Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02144

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02144

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, *** овогтой ***гийн ***ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, *** овогтой ***ын ***т /РД:***/ холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 64,000,000 /жаран дөрвөн сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2021.11.09-ний өдөр үнэгүй сайтаас 2015 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай Тоёота харьер маркийн автомашиныг авахаар Д.***тай утсаар холбогдож автомашины талаарх мэдээллийг авч, ББСБ-д барьцаанд байгаа нэрийг шилжүүлэхэд асуудалгүй гэсэн. Ингээд автомашиныг Дүнжингарав худалдааны хажууд үзэхэд Д.***, Майжаргал нар нь маш бага гүйлттэй, бараг шинэ машин учир авахад алдахгүй гэж итгүүлсэн. Маргааш нь Улсын их дэлгүүрийн урд байдаг автотээврийн газар очиж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн, гэрчилгээг өөрийн нэр дээр 2021.11.10-ны өдөр авч, автомашины үнэ 64,000,000 төгрөгийг Д.***ын эхнэр ***ын ззэмшлийн Хаан банкны ***дугаар дансанд шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн унах явцад догол үүсэж авто оношилгоо хийлгэхэд батерейны хугацаа дууссан учир нурсан гэсэн. Ердөө 92,000 км явсан шинэ машин гэж хэлэхэд наад машин чинь 282,000 км явсан учир батерей солих болсон гэж зөвлөсөн. Уг батерейг солиулахад 10,0 сая төгрөгийн зардал гарахаар болсон. Ингээд миний бие *** нартай утсаар холбогдон итгэл эвдэн, хууран мэхэлж, автомашины гүйлтийн хэмжүүрийг багасгаж, өөрчлөн мөн биет байдлын доголдолтой батерей нь муудсан машиныг худалдсан, машинаа буцааж ав, өгсөн мөнгөө авья гэхэд надад одоо мөнгө байхгүй, километрийн заалт хамаагүй, буцаах боломжгүй, зараад мөнгөө гаргаад ав гэсэн. Д.*** нар бараг шинэ машин гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 232,000 км-ийг 92,000 км болгон багасгасан байдлыг хянах самбар дээр үзүүлэн намайг төөрөгдөлд оруулан, бодит байдлыг нуун дарагдуулан батерей муу машинаа худалдсан гэж үзэж байгаа тул автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 64,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021.11.10-ны өдөр өөрийн *** улсын дугаартай Тоёота маркийн автомашиныг 64,0 сая төгрөгөөр Б.***т худалдсан нь үнэн, тухайн автомашиныг би өөрөө 2021 оны 4 сард худалдаж авсан бөгөөд унаад ямар ч асуудал, эвдрэл гэмтэлгүй автомашиныг худалдсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг түүнийг хууран мэхэлж, залилсан зүйл огт байхгүй. Б.*** нь аав болон эрэгтэй дүүгийн хамт ирээд автомашиныг шалгаж, унаж үзээд худалдаж авах шийдвэрийг өөрөө л гаргасан. Б *** нь автомашиныг худалдаж авах үед түүний аав хөдөө орон нутаг руу унаж явах ажилтай, хот хөдөөгийн хооронд унаж ашиглах тухай ярьж байсан. Гэтэл ийнхүү хүнээс худалдаж авсан автомашиныг өвлийн улиралд бүтэн 4 сар хөдөө орон нутгийн замд унаж ашиглачихаад өөрийн эдэлж байх явцад үүссэн гэмтлээс шалтгаалж буцаах тухай ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс Төлбөр шилжүүлсэн банкны баримт, *** ББСБ-ын нэр буцаан шилжүүлэх тухай албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Үнэгүй.мн сайтын зар, фото зургийн хамт, хэрэглэгчийн захиалгын хуудас, *** ХХК-ийн оношилгоо, тодорхойлолт, нэхэмжлэх баримт, хариуцагчаас Нэхэмжлэх баримт ирүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж гаргуулсан дүгнэлт, *** ХХК-ийн зар, Смарт кар.мн сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.*** нь Д.***т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 64,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ 232,000 км явсан машиныг 92,000 км болгон бодит байдлыг нуун дарагдуулан батерей муу машинаа худалдсан гэж тайлбарлав.

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн аав болон дүүгийн хамт ирээд автомашиныг шалгаж, унаж үзээд худалдаж авсан, түүний аав нь өвлийн улиралд бүтэн 4 сар хөдөө орон нутаг руу унаж ашиглачихаад эдэлж байх явцад үүссэн гэмтлээс шалтгаалж буцаах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Д.*** нь өөрийн өмчлөлийн 2015 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай Тоёота харьер маркийн автомашиныг Б.***т худалдахаар 2021.11.09-ний өдөр тохиролцсон үйл баримтын хувьд талууд маргахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

Гэрээний нөхцөл агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийн зохицуулалт үйлчлэх юм.

Хариуцагч нь 2021.11.10-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон 64,000,000 төгрөгийг төлж, хөрөнгөө хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч мөн хуулийн 254.1-д заасан тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь тухайн өдөр тээврийн хэрэгслийг шалгаж авсан, тээврийн хэрэгслийн доголдол буюу 232,000 км-ын заалтыг 92,000 км болгосон, батерей муудсан байсныг 2022.01.10-ны өдөр мэдэж, гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч тухайн тээдрийн хэрэгслийг зориулалтаар нь өдийг хүртэл ашиглаж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн хэн аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

 

Шүүхээс томилогдсон шинжээч нь тухайн тээврийн хэрэгслийн 3, 4, 5 дугаар батарейн хүчдэл бусад батарейн хүчдэлтэй харьцуулахад муу байна, ашиглалтын явц дахь гибрид батерейн агааржуулалтын сувгийн тор бохирдож бөглөрсөн болон олон шалтгаант нөхцлийн улмаас үүссэн байх үндэслэлтэй, гибрид батерей нурах нь ашиглалтын явц дахь агаарын халуун, хүйтэн хэм, засвар үйлчилгээ, жолоодох үеийн аргаас батерейг хэрхэн цэнэглэж байгаа зэрэг олон шаалтгаан нөхцлөөс үүсэж болохыг дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан ба тухайн тохиолдолд тээврийн хэрэгслийн 3, 4, 5 дугаар батерейн хүчдэл бусад батерейн хүчдэлтэй харьцуулахад муу байгаа нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 64,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б.***ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254.1-д заасан бусад шаардлагыг гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 477,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан *** овогтой ***ын ***т /РД:***/ холбогдох, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 64,000,000 /жаран дөрвөн сая/ төгрөг буцаан гаргуулах тухай *** овогтой ***гийн ***ийн /РД:***/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 477,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