Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 337

 

 

Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа

АДОБАЗ-ны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал хамгаалах сан, Жижиг дундын үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “Х” ХХК-ийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №ММХ-2011/40 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу манай байгууллага нь “Х” ХХК-тай төвийн бүсийн Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт малын тэжээл тариалах зорилгоор атаршсан 20 га талбайг чанарын өндөр түвшинд хашаалж, атаршсан хөрсийг боловсруулж олон наст тэжээлийн ургамал тариалах ажлыг гүйцэтгэх, улмаар жил бүр 10-аас доошгүй тонн малын тэжээл, ногоон тэжээлийг бэлтгэн 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд зээлийг бүрэн төлж дуусгах бүтээгдэхүүнийг АДОБАЗ-нд хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Х” ХХК нь атаршсан 20 га талбайг хашаалах, олон наст тэжээлийн ургамал тариалах зээлийг жил бүр 10 аас доошгүй тонн малын тэжээл, ногоон тэжээлээр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул удаа дараа “Х” ХХК-ийн захирал Б.Чинзоригт албан бичгүүдийг хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээг аваагүй болно. Иймд тус “Х” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХААХҮЯ-ны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр, ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох 14 000 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдах ёстой. Уг гэрээ 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан. Түүнээс хойш 7 жил 4 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ асуудлаар нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад шалгуулаад прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т тодорхой үүрэг гүйцэтгэх хугацаа бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Ажил гүйцэтгэх гэрээ болохоор үүргийн биелэлтийг шаардаж байгаа гэрээ. Энэ бол хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр тооцоод үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д шаардах эрх үүссэн үеэс эхлээд гэж байна. Өөрөөр хэлбэл 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил болгон 10 тонн тэжээл бэлтгэж нийлүүлэхээр гэрээнд заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1.6-д жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10 тонн тэжээл бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. 2014 оны 8 дугаар сарын 09-ний хүртэл 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1.6-д заасныг үндэслэж үзэх юм бол шаардах эрх нь 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж эхлээд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 01-ний хүртэл эхний байдлаар 10 тонн тэжээл бэлтгэн нийлүүлсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар нэхэхгүй байж байгаад өнөөдөр нэхэж байгаа нь ямар шалтгаантай юм бэ.

Зээл анх бодит байдалд Цолмон гэх даргын отрын бүсийн нэр дээр зээл гарсан. Уг зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас аваад авсны дараа нь манайх энэ зээлийг авах гэж байсан, зээл бүтсэн одоо манайх өөрсдөө хийнэ гэсний дагуу мөнгийг буцаан олгосон. Хэрвээ мөнгийг буцаан олгоогүй, манайх авсан ийм тохиолдол байсан бол ямар нэгэн байдлаар эхний ээлжид буюу 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ тэжээлийг өгөх ёстой гэж шаардах үүрэгтэй гэж талуудын хооронд байгуулсан гэрээний заалтад ажил гүйцэтгүүлэгчийн үүрэг гэж заасан. Тус үүргээ нэхэмжлэгч талд гүйцэтгүүлээгүй. Манайх ажил гүйцэтгэх гэрээний мөнгийг огт аваагүй, ажил гүйцэтгэхээ больсон гэж бодоод мөнгийг буцаагаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шилжүүлж өгсний дараа, гэнэт дарга нар нь солигдоод 8 жилийн дараа мөнгөө авна гэж байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тийм учир нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс өгсөн хариу бичигт 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан байгаа. Үүнийг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмж байгаа, Улсын дээд шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн заалтуудаар тус тус нийтэд илэрхий баримт гэж үзэхээр заасан байгаа. Үүнд тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байгаа баримтыг хэлнэ гэж байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд өнөөдөр бид нар хэлэлцэх боломжгүй. Энэ асуудалд шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д хэсэгт тус тус заасныг баримтлан Хайрхан бар ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х ХХК-аас 227 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бодит байдал дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа буюу 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бид ажлаа эхлүүлэх гэтэл Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ-ны  дарга Д.Цолмон ирж уулзаад “бид ажлаа өөрсдөө хийхээр болсон” гэж хэлээд 14 000 000 төгрөгийг буцаан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, захиалагч тал гэрээнээс татгалзсан үйл явдал тодорхой харагдаж байна. Хэрвээ гэрээнээс татгалзаж мөнгөө аваагүй байсан бол эхний жилийн тэжээл нийлүүлээгүй байх үед буюу 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шаардах ёстой байсан атал 7 жил орчим хугацаанд шаардахгүй явсан нь гэрээнээс татгалзсан, мөнгөө буцаагаад авсан учир шаардаагүй болох нь бодит үйлдлээр харагдаж байна.

...Нэхэмжлэгчийн шаардах эрх 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна. Харин нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт татгалзлын үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж маргасан гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөөгүй байна. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт өгөөгүй, зөвхөн “...нэхэмжлэгчийг 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс буюу гэрээний хугацаа дууссан үеэс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн атлаа “Х” ХХК-иас 14 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс шаардах эрх үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсныг дурдах нь зүйтэй. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, баталгаа гаргасан, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах талаар хүсэлт гаргасан зэрэг ямар нэг хэлбэрээр зөвшөөрсөн талаарх ямар нэгэн баримт хавтаст хэрэгт огт байхгүй болно. Бидний зүгээс гаргаж өгсөн албан бичгийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй бөгөөд агуулгын хувьд “бид ямар нэг тооцоо байхгүй” гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл шаардах эрх үүссэн, эсхүл гэрээний хугацаа дууссан аль ч үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхээ хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүхээс “...2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг 36 сарын хугацаатай байгуулж....2014 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс буюу гэрээний хугацаа дууссан үеэс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон хугацаа буюу “2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 4 200 000 төгрөгийн тэжээл буюу нийт үүргийн 30 хувийг Мал хамгаалах санд тушаана” гэснийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болохыг шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ   нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            АДОБАЗ   болон “Х” ХХК-ийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХХК нь Төвийн бүс дэх Чилэнгийн аймаг дундын отрын бэлчээрт малын тэжээл тариалах зорилгоор атаршсан 20 га талбайг хашаалж, атаршсан хөрсийг боловсруулж олон наст тэжээлийн ургамал тариалах, үйлдвэрлэх, буцааж тушаах,  АДОБАЗ нь 14 000 000 төгрөгний зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргуулж санхүүжүүлэх талаар тохиролцсон тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Түүнээс гадна Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан болон АДОБАЗ хооронд 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд 14 000 000 төгрөгийн зээл олгожээ. Энэ гэрээнд хариуцагч “Х” ХХК-ийг гүйцэтгэгч тал гэж тодорхойлсон боловч уг гэрээгээр зээлийн аливаа үүрэг хүлээгээгүй байна.

                                                                                                                   /хх-8-11 дэх тал/

 

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ   нь 14 000 000 төгрөгөөр “Х” ХХК-ийг санхүүжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн 20 га талбайг хашаалж, атаршсан хөрсийг боловсруулж, олон наст тэжээлийн ургамал тариалах, үйлдвэрлэх, буцааж тушаах хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч АДОБАЗ   гэрээнээс татгалзах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч АДОБАЗ-ны  дарга байсан н.Цолмон буцаан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Харин хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан тул энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолбол 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дуусч байна.

 

Нэхэмжлэгч АДОБАЗ   нь хариуцагч “Х” ХХК-иас удаа дараа төлбөр тооцоо хийхийг шаардаж 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл өгснийг шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Х” ХХК-иас ажил гүйцэтэгх гэрээний үүрэгт 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа АДОБАЗ-нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