Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00882

 

ХХААХҮЯ-ны харьяа АДОБАЗ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны харьяа АДОБАЗ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал хамгаалах сан, Жижиг дундын үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “Х” ХХК-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ММХ-2011/40 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу манай байгууллага нь ”Х” ХХК-тай төвийн бүсийн Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт малын тэжээл тариалах зорилгоор атаршсан 20 га талбайг чанарын өндөр түвшинд хашаалж, атаршсан хөрсийг боловсруулж олон наст тэжээлийн ургамал тариалах ажлыг гүйцэтгэх, улмаар жил бүр 10-аас доошгүй тонн малын тэжээл, ногоон тэжээлийг бэлтгэн 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд зээлийг бүрэн төлж дуусгах бүтээгдэхүүнийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Х ХХК нь атаршсан 20 га талбайг хашаалах, олон наст тэжээлийн ургамал тариалах зээлийг жил бүр 10 аас доошгүй тонн малын тэжээл, ногоон тэжээлээр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул удаа дараа Х ХХК-ийн захирал Б.Чинзоригт албан бичгүүдийг хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээг аваагүй болно. Иймд тусХ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг гэрээ 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан. Түүнээс хойш 7 жил 4 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ асуудлаар нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад шалгуулаад прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т тодорхой үүрэг гүйцэтгэх хугацаа бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.2-д шаардах эрх үүссэн үеэс эхэлнэ гэж заасан. ...2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу, мөн ажил гүйцэтгэх гэрээний 3.1.6-д зааснаар жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10 тонн тэжээл бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. 2014 оны 08 дугаар сарын 09-ний хүртэл 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1.6-д заасныг үндэслэж үзэх юм бол шаардах эрх нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж эхлээд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээл анх бодит байдалд Цолмон гэх даргын отрын бүсийн нэр дээр зээл гарсан. Уг зээлийг Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас аваад авсны дараа нь манайх энэ зээлийг авах гэж байсан. Тус үүргээ нэхэмжлэгч талд гүйцэтгүүлээгүй. Манайх ажил гүйцэтгэх гэрээний мөнгийг огт аваагүй, ажил гүйцэтгэхээ больсон гэж бодоод мөнгийг буцаагаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шилжүүлж өгсний дараа, гэнэт дарга нар нь солигдоод 8 жилийн дараа мөнгөө авна гэж байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тийм учир нэхэмжлэгч шаардах эрхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д хэсэгт тус тус заасныг баримтлан Х ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х ХХК-аас 227 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Уг гэрээний 3.1.6-д “гэрээнд хавсаргасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж, хавсралтын 1 дэх хүснэгтэд 2012 оны 06 дугаар сарын01-ний өдрийн дотор 4 200 000 төгрөгийн тэжээл буюу нийт үүргийн 30 хувийг Мал хамгаалах санд буюу Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд тушаахаар тохиролцсон ба уг гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй, тус өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж байна.

...Давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

... анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг ноцтой зөрчсөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны харьяа АДОБАЗ-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь хариуцагч “Х” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй учир хүүгүй зээлүүлсэн 14 000 000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулахаар шаарджээ. 

Хариуцагч “Х” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, зээлсэн мөнгөө буцаан төлсөн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, “Х” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “зээлийн” нэртэй гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан нь зээлдүүлэгч, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь зээлдэгч, “Х” ХХК нь гүйцэтгэгчээр оролцсон байна. Зээлдүүлэгч нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Малын таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгчид 14 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай хүүгүй зээлүүлэх, зээлдэгч зээлээ малын тэжээлээр Мал хамгаалах санд төлөх, ажил гүйцэтгэгч нь төвийн бүсийн Чилэнгийн аймаг дундын отрын бэлчээрт атаршсан 20 га талбайг чанарын өндөр түвшинд хашаалж, хөрс боловсруулах, тариалах ажлыг хийж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээний үндсэн дээр Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь “Х” ХХК-тай “ажил гүйцэтгүүлэх” нэртэй гэрээ 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулжээ. Уг гэрээгээр Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  авах, гэрээт ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай хүүгүй 36 сарын хугацаатай 14 000 000 төгрөгийг “Х” ХХК-д шилжүүлэх, “Х” ХХК нь Чилэнгийн аймаг дундын отрын бэлчээрт атаршсан 20 га талбайг чанарын өндөр түвшинд хашаалж, хөрс боловсруулах, тариалах ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх, 14 000 000 төгрөгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, жил бүр 10-с доошгүй тонн малын тэжээл, ногоон тэжээл бэлтгэж, зээлийг хуваарийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд бүтээгдэхүүнээр бүрэн төлж дууссан байх үүрэг тус тус хүлээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ дагуу үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс тооцож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэл өгснөөр хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тасалдсан гэж үзжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг  хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Энэ утгаар нэхэмжлэгч хариуцагчаас төлбөр төлөхийг зөвхөн шаардсан байх нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй, харин энэхүү шаардлага мэдэгдлийг тухайн үед хариуцагч татгалзаагүй нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, улмаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болох боломжтой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 05 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэлд тухайн үед хариу өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч үндэслэлээ тайлбарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримт гаргаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02661 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН