Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 131/шш2020/00091

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2-р баг, 39а-12 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Ундар овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* банк ХХК,

 

Хамтран хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 6-р баг, 6-16 тоотод бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 808 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******  ******* овогт *******гийн *******,

 

Хамтран хариуцагч: Баянхонгор аймгийн сум, 3-р багт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 808 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Гэрэлмаа, хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 11 сард хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтэж байгаад тус эмнэлэгт хүүгээ сахиж байсан С., Ч.******* нартай танилцсан. Тэд өөрсдийгөө малын наймаа хийдэг ченжүүд, 60.000.000 төгрөгний машин авахаар болсон. Гэтэл банк нь 400.000 төгрөгний барьцаа дутаад байна, хүн олоод ир гэсэн гэж ярьж байсан. Тэр үед манай эгч над руу утсаар ярьж хашаа байшингаа 1.000.000 төгрөгөнд барьцаанд тавиулаач гэж гуйсан. Би 1.000.000 төгрөг дээрээ надад 500.000 төгрөг нэмээд аваад өгөөч гэж гуйсан.

Энэ үед С. сонсчихоод намайг янз бүрээр хоргоож гуйсан, С. хэлэхдээ манайх 60.000.000 төгрөгний машин, пургон, хашаа байшин бүх зүйлээ барьцаанд тавьсан, одоо 400.000 төгрөгний барьцаа хэрэгтэй гэж хэлсэн. Би 400.000 төгрөгний батлан даагч болж байгаа гэж ойлгосон. Надад ярилцаж байснаас өөр гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. С., Ч.******* нарт бүх бичиг баримтаа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа уулзахад зээлээ авсан, чамд явдал удахгүй, машин зарсан хүний эхнэрээр гарын үсэг зуруулсан, банк чамтай уулзах шаардлагагүй гэсэн гэж хэлсэн. Тухайн үед хүүгийн бие тааруу байсан учир хот явсан. Ингээд 2015 оны 6 сард миний эд хөрөнгийг дангаар нь барьцаанд тавьсныг мэдсэн тул С. Ч.******* нартай уулзаж 2015 оны 11 сарын 30-ны дотор чөлөөлж өгнө гэсэн хэлцэл хийсэн. Баянхонгор аймаг дахь ******* банкны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээ, барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй.

 

Иймд миний хөрөнгийг барьцаалсан ******* банк, С., Ч.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 2051000071 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай байна.

Уг барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм. Дээрх барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар намайг хуурч мэхлэн дүр үзүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа.

Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ******* банк, С., Ч.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 2051000071 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Учир нь дээрх барьцааны болон батлан даалтын гэрээнүүдэд би өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй. Миний хувьд маш их хохирсон, надад хэцүү байна. ******* банк ХХК нь батлан даалтын гэрээ болон барьцааны гэрээ байгуулахдаа сайн анхаарч үзэлгүйгээр миний нэрээр өөр хүнээр гарын үсэг зуруулсан байсан. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээр дүгнэлт гаргуулахад миний гарын үсэг биш хуурамч гарын үсэг болох нь нотлогдсон. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл дээр нэмэлт тайлбар хийхэд ******* банк ХХК-наас Ч.*******, С.Энхтуяа нар нь 400.000 төгрөгийн зээл авна, зээл авахдаа Б.*******ийг дуудаж гарын үсэг зуруулах талаараа хэлж нотариатад итгэмжлэл хийсэн байдаг боловч тухайн үед зээл авахдаа дуудаагүй байдаг. ******* банк ХХК нь өмчлөгч зөвшөөрөөгүй байхад, түүний гарын үсгийг нягтлан шалгалгүйгээр барьцааны болон батлан даалтын гэрээг байгуулж зээл олгосон нь буруу юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* 2017 оны 06 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус банкны зээлдэгч Ч.*******, С. нарын зээлийн баталгаа болгож барьцаалсан хөрөнгийг аман байдлаар хүлээн зөвшөөрснөөс өөрөөр зөвшөөрөл олгоогүй гэх боловч 2014 оны 11 сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн тойргийн нотариатч Д.Эрдэнэхандын баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу Баянхонгор аймагт байршилтай дугаартай 77м,кв үл хөдлөх, дугаартай 28 м,кв үл хөдлөх, Г-0320001080 дугаартай 347 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа болно. ******* банк ХХК-ийн зээлдэгч н.******* нь зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй учраас Баянхонгор аймаг дахь СДИХАШШ-д хандсан. Тус шүүхээс 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 37 тоот захирамжийн дагуу 16.220.463 төгрөгийг банкинд олгох, сайн дураар биелүүлээгүй бол барьцаалуулсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2016 онд Б.******* нь тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгч хянаж үзээд 2016 оны 07 сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу энэ хэрэг маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж гарсан байх тул тус нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү.

Иргэн н.*******, н. нар нь 2016.01.07-ны өдрийн 37 тоот шийдвэрийн дагуу 16.355.989 төгрөгийг төлж банкыг хохиролгүй болгосон тохиолдолд ******* банк тус барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөх бүрэн боломжтой...гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С., Ч.******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 36 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй 14.900.000 төгрөгийн хүүтэй зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлээ эргэн төлөөгүй сураггүй алга болсон байдаг. Манай ******* банк ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг хийхдээ итгэмжлэл дээр үндэслэж хийсэн. Итгэмжлэл дээр орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч Б.******* гарын үсэг зурсан байдаг. Итгэмжлэлийг үндэслэн банкнаас барьцааны гэрээ хийгддэг, батлан даалтын гэрээ бол зээлдэгчтэй байгуулдаг гэрээ биш. Мөнгө зээлсэн хүмүүс зээлээ төлөхгүй байсан учир шүүхийн шийдвэрээр 15.736.045 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 2016 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлж зээлийн хүүг нь зогсоосон байдаг. Одоогийн байдлаар 3.048.504 төгрөг төлсөн, 12.694.146,41 төгрөгийн зээл төлөх үлдэгдэлтэй байгаа. Манай банкны зүгээс зээлээ төлүүлэх байр суурьтай байгаа гэв.

Хамтран хариуцагч Ч.******* нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Миний бие 2014 оны 11 сард Б.*******тэй ярилцаж тохиролцоогүй, эхнэр С. нь Б.*******т 400.000 төгрөг өгч тохиролцон үл хөдлөх бичиг баримтыг итгэмжлэл хийлгэж банкинд барьцаа болгохоор тохиролцож авсан. Гэхдээ энэ хугацаанд ******* банкнаас 14.500.000 төгрөгийг 22.000.000 төгрөг болгон төлөхөөр гэрээ хийж авсан. Үүнээс одоогийн байдлаар 10-аад сая төгрөгийг төлсөн. Б.*******т 1.250.000 төгрөг өгсөн, үүнээс 500.000 төгрөгийг банкинд хийхээр тохиролцсон. Одоогийн байдлаар үлдэгдэл 12.900.000 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгоно...гэжээ.

 

Хамтран хариуцагч С. нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...Б.*******ийн хашаа байшингийн бичиг баримтыг 2 жилийн хугацаатай авахаар болж нотариатаар итгэмжлэл хийлгэсэн. Тус бичиг баримтыг ******* банкинд барьцаанд тавьсан. Б.******* хүүхдийн бие муу, Улаанбаатар хот явна гээд 400.000 төгрөг бэлнээр өгсөн. 2019 оноос хойш Б.*******т 750.000 төгрөг өгсөн. Гэхдээ Ч.******* бид 2 ******* банкнаас авсан 14.500.000 төгрөгийг 22.000.000 төгрөг болгож төлөх байснаас одоогийн байдлаар 10-аад сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл зээлийг яаралтай барагдуулж, Б.*******ийг хохиролгүй болгоно гэжээ.

 

Хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

С., Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны болон батлан даалтын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* банк ХХК болон Ч.******* нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан байдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд С., Ч.******* нарын гарын үсэг, батлан даалтын гэрээнд батлан даагч Б.*******ийн нэр дээр гарын үсэг зурагдсан байна. Мөн барьцаалбар гэх хоёр баримт үйлдэж С., Ч.*******, Б.******* нарын гарын үсэг зурагдсан. Зээлийн барьцаанд нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууц, Г-0320001080 дугаартай, 347 м.кв газар, үл хөдлөхийн дугаартай, худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус банкны барьцаанд тавьж зээл авсан байдаг. Нэхэмжлэгч Б.******* нь Ч.*******т итгэмжлэл олгохдоо өөрийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ******* банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах, холбогдох баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байдаг. Энэ итгэмжлэлийн дагуу Ч.*******, С. нар нь банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж батлан даалтын гэрээнд Б.*******ийг төлөөлж гарын үсэг зурсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.*******, С. нар тайлбартаа банкны батлан даалтын гэрээнд Б.******* гарын үсэг зураагүй талаар, тухайн үед машин худалдаж авах гэж байсан Батбаярын эхнэр Өлзийхишигээр гарын үсэг зуруулсан талаар тайлбар гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр батлан даалтын гэрээнд зурсан гарын үсэг Б.*******ийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Ч.*******, С. нар нь ******* банк ХХК-ийг хохиролгүй болгох талаараа илэрхийлсэн байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:

******* банкны 2051000071 тоот батлан даалтын гэрээнд нэг талаас *******ийн *******, нөгөө талаас Алтансолонго гэсэн гарын үсэг зурж гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээн дээр зурагдсан гарын үсэг нь Б.*******ийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэлтэй. Мөн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байгаа. Барьцааны гэрээг байгуулахад хуулинд тусгайлан заасан шаардлага байдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд тодорхой заасан, барьцааны гэрээг байгуулахад нэг талаас Ч.*******, нөгөө талаас ******* банк, гуравдагч талаас С. нарын хооронд гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, барьцааны гэрээнд итгэмжлэлээр төлөөлж гарын үсэг зурж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.******* нэг тал болж оролцох ёстой, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* гэрээг байгуулах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн барьцааны гэрээг баталгаажуулсан барьцаалбарууд дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гарын үсэг зурсан байх шаардлагатай. Гэтэл барьцаалбарууд дээр Б.******* гэх хуурамч гарын үсэг зурж банк зээл олгох үндэслэл нь бүрдсэн. Тухайн үед өмчлөгч Б.*******ээр өөрөөр нь гарын үсэг зуруулах талаар шаардсан бол банкнаас ийм хэмжээний зээл гарахгүй байх байсан. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд багтана. Зөвшөөрөл олгогдсон гэх итгэмжлэлүүдийг судлаад үзэхээр яг хэдэн төгрөгний зээлийн барьцаанд тавих талаар итгэмжлэл дээр дурдаагүй, ерөнхий байдлаар тусгаж, нэхэмжлэгч Б.*******ийн хүсэл зоригийн илэрхийлэл итгэмжлэл дээр бүрэн тусгагдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-т зааснаар 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны болон батлан даалтын гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тухайн гэрээгээр барьцаалагдсан улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай газар, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь ******* банк ХХК, хамтран хариуцагч Ч.*******, С. нарт холбогдуулан банкны батлан даалтын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Гэрэлмаа нь эс зөвшөөрч Манай ******* банк ХХК-ийн зүгээс батлан даалтын болон барьцааны гэрээг хийхдээ итгэмжлэл дээр үндэслэж хийсэн. Итгэмжлэл дээр орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах, мөн холбогдох баримт бичигт төлөөлж гарын үсэг зурахыг зээлдэгч Ч.*******, С. нарт зөвшөөрч Б.******* нь гарын үсэг зурсан гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

******* банк ХХК нь зээлдэгч Ч.*******, С. нартай 2014 оны 11 сарын 21-ний өдөр 2051000071 дугаартай зээлийн гэрээ байгуулж 14.900.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай олгожээ.

Улмаар ******* банк нь 2014 оны 11 сарын 21-ний өдөр Ч.*******тай барьцааны гэрээ байгуулж Б.*******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газар, дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна.

 

Түүнчлэн 2014 оны 11 сарын 21-ний өдөр ******* банк ХХК нь зээлдэгч Ч.*******ын зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Б.*******ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэгч Б.*******тэй батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 11 сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газар, дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг банкинд зээлийн барьцаанд тавих, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах, нотариат, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт төлөөлөх, холбогдох баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах эрхийг Ч.*******, С. нарт итгэмжлэлээр олгосон, Ч.*******, С. нар нь энэ итгэмжлэлийг үндэслэн 2014 оны 11 сарын 21-ний өдөр ******* банк ХХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, батлан даалтын гэрээнд Б.*******ийг төлөөлж гарын үсэг зурсан байна.

