Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01844

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01844

 

 

ҮЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/02006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ҮЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК, ХГ ГХОХХК-д тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,576,385,864.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ҮЗ ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани болох ХГ ГХОХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан 5 264 474,12 ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр оролцохоор болсон. Уг гэрээгээр ҮЗ ХХК нь замын барилгын ажлыг барилгын зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэх, ХГ ГХОХХК-ийн ажиллаж байгаа 37,26 км замын 20 км замын талбай дээр ажиллах, замын сэргээн засварлах хатуу хучилттай замыг хийж гүйцэтгэсэн. Тухайн замыг барьж гүйцэтгэхэд шаардлагатай түүхий эд материалын татан авалт, зам барилгын зураг төслийг хариуцагч буюу ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын хуулийн этгээдийн хяналт дор гүйцэтгэх, үүнийг давхар АТК ХХК хянаж зөвлөгөө өгөөд чанарын шаардлага хангасан, доголдолгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд ерөнхий гүйцэтгэгч хүлээж аваад төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч компани нь 2019 оны 6, 7, 8, 9, 10 нийт 5 сарын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч Х ХХК Хятадын хуулийн этгээд нь сүүлийн 9, 10 дугаар сарын төлбөрийг үндэслэлгүйгээр төлдөггүй. Хариуцагч нь туслан гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэл биет байдлын доголдолтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй боловч ҮЗ ХХК-ийн гүйцэтгэлд ямар доголдол гарсан, ямар хэмжээ, үнэлгээтэй зэрэгт тодорхой хариуг өгдөггүй бөгөөд харин уг гүйцэтгэлийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгч, төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн Банкаар баталгаажуулан төслийн санхүүжилтийг бүрэн авсан. Хэрвээ бодит доголдол байсан бол тухайн төслийн үндсэн захиалагч Зам, тээвэр хөгжлийн яам болон төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк гүйцэтгэлийг хүлээн авч, санхүүжилтийг хийхгүй байсан. ҮЗ ХХК-ийн зүгээс 2019 оны 9 болон 10 дугаар сарын гүйцэтгэлийг тухайн төслийн чанар, хэмжээ, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэгч, зөвлөх А- консалтинг компани нь хэмжин чанарын хяналт хэрэгжүүлэн хүлээн авсан, хоёрдугаарт ХГ ГХОХХК-ийн санхүүгийн албаны нягтлан бодогч шалган тооцоо нийлж, хүлээн зөвшөөрсөн, гуравдугаарт ХГ ГХОХХК нь өөрөө тухайн гүйцэтгэлийг үндсэн захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн, түүнчлэн төслийн санхүүжүүлэгч гүйцэтгэлийг зөвшөөрч төлбөр төлсөн зэргээс үзэхэд Ү ХХК-ийн гүйцэтгэл чанарын доголдолгүй болох нь тогтоогдож байна. Нийт үүргийн гүйцэтгэл буюу нэмэлт ажлын хөлсийг зөвхөн үүргийн гүйцэтгэлийн доголдолтой холбоод төлбөрийг төлөхгүй, удаашруулаад байгаа нь үндэслэлгүй байх тул 2019 оны 9 дүгээр сарын гүйцэтгэлд 560,976,647.17 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын гүйцэтгэлд 170,413,964,50 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2020 оны нэмж хийсэн ажлын хөлс, шаардлагатай бараа, материал болон ажилчдын хөлс, нэхэмжлэгч байгууллагаас нэмэлтээр гарсан зардалд 515 724 641,31 төгрөг, 5 хувийн илүү суутгалд 85,455,506.78 төгрөг, НӨАТ-ын буцаалтад 243,815,104,55 төгрөг, нийт 1,576 385 864,31 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

