дүгээр тал/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №5538 дугаар дүгнэлтэнд:

“-Шинжилгээнд ирүүлсэн Д.Одонтунгалагийн гэх цусанд 4.0 промилли спиртийн агууламж илэрч байна.....” гэх дүгнэлт /хх-ийн 125 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №5539 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“-Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Д.Одонтунгалагийн гэх цус нь В/III/бүлгийн харъяалалтай байна….” гэх дүгнэлт /хх-ийн 126 дугаар тал/

 

Шүүх эмнэлэгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн задлан шинжилгээний №47 дугаартай дүгнэлтэнд:

“-Талийгаач Д.Одонтунгалагийн зүүн баруун шуу, баруун зүүн шилбэний ил хугарал, зүүн гуяны далд хугарал. Дух, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэ, зүүн шилбэнд шарх, баруун мөр, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, цээж хэвлий, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгөнд зулгаралт. Хуйхны дотор хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Талийгаач Д.Одонтунгалагийн биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйл болон ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

-Талийгаач Д.Одонтунгалаг нь гавал тархины битүү гэмтэл, цус алдалт, өвдөлтийн шокийн улмаас нас барсан.

-Талийгаач нь уушиг, элэгний архаг өвчтэй байжээ. Эдгээр нь өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.

-Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

-Талийгаач нь В/III/ бүлгийн цусны харъяалалтай байна.....” гэх дүгнэлт /хх-ийн 197-198 дугаар тал/

Шүүх гэрэл зургийн үзүүлэлтүүд....../хх-ийн 199-132 дугаар тал/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл..../хх-ийн 137-139 дүгээр тал/

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №5540 дугаартай дүгнэлтэнд:

           “-Шинжилгээнд ирүүлсэн Т.Доржийн гэх цусанд 4.2 промилли спиртийн агууламж илэрч байна.....” гэх дүгнэлт /хх-ийн 140 дүгээр тал/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №5541 дугаартай дүгнэлтэнд:

“-Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Т.Доржийн гэх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна......” гэх дүгнэлт /хх-ийн 141 дүгээр тал/

 

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний №46 дугаартай дүгнэлтэнд:

“-Талийгаач Т.Доржийн биед гавал болон суурь ясны хугарал, олон хавирганы хугарал, толгойн хуйх дагзанд шарх, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуунд шарх, зүүн мөр, зүүн мөрний ар хэсэг, баруун мөрний ар хэсэг, баруун бугалга, баруун шуу, тохой хэсгийг хамарсан, зүүн бугалга, шууг хамарсан баруун шуу, баруун бугуй, цээж хэвлийг нэлэнхүйд нь хамарсан улаан хүрэн өнгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Талийгаач Т.Доржийн биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

-Талийгаач Т.Дорж нь гавал ясны болон суурь ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйхны язарч урагдсан  шарх. Толгойн хуйх дагзанд шарх, баруун шуу, зүүн бугалга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуунд шарх, зүүн мөр, зүүн мөрний ар хэсэг, баруун мөрний ар хэсэг, баруун бугалга, баруун шуу тохой хэсгийг хамарсан, зүүн бугалга шууг хамарсан, баруун шуу, баруун бугуй, цээж хжвлийг нэлэнхүйд нь хамарсан улаан хүрэн өнгийн зулгаралт. Олон хавирганы хугарал, цус алдалт, өвдөлтийн шок зэрэг хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.

-Талийгаач нь элэг, уушигны архаг өвчтэй байжээ. Эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөхгүй.

-Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

-Талийгаач нь А/II/ бүлгийн цусны харъяалалтай байна.....” гэх дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар тал/

 

Шүүх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 144-147 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим архивын мэдээлэл /хх-ийн  хэлтсийн 166 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168-169 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас..../хх-ийн 171 дүгээр тал/

Шүүгдэгч О.Отгонтөгсийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 172-173 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 178 дугаар тал/

О.Отгонтөгсийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг...../хх-ийн 181 дүгээр тал/

О.Отгонтөгсийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг....../хх-ийн 183-184 дүгээр тал/ зэрэг болно.   