 

Шүүх батлан даалтын болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д:  Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ,

459 дүгээр зүйлийн 459.1-д:  Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна гэж тус тус зааснаас дүгнэвэл батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчтэй бичгээр гэрээ байгуулах, гэрээнд талууд гарын үсэг зурсан байхыг шаардаж байна.

 

Гэвч хэрэгт авагдсан батлан даалтын гэрээнд батлан даагч Б.******* гарын үсэг зураагүй, гэрээнд батлан даагчийн гарын үсгийг дууриалган зурсан болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэнд: Б.*******, ******* банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 2051000071 дугаар батлан даалтын гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.*******ийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэж дүгнэснээр тогтоогдож байна.

 

Тодруулбал Иргэний хуулийн 45 дугаар бүлэгт заасан батлан даалтын харилцаанд тавигдах хуулийн шаардлагууд болох батлан даагч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд энэ харилцаа үүсээгүй байна.

 

Иймд ******* банк ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 2051000071 дугаар батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн ... хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д заасан ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

 

Харин ******* банк ХХК болон Ч.*******, С. нарын хооронд мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээг итгэмжлэлийн хугацаанд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан.

Маргаан бүхий барьцааны гэрээнд ямар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ямар эд хөрөнгийг барьцаалж байгаа талаар тодорхой заасан, барьцаа хөрөнгийн мэдээлэл тусгагдсан, улсын бүртгэлийн тэмдэг дарагдсан, уг гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангасан байна.

 

Гэвч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д: Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гур******* жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.*******ийн хувьд өөрийн өмчлөлийн хувийн сууц, газар, худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкинд зээлийн барьцаанд тавих эрхийг Ч.*******, С. нарт 2014 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосон, энэ итгэмжлэлийн хугацаа дууссан буюу итгэмжлэл хүчин төгөлдөр бус болсон байна.

 

Улмаар дээрх итгэмжлэлийн хугацаа дуусч хүчин төгөлдөр бус болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан хуульд заасан үндэслэл бий болсон буюу ******* банк ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон. Ингэснээр ******* банк ХХК-аас Ч.*******, С. нартай байгуулсан барьцааны гэрээ хүчингүй болсон гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д: Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ******* банк ХХК-д зээлийн барьцаанд тавигдсан Б.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газар, дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус банкнаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа Б.******* өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж тус шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 01897 дугаар захирамж гарсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь тус шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Б.******* нь хамтран өмчлөгч Б.Далайцэрэнг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэ асуудлаар нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй байна.

 

Түүнчлэн шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа нь хамтран өмчлөгч Б.Далайцэрэнгийн өмчлөх эрхийг хязгаарлахгүй, хөндөхгүй гэж үзэж нэхэмжлэгч нь Б.Далайцэрэнг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж үзсэн болно.

Мөн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т: Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.3-т: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч маргах эрхтэй болсноор ипотекийг удаан хугацаагаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчээс ипотекоос татгалзахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө банкны барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн итгэмжлэлийн хуулбарууд нь хариуцагч байгууллага өөрөө хуулбар үнэн тэмдэг дарсан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй /Хэргийн 1-р хавтас, 53-58 дугаар тал/, харин эдгээр итгэмжлэлийн хуулбарыг хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримтын шаардлага ханган хэрэгт дахин гаргаж өгсөн болохыг дурьдав. /Хэргийн 2-р хавтас, 18-25 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* банк ХХК-аас 35.100 төгрөг, хамтран хариуцагч Ч.*******, С. нараас 35.100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан ******* банк ХХК Б.******* нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан, №2051000071 дугаар батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, 160 дугаар зүйлийн 160.1.6-д тус тус заасныг баримтлан ******* банк ХХК болон Ч.*******, С. нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан №2051000071 дугаар /барьцааны гэрээний/ барьцааны эрх дуусгавар болсон, барьцааны гэрээ хүчингүй болсон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг баримтлан хариуцагч ******* банк ХХК-аас нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууцны, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газрын, улсын бүртгэлийн дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримтлан Б.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууцны, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газрын, улсын бүртгэлийн дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцаалбарыг дуусгавар болгож бүртгэлд өөрчлөлт оруулахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* банк ХХК-аас 35.100 төгрөг, хамтран хариуцагч Ч.*******, С. нараас 35.100 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН