Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01662

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01662

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01916 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 тн, 500 маркийн А3-122 арматур, алданги 67,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганболд, Г.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.а. А ХХК болон Б ХХКийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19/01 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу А ХХК нь 500 маркийн стандартын дагуу боловсруулсан барилгын арматур төмрийг 1 тонныг 1,350,000 төгрөгөөр тооцон 500 тонныг Б ХХК-д нийлүүлэх, худалдан авагч Б ХХК нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 5.3-т заасны дагуу Б ХХК-ийн зүгээс урьдчилгаа төлбөр болгож 150,000,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадат, 6 дугаар хэсэг гудамж, 685 тоот хаягт байрлах, 158,8 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 170,000,000 төгрөгөөр тооцон нийт 320,000,000 төгрөгийн хөрөнгийг А ХХК-д шилжүүлсэн.

1.б. Гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусахад худалдагч А ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй. А ХХК-аас 80 тонн арматур буюу 108,000,000 төгрөгийн арматурыг нийлүүлсэн ба үлдэгдэл арматур нийлүүлээгүй.

1.в. А ХХК-аас үлдсэн төлбөр болон Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадат, 6 дугаар хэсэг гудамж, 685 тоот хаягт байрлах, 158,8 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай хөрөнгийг буцаан шаардахад Эксим капитал ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан. Нэхэмжлэгч уг зээлийн үлдэгдэл 93,000,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж, барьцаанаас сулласанаар гэрээний үлдэгдэл нийт 135,000,000 төгрөг болсон.

1.г. Иймд гэрээний биелэлтийг шаардаж, үлдэгдэл төлбөр болох 135,000,000 төгрөгтөө гэрээний 5.1д зааснаар 1 тн арматурыг 1,350,000 төгрөгөөр тооцон, нийт 100 тн, А3-12 маркийн арматурыг хариуцагч А ХХК-аас биет байдлаар нь гаргуулж, алданги 67,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ..

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. Манай компани 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК-тай худалдах-худалдан авах гэрээг байгуулан 150,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлэн авсан. Тус гэрээний төлбөрт бид 80 тн арматур төмөр буюу 108,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 42,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.б. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын 158.8 м.кв талбайтай хувийн орон сууцтай холбоотой өр төлбөрийн асуудал нь С.Эрдэнэлхамийн нэр дээр тусдаа хэрэг үүсгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэх үйл явцдаа явагдаж байгаа. Бид 2020, 2021 онд үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд цар тахал нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл мөн тул алдангийг төлөх үндэслэлгүй.

2.в. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 42,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд уг мөнгөнд тохируулж арматурыг бодит байдлаар өгөх боломжтой. Харин үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А ХХК-аас 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, 100 тн, 500 маркийн А3-12 арматурыг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 67,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХКийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,170,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХКнд олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 100 тн, 500 маркийн А3-12 арматурыг биет байдлаар хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан. Гэрээ байгуулагдахад арматурыг 1,350,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, энэ хугацаанд А ХХК-ийн Төв аймгийн Борнуур суманд байрлах төмөрлөгийн үйлдвэр тогтмол ажиллаж байсан. Хариуцагчаас гаргуулахыг хүссэн зүйл нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 100 тн арматур гаргуулах. Гэтэл анхан шатны шүүх ...135,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 тн арматур гэж тодотгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Шийдвэрээс ...135,000,000 төгрөгийн үнэ бүхий гэсэн хэсгийг хасч, 100 тн арматур хариуцагч А ХХК-аас гаргуулж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой юм.

4.б. Гэрээний 10.4-т заасны дагуу алданги шаардах эрхтэй талаар талууд тохиролцсон. Бид 150,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр шилжүүлж, үүний 108,000,000 төгрөгт ногдох 80 тн арматурыг хариуцагчаас гаргуулж авсан. А ХХК-д шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадат, 6 дугаар хэсэг гудамж, 685 тоот хаягт байрлах 158,8 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай хөрөнгийг 170,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь итгэмжлэлийг ашиглан Эксим капитал ББСБ ХХК-д үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээс 93,000,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг бид хаасан. Гэрээний дагуу 135,000,000 төгрөгийг А ХХК-д шилжүүлсэн. Хариуцагч нь 320,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, мөнгө хүлээн авсан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 42,000,000 төгрөгт ногдох арматур гаргуулахыг зөвшөөрдөг.

4.в. Гэрээний 10.2.б, 10.4-т заалтаар талууд алданги төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээгээр алдангийг тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх нийт 130,005,000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 67,500,000 төгрөгийг шаардсан нь гэрээ болон хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2-д нэхэмжлэлийг мөнгөн дүнгээр гаргана. Хэрэв эд хөрөнгө нэхэмжилж байгаа бол тухайн эд хөрөнгийг тухайн зах зээлийн ханшаар нэхэмжилнэ гэсэн тодорхой зохицуулалттай. Иймд мөнгөн дүнгээр нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. 135,000,000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бол 270,000,000 төгрөгт нийцэх хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан. Гэтэл улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхгүй. Хэрэв 100 тонн арматурыг нэхэмжилж байгаа бол түүнтэй дүйцэхүйц арматурын хураамжийг төлөх ёстой байсан. 135,000,000 төгрөгийн 42,000,000 төгрөгийн үлдэгдэл буюу арматур нийлүүлэх ёстой байсан үүргийн зөрчил. Харин 93,000,000 төгрөг нь хохирлын асуудал нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх ёстой байсан. Гэтэл шилжүүлэхийн оронд итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлийг ашиглаж банкнаас зээл авсан нь хохирлын асуудал. Гэтэл хохирлын асуудлыг тухайн үеийн арматурын үнэ рүү шилжүүлж 100 тонн болгож байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй харагдаж байна.

5.б. Анхан шатны шүүхийн шийдвэрт 135,000,000 төгрөгийн арматурыг гаргуулах гэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаатай холбоотой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр очиход 135,000,000 төгрөгийг гаргуулах юм уу, тухайн үнэ бүхий арматурыг гаргуулах юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Давж заалдах гомдолд 100 тонн арматурыг гаргуулахаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийг үнийн дүнгээр гаргах ёстой, улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэсэн шаардлагыг зөрчиж байна. 135,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж биет байдлаар гаргуулах болгосон. Иймд хэргийг бүхэлд нь хянахдаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгааг харгалзаж үзнэ үү.

5.в. Гэрээний заалтаар алдангийн тухай ярихад гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой гэсэн заалт байгаа. Шүүх гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцож 60,000,000 төгрөгийн алдангийн асуудлыг гаргаж ирсэн. Нэхэмжлэгч талд гаргасан нэхэмжлэлдээ гэрээ цуцлагдсан гэж маш тодорхой зааж өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь тухайн үүргийг биелүүлэх зорилготой байдаг. Нэгэнт гэрээ цуцалсан байгаа тул гэрээнд заасан үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн ойлголт байхгүй. Гэрээ цуцалсан байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангуулж алданги тооцно гэж байгаа нь логикийн хувьд зөрчилтэй байна. Иймд гэрээ цуцалсан байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар тооцох боломжгүй. Харин хохирлыг нэхэмжилсэн бол боломжтой. Анхан шатны шүүх алдангийн заалтыг хуульд нийцээгүй тул хүчингүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Учир нь, хуульд алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцох зохицуулалттай. Гэтэл талууд гэрээний чөлөөт байдал гэж ойлгож, гүйцэтгэсэн үнийн дүнгээс тооцно гэж заасан боловч хуулиар тогтоосон хязгаарыг давсан байгаа тул хуульд нийцүүлж гэрээний заалтыг хүчингүй болгож, зөв дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 тн, 500 маркийн А3-122 арматур, алданги 67,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 42,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19/01 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч А ХХК 500 маркийн стандартын дагуу боловсруулсан А310, А312, А316, А318, А322 арматур төмрийг 1 тонныг 1,350,000 төгрөгөөр тооцон, нийт 675,000,000 төгрөгийн үнэ бүхий 500 тонн арматурыг, холбогдох бичиг баримтын хамт 2019 оны 04 дүгээр сарын 20ны өдрийг хүртэл Төв аймгийн Борнуур сумын үйлдвэрээс Улаанбаатар хотын 22ын товчоо болон барилгын талбай хүртэл тээвэрлэн худалдан авагч Б ХХК-нд нийлүүлэх, худалдан авагч Б ХХК худалдах барааны нийт үнэ 675,000,000 төгрөг, урьдчилгаа 150,000,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү2203019783 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадат, 6 дугаар хэсэг гудамж, 685 тоотод байрлах, 158,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 170,000,000 төгрөгөөр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөх нөхцөлөөр нийт 320,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барааг нийлүүлж эхлэхээр тохиролцсон. /хх 6-7/

3.а. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь урьдчилгаа төлбөр 150,000,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадат, 6 дугаар хэсэг гудамж, 685 тоот хаягт байрлах 158,8 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 170,000,000 төгрөгөөр тооцон, нийт 320,000,000 төгрөгийн хөрөнгийг А ХХК-д шилжүүлсэн, хариуцагч А ХХК 108,000,000 төгрөгийн 80 тонн арматурыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл арматур нийлүүлээгүй үйл баримтын талаар маргаангүй байна. /хх 49-53/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.а. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.б. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс Эксим капитал ББСБ ХХКд зээлийн гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн дээрх 93,000,000 төгрөгийг арматур худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцсон нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 54-55/

4.в. Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүрэгт нийт 243,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ. Үүнээс хариуцагчийн нийлүүлсэн 80 тонн арматур буюу 108,000,000 төгрөгийн арматурын үнийг хасч, үлдэх 100 тн, 500 маркийн А3-122 арматурыг нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт хариуцагчаас шаардах эрхтэй байна.

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад 135,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж 100 тн, 500 маркийн А3-122 арматурын үнийг тогтоосон нь учир дутагдалтай болжээ. Учир нь гэрээний нийт үнийн дүн 675,000,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 243,000,000 төгрөг төлсөн. Худалдах 1 тн арматурын үнийг 1,350,000 төгрөгөөр тогтоосноос үзвэл хариуцагч 243,000,000 төгрөгийн үнийн дүнд нийт 180 тн арматурыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Үүнээс 80 тн арматурыг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан. Үлдэх 100 тн арматурыг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...100 тн арматурыг биет байдлаар гаргуулах гэж өөрчилсөн. Анхан шатны шүүх өөрчилсөн шаардлагыг хүлээн авсан атлаа уг шаардлагаас хальж, ...35,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

7. Гэрээний 4.1-т худалдагч нь гэрэнд заасан барааг хоёр тал гэрээнд гарын үсэг зурж энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд худалдан авагчийн гаргасан графикийн дагуу худалдан авагчид нийлүүлнэ гэж тохиролцсон байгаа боловч хэрэгт гэрээний хавсралт авагдаагүй. Өөрөөр хэлбэл худалдагчийн үүргээ хэтрүүлсэн хугацаа тодорхой бус байна.

Иймд анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01916 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 135,000,000 төгрөгийн үнэ бүхий, гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН