Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/02006

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/02006 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сан бизнес центр 0 давхарт байрлах, Ү ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор, Frides tower 0 авхар, 00 тоот хаягт байрлах,  Х ХХК /РД:000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор, Frides tower 0 давхар, 000 тоот хаягт байрлах, БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК нарт холбогдох,

 

 Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 576 385 864,31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Ж, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ү ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани болох ХХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан 5 264 474,12 ам долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр оролцохоор болсон. Уг гэрээгээр Ү ХХК нь замын барилгын ажлыг барилгын зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэх, Х групп ХХК-ийн ажиллаж байгаа 37,26 км замын 20 км замын талбай дээр ажиллах, замын сэргээн засварлах хатуу хучилттай замыг хийж гүйцэтгэсэн. Тухайн замыг барьж гүйцэтгэхэд гүйцэтгэхэд шаардлагатай түүхий эд материалын татан авалт, зам барилгын зураг төслийг хариуцагч буюу ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын хуулийн этгээдийн хяналт дор гүйцэтгэх, үүнийг давхар А ХХК хянаж зөвлөгөө өгөөд чанарын шаардлага хангасан, доголдолгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд ерөнхий гүйцэтгэгч хүлээж аваад төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч компани нь 2019 оны 6, 7, 8, 9, 10 нийт 5 сарын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч Х ХХК хятадын хуулийн этгээд нь сүүлийн 9, 10 дугаар сарын төлбөрийг үндэслэлгүйгээр төлдөггүй. Хариуцагч нь туслан гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэл биет байдлын доголдолтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй боловч Ү ХХК-ийн гүйцэтгэлд ямар доголдол гарсан, ямар хэмжээ, үнэлгээтэй зэрэгт тодорхой хариуг өгдөггүй бөгөөд харин уг гүйцэтгэлийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгч, төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн Банкаар баталгаажуулан төслийн санхүүжилтийг бүрэн авсан байдаг. Хэрвээ бодит доголдол байсан бол тухайн төслийн үндсэн захиалагч Зам, тээвэр хөгжлийн яам болон төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк гүйцэтгэлийг хүлээн авч, санхүүжилтийг хийхгүй байсан. Ү ХХК-ийн зүгээс 2019 оны 9 болон 10 дугаар сарын гүйцэтгэлийг тухайн төслийн чанар, хэмжээ, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэгч, зөвлөх Акомпани нь хэмжин чанарын хяналт хэрэгжүүлэн хүлээн авсан, хоёрдугаарт ХХХК-ийн санхүүгийн албаны нягтлан бодогч шалган тооцоо нийлж, хүлээн зөвшөөрсөн, гуравдугаарт Х ХХК нь өөрөө тухайн гүйцэтгэлийг үндсэн захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн, түүнчлэн төслийн санхүүжүүлэгч гүйцэтгэлийг зөвшөөрч төлбөр төлсөн зэргээс үзэхэд Ү ХХК-ийн гүйцэтгэл чанарын доголдолгүй болох нь тогтоогдож байна. Нийт үүргийн гүйцэтгэл буюу нэмэлт ажлын хөлсийг зөвхөн үүргийн гүйцэтгэлийн доголтой холбоод төлбөрийг төлөхгүй, удаашруулаад байгаа нь үндэслэлгүй байх тул 2019 оны 9 дүгээр сарын гүйцэтгэлд 560 976 647,17 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын гүйцэтгэлд 170 413 964,50 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2020 оны нэмж хийсэн ажлын хөлс, шаардлагатай бараа, материал болон ажилчдын хөлс, нэхэмжлэгч байгууллагаас нэмэлтээр гарсан зардалд 515 724 641,31 төгрөг, 5 хувийн илүү суутгалд 85 455 506,78 төгрөг, НӨАТ-ын буцаалтад 243 815 104,55 төгрөг, нийт 1 576 385 864,31 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Замыг цэвэрлэх, хуучин байсан замыг хуулж авах зэрэг ажлуудыг үе шаттай дараалсан ажлыг хийж гүйцэтгэснээр 9, 10 сарын асфальт бетон хучилт хийгдэж байгаа юм. Нэхэж байгаа төлбөр нь тухайн сард хамаарч байгаа болохоос зөвхөн хучилтын ажил биш юм. Үерийн ус зайлуулах хоолой, гүүрний байгууламж зэрэг цогцоор нь хийж гүйцэтгэсний үр дүнд уг зам бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 9, 10 сарын гүйцэтгэл нь уг хийсэн ажлын 10 орчим хувийг эзэлдэг. Ерөнхий захиалагчид туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэлээ Зөвлөх компанид хүлээлгэж өгнө, хүлээлгэж өгөхдөө акт үйлдэнэ, ерөнхий гүйцэтгэгч захиалагчид хүлээлгэж өгөөд төлбөрөө аваад манайд шилжүүлээгүй асуудал болсон. 11 дүгээр сард НӨАТ-аас чөлөөлсөн Сангийн сайдын тушаал гарсан. НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэж хэлж байгаа боловч манай нэхэмжилж байгаа НӨАТ-тай хамаарах дүн нь манайд мөнгө шилжүүлэхдээ НӨАТ-аа суутгаж авч үлдсэн байдаг. НӨАТ-ийн төлбөрийг манайд өгсөн мөнгөнөөс суутгасан талаар Татварын газарт тайлагначихвал маргахгүй. 9 болон 10 дугаар сарын ажлын гүйцэтгэл дээр 2021.01.07-ний өдөр талууд харилцан тохиролцсон тооцоо нийлсэн акт үйлдээд, 141 917 ам долларыг төлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийн дүнгээс 141 917 ам долларыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд төлсөн. Үүргийн зөрүү болох 173 000 ам долларыг хасч тооцоод үнийн дүн тодорхой болсон үед төлье гэж талууд харилцан тохиролцсон буюу маргаангүй байгаа. Хэрэгт авагдсан баримтад хариуцагчаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад зарим замын хэсгийн хагарсан зураг байдаг. Хавар болоход хөрс хөлдөөд буцаад гэсэх үед хагарал үүсдэг. Улирлын чанартай ажил учраас замын ажлыг хийе гээд хавар хийх гэж байхад гэрээгээ цуцалсан буюу хийх бололцоогүй болгосон. Хожим засварын ажлыг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэхэд 20 орчим сая төгрөгийн зардал гарсан нь ямар хэмжээтэй доголдол байсныг нотолж байгаа бөгөөд ноцтой биет байдлын доголдол гэж үзэхгүй байна. Төлбөр тооцоог хүлээж аваад хэрэглэсэн байж огт чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэл авсан гэж тайлбарлаж болохгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Хятад компаниас нэхэмжлэлээ шаардаж байгаа... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х групп ХХК болон Х ХХК 2 хариуцагчаар татагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг яаж гаргуулж, шаардаад байгаа нь тодорхойгүй. БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсантай маргахгүй. Монгол улс дахь хуулийн этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх зүйн харилцаанд оролцсон зүйл байдаггүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлсон үндэслэлээр хариуцагчийн хувиар орж ирсэн. Компанийн тухай хуулийн 6.5-д хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй талаар хуульчилж өгсөн. Иймд Монгол Улсын хуулийн этгээдийн тухайд гэрээтэй холбоотой гэрээний шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хятад дахь хуулийн этгээдийн хувьд: Ү ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ПК-17.26-ПК 37.26 хүртэлх 20 км замын ажлыг нэхэмжлэгч Ү ХХК хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Уг гэрээний дагуу 2016.06-2019.11 сарын хооронд 20 км замын ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй, нийт 6.9 км-ийн зам тавиад ажлаа хаяад алга болчихсон. Биет байдлын доголдолтой гүйцэтгэснээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч албан бичгээр хандаж байсан. 9,10 дугаар сарын төлбөрийг өгөөгүй нь шалтгаантай. Гэрээний 2.3-т зааснаар талууд эхний 15 хоногийн санхүүжилтийг зөвлөх болон захиалагч байгууллагаас баталгаажуулсан тоо хэмжээг төлбөрийн гэрчилгээг баталгаажуулсны дараа ажлын гурван хоногт багтааж ажил гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. 9, 10 сарын төлбөрийн гэрчилгээг бидэнд олгоогүй, Азийн хөгжлийн сангаас хасаад шийдвэрлэчихсэн. Энэ ажлын хүрээнд хийсэн ажил нь доголтой байгааг А болоод захиалагч Зам тээврийн яамнаас удаа дараа тогтоогоод шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хүрээнд Х групп ХХК-ийн зүгээс Ү ХХК-д удаа дараа зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байсан. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, одоо болтол манай компанийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн асуудал байгаа. 20 км замыг бид нар хийгээд дуусгасан гэж байгаа нь худлаа, үндэслэлгүй, ажлаа хаяад явсан тухай гэрчийн мэдүүлэг ч байдаг. Замын тухай хуулийг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газар албан бичгүүд болон эрх бүхий байгууллагын эрх зүйн актууд байдаг. 2019 онд Сангийн сайдын тушаалаар Х групп ХХК-г зам тээвэртэй холбоотой ажил дээр НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. НӨАТ-тай холбоотой баримт хэрэгт байхгүй, тоо зохиож тавиад төл гэж нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 5 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тооцоо нийлсэн баримт дээр 106,1 ам доллар буюу 6,7,8,9,10 сард хийсэн ажлыг суутгасан ажлын хөлсийг шилжүүлээд өгчихсөн. 1,8 сая доллартоо орж байгаа. Өөрөөр хэлбэл ажлыг хийж гүйцэтгэсний дараа 5 хувийг өгөх боломжтой. Нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн гэж тайлбарладаг боловч бичгийн нотлох баримт байхгүй, зүгээр л нэг хүснэгт гаргаад өгчихсөн. Гэтэл эрх бүхий байгууллага нь нэмэлт ажил гэж үзэхгүй, гэрээнд заасан хийх ажлын хуваарьт ороогүй ажил гээд хүлээн зөвшөөрдөггүй. Нэгэнт эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажлыг бид нар хүлээн зөвшөөрөөд өгөх боломжгүй. Талуудын харилцан тохиролцсоноор эрх бүхий байгууллагыг хүлээн авсны дараа мөнгийг өгнө гэж тохиролцсон. Энэ нөхцөлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хангалттай баримтуудыг гаргаж өгөөгүй, зөвхөн тайлбаруудыг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хэрэгт авагдсан баримтаар 1,8 сая долларын төлөлтийг төлсөн. Өнөөдрийн 173 000 ам доллартой холбоотой төлөөгүй асуудал нь тухайн доголдолтой л холбоотой ажлын үнэлгээ. Ая Си Ти-ийн баталсан гэрчилгээгээр 1098 м куб доголдол гарсан. Доголдлын 1 м куб замын ажлын үнэ 158,18 доллароор үржихээр 173 648,7 долларын асуудал гарч ирж байгаа. Энэ доголдлыг нэхэмжлэгч ч арилгаагүй, хариуцагч ч арилгах боломжгүй нөхцөлд үндсэн захиалагчаас мөнгө орж ирээгүй, мөнгө орж ирээгүй учраас шилжүүлэх боломжгүй. Иймд Хятадын хуулийн этгээд хариуцах боломжгүй. Нэмэлт ажлын хөлс шаардах эрхгүй нь гэрээний 1.4-т заасны дагуу Ай си ти-ээс өгсөн хариу албан бичгээр нэмэлт ажлын хөлсийг тохиролцоогүй, нэмэлт ямар ажил хийх тодорхой урьдчилж дурдаагүй учраас өгөхгүй гэх албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хятад компанитай нэмэлт ажлын хөлсний талаар тохиролцоогүй учраас Хятад хуулийн этгээд хариуцах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагаас нэмэлт ажлын хөлс гэж шаардаад байдаг боловч ямар, ямар нэмэлт ажил, ажлын үнэлгээ тус бүр хэдэн төгрөг байгаа талаар өнөөдрийг хүртэл тодорхой гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэгч компани нотлох үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй учраас хариуцагч Хятад хуулийн этгээд хариуцах үндэсгүй. Тооцоо нийлсэн актаар 5 хувийг буцаагаад төлсөн талаарх баримт хэрэгт илэрхий харагдаж байна. Нэгэнт төлсөн хувийг дахиж төлөх нөхцөл байдал үүсэхгүй. 9, 10 сарын гүйцэтгэлийн 5 хувийг үндсэн захиалагч суутгаад хассан байхад хариуцагч компани хариуцах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагчийн гэрээн дээр НӨАТ-ийн асуудлыг дурдаагүй, мөн хариуцагч Хятад хуулийн этгээд НӨАТ-аас чөлөөлөгдсөн учраас НӨАТ төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг харуулж байна. 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг доголтой хэсгийн ажлын үр дүн 100 хувь биелэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн доголдолтой хэсгийн үнийг үндсэн захиалагч суутгаснаас биш нийт ажлын хөлсийг хариуцагч Хятад хуулийн этгээд хариуцах боломжгүй... гэв.

 

Нэхэмжлэгчээс Х болон Ү ХХК нарын хооронд 2019.06.16-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хар Модотын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээ, ХХХК-иас 2020.01.22-ны өдөр Эсто ХХК, Ү ХХК-д хүргүүлсэн 01/367-19 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ХХХК болон Ү ХХК нарын нягтлан бодогч, эрх бүхий этгээдийн гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан 9, 10 сарын тооцоо гэх баримт, Ү ХХК-иас 2020.01.06-ны өдөр ХХХК-д хүргүүлсэн Нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай гэх 01/07 тоот албан бичиг, Ү ХХК-иас ХХХК-д хүргүүлсэн 2020.01.09, 2020.01.21, 2020.02.07-ны 01/47, 01/49 дугаар албан бичиг, 2020.02.21-ний 01/60, 2020.03.31-ны 1/68, 2020.03.30-ны 01/78, 2020.04.02-ны 01/79, 2020.04.27-ны 01/100, 2020.05.22-ны 01/122, 2020.06.19-ний өдрийн 01/124 тоот албан бичгүүд, Ү ХХК-иас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн зохицуулагч Ц.Т 2020.03.25-ны өдөр хүргүүлсэн Санхүүжилтын тухай 01/76 тоот албан бичиг, ХХХК-иас Ү ХХК-д хүргүүлсэн 2020.04.01-ний өдөр 0000 тоот, 2020.04.06-ны өдрийн 0000 тоот, 2020.04.28-ны өдрийн 0000 тоот, 2020.02.07-ны өдрийн 0000 тоот, 2020.03.24-ний өдрийн 0000 тоот, 2020.09.21-ний өдрийн 0000 тоот албан бичиг, Х ХХК-д Ү ХХК-иас бүрдүүлж өгөх материалын тухай тайлбар хүргүүлж байна гэх 2019.10.24-ний огноотой баримт, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын зураг төслийн 1-р үе шатны ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл гэх 3 хуудас зургийн барим, Х Ү ХХК-ийн захирал Д.Энхбаатарт ПК17+060-КП37+260 км хүртэлх замын барилгын ажилтай холбоотой асуудалд төлөөлөх эрх олгосон 2019.08.19-ний өдрийн 08/106-19 тоот итгэмжлэл, Х-с 2020.06.17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн 06/517-19 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х Монгол улсын Жиней Рөүд энд Бридж групп ХХК-ийн удирдлагын баг бүрэлдэхүүнд оруулж байгаа өөрчлөлтийн тухай шийдвэр, удирдлагын үйл ажиллагааг цэгцлэх тухай албан захидал, Өвлийн засвар аргачлалын ажлын аргачлал, Х-с Зам тээврийн хөгжлийн яаманд 2020.02.19-ны өдрийн 0000 тоотоор хүргүүлсэн итгэмжлэл, Х-с Ү ХХК-д 2020.01.10-ны өдөр 0000 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, Ү ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамнаас Ү ХХК-д 2021.06.24-ний өдөр хүргүүлсэн 0000 тоот албан бичиг, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. i хаягаас h хаягт харилцан мэйлыг баримтаар өгсөн /хх-70-73, 92-95/ ба уг хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас ХХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х-с А-д 2021.11.02-ны өдөр 07-867-19 тоот албан бичгээр хүргүүлсэн хариу, /хх-185-195 дугаар талд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой холбоотой бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой баримтууд/, А ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн албан бичгийн орчуулга, хавсралтын хамт, Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн албан шаардлага 2020.10.28-ны өдрийн 00 тоот, 2021.07.29-ны өдрийн 00 тоот илэрсэн дутагдлыг арилгуулах тухай ХХХК-д хүргүүлсэн албан шаардлагууд, МХЕГ, ЗТХЯ 2021.07.28-ны өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Монгол Улсын Сангийн сайдын 2019.11.22-ны өдрийн 253 дугаар Жагсаалт батлах тухай тушаал, хавсралтын хамт, Ү ХХК-иас ХХХК-д 2019.12.05-ны өдрийн 01/127 тоот Баталгаа гаргах тухай албан бичиг, 2021.01.07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Тооцоо нийлсэн хэлэлцээр, орчуулгын хамт, гүйцэтгэсэн ажлын эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт, А ХХК-ийн 2022.05.25-ны өдрийн, 2022.05.31-ний өдрийн албан бичгийн орчуулга, хавсралтын хамт, Х-с А ХХК-д 2022.05.23, 2022.05.25-ны өдрүүдэд хүргүүлсэн албан бичиг, Ү ХХК-иас 2022.05.16-ны өдөр Х ХХК-д нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай 01/68 тоот албан бичиг, гүйцэтгэлийн төлбөрийн гэрчилгээ №1, 3, 4 дугаарлалттай баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Х болон Ү ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын 2019 оны 9 болон 10 сарын гүйцэтгэл 731 390 611,67 төгрөг, 2020 онд нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын зардал 515 724 641,31 төгрөг, 7, 8 сарын гүйцэтгэлээс илүү суутгасан 85 455 506,78 төгрөг, НӨАТ-ын буцаалт 243 818 14,55 төгрөг, нийт 1 576 385 864,31 төгрөгийг БНХАУ-ын Х-с гаргуулна... гэж тайлбарлав.

