Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 336

 

 

А.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00042 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.О,

Хариуцагчийн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.О 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Мастер” хими цэвэрлэгээний газарт нөхрийнхөө костюмны өмдийг цэвэрлүүлэхээр өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авах гээд очиход өнгө цайрсан, материал нь дарайсан талаар хүлээн авагчид нь хэлсэн. Нөхөр маань өмдөө өмсөх гэтэл өмд нь таарахгүй, өмд агшсан байсан. Хими цэвэрлэгээний газарт очоод байдлыг хэлэхэд хүлээн авагч нь пиджак, өмд хоёрыг хараад өмдний өнгө цайрсаныг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд захиралтай яръя гээд 9979-4141 дугаарын утсаар холбогдож ярьсан. Ингээд бид үл ойлголцолд хүрсэн. Пиджак, өмд хослолыг Ханбүргэдэй их дэлгүүрээс 1 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Өмд, пиджакны үнийг 500 000, 500 000 төгрөг тус тус гэж үзээд өмдний өмссөн элэгдлийг хасч тооцон өмдний үнэ болох 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд нэхэмжлэгчийн нөхрийн пиджак, өмдний хослолын нэг хэсэг болох өмдийг хими цэвэрлэгээ хуурай цэвэрлэгээний аргаар цэвэрлэдэг үйл ажиллагаа бөгөөд нэг удаагийн цэвэрлэлтээр ямар нэгэн материалын өнгийг нь алдагдуулах, ялангуяа агшаах нөхцөл бий болох ямар ч боломжгүй. Тухайн хослолыг урьд нь өөр байгууллагаар цэвэрлүүлэхээр өгч эсвэл хослолыг хувь хүмүүс өөрсдөө хувцасны материал, ашиглалтад тохирохгүй аргаар гэрийн нөхцөлд угааж цэвэрлэсний улмаас тус нэхэмжлэлд дурдсан байдлаар агшиж муудсан байх магадлал маш өндөр юм. Иймд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт нь гэм хор учирсан үндсэн зүйл болох өмдний чанар хэрхэн муудсан болохыг нотолж чадахгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь пиджак, өмдний хослолыг хэзээ, хаанаас, хэдэн төгрөгөөр авсан үйл баримтыг нотлох баримтгүй, элэгдлийг өөрийн үзэмжээр тооцоолсон нь үнэн зөв баримт гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн нөхөр тухайн хослолыг олон жилийн өмнө авсан бөгөөд одоо биеийн хэмжээ өөрчлөгдөж таарахгүй болсон байх, хадгалалт ашиглалтын явцад хослолын материал элэгдэж муудсан байх боломжтой. Иймд хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарлах шаардлагыг хангаж чадаагүй, нотлох баримт нь гэм хор учирсан үндсэн зүйл болох өмдний чанар хэрхэн муудсан болохыг нотолж чадахгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгөн дүнгийн үнэн зөвийг нотлох баримт огт байхгүй зэрэг нэхэмжлэлийн шаардлага огт нотлогдохгүй нөхцөл байдал үүссэн болохыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас гэм хорын хохиролд 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх бүрэлдэхүүн  манай  нөхрийн өмдийг  нүдээрээ  хараад дээрх дүгнэлтийг хийсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, өмд дарайж бөөстсөн, цайрсан эсэхэд мэргэжлийн байгууллага, этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан, түүнчлэн өмд агшсан эсэхийг манай  нөхрийг гэрчээр дуудан мэдүүлэг авах, үнэхээр агшсан эсэхийг өөрт нь өмсүүлж үзүүлэн үзлэг хийн туршиж үзэх ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах арга хэмжээ аваагүй юм. Нэхэмжлэгчийн хувьд өмдний үнийг бүхэлд нь гаргуулахаар шаардаагүй элэгдэл, хорогдлыг нь тооцсон төсөөллөөрөө 400 000 төгрөг нэхэмжилсэн. Дээрх өмдийг 2017 оны 7 дугаар сард Ханбүргэдэй дэлгүүрээс авсан, түүнээс хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрч байсан ба манай нөхөр энэхүү костюмаа, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр л өмсдөг, хэрэглээний  хувьд шинээрээ шахуу, хими цэвэрлэгээнд огт өгч цэвэрлүүлж  байгаагүй. Энэ нь ч "Ханбүргэдэй" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-356 тоот албан бичгээр тогтоогдож байгаа болно.

Миний хувьд хариуцагчаас ижил төрөл, чанарын өмд аваад өгвөл ямар ч асуудалгүй гэдгийг шүүх хуралдаан дээр ч хэлж байсан бөгөөд хариуцагч 100 000 төгрөг төлөхөд болж байна гэж хэлж байсан болно. Миний хувьд болон манай нөхрийн хувьд ч нэг ширхэг өмдний төлөө худал хэлээд яваад байх ёс зүйгүй, хослолыг олон жилийн өмнө авсан, нөхөр таргалаад биеийн хэмжээ нь өөрчлөгдсөн зүйл ердөөсөө байхгүй, зориулалтын уутанд нь хадгалдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...эд зүйлсийн байдал дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийлгүй өмдийг хариуцагч хүлээж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий биш болсон. Учир нь өмдний зүүн өвдгөн дээр юм асгарсан толботой байсан бөгөөд миний бие хими цэвэрлэгээнд өгөхдөө гол нь тэр толбыг арилгуулахыг хүссэн. Маster cleaning service-ийн эд зүйл хүлээж авсан тухай баримтан дээр шалгаж авсан ажилтан нь агшсан, мөн толботой гэсэн хэсгийг шалгаж чеклээгүй, өөрөө угаасан (үгүй бол доогуур зурах) гэсэн хэсгийг ч огт тэмдэглэж чеклээгүй байгаа нь уг өмд зүгээр байсны тов тодорхой нотолгоо. Энэ нь угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа хими цэвэрлэгээний газрын гол үүрэг, хариуцлага биш гэж үү. Шүүх талуудын маргасан зүйлийг маргаагүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Онь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2018/13391 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан боловч анхан шатны шүүх дээрх ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

            Учир нь шүүх хэргийн оролцогчид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгснөөс хойш 11 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчид нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах боломж олгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах талаар нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлэх талаар тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай бүрдсэн нөхцөлд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