             

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд;  Хохирогч Б.Баатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, хохирогч Д.Дангаасүрэн, А.Болоржин нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 60-61, 65/, гэрч Б.Төмөрчөдөрийн  /хх-ийн 66-67/, Г.Болорцэцэгийн /хх-ийн 68-69/, Б.Бат-Эрдэнийн /хх-ийн 72-73/, Т.Алтанхуягийн /хх-ийн 72-73/, Э.Алтанбаярын /хх-ийн 79/, Б.Бат-Оргилын /хх-ийн 80-81/ мэдүүлгүүд,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүгдэгчийн согтолтын зэрэг тогтоосон 6339 тоот дүгнэлт /хх-ийн 110/,  хохирогч нарын цусанд илрэх согтолтын хувь тогтоосон 5338, 5540 тоот дүгнэлтүүд /хх-ийн 125,140/, шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 47,48 тоот дүгнэлтүүд /хх-ийн 127-128, 142-143/ зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 80 тоот дүгнэлт /хх-ийн 92/, Авто техникийн шинжээчийн гаргасан 05 тоот дүгнэлт /хх-ийн 102-103 тал/,  болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-15 тал/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч О.Отгонтөгс нь “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт, мөн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.......” гэсэн  заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус 10 маркийн 37-10 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Оюунтунгалаг, Т.Дорж нарын амь насыг хохироосон болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч О.Отгонтөгсөд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч О.Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй  байна.

           Шүүгдэгч О.Отгонтөгсөд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол бүрэн арилаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.

           Шүүгдэгч О.Отгонтөгсөд ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан хорих ял оногдуулахаар тогтов.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10- д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 07 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Отгогтөгсийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоног нийт 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.Баатараас сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, Д.Дангаасүрэнгээс 50.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд  гаргаж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан Б.Баатар сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээс татагалзсан болохыг дурьдаж, хохирогч Д.Дангаасүрэнгийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “..Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасан ба хохирогч нарын сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн заалт зохицуулалт байхгүй түүнчлэн түүнийг хэрхэн тогтоож, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч нарын зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаа ирүүлэн нэхэмжилсэн оршуулгын зардал 10.375.554 төгрөгөөс зээлдэгч Б.Пунцагсүрэнгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.668.000 төгрөгийн үлдэгдлийн О.Отгонтөгсөөс нэхэмжилснийг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Уг зээлийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлээгүйн дээр уг гэрээний оролцогч нар нь амь хохиросон хохирогч нар мөн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн хохирогч Д.Дангаасүрэнгийн мэдүүлгээр “...Б.Пунцагсүрэн гэх хүн мөн нас барсан зээлээ төлж барагдуулах боломжгүй болсон, амь хохирогч нар зээлийг нь төлж байсан” гэж мэдүүлж байгаа боловч түүний өв залгамжлагч нар нь хичнээн хүн байгаа эсэх, түүнээс амь хохирогч нар хэрхэн ямар хамааралтай эсэх зэрэг нь мөн тодорхойгүй байх тул мөн энэ шүүх хуралдаанаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй юм.

Оршуулгын зардалд 10.375.554 төгрөг нэхэмжилснээс 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасч 7.707.554 төгрөг үлдэж байна.

            Шүүгдэгч зүгээс оршуулгын зардалд 7.780.000 төгрөгийг бэлнээр болон биет эд зүйлээр төлж барагдуулсныг хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтанд тулгуурлан учирсан гэм хорын бодит хохирол нөхөн төлөгдсөн гэж тооцсон болно.

           Иймд хохирогч нараас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, мөн 2.668.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Отгонтөгсийн 420478  дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 37-10 СЭҮ улсын дугаартай шүүгдэгч О.Отгонтөгсийн өмчлөлийн цагаан өнгийн Түёота Приус 10 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор тогтов.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Шарайд овогт Одончийн Отгонтөгсийг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсний улмаас 2 хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар шүүгдэгч Шарайд овогт Одончийн Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 07 /долоо/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10- д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсөд оногдуулсан 07 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Отгогтөгсийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоног нийт 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Иргэний Хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Баатар Д.Дангаасүрэнгийн нэхэмжилсэн 10.375.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хохирогч Б.Баатар сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг дурьдаж, хохирогч Д.Дангаасүрэнгийн сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, оршуулгын бодит зардалд 7.780.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. 

6.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Отгонтөгсийн  420478 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 37-10 улсын дугаартай шүүгдэгч О.Отгонтөгсийн өмчлөлийн саарал өнгийн Тоёота Приус-10 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

8.Шүүгдэгч О.Отгонтөгсөд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                 С.НОЛХООСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                Б.НАЦАГДОРЖ

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