Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2020/00004

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

 ******* банк ХХК, Ч.*******, С.******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2020/00091 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг 39а-гийн 12 тоотод оршин суух Бүгмэдийн *******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч ******* банк ХХК

Хамтран хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум 6 дугаар баг 6 дугаар гудамж 16 тоотод оршин суух Чимэдсүрэнгийн *******

Хамтран хариуцагч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо 808 дугаар гудамжны 10 тоотод суух Сономын *******

Батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /онлайнаар/, хариуцагч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа, хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2014 оны 11 дүгээр сард хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтэж байхад С.*******, Ч.******* нар нь зээл авах гэсэн юм 400.000 төгрөгний барьцаа дутаад байна гэж ярьж байсан. Тэр үед манай эгч над руу утсаар ярьж хашаа байшингаа 1.000.000 төгрөгөнд барьцаанд тавиулаач гэж гуйсан. Тэгээд С.*******, Ч.******* нарт бүх бичиг баримтаа өгч явуулсан. Дараа нь хэд хоногийн дараа уулзахад зээлээ авсан, чамд явдал удахгүй гэж хэлсэн.

Ингээд 2015 оны 6 сард миний эд хөрөнгийг дангаар нь барьцаанд тавьсныг мэдсэн тул С.******* Ч.******* нартай уулзаж 2015 оны 11 сарын 30-ны дотор чөлөөлж өгнө гэсэн хэлцэл хийсэн. Баянхонгор аймаг дахь ******* банкны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээ, барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй.

Иймд миний хөрөнгийг барьцаалсан ******* банк, С.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 11дүгээр сарын 21-ний өдрийн 2051000071 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай байна. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ******* банк, С.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2051000071 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ болон батлан даалтыг гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй. Учир нь энэ гэрээнүүдэд би өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй байдаг. Анх Ч.*******, С.Энхтуяа нартай нотариатад 400.000 төгрөгийн зээл авахад нь тусалж итгэмжлэлийг хийсэн, банкнаас мөнгө зээлэх болохоор намайг дуудна гэж байсан тул мөнгө зээлэхдээ намайг дуудах байх гэж бодоод хүлээж байсан. Хуурамч гарын үсгийн талаар Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээр дүгнэлт гаргуулахад миний гарын үсэг биш хуурамч гарын үсэг болох нь нотлогдсон байдаг гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус банкны зээлдэгч Ч.*******, С.******* нарын зээлийн баталгаа болгож барьцаалсан хөрөнгийг аман байдлаар хүлээн зөвшөөрснөөс өөрөөр зөвшөөрөл олгоогүй гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн тойргийн нотариатч Д.Эрдэнэхандын баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу Баянхонгор аймагт байршилтай 77м,кв үл хөдлөх, 28 м,кв үл хөдлөх, 347 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа болно. ******* банк ХХК нь зээлдэгч Ч.******* нь зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд хандсан. Иргэн Ч.*******, С.******* нар нь 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот шийдвэрийн дагуу 16.355.989 төгрөгийг төлж банкыг хохиролгүй болгосон тохиолдолд ******* банк тус барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөх бүрэн боломжтой гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Гэрэлмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.*******, Ч.******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 36 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй 14.900.000 төгрөгийн хүүтэй зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлээ эргэн төлөөгүй сураггүй алга болсон байдаг. Манай ******* банк ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг хийхдээ итгэмжлэл дээр үндэслэж хийсэн. Итгэмжлэл дээр орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч Б.******* гарын үсэг зурсан байдаг. Мөнгө зээлсэн хүмүүс зээлээ төлөхгүй байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлж зээлийн хүүг нь зогсоосон байдаг. Одоогийн байдлаар 3.048.504 төгрөг төлсөн, 12.694.146,41 төгрөгийн зээл төлөх үлдэгдэлтэй байгаа. Манай банкны зүгээс зээлээ төлүүлэх байр суурьтай байгаа гэжээ.

