Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/01916

 

 

 

 

 

 

 

 

2022         06         21                                            182/ШШ2022/01916

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, 100 тн, 500 маркын А3-12 армартур болон алданги 67,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч А.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л ХХК болон “БТ” ХХК‑ийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19/01 дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу “Л” ХХК нь 500 маркын стандартын дагуу боловсруулсан барилгын арматур төмрийг 1 тонныг 1,350,000 төгрөгөөр тооцон 500 тонныг “БТ” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч “БТ” ХХК нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Ийнхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт заасны дагуу “БТ” ХХК-ийн зүгээс урьдчилгаа төлбөр болгож 150,000,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн Хадат, * дугаар хэсэг гудамж, *** тоот хаягт байрлах 158,8м.кв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 170,000,000 төгрөгөөр тооцон нийт 320,000,000 төгрөгийн хөрөнгийг “Л” ХХК-д шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусахад худалдагч “Л” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй учир тухайн компанийн Төв аймгийн Борнуур суманд байрлах үйлдвэр дээр хэд хэдэн удаа очиж шаардлага тавьсан.

Энэхүү шаардлагын үр дүнд “Л” ХХК-иас 80 тонн арматур буюу 108,000,000 төгрөгийн арматурыг олж авсан байдаг. Энэхүү 80 тонн арматурыг авсанаас хойш дахин арматур нийлүүлээгүй болно. Л ХХК-иас үлдсэн төлбөр болон Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн Хадат, * дугаар хэсэг гудамж, *** тоот хаягт байрлах 158,8 м.кв хувийн орон сууцны зориулалггай хөрөнгийг буцаан шаардахад “Экапитал” банк бус санхүүгийн байгууллагад үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авсан, зээлээс чөлөөлж өгвөл щилжүүлье гэсэн учраас зээлийг өмнөөс нь хааж төлбөрийг нь төлсөн. Энэхүү төлбөрт нийт 93,000,000 төгрөг шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад явагдаж байгаа ажиллагаа энэ хэрэгт огт хамааралгүй. Ийнхүү гэрээний үлдэгдэл нийт 135,000,000 төгрөг болсон байгаа.

“Л” ХХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 19/01 дугаартай Худалдах худалдан авах гэрээний үүргээ цаашид биелүүлэхгүй нь нэгэнт тодорхой болсон тул бидний зүгээс гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 135,000,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 67,500,000 төгрөг, нийт 202,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах нь бидэнд ашиггүй байсан бөгөөд арматурны үнэ хэд дахин нэмэгдсэн байгаа. Хариуцагч нь Төв аймгийн Борнуур суманд байрлах үйлдвэртээ өнөөдрийг хүртэл арматур үйлдвэрлэж, бидний урьдчилгаанд өгсөн мөнгөөр хангалттай ашиг хүртэж байгаа. Гэтэл манай байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хаяг дээрээ байхгүй, олдохгүй, холбоо сураггүй болсон учраас шүүхэд хандаж, гүйцэтгэх удирдлагыг эрэн сурвалжлуулж хаяг тогтоосон байдаг.

 Тийм учраас бид гэрээний биелэлтийг шаардаж, үлдэгдэл төлбөр болох 135,000,000 төрөгтөө гэрээний 5 дугаар зүйлийн 5.1‑д зааснаар 1тн арматурыг 1,350,000 төгрөгөөр тооцон, нийт 100 тн, А3-12 маркийн арматурыг хариуцагч Л ХХК‑иас биет байдлаар нь гаргуулах, гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 67,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байгаа. Алдангийг 2019.04.20-ны өдрөөс 2021.12.08-ны өдрийг хүртэл хоног тутамд 0,1%-иар тооцвол өдрийн 135,000 төгрөг байх ба, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 135,000,000 төгрөгийн 50%-иас хэтэрч байх тул 50% буюу 67,500,000 төгрөг гэж тооцсон болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр БТ ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулан 150.000.000 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлэн авсан. Тус гэрээний төлбөрт бид 80 тн арматур төмөр буюу 108.000.000 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 42.000.000 төгрөгийг манай компани төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын 158.8м.кв хувийн орон сууцтай холбоотой өр төлбөрийн асуудал нь Сүрэнжав овогтой Э-н нэр дээр тусдаа хэрэг үүсгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэх үйл явцандаа явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, С.Эодоо манай байгууллагын гүйцэтгэх удирдлага байхаа больсон, иргэн С.Э-д орон сууцыг шилжүүлсэн асуудлыг компани хариуцахгүй гэж үзэж байгаа. Компанитай байгуулсан гэрээний дагуу компанид үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх байтал шилжүүлээгүй. Бид 2020, 2021 онд үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд цар тахал нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл мөн. Тийм учраас алдангийг төлөх үндэслэлгүй, алдангиас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 42,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, энэ мөнгөнд тохируулж арматурыг бодит байдлаар өгөх боломжтой. Харин үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.02.26‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2019.02.27‑ны өдрийн хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.12‑ны өдрийн 4324 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.30‑ны өдрийн 1801 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.23‑ны өдрийн 1941 дүгээр шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021.11.29‑ний өдрийн албан бичиг, хуулийн этгээдийн дүрэм, 2019.07.04‑ний өдрийн зарлагын баримт, 2019.07.03‑ны өдрийн мэдэгдлүүд, 2019.02.26, 2019.02.27, 2020.03.16‑ны өдрийн ХААН банк ХХК‑ийн шилжүүлгийн баримтууд, 2019.03.06‑ны өдрийн итгэмжлэл, 2018.11.12‑ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л ХХК‑нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, 100 тн, 500 маркын А3-12 армартур болон алданги 67,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал манай байгууллагаас урьдчилгаа төлбөр авсан байж гэрээний үүргээ биелүүлэхгүй, арматурыг нийлүүлэхгүй байсан учир бид урьдчилгаа 170,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн хувийн сууцын буцаан шаардсан, харин хариуцагч нь тус хувийн сууцыг ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байсныг бид хожим мэдэж, ББСБ ХХК-нд 93 сая төгрөг төлж хувийн сууцыг буцаан авсан учир 170,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр нь 93,000,000 төгрөгийн хэмжээнд буурч байгаа гэсэн үг, бид компанитай эрх зүйн харилцаанд орсон болохоос биш иргэнтэй, хувьцаа эзэмшигчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, Экапитал ББСБ ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа энэ маргаанд огт хамааралгүй, тийм учраас бид гэрээний үүргийн биелэлт, алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрт 42,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, харин урьдчилгаа 170,000,000 төгрөгт багтах хувийн сууцыг манай компанид шилжүүлээгүй, харин тухайн үеийн захирал байсан С.Э-д иргэний хувиар шилжүүлсэн байгаа учир бид хариуцахгүй, энэ талаар С.Э төлбөр төлөхөөр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллагаа явагдаж байгаа, мөн бид 2020, 2021 онд ковидын улмаас ажиллаагүй учир алданги төлөх боломжгүй, гэрээнд заасны дагуу алдангиас чөлөөлөгдөх учиртай гэж мэтгэлцсэн.

 

3.Зохигчдын хооронд 2019.02.26-ны өдөр 19/01 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу хариуцагч Л ХХК нь 500 маркын стандартын дагуу боловсруулсан А3‑10, А3‑12, А3‑16, А3‑18, А3‑22 арматур төмрийг 1 тонныг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 675,000,000 төгрөгийн үнэ бүхий 500 тонн арматурыг, холбогдох бичиг баримтын хамт 2019.04.20‑ны өдрийг хүртэл Төв аймгийн Борнуур сумын үйлдвэрээс Улаанбаатар хотын 22‑ын товчоо болон барилгын талбай хүртэл тээвэрлэн нэхэмжлэгч Б ХХК-нд нийлүүлэх,

нэхэмжлэгч Б ХХК нь 675,000,000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа төлбөрт 150,000,000 төгрөг болон 170,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч Б ХХК‑ийн захирал В.Э нь өөрийн болон Ц.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү‑2203019783 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бэлхийн Хадат, * дугаар хэсэг гудамж, *** тоотод байрлах, 158,8 м.кв хувийн сууцны гэрчилгээг шилжүүлж, нийт 320,000,000 төгрөгийг төлсний дараа хариуцагч Л ХХК нь барааг нийлүүлж эхлэх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 6 дугаар зүйлийн 6.4‑т заасны дагуу 2019.02.26‑ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 4 удаагийн гүйлгээгээр нийт 120,000,000 төгрөг, 2019.02.27‑ны өдөр 138,000,000 төгрөг, бүгд 258,000,000 төгрөгийг хариуцагч Л ХХК‑ийн Х ХХК‑ийн дансаар дамжуулан төлсөн, түүнчлэн компанийн захирал В.Э болон Ц.Т нар нь 2019.03.06‑ны өдрийн итгэмжлэлээр өөрсдийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү‑2203019783 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн Хадат /14011/, * дугаар хэсэг гудамж, *** тоотод байрлах, 158,8 м.кв хувийн сууцыг бусдад хөлслөх, худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах зэрэг бүрэн эрхийг, 3 жилийн хугацаатай хариуцагч Л ХХК‑ийн захирал С.Эд олгосон байх бөгөөд хариуцагч Л ХХК нь 2019.02.27‑ны өдрийн 19/18 дугаар албан бичгээр дурдсан хувийн сууцыг С.Б-н нэр дээр шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч Б ХХК‑нд гаргасан байх боловч уг хувийн сууцны өмчлөх эрхийг С.Бд шилжүүлээгүй, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

4.Хариуцагч Л ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар 80 тн буюу 108,000,000 төгрөгийн үнэ бүхий, 500 маркийн, А3-16, 12 арматурыг нэхэмжлэгч Б ХХК‑иар шаардуулсны үндсэн дээр 2019.07.04‑ний өдөр болон бусад өдрүүдэд нийлүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд үүнээс хойш хариуцагч Л ХХК нь армартур нийлүүлэхээ больсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны урьдчилгаа төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч Л ХХК нь арматур нийлүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч Б ХХК нь энэхүү үүргээ биелүүлэхийг хариуцагч Л ХХК‑иас удаа дараа шаардсан, албан бичиг хүргүүлсэн, шүүхэд хандсан, хариуцагч Л ХХК-ийн хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л ХХК-ийг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгосон үйл баримт тогтоогдсон.

5.Улмаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л ХХК‑ийг үүргээ биелүүлээгүй гэж, 2019.03.06‑ны өдрийн итгэмжлэлээр захиран зарцуулах эрх олгосон, улсын бүртгэлийн Ү 2203****** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн Хадат /14011/, * дугаар хэсэг гудамж, *** тоотод байрлах, 158,8 м.кв хувийн сууцыг буцаан шаардсан байх бөгөөд хариуцагч Л ХХК‑ийн гүйцэтгэх захирал С.Энь уг хувийн сууцыг Экапитал ББСБ ХХК‑ийн барьцаанд тавьж, зээл авсан, энэхүү зээлээ төлөөгүй байсныг нэхэмжлэгч Б ХХК нь мэдэж, С.Э-н гуйлтын дагуу Экапитал ББСБ ХХК‑нд 2020.03.16‑ны өдөр 50,000,000 төгрөг, 43,000,000 төгрөгөөр нийт 93,000,000 төгрөгийг төлж, тус хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж, буцаан авчээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч Б ХХК‑ийн урьдчилгаанд төлсөн 150,000,000 төгрөг, 170,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц, нийт 320,000,000 төгрөгийн урьдчилгаа болох 170,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц нь 93,000,000 төгрөг болж багассан, хариуцагч Л ХХК нь 135,000,000 /150,000,000 төг -108,000,000 төг = 42,000,000 төг + 93,000,000 төг/ төгрөгийн арматур нийлүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2019.04.20‑ны өдөр нэгэнт дууссан байна.

 

6.Өөрөөр хэлбэл, зохигчдыг худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орох үед хариуцагч Л ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эбайсан, 2021.04.01-ний өдөр Н.Н гүйцэтгэх захирал болсон байх бөгөөд байгууллагын тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Э-н хийсэн дээр дурдсан үйлдлийн хариуцлагыг компани хариуцахгүй гэх хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд гүйцэтгэх захирлын компанид учруулсан хохирлын асуудал Компанийн тухай хуульд заасан тусдаа маргаан болно.

                                                                                        

Иймд нэхэмжлэгч Б ХХК‑нд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 10 дугаар зүйлийн 10.2б-д заасны дагуу хариуцагч Л ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон хугацаа хэтрүүлсний нэмэлт үүрэг буюу алдангийг хамтад шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч Л ХХК нь гэрээний үүрэг болон нэмэлт үүрэг болох алдангийг төлөх үүрэгтэй байх ба, 67,500,000 төгрөгийн алдангийн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

7.Харин хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 42,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар алдангиас чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж байна.  

 

Худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.2б-д “уг гэрээний хавсралт графикт заасан хугацаанд худалдагч тал барааг нийлүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хийгдсэн үнийн дүнгийн өдрийн 0,1%-ийн алдангийг худалдагч талаас шаардах эрхтэй”,

11 дүгээр зүйлийн 11.1-д “гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал газар хөдлөлт, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно”, 11.2-т “дээрх давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог хоёр тал хэн аль нь бүрдүүлнэ” гэж тус тус заажээ.

 

8.Зохигчид энэхүү гэрээнд ямар нэгэн хавсралт байхгүй талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз байх ба, гэрээний 10 дугаар зүйлийн 10.2б-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэнгүй. Иймд зохигчдыг хуульд заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй тул хариуцагч Л ХХК нь алданги болох 67,500,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаар гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар 2019 оны 11 сараас эхлэн Монгол улсад нүүрлээд байгаа Ковид-19, цар тахал өвчний улмаас улс орны эдийн засгийн байдал дордсон, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргаанд нь нөлөөлж байгаа, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа зогссон, зарим үйл ажиллагаа хязгаарлагдмал хүрээнд явагдсан, улсын хил тодорхой хугацаанд хаагдсан зэрэг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боловч зохигчид энэ байдлаа баримтаар нотлосон байж гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна. Харин хариуцагч Л ХХК нь энэ байдлыг баримтаар нотлоогүй тул хариуцагч талын гаргасан “...алдангиас чөлөөлөгдөх...” тухай тайлбар няцаагдаж байна.

 

9.Иймд хариуцагч Л ХХК-иас 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, 100 тн, 500 маркын А3-12 арматурыг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 67,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч Б ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,170,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК‑иас 832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК‑нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л ХХК-иас 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, 100 тн, 500 маркын А3-12 арматурыг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 67,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,170,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК‑иас 832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК‑нд олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.ЭНХТУЯА