 

3.   Хариуцагч Монгол Улсад бүртгэлтэй ХХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр, хариуцагч БНХАУ-ын Х нь ...нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төлбөл зохих хөлсийг бүрэн төлсөн. Гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон Зам тээврийн яамнаас 173 648,7 ам.долларыг суутган авсан. Нэхэмжлэгч доголдлоо арилгаагүй тул төлөх боломжгүй. Нэхэмжлэгч гэрээнд заагдаагүй ямар нэмэлт ажил хийсэн болохоо баримтаар нотлоогүй, НӨАТ-ын буцаалт болон гүйцэтгэлээс 5 хувийг илүү суутгасан гэх шаардлага үндэслэлгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэн маргав.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны явцад хариуцагч Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох ХХХК /РД:000000/-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч БНХАУ-ын Х-с гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон болно.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох юм.

 

6.   Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. БНХАУ-ын хуулийн этгээд Х болон Монгол Улсын хуулийн этгээд Ү ХХК нарын хооронд 2019 оны 06 сарын 16-ны өдөр Г-01/19 дугаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хар Модотын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ү ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ПК17,26-ээс ПК37,26 хүртэлх 20 км замын 2019 оны 06 сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний дотор бүрэн дуусган ашиглалтад оруулахаар, захиалагч Х нь ажлыг 5 264 474,12 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-11-30/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан. Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.2. Гэрээний 2.2, 2.3-т туслан гүйцэтгэгч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний зам барилгын ажлыг өөрийн хүч хөрөнгөөр хийж гүйцэтгэх ба гүйцэтгэгч тал нь ажлын чанар хэмжээг шалгасны үндсэн дээр тухайн хийсэн ажлын санхүүжилтийг туслан гүйцэтгэгчид шилжүүлнэ. Эхний 15 хувийн санхүүжилтийг олгосны дараа сар бүр ажлын гүйцэтгэлийг Зөвлөх болон Захиалагчаас баталгаажуулсан тоо хэмжээнд үндэслэн төлбөрийн гэрчилгээг баталгаажуулж, туслан гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу ажлын 3 өдөрт багтаан шилжүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Ү ХХК нь 7 болон 8 сарын ажлын гүйцэтгэлээ зөвлөх А ХХК болон захиалагч Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамнаас баталгаажуулсан төлбөрийн гэрчилгээний дагуу хүлээн авсан болох нь хэргийн хавсралт баримт болох гүйцэтгэлийн төлбөрийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ү ХХК нь 1 дүгээр хавтаст хэргийн 37, 38 дугаар талд авагдсан 9-р сарын тооцоо, 10-р сарын тооцоо гэх баримтыг үндэслэн тухайн саруудын гүйцэтгэлд 731 390 611,67 төгрөг гаргуулахаар шаардсан нь гэрээний 2.3-т заасан тохиролцоогоор үгүйсгэгдэж байгаа нь дээр хариуцагчийн ...уг баримт нь тухайн сарын зарцуулалтын тооцоо... гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн тайлбар гэрч Ц.М-ийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

