Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/02121

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .. дугаар хороо, ..... гудамжны .... тоотод байрлах, Ерөнхий боловсролын ...... сургууль боловсрол, сургалтын байгууллага /РД:.........../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...... дүүрэг, .... дугаар хороолол, ... дүгээр хороо, ..... дугаар байрны ... тоотод оршин суух, А ургийн овогтой Н-ийн Э /РД:.................../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллага нь хариуцагч Н.Э т холбогдуулан 17,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Э ээс 17,850,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь хариуцагчийн хүү болох Б.Ц нь манай сургуульд 3 жилийн хугацаанд суралцсан байдаг. Анх 2018-2019 оны хичээлийн жилд элсэн орж, 2020-2021 оны хичээлийн жил дуустал буюу 1, 2, 3 дугаар ангидаа ......... сургуульд суралцсан. ......... сургууль 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суралцагч Б.Ц-ийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах зорилгоор түүний эцэг, эхтэй гэрээ байгуулсан. Уг гэрээ нь сургууль эцэг, эхийн хамтарсан гэрээ буюу гэрээгээр суралцагчдад бага боловсрол олгох, харин хариуд нь эцэг, эх нь сургалтын төлбөрийг төлөх талаар харилцааг зохицуулсан. Манай сургуулийн хувьд цар тахлын үед болон тэрнээс өмнөх хугацаанд мөн адил тухайн хүүхдэд 1-3 ангийн түвшний бага боловсролыг олгосон. Гэтэл хариуцагч нь сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөр буюу 2,3 ангийн сургалтын төлбөрийг төлөөгүй. Энэ асуудлыг тодруулж асуухад төлнө, одоохондоо төлөх боломжгүй байна гэж хэлдэг байсан. Ингэж явсаар хүүхэд Б.Ц нь өөр сургууль руу шилжсэн. Шилжсэний дараа ч гэсэн сургалтын төлбөрөө төлөөгүй учраас бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт 2-12 дугаар ангийн сурагчид сургалтын төлбөрөө 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэж заасан байдаг. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт сургалтын болон бусад төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцно гэж заасан. Түүнчлэн талуудын хооронд зөвхөн нэг л гэрээ байгуулагдсан гэдэг зүйл яригддаг. Гэтэл гэрээн дээр талаар зохицуулж өгсөн байгаа. Ингэхдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулна. Шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр суралцагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж заасан байдаг. Тэгэхээр 2018 онд байгуулагдсан гэрээ нь анги дэвших болгонд сунгагдаад явдаг байсан гэсэн үг. Тиймээс бид хариуцагч талаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж сургалтын төлбөр болон түүний алданги буюу нийт 17,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Н.Э нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал 2018 онд байгуулсан гэрээг үндэслэж шаардлагаа тодорхойлсон. Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ маань Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан тохирч гэрээний чөлөөт байдлыг агуулдаг. Гэхдээ тусгайлсан зохицуулалт нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээ бол Б.Ц ийг зөвхөн 1 дүгээр ангид суралцуулах тухай буюу хугацааг мөн тодорхойлон зааж өгсөн байгаа. Энэ гэрээний үйлчлэл нь одоо бүрэн хаагдсан. Өөрөөр хэлбэл уг гэрээний төлбөр буюу 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлөөд дуусгасан, нэхэмжлэгч мөн энэ хугацааны төлбөрийг шаардаагүй. Хамгийн гол нь тухайн гэрээг шинэчлэн байгуулсан эсхүл гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас анги дэвших болгонд сунгагдаад явсан гэж тайлбарладаг. Гэхдээ тийм зүйл байхгүй, харин ч манай талаас 2 ангийн сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн асуудлыг хүлээн зөвшөөрөөд сууж байна. Танайх бол монопол эрхтэй байгууллага биш талууд харилцан тохиролцоод гэрээгээ байгуулж байгаа. Гэтэл манай талд гэрээний нөхцөлөө өөрчилж, сургалтын төлбөрт өөрчлөлт оруулж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байж