ХГ ГХОХХК болон Х ХХК 2 хариуцагчаар татагдсан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг яаж гаргуулж, шаардаад байгаа нь тодорхойгүй. БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсантай маргахгүй. Монгол улс дахь хуулийн этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх зүйн харилцаанд оролцсон зүйл байдаггүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлсон үндэслэлээр хариуцагчийн хувиар орж ирсэн. Компанийн тухай хуулийн 6.5-д хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй талаар хуульчилж өгсөн. Иймд Монгол Улсын хуулийн этгээдийн тухайд гэрээтэй холбоотой гэрээний шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хятад дахь хуулийн этгээдийн хувьд ҮЗ ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ПК-17.26-ПК 37.26 хүртэлх 20 км замын ажлыг нэхэмжлэгч ҮЗ ХХК хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Уг гэрээний дагуу 2016 оны 06 сараас 2019 оны 11 сарын хооронд 20 км замын ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй, нийт 6.9 км-ийн зам тавиад ажлаа хаяад алга болчихсон. Биет байдлын доголдолтой гүйцэтгэснээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч албан бичгээр хандаж байсан. 9,10 дугаар сарын төлбөрийг өгөөгүй нь шалтгаантай. Гэрээний 2.3-т зааснаар талууд эхний 15 хоногийн санхүүжилтийг зөвлөх болон захиалагч байгууллагаас баталгаажуулсан тоо хэмжээг төлбөрийн гэрчилгээг баталгаажуулсны дараа ажлын гурван хоногт багтааж ажил гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. 9, 10 сарын төлбөрийн гэрчилгээг бидэнд олгоогүй, Азийн хөгжлийн сангаас хасаад шийдвэрлэчихсэн. Энэ ажлын хүрээнд хийсэн ажил нь доголдолтой байгааг А - консалтинг болоод захиалагч Зам тээврийн яамнаас удаа дараа тогтоогоод шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хүрээнд ХГ ГХОХХК-ийн зүгээс ҮЗ ХХК-д удаа дараа зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байсан. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, одоо болтол манай компанийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн асуудал байгаа. 20 км замыг бид нар хийгээд дуусгасан гэж байгаа нь худлаа, үндэслэлгүй, ажлаа хаяад явсан тухай гэрчийн мэдүүлэг ч байдаг. Замын тухай хуулийг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газар албан бичгүүд болон эрх бүхий байгууллагын эрх зүйн актууд байдаг. 2019 онд Сангийн сайдын тушаалаар ХГ ГХОХХК-ийг зам тээвэртэй холбоотой ажил дээр НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. НӨАТ-тай холбоотой баримт хэрэгт байхгүй, тоо зохиож тавиад төл гэж нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 5 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тооцоо нийлсэн баримт дээр 106,1 ам доллар буюу 6,7,8,9,10 сард хийсэн ажлыг суутгасан ажлын хөлсийг шилжүүлээд өгчихсөн. 1,8 сая долларт багтаж байгаа. Өөрөөр хэлбэл ажлыг хийж гүйцэтгэсний дараа 5 хувийг өгөх боломжтой. Нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн гэж тайлбарладаг боловч бичгийн нотлох баримт байхгүй, зүгээр л нэг хүснэгт гаргаад өгчихсөн. Гэтэл эрх бүхий байгууллага нь нэмэлт ажил гэж үзэхгүй, гэрээнд заасан хийх ажлын хуваарьт ороогүй ажил гээд хүлээн зөвшөөрдөггүй. Нэгэнт эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажлыг бид нар хүлээн зөвшөөрөөд өгөх боломжгүй. Талуудын харилцан тохиролцсоноор эрх бүхий байгууллагыг хүлээн авсны дараа мөнгийг өгнө гэж тохиролцсон. Энэ нөхцөлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хангалттай баримтуудыг гаргаж өгөөгүй, зөвхөн тайлбаруудыг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн хариуцагч БНХАУ-ын H-д холбогдуулан гаргасан 1 576 385 864,31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “ХГ ХК /РД:6456715/-аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,197,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.б. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 09 болон 10 дугаар сарын гүйцэтгэлийг тухайн төслийн чанар хэмжээний дагуу гүйцэтгэж, тухайн гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэгч “А - Консалтинг” ХХК нь хянаж хэмжин хүлээж авсан, дараагаар нь Х ХХК-ийн санхүүгийн албаны нягтлан бодогч шалган тооцоо нийлж хүлээн зөвшөөрөн акт үйлдсэн, ажлын гүйцэтгэлийн төслийн үндсэн захиалагч болох гүйцэтгэлийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн, үүнийг зөвшөөрч ерөнхий санхүүжүүлэгч төлбөрийг төлсөн зэргээс үүргийн гүйцэтгэлд аливаа гэрээнд заасан биет байдлын доголдол гэх зүйл байгаагүй нь тодорхой харагдана. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгон тайлбарлаж буй доголдол гэх зүйлийн тухайд нэхэмжлэгч байгууллага нь тухайн замын барилгын ажлыг Захиалагч, Ерөнхий гүйцэтгэгчийн хяналтын дор ажлын зураг.төслийн дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч, захиалагчийн хяналт, Ерөнхий гүйцэтгэгч нарын зөвшөөрөл, шаардлагаар тус замын хөдөлгөөнийг нээсэн.

Ийнхүү гүйцэтгэлийг аливаа чанарын доголдолгүй хэмээн хүлээн авч цааш шилжүүлэхийн сацуу төслийн санхүүжилтээ авсан хэрнээ туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар доголдол илэрсэн талаар тухай бүрт нэхэмжлэх явуулах, албан бичгээр харилцах зэрэгт огт дурдаж, тодорхой баримт бүхий тайлбар ирүүлж байгаагүй. Хэргийн материалд авагдсан хагарал болоод замын асфальт цуурлын фото зургууд нь туслан гүйцэтгэгч компанийн үүргийн гүйцэтгэлээс үүдэлтэй гэрээнд заасан чанарын доголдол биш бөгөөд тухайн үед замын тэр хэсэгт гарсан хагарлыг хаврын улирал эхэлж хөлдсөн хөрс буцаад гэсэх үед хагарал үүсдэг бөгөөд үүнтэй холбоотой шаардлагатай бага хэмжээний засвар, нөхөлт зэргийг манай компани угаас өөрсдийн хөрөнгөөр сайн дураар засаж, сэргээх тухайгаа тодорхой дурдаж байсан.

Гэвч хариуцагч компани нь тухайн хагарал гарсан хэсгийг туслан гүйцэтгэгч болох ҮЗ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас шууд үүдэлтэй биет байдлын доголдол мэтээр тайлбарлаж, өөрсдөө угаас тухайн хагарлыг засах талаар гаргасан саналыг үл ойшоож, нийт гүйцэтгэсэн ажлын хөлсийг үндэслэлгүйгээр төлөлгүй өдийг хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс улирлын чанартай ажил учир хавар хөрс хөлдөж гэссэнээс үүдэлтэй гарах засварын ажлыг хийх саналыг удаа дараа гаргахад шууд доголдолтой гүйцэтгэл нийлүүлсэн гэх тодорхойгүй тайлбарыг өгөөд гэрээг цуцалж тухайн засварыг хийж гүйцэтгэх боломжгүй болгосон.

Хожим ерөнхий гүйцэтгэгч нь тухайн засварыг өөр компанитай гэрээ байгуулан засварлуулахад 20 орчим сая төгрөгийн буюу маш бага хэмжээний зардлаар гүйцэтгүүлснээс үзэхэд биет байдлын доголдолд огт хамаарахгүй доголдол байсан нь тогтоогдоно. Гэвч улирлын чанартай гарсан багахан хагарлыг биет байдлын доголдол гэж үзээд, туслан гүйцэтгэгч компанийг өөрсдийн хөрөнгөөрөө нэмж засварлая гэсэн саналыг үл ойшоон тухайн ажлыг хийх боломжгүй болгон гэрээг цуцалж, цаашлаад үүгээр шалтаглан төслийн санхүүжилтээ авсан хэрнээ туслан гүйцэтгэгчийн хийж дуусгасан нийт үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг төлөхгүй өдийг хүрсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн, хариуцагч байгууллага нэхэмжлэгчид нийт хийгдсэн ажлын хөлсийг төлөх тухайгаа хэлэлцээрээр хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн, үүнийхээ дагуу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхээр нэхэмжилж буй мөнгөн дүнгээс эхний ээлжид 141,917 ам.долларын төлбөр төлсөн байдаг /Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон давж заалдах гомдлыг гаргаж буй/. Харин НӨАТ-тай холбоотой 2019 оны 11 дүгээр сард НӨАТ-аас чөлөөлөх Сангийн сайдын тушаалаар НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэх тайлбарыг гаргадаг боловч нэхэмжлэлийн шаардлага дахь НӨАТ-д хамаарах дүнг манай компанид төлбөр болгон мөнгө шилжүүлэхдээ суутгаж үлдээсэн байдаг.