6.3. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээгээр тохирсон шинж чанарт нийцсэн байхыг чанарын доголдолгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан зөвлөх А ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт CW 1-1 багцын ерөнхий инженерийг байлцуулан 2019 оны 11/12 сард нүдээр шалгасан зорчих хэсгийн төлөв байдлын үнэлгээний явцад гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн хучилтын ажлын ...ПК17+100, ПК18+068, ПК19+100-ПК25+000 хооронд ажиглагдсан нь техникийн шаардлагад заасан стандартыг хангаагүй талаар дүгнэж, цаашид авах арга хэмжээг зааварчилсан агуулгатай байна. /1-р хх-ийн 222-250, 2-р хх-ийн 1-59/

 

Нэхэмжлэгч Ү ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/127 тоот албан бичгээр ХХХК-д Баталгаа гаргах тухай гэх албан бичгийг хүргүүлсэн байх ба уг бичигт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын Багц 1 ажлын асфальт бетон хучилтын (ПК17+060-ПК25+000) зарим хэсэгт ажлын залгаас техникийн шаардлагад нийцээгүй байгаа тул дээрх хэсгүүдийг 2020 онд өнгө хучилт хийхээс өмнө техникийн шаардлагад нийцүүлэн өөрийн хөрөнгөөр засварлах болно гэжээ. /хх-73/

 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас маргааны эрх зүйн бичиг баримт болох ажил гүйцэтгэх гэрээний талууд болон захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, зөвлөх АХХК нарын эрх бүхий этгээдүүдийг байлцуулсан 2020 оны 10 сарын 21-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын дотор нэхэмжлэгч Ү ХХК-ийн 2019 онд гүйцэтгэсэн асфальт бетон хучилтад ПК17+100-ПК18+068, ПК19+100-ПК25+000 хооронд хэсэгчилсэн дагуу хагарал үүсч засварлаагүй байгаа талаар дүгнэж, хагарлын шалтгааныг туслан гүйцэтгэгч байгууллагын хамт тогтоож, засварлах аргачлал, төлөвлөгөөг боловсруулан зөвлөх байгууллагаар баталгаажуулж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг шаардаж байсан болох нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000 тоот албан шаардлагаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 347/

 

Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч Ү ХХК нь гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.4. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

 

Гэрээний талууд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн хэлэлцээр гэх баримтыг үйлдэж, уг баримтаар нэхэмжлэгч Ү ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314 566,25 ам.доллар болсон болохыг, мөн түүний гүйцэтгэсэн ажилд асуудал гарсан гэж үзэн Зам тээврийн яамнаас 173 648,7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутгасан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. /2-р хх-75/

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх хэлэлцээрээр нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 314 566,25 ам.доллароос түүний доголдолтой хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас суутгасан 173 648,7 ам.долларыг хасч, үлдэх 140 917,55 ам.долларыг хариуцагч төлөхөөр, чанарын шаардлага хангаагүй хэсгийг завсарлах мөнгө болгон суутган авсан 173 648,7 ам.долларыг нэхэмжлэгч 2021 оны 05 сарын 31-ний өдрөөс өмнө доголдлыг арилган, холбогдох газруудад шалгуулж, тус газруудаас тэнцсэн эсэхийг шалгасны дараа Зам, тээврийн хөгжлийн яамнаас суутган авсан мөнгийг хариуцагчийн дансанд буцаан олгомогц нэхэмжлэгчид цаг алдахгүй шилжүүлэх. Нэхэмжлэгч доголдлыг хугацаандаа арилгаагүй тохиолдолд хариуцагч өөрөө засварлах, нэхэмжлэгчид мөнгийг олгохгүй байхаар тус тус тохиролцжээ.

