Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01388

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02144 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ийн хариуцагч Д.Т-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 64,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Д.Т-аас Тоёота харриер маркийн автомашиныг худалдан авахаар болж, Дүнжингарав худалдааны төвийн хажууд үзэхэд Д.Т-, Майжаргал нар нь маш бага гүйлттэй, бараг шинэ машин учир авахад алдахгүй гэж итгүүлсэн. Маргааш нь Улсын их дэлгүүрийн урд байдаг Автотээврийн газар очиж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн, гэрчилгээг өөрийн нэр дээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргуулсан. Автомашины үнэ 64,000,000 төгрөгийг Д.Т-ын эхнэр Майжаргалын ззэмшлийн Хаан банкны 5602015269 тоот дансанд шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг унах явцад доголдол үүсэж, авто оношилгоо хийлгэхэд батерейны хугацаа дууссан учир нурсан гэсэн. Ердөө 92,000 км явсан шинэ машин гэж хэлэхэд наад машин чинь 282,000 км явсан учир батерей солих болсон гэж зөвлөсөн. Уг батерейг солиулахад 10,000,000 төгрөгийн зардал гарахаар болсон. Ингээд миний бие Д.Т-тай утсаар холбогдон итгэл эвдэн, хууран мэхэлж, автомашины гүйлтийн хэмжүүрийг багасгаж, өөрчлөн мөн биет байдлын доголдолтой батерей нь муудсан машиныг худалдсан, машинаа буцааж ав, өгсөн мөнгөө авъя гэхэд надад одоо мөнгө байхгүй, километрийн заалт хамаагүй, буцаах боломжгүй, зараад мөнгөө гаргаад ав гэсэн. Д.Т- нар бараг шинэ машин гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 232,000 км-ийг 92,000 км болгон багасгасан байдлыг хянах самбар дээр үзүүлэн намайг төөрөгдөлд оруулан, бодит байдлыг нуун дарагдуулан батерей муу машинаа худалдсан гэж үзэж байгаа тул автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 64,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Тоёота харриер маркийн автомашиныг 64,000,000 төгрөгөөр Б.Э-т худалдсан нь үнэн, тухайн автомашиныг би өөрөө 2021 оны 4 сард худалдаж авсан бөгөөд унаад ямар ч асуудал, эвдрэл гэмтэлгүй автомашиныг худалдсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг түүнийг хууран мэхэлж, залилсан зүйл огт байхгүй. Б.Э- нь аав болон эрэгтэй дүүгийн хамт ирээд автомашиныг шалгаж, унаж үзээд худалдаж авах шийдвэрийг өөрөө гаргасан. Б Энхчимэг нь автомашиныг худалдаж авах үед түүний аав хөдөө орон нутаг руу унаж явах ажилтай, хот хөдөөгийн хооронд унаж ашиглах тухай ярьж байсан. Гэтэл ийнхүү хүнээс худалдаж авсан автомашиныг өвлийн улиралд бүтэн 4 сар хөдөө орон нутгийн замд унаж ашиглачихаад өөрийн эдэлж байх явцад үүссэн гэмтлээс шалтгаалж буцаах тухай ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан Лу Монгол овогтой Дорждагвын Тамирт /РД:ЧН79052017/ холбогдох, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 64,000,000 /жаран дөрвөн сая/ төгрөг буцаан гаргуулах тухай Чойжин овогтой Баяраагийн Энхчимэгийн /РД:Л387111263/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 477,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт зааснаар худалдагч Д.Т- нь худалдсан автомашины үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч Б.Э-т өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь маргаан бүхий автомашин нь Монгол Улсад импортлогдон орж ирсэн гаалийн мэдүүлэгт 282,000 км гэсэн гүйлтийг худалдагч тал өөрчлөн 90,000 км болгон автомашиныг Б.Э-т худалдан борлуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч Д.Т- нь биет байдлын доголдолтой тээврийг хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Учир нь маргаан бүхий автомашин нь хайбрид хөдөлгүүртэй автомашин бөгөөд цахилгаан моторын тэжээлийн батерей муудсан буюу биет байдлын доголдолтой автомашиныг Б.Э-т худалдан борлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийн хувьд шүүгч гаалийн мэдүүлэгт маргаан бүхий автомашин нь 282,000 км гүйлттэй байгааг нотолсон баримт, үнэгүй сайтаас гаргуулсан баримт, шинжээчийн дүгнэлт зэрэгт км-ийн заалт зөрүүтэй байгаад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл худалдагч тал маргаан бүхий тээврийн хэрэгслийн км-ийн заалтыг өөрчлөн, ердөө 90,000 км явсан, бараг шинэ машин гэж төөрөгдөлд оруулан, бодит байдлыг нуун дарагдуулж, хуульд заасан үүрэг болох мэдээллийг үнэн зөв өгөөгүй байхад шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй зэрэг нь уг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шүүгч иргэний хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй, хуулийг зөв хэрэглээгүй, бодит үнэнг зөв тогтоолгүй шийдвэрлэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Д.Т-т холбогдуулан худалдан авсан автомашины батерейн хугацаа дуусаж, нурсан байсан гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 64,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Э- нь өөрөө үзэж шалган, ямар ч эвдрэл гэмтэлгүй автомашин авч явсан, өвлийн улиралд бүтэн 4 сар унасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 1-2, 16-р тал/

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.а.Талууд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Т- нь Тоёота харриер маркийн автомашиныг 64,000,000 төгрөгөөр худалдах, Б.Э- нь автомашины өмчлөлийг шилжүүлэн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, техникийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 6-р тал/

3.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн. Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй, харин худалдан авсан автомашины биет байдлын доголдлын талаар маргасан байна.

3.в.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ заасан бөгөөд талууд дээрх хуульд зааснаар автомашины чанарын талаар гэрээнд нарийвчлан зааж тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

3.г.Худалдан авагч Б.Э- нь худалдагч Д.Т-аас 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 03 дугаар сард Монгол Улсад орж ирсэн хуучин автомашин худалдан авчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтэд ... тээврийн хэрэгслийн 3, 4, 5-р батерейн хүчдэл бусад батерейн хүчдэлтэй харьцуулахад муу, батерейн цэнэгийн хэмжээ 58 хувь, гибрид батерей нурах нь ашиглалтын явц дах агаарын халуун, хүйтэн хэм, засвар үйлчилгээ, жолоодох үеийн аргаас шалтгаалсан батерейг хэрхэн цэнэглэж байгаа зэрэг олон шалтгаан нөхцөлөөс үүсэж болно. гэсэн байгаагаас үзвэл худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дах хэсэгт зааснаар бүхэлд нь доголдолтой гэж үзэхээргүй байна.

3.д.Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э- нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь автомашины батерейн цэнэг муу, километрийн заалт зөрүүтэй гэх доголдлыг дээрх хуульд зааснаар мэдэх боломжтой байжээ.

3.е.Гэтэл худалдан авагч буюу нэхэмжлэгч нь автомашиныг хүлээн авахдаа техникийн оношилгоо хийлгээгүйгээр хүлээн авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтэд заасан үндэслэлээр нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагч бодит байдлыг нуун дарагдуулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан ... гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