Дээрхээс үзэхэд хариуцагч болох Х ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 болон 2.3 дахь хэсэг болоод Иргэний хуулийн 343.1, 346.2 дахь хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх журмыг зөрчиж үндэслэлгүйгээр төлөх ёстой төлбөрийг төлөөгүй, түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан нэмэлт хугацаа тогтоох ч бүү хэл ажил гүйцэтгэгчийн доголдлыг өөрийн зардлаар засч арилгах боломжийг хязгаарласан, шаардах эрхийн дарааллын хувьд дээрх арга хэмжээг авалгүйгээр туслан гүйцэтгэгч байгууллага өөрөө энэ талаар санал гаргасаар байхад дур мэдэн гэрээг цуцалж ажлын хөлсийг үндэслэлгүйгээр төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,171,945,121.03 төгрөгтэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас 1,171,945,121 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргасан. Ямар үндэслэлээр 1,171,945,121 төгрөгийг авах гэж байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээгээр ПК17-ПК37 хүртэл ажлыг ҮЗ ХХК хийж гүйцэтгэх ёстой байсан. Тус гэрээний 2.3-д хийсэн ажлаа сертификатаар баталгаажуулж, тус баталгаажуулсан сертификатаа “А - консалтинг” ХХК-аар батлуулсны дараагаар төлбөр орохоор тусгагдсан. 4 дугаартай сертификатын англи хувийн 52 дугаар талд, орчуулгын 62 дугаар талд ҮЗ ХХК-ийн хийсэн ажлаас 1098 метр,куб тавьсан хар замыг “А - консалтинг” ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас чанарын доголдолтой гэж үзэж хассан тухай авагдсан. Хассан үнийн дүнг тооцоход 175,000 ам.доллар болдог. Бид тус сертификатын дагуу авах ёстой мөнгөн дүнгээс 175,000 ам.долларыг доголдолтой гэх үндэслэлээр хасуулсан учир ажлаа хийж гүйцэтгэсний дараа авах талаар тооцоо нийлсэн актад тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ҮЗ ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК, ХГ ГХОХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 731,390,611.67 төгрөг, нэмэлт ажлын зардалд 515,724,641.31 төгрөг, 5 хувийн суутгалын 85,455,506.78 төгрөг, НӨАТ-ын буцаалт 243,815,104.55 төгрөг, нийт 1,576,385,864.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХГ ГХОХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

2. Хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төлбөл зохих хөлсийг бүрэн төлсөн, гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон Зам тээврийн яамнаас 173 648,7 ам.долларыг суутган авсан, нэхэмжлэгч ажлын доголдлоо арилгаагүй, нэхэмжлэгч гэрээнд заагдаагүй ямар нэмэлт ажил хийсэн болохоо баримтаар нотлоогүй, НӨАТ-ын буцаалт болон гүйцэтгэлээс 5 хувийг илүү суутгасан гэх шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

 

3. БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК болон Монгол Улсын хуулийн этгээд ҮЗ ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Г-01/19 дугаартай ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч ҮЗ ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ПК17,26-ээс ПК37,26 хүртэлх 20 км замын ажлыг гүйцэтгэх 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусган ашиглалтад оруулах, захиалагч Х ХХК нь 5,264,474.12 тооцох нэгж /ам.долларын/ хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-11-30/

 

3.а. Дээрх гэрээний тусгай нөхцлөөс үзэхэд гэрээт ажлын Захиалагч тал нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк гүйцэтгэгч нь БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК, зөвлөхөөр “А - Сайн Консалтинг” ХХК, туслан гүйцэтгэгч нь ҮЗ ХХК байна./хх 29/

 

4. Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, нэмэлт ажлыг гэрэгээр тохирсон эсэх, зардал бодитой эсэх талаар маргажээ.

 

4.а. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч ҮЗ ХХК нь ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж захиалагч тал Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн эсэх, санхүүжүүлэгч байгууллага болох Азийн хөгжлийн банкнаас замын ажлын санхүүжилт БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК-д бүрэн шилжсэн эсэх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй. Мөн хариуцагч талаас 2019 онд Сангийн сайдын тушаалаар ХГ ГХОХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн гэж тайлбарласан байхад шүүх “нэхэмжлэгч хариуцагчаас НӨАТ-ын буцаалт 243,818,104.55 төгрөгийг хэрхэн тооцож, ямар үндэслэлээр шаардаж байгаа талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.б. Түүнчлэн, шүүхээс гарах шийдвэр, захиалагч тал болох Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулж, холбогдох ажиллагаа явуулаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй, мөн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/02006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,017,676.6 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