 

Тус хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч Ү ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 140 917,55 ам.долларыг ХХХК-иас шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт гэх баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 74/

 

Харин ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ү ХХК нь тогтоосон хугацаанд доголдлыг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбар болон Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2021.07.29-ний өдрийн 01-07-035/91 тоот албан шаардлага гэх баримтаар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч ...хариуцагчийн зүгээс тухайн доголдлыг арилгах боломж олгоогүй... гэж тайлбарласан бөгөөд тэрээр тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 350.1.7-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй гэж заасан.

 

Хэргийн үйл баримтаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ү ХХК нь ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын тодорхой хэсэг доголдолтой, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч доголдлыг арилгаагүй болох нь тогтоогдож байх тул 2019 оны 9 болон 10 сарын ажлын гүйцэтгэлд 731 390 611,67 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж дүгнэв.

 

6.5. Мөн талууд гэрээний ерөнхий нөхцөлийн 45.1, 45.2-т гүйцэтгэгч тал нь туслан гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөрөөс 5 хувийг суутган үлдээнэ. Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг туслан гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг туслан гүйцэтгэгч арилгасан тухай гүйцэтгэгч талын мэдэгдлийг үндэслэн төлнө гэж заасан бөгөөд дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул чанарын баталгааны 5 хувийн суутгалыг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч БНХАУ-ын Х нь Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 253 дугаар тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгч хариуцагчаас НӨАТ-ын буцаалт 243 818 14,55 төгрөгийг хэрхэн тооцож, ямар үндэслэлээр шаардаж байгаа талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

6.6. Түүнчлэн нэхэмжлэгч Ү ХХК нь 2020 онд нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын зардал 515 724 641,31 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т гэрээний хавсралтад заагдсан ажлын хэмжээнд нэмэлт ажил гарч ирэх, мөн ажлын хэмжээнд өөрчлөлт орох болбол гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч хоёр талын инженерүүд тоо хэмжээг гаргаж, хоёр талын захирлууд нэмэлт ажлын хөлс, гэрээнд нэмэлтээр оруулах эсэхийг тохиролцсоны дараа нэмэлт ажил хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон байна.

 

Түүнчлэн гэрээний талуудын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн хэлэлцээр гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэмэлт ажлын гүйцэтгэл 190 527,48 ам.доллар гэх дүн нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн болохыг, хэрэв талууд холбогдох газруудаар батлуулсны дараа хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх агуулгатай байна. /2-р хх-75/

 

Улмаар нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Х-д 2022 оны 05 сарын 16-ны өдөр 01/68 дугаар Нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн, Х нь 2022 оны 05 сарын 25-ны өдөр 05/144-22 албан бичгээр зөвлөх А ХХК-д нэмэлт ажил батлуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байна. /2-р хх-ийн126, 127, 125/

 

Гэвч зөвлөх АХХК нь 2022 оны 05 сарын 31-ны албан бичгээр гүйцэтгэгч нэмэлт ажилтай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй, гүйцэтгэгч нь инженерийн зааварчилгаа, өөрчлөлтийг батлахаас бусад тохиолдолд байнгын ажилд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй зэрэг үндэслэлүүдийг дурдан татгалзсан байна. /2-р хх-ийн 130/

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн 2019 онд нэмэлтээр хийсэн гэх ажил нь холбогдох газруудаар баталгаажаагүй нь дээр тэрээр ямар ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

6.7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ү ХХК-ийн хариуцагч БНХАУ-ын Х-д холбогдуулан гаргасан 1 576 385 864,31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 197 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн хариуцагч БНХАУ-ын Х-д холбогдуулан гаргасан 1 576 385 864,31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох ХХХК /РД:0000000/-иас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 197 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