нэмэгдсэн төлбөр шаардах эрхгүй. Дээрээс нь гэрээг сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Дараагийн нэг асуудал бол дэлхий даяар цар тахлын халдвар тархсантай холбоотой Монгол улсад хөл хорио тогтоож үүнтэй холбоотой хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ үед хөл хорионы улмаас хариуцагчийн зүгээс хүүхдээ ......... сургуулиас шилжүүлэх хүсэлтээ албан ёсоор мэдэгдэж чадаагүй учраас тухайн үед эхний хагас жилд сургалтад нь бүрэн хамруулсан учраас тэр хугацааны төлбөр болох 2,700,000 төгрөгийг төлье гэсэн. Бидний хооронд байгуулагдсан үүргийн харилцаанд нэхэмжлэгч тал нь гэрээний буюу ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ талаар тусгайлсан хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Тухайн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг үнэлэхийн тулд нөгөө багшийн журнал дээрх ирцийн бүртгэлийг харж болно. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан заавар дээр хичээл цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой багшийн журналыг хэрхэн хөтлөх талаар заавар байгаа. Уг заавар дээр тухайн он сар өдрийг тавиад, нэрийг нь бичээд ирсэн, ирээгүй, өвчтэй, чөлөөтэй талаар үсгэн тэмдэглэл хийнэ гэж маш тодорхой заасан. Гэтэл бидний үзлэг хийж хэрэгт хавсаргасан журналын бүртгэл дээр өдрийн тэмдэглэл байхгүй, доор нь бүхэлд тоог тавьсан буюу журнал хөтлөх журам зөрчсөн байна. Энэ ирцийг ингэж өгч байгаа нэг шалтгаан бол хувийн сургуулиуд нь хүүхдийн хувьсах зардлыг гаргуулах журам дээр 100 хувийн ирцтэй байж хувьсах зардал авна гэж заасан учраас ирцийг буруу авдаг. Тиймээс манай талаас хүүхдийг хичээлд суугаагүй гэж маргаж байгаа. Сургуулийн дотоод журам гэж байдаг, үүнийг хэрэг нотлох баримтаар гаргаж өгөөч гэхээр нэхэмжлэгч талаас гаргаж өгдөггүй. Хүүхэд хаана суралцах нь өөрийнх нь эрх эрхээ хэрэгжүүлэх гэхээр сурагчийн хувийн хэргийг өгдөггүй. Энэ талаар тодруулахаар та нар төлбөрөө төл гэдэг, сүүлдээ эцэг, эх харгалзан дэмжигч нь тарийн байгууллагын тусламжтайгаар хүүхдээ шилжүүлсэн. Мөн Ковидын тухай хууль дээр сургалтын төлбөрийг өсгөхгүй байхаар заасан. Гэвч нэхэмжлэгч талаас эцэг, эхэд нь мэдэгдээгүй байж сургалтын төлбөрийг нэмсэн. Ийм асуудлууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Багшийн журнал дээр эхлээд ангийн багш н.Ц гэж байдаг. Дараа нь н.М гэж гарч ирсэн, дараа дахиад н.Ц гэж өөр нэр гарч ирсэн. Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзвэл гэрээнд заасан үүргээ бусдад шилжүүлж болохгүй. Анх байсан багш нь байх ёстой, гэтэл сольчихсон. Одоо хэн нь хичээл заасан нь мэдэгдэхгүй. Багшийн журналыг журмаа зөрчиж худлаа бөгөлдөг. Манай хүүхэд хичээлдээ суугаагүй өвчтэй байсан талаараа баримтаа сая өгсөн. Ер нь бол хүүхэд хичээлийн жилд 100 хувь ирц бүрэн сургалтад хамрагдах боломжгүй. Ямар нэгэн байдлаар чөлөө авна, өвдөнө гээд асуудлууд байгаа. Мөн маргаж байгаа хэсэг дээр ......... сургуульд холбогдуулж зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг. Энэ нь тухайн сургууль нь хичээлийн хуваарь, амралтын цагт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл боловсролын сайдын өгсөн үүргийг зөрчсөн. Тиймээс ирцийн бүртгэл нь зөрүүтэй, буруу байгаа учраас хичээлд суусан гэж үзэж үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа учир манайх алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 5/, Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 6,7/,Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн сургууль эцэг эхийн хамтарсан гэрээний хуулбар /1хх-ийн 8-11/, Боловсрол шинжлэх ухааны яаманд гаргаж байсан Э. Э ийн өргөдөл /1хх-ийн 12,13/, Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/14 дугаартай тушаал /1хх-ийн 14/, Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/10 дугаартай тушаал /1хх-ийн 16/, Нийслэлийн ерөнхий боловсролын ......... сургуулийн 2021 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 01/83 тоот /1хх-ийн 17/,

Хариуцагчаас Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6/4854 тоот /1хх-ийн 25/, Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 6/5042 тоот /1хх-ийн 26/, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4/1124 тоот /1хх-ийн 27/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/771 тоот /1хх-ийн 28/, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны 73 тоот /1хх-ийн 81-87/,

Шүүхийн журмаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Г. Байгалмаагаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 92-95/, Б. Ц ий суралцагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-ийн 98-103/ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 105-173/ нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллага нь хариуцагч Н.Э т холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 5,400,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 6,500,000 төгрөг, алданги 5,950,000 төгрөг нийт 17,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагчийн хүү Б.Ц нь манай сургуульд 3 жилийн хугацаанд суралцсан. ......... сургууль 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суралцагч Б.Ц ийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах зорилгоор түүний эцэг, эхтэй гэрээ байгуулсан. Манай сургуулийн хувьд цар тахлын үед болон тэрнээс өмнөх хугацаанд мөн адил тухайн хүүхдэд 1-3 ангийн түвшний бага боловсролыг олгосон. Гэтэл хариуцагч нь сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөр буюу 2,3 ангийн сургалтын төлбөрийг төлөөгүй. Энэ асуудлыг тодруулж асуухад төлнө, одоохондоо төлөх боломжгүй байна гэж хэлдэг байсан. Ингэж явсаар хүүхэд Б.Ц нь өөр сургууль руу шилжсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт 2-12 дугаар ангийн сурагчид сургалтын төлбөрөө 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэж заасан байдаг. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт сургалтын болон бусад төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцно гэж заасан. ...Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулна. Шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр суралцагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж заасан байдаг. Тиймээс бид хариуцагч талаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

-Талуудын хооронд байгуулсан гэрээ бол Б.Ц ийг зөвхөн 1 дүгээр ангид суралцуулах тухай буюу хугацааг мөн тодорхойлон зааж өгсөн байгаа. Энэ гэрээний үйлчлэл дууссан, гэрээг дахин сунгаагүй,

-Ангийн сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн. Талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлөө өөрчилж, сургалтын төлбөрт өөрчлөлт оруулаагүй. албан ёсоор мэдэгдээгүй байж төлбөр нэмсэн учир нэмэгдсэн төлбөр шаардах эрхгүй,

-Цар тахлын халдвар тархсантай холбоотой Монгол улсад хөл хорио тогтоож үүнтэй холбоотой хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ үед хөл хорионы улмаас хариуцагчийн зүгээс хүүхдээ ......... сургуулиас шилжүүлэх хүсэлтээ албан ёсоор мэдэгдэж чадаагүй учраас тухайн үед эхний хагас жилд сургалтад нь бүрэн хамруулсан. Бидний хооронд байгуулагдсан үүргийн харилцаанд нэхэмжлэгч тал нь гэрээний буюу ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тухайн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг үнэлэхийн тулд багшийн журнал дээрх ирцийн бүртгэлийг харж болно. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан заавар дээр хичээл цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой багшийн журналыг хэрхэн хөтлөх талаар заавар байгаа. Уг заавар дээр тухайн он сар өдрийг тавиад, нэрийг нь бичээд ирсэн, ирээгүй, өвчтэй, чөлөөтэй талаар үсгэн тэмдэглэл хийнэ гэж маш тодорхой заасан. Үзлэг хийж хэрэгт хавсаргасан журналын бүртгэл дээр өдрийн тэмдэглэл байхгүй, доор нь бүхэлд тоог тавьсан буюу журнал хөтлөх журам зөрчсөн байна. Хувийн сургуулиуд нь хүүхдийн хувьсах зардлыг гаргуулах журам дээр 100 хувийн ирцтэй байж хувьсах зардал авна гэж заасан учраас ирцийг буруу авдаг. Хүүхэд хичээлд суугаагүй,

-Ковидын тухай хууль дээр сургалтын төлбөрийг өсгөхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч талаас эцэг, эхэд нь мэдэгдээгүй байж сургалтын төлбөрийг нэмсэн,

-Хүүхэд хаана суралцах нь өөрийнх нь эрх эрхээ хэрэгжүүлэх гэхээр сурагчийн хувийн хэргийг өгдөггүй. Энэ талаар тодруулахаар та нар төлбөрөө төл гэдэг, сүүлдээ эцэг, эх харгалзан дэмжигч нь тарийн байгууллагын тусламжтайгаар хүүхдээ шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

5.2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Н.Э нь Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагатай Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу хүү Б.Ц ийг суралцуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

6.Талуудын хооронд байгуулагдсан Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ-ээр сургууль нь хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх, сургах, Н.Э нь харилцан тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ. Тус гэрээний нөхцөлд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинж агуулагдсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

7.Хариуцагч нь 2019-2020 оны хичээлийн жилийн эхний 1, 2 дугаар улирал буюу эхний хагас жилийн сургалтын төлбөр болох 2,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

8.Зохигч шүүх хуралдаанд Н.Э ийн хүү Б.Ц Үй ца сургуульд 2019 оны хоёрдугаар хагас жилээс 2021 оны хичээлийн жилд суралцсан эсэх, уг хугацааны сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн эсэхэд маргаж байна.

 

9.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Н.Э нь Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагатай Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Ц ий суралцагчийн хувийн хэрэг, шүүхэд гэрч Г.Байгалмаагийн мэдүүлэг, шүүхээс фэйс бүүк чат, ......... сургуулийн онлайн сургалтын программ, 2019-2021 оны хичээлийн жилийн журналд хийсэн үзлэг, Б.Ц ийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ......... сургуулийн хичээлээс чөлөөлөх эмнэлгийн магадалгаа зэргээр Б.Ц нь 2019-2021 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын ......... сургуульд суралцсан болох нь тогтогдож байна.

 

10.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/771 тоот албан бичигт ...Н.Э 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисст гаргасан өргөдлийн дагуу гомдол шийдвэрлэсэн талаар баримт, Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 13-ний дөрийн 4/1124 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус байгууллагад өргөдөл шилжиж ирсэн талаар тайлбар, Б.Ц 2020-2021 оны хичээлийн жилд сургалтад хамрагдсан талаар дээр дурдсан баримтаар хариуцагчаас гаргасан 2019 оны 2 дугаар хагас жилээс хойш нэхэмжлэгч байгууллага хүү Б.Ц ий суралцагчийн хувийн хэргийг сургалтын төлбөр төлөөгүй шалтгаанаар барьцаалан шилжүүлж өгөөгүйгээс шилжүүлж чадаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэв. /хх- ийн 27, 28/ Харин дээрх баримтаар хариуцагч нь 2020-2021 оны хичээлийн жил дуусахад хүү Б.Ц ийг өөр сургуульд шилжүүлэхээр хувийн хэргийг авах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөхийг шаардаж хувийн хэрэг өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3 дахь хэсэгт Хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулах бөгөөд суралцагч шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр суралцагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж тохиролцжээ.

 

12.Хариуцагч Н.Э нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 5,400,000 төгрөг төлөхийг зөвшөөрч сургалтын төлбөр тогтоосон баримтад гарын үсэг зурж баталгаажуулан, сургалтад хүү Б.Ц ийг хамруулсан байна. /хх-ийн 11/ Харин нэхэмжлэгч нь гэрээний 2.3-т зааснаар 2020-2021 оны сургалтын төлбөр 6,500,000 төгрөгөөр тогтоож, хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулсан болохоо нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтгүй байна. Сургалтын төлбөрийн хэмжээг өөрчилсөн талаар гэрээний нөгөө талд мэдэгдсэн нь тогтоогдохгүй байх тул төлбөрийн хэмжээг ихэсгэсэн дүнгээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

13.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ-ний 2.3-т зааснаар хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагад 2019-2020, 2020-2021 оны сургалтын төлбөрт 10,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

14.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.8-д төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох тохиролцоо хийгджээ. Хуульд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги төлөх үүрэг үүсэхээр зохицуулсан. Хэрэв харилцан үүрэг хүлээсэн бол үүргээ гүйцэтгэснээр алданги шаардах эрхтэй.

 

15.Нэхэмжлэгч байгууллага 2020-2021 оны хичээлийн жил дуусахад Б.Ц ий хувийн хэргийг өгөөгүй үйл баримт тогтоогдсон тул алданги шаардах эрхээ алдана.

 

16.Иймд хариуцагч Н.Э ээс 10,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

17.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасны дагуу хариуцагч Н.Э ээс 10,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ерөнхий боловсролын ......... сургууль боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э ээс 187,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР