Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00042

 

2018 оны 12 сарын 25 өдөр

  Дугаар 183/ШШ2019/00042

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.М, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, .. хороолол, ... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, О овогт А.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... байранд байрлах, Э ХХК -д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.О 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М нөхрийнхөө костюмны өмдийг цэвэрлүүлэхээр өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авах гээд очиход өнгө цайрсан, материал нь дарайсан байсан. Миний бие энэ тухай хүлээн авагчид нь хэлсэн. Пиджакийг авчирч харуулъя гэж хэлээд аваад явсан. Нөхөр маань өмдөө өмсөх гэтэл өнгө нь цайрсан, материал нь дарайсан байна гэж хэлээд өмсөж үзтэл өмд нь таарахгүй байсан. Өмд агшсан байсан. Хими цэвэрлэгээний газарт очоод байдлыг хэлэхэд хүлээн авагч нь пиджак, өмд хоёрыг хараад өмдний өнгө цайрсаныг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд захиралтай яръя гээд 99794141 дугаарын утсаар холбогдож ярьсан. Ингээд бид үл ойлголцолд хүрсэн. Пиджак, өмд хослолыг Ханбүргэдэй их дэлгүүрээс 1 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Өмд, пиджакны үнийг 500 000, 500 000 төгрөг тус тус гэж үзээд өмдний өмссөн элэгдлийг хасч тооцон надад учирсан өмдний үнэ болох 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Оийн тус шүүхэд хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус нэхэмжлэлд нэхэмжлэгчийн нөхрийн пиджак, өмдний хослолын нэг хэсэг болох өмд нь хими цэвэрлэгээ нь хуурай цэвэрлэгээний аргаар цэвэрлэдэг үйл ажиллагаа бөгөөд нэг удаагийн цэвэрлэлтээр ямар нэгэн материалын өнгийг нь алдагдуулах, ялангуяа агшаах нөхцөл бий болох ямар ч боломжгүй юм. Тэгээд ч тухайн хослолыг урьд нь өөр байгууллагаар цэвэрлүүлэхээр өгч эсвэл хослолыг хувь хүмүүс өөрсдөө хувцасны материал, ашиглалтад тохирохгүй аргаар гэрийн нөхцөлд угааж цэвэрлэсний улмаас тус нэхэмжлэлд дурдсан байдлаар агшиж муудсан байх магадлал маш өндөр юм. Иймд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт нь гэм хор учирсан үндсэн зүйл болох өмдний чанар хэрхэн муудсан болохыг нотолж чадахгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь пиджак, өмдний хослолыг хэзээ, хаанаас, хэдэн төгрөгөөр авсан үйл баримтыг нотлох баримтгүй, элэгдлийг өөрийн үзэмжээр тооцоолсон нь үнэн зөв баримт гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн нөхөр тухайн хослолыг олон жилийн өмнө авсан бөгөөд одоо биеийн хэмжээ өөрчлөгдөж таарахгүй болсон байх, хадгалалт ашиглалтын явцад хослолын материал элэгдэж муудсан байх боломжтой юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй болохыг энд дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг билээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарлах шаардлагыг хангаж чадаагүй, нотлох баримт нь гэм хор учирсан үндсэн зүйл болох өмдний чанар хэрхэн муудсан болохыг нотолж чадахгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгөн дүнгийн үнэн зөвийг нотлох баримт огт байхгүй зэрэг нэхэмжлэлийн шаардлагаа огт нотлогдохгүй нөхцөл байдал үүссэн болохыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Нэхэмжлэгч А.О нь Э ХХК-д холбогдуулан хими цэвэрлэгээнд цэвэрлүүлэхээр өгсөн өмдөө хүлээн авахад өмдний өнгө цайрсан, материал нь дарайж бөөстсөн, нөхөр маань өмдөө өмсөж үзэхэд өмд нь таарахгүй агшсан байсан тул өмдний үнийг надад учирсан гэм хорын хохирол гэж  400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

          Хариуцагч Э ХХК нь хуурай хими цэвэрлэгээ нь материалын чанарт нөлөөлдөггүй.Өөрөөр хэлбэл материал агших, бөөгнөрч бөөстөх, нэг удаагийн цэвэрлэгээгээр хэт цайрах боломжгүй, анх удаа цэвэрлүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байх ба өмдний үнийг үндэслэлгүй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

          Нэхэмжлэгч А.О нь 2017 оны 7 сард Ханбүргэдэй ХХК-ийн дэлгүүрээс Digel 99653 брэндийн костюмыг 1 098 000 /өмд үнэ 439 000 төгрөг, пиджак үнэ   659 000/ төгрөгөөр худалдаж авсан болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, Ханбүргэдэй ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-356 тоот албан бичгээр тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 25-ны өдөр костюмны өмдийг хариуцагч Э ХХК-ийн хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн, эд зүйлсийн байдал дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийлгүй өмдийг хариуцагч хүлээж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

          Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. 

         Нэхэмжлэгч А.О нь хими цэвэрлэгээнд өгсөн өмдөө шинэ байсан гэж, түүний үнийг бүхэлд нь гаргуулахаар шаардсан бөгөөд өмдний материал дарайж бөөстсөн, агшсан, цайрсан болох нь баримтаар нотлогдохгүй, тогтоогдохгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”  гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

         Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Э ХХК-иас гэм хорын хохиролд 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.О

                               ШҮҮГЧ                                   Б.М

                                                                                   Д.Э