Хамтран хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай эхнэр С.******* нь Б.*******т 400.000 төгрөг өгч тохиролцон үл хөдлөх бичиг баримтыг итгэмжлэл хийлгэж банкинд барьцаа болгохоор тохиролцож авсан. Гэхдээ энэ хугацаанд ******* банкнаас 14.500.000 төгрөгийг 22.000.000 төгрөг болгон төлөхөөр гэрээ хийж авсан. Үүнээс одоогийн байдлаар 10-аад сая төгрөгийг төлсөн. Б.*******т 1.250.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар үлдэгдэл 12.900.000 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгоно...гэжээ.

Хамтран хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.*******ийн хашаа байшингийн бичиг баримтыг 2 жилийн хугацаатай авахаар болж нотариатаар итгэмжлэл хийлгэсэн. Тус бичиг баримтыг ******* банкинд барьцаанд тавьсан. Б.******* хүүхдийн бие муу, Улаанбаатар хот явна гээд 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2019 оноос хойш Б.*******т 750.000 төгрөг өгсөн. Гэхдээ Ч.******* бид 2 ******* банкнаас авсан 14.500.000 төгрөгийг 22.000.000 төгрөг болгож төлөх байснаас одоогийн байдлаар 10-аад сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл зээлийг яаралтай барагдуулж, Б.*******ийг хохиролгүй болгоно гэжээ.

Хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.*******, Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны болон батлан даалтын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.******* нь Ч.*******т итгэмжлэл олгохдоо өөрийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ******* банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах, холбогдох баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байдаг. Энэ итгэмжлэлийн дагуу Ч.*******, С.******* нар нь банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж батлан даалтын гэрээнд Б.*******ийг төлөөлж гарын үсэг зурсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.*******, С.******* нар тайлбартаа банкны батлан даалтын гэрээнд Б.******* гарын үсэг зураагүй, тухайн үед өөр хүнээр гарын үсэг зуруулсан талаар тайлбар гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр батлан даалтын гэрээнд зурсан гарын үсэг Б.*******ийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Ч.*******, С.******* нар нь ******* банк ХХК-ийг хохиролгүй болгох талаараа илэрхийлсэн байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан ******* банк ХХК Б.******* нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан, №2051000071 дугаар батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, 160 дугаар зүйлийн 160.1.6-д тус тус заасныг баримтлан ******* банк ХХК болон Ч.*******, С.******* нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан №2051000071 дугаар /барьцааны гэрээний/ барьцааны эрх дуусгавар болсон, барьцааны гэрээ хүчингүй болсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг баримтлан хариуцагч ******* банк ХХК-аас нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууцны, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газрын, улсын бүртгэлийн Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримтлан Б.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0320001232 дугаартай, Баянхонгор сумын 5-8-1б тоотод байршилтай хувийн сууцны, улсын бүртгэлийн Г-0320001080 дугаартай 347м2 газрын, улсын бүртгэлийн Ү-0320003041 дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцаалбарыг дуусгавар болгож бүртгэлд өөрчлөлт оруулахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2020/00091 дугаартай шуүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байгаа тул дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байгаа болно. Ч.******* 2051000071 гэрээний дугаартай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай 14.900.003 төгрөгийн зээл авсан. Зээл авах үедээ итгэмжлэл нь хүчин төгөлдөр байсан учраас эрх зүйн хувьд барьцааны гэрээг байгуулж зээл олгосон тул зээлдэгч Ч.*******ын 2051000071 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу зээлийг бүрэн төлүүлж барьцааг чөлөөлөх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэх тогтоох хэсгийн 2-т заасны дагуу барьцааны гэрээний эрх дуусгавар болсон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж нотлох баримтыг үнэн бодитоор дүгнээгүй учраас хууль эрх зүйн хэрэглээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар хэсгийг хүчингүй болгож барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* банк ХХК-д холбогдуулан зээлийн батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн барьцааны гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжилжээ. Хариуцагч ******* банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзсан байна.

            Хэргийн гол үйл баримт гэвэл Ч.******* ******* банк ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгууллагдсан байна. Мөн өдөр Б.******* ******* банк ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээ байгууллагджээ. Зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцсон Ч.*******, түүний эхнэр, хамтран С.******* нар гарын үсэг зурсан байна. Барьцааны гэрээнд Ч.******* барьцаалуулагчаар оролцож, хамтран зээлдэгч С.*******гийн хамт гарын үсэг зуржээ. Батлан даалтын гэрээнд батлан даагчаар Б.*******ийн нэр заагдсан ба түүний нэр дээр гарын үсэг зурагджээ. Барьцааны гэрээг үндэслэн барьцаалбар гэх хоёр баримт үйлдэгдсэн ба тэдгээрт Б.*******, Ч.*******, С.******* нарын нэр тусгагдаж гарын үсэг зурагдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******ийн хүсэлтээр шинжээч томилогдсон ба /хх-ийн 87-95 дугаар тал/ шинжээчийн дүгнэлтээр Б.*******, “******* банк” ХХК нарын хооронд байгууллагдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2051000071 дугаартай батлан даалтын гэрээ болон барьцаалбарын гэрээнд Бүгмэдийн ******* гэх нэрийн өмнө болон дээр зурагдсан гарын үсгүүд нь Б.*******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр /хх-ийн 53-54 дүгээр тал/ Ч.*******, С.******* нарт итгэмжлэл өгч ******* банкны зээлд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангах, нотариат, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон байна.

Батлан даалтын гэрээнд батлан даагчаар тусгагдсан Б.******* гарын үсэг зураагүй, өөрийгөө төлөөлж, ийм гэрээ байгуулах эрхийг хэн нэгэнд олгоогүй тохиолдолд “******* банк” ХХК-тай байгууллагдсан батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж болох үндэслэлтэй гэтэл хэргийн нөхцөл байдлаар бол нэхэмжлэгч Б.******* нь өөрийгөө төлөөлж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгожээ.

Анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу байна. Учир нь барьцааны гэрээнд барьцаалуулагчаар Ч.******* оролцож, түүнд өөрийгөө төлөөлж барьцааны гэрээ байгуулах бүрэн эрхийг Б.******* олгосон байх ба тухайн гэрээнд Б.*******ийн нэр заагдаагүй, түүний өмнөөс гарын үсгийг нь хэн нэгэн дуурайлгаж зураагүй тохиолдолд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.

“******* банк” ХХК болон Ч.******* нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагдсан барьцааны гэрээнд ямар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ямар эд хөрөнгийг барьцаалж байгаа талаар тодорхой заасан байдгаас гадна барьцаа хөрөнгийн мэдээлэл тусгагдсан, улсын бүртгэлийн тэмдэг дарагджээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр /хх-ийн 53-54 дүгээр тал/ Ч.*******, С.******* нарт итгэмжлэл өгч ******* банкны зээлд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангах, нотариат, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай олгосон байгааг анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа тул итгэмжлэл хүчин төгөлдөр бус болсон байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь энэ 3 жилийн хугацаа нь нэхэмжлэгч Б.*******ээс Ч.*******, С.******* нарт холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийн хугацаа болохоос “******* банк” ХХК-ийн зээлийн барьцаанд Б.*******ийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 жилийн хугацаатай тавихаар тохиролцсон хугацаа биш болохыг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон                            ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2020/00091 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын

 “…Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, 160 дугаар зүйлийн 160.1.6-д тус тус заасныг баримтлан ******* банк ХХК болон Ч.*******, С.******* нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан №2051000071 дугаар /барьцааны гэрээний/ барьцааны эрх дуусгавар болсон, барьцааны гэрээ хүчингүй болсон болохыг дурдсугай ..” гэснийг

 “… Б.*******ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “******* банк” ХХК болон Ч.*******, С.******* нарын хооронд байгууллагдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ..” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3, 4, 5 дугаар заалтыг хасаж, 5 гэснийг 3 гэж, 6 гэснийг 4 гэж, 7 гэснийг 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Л.НЯМДОРЖ