Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 334

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03840 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-т холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.П  ,

Хариуцагч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот хаягт байрлах 625 м.кв газрыг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000386862 тоот гэрчилгээтэйгээр хууль ёсоор өмчилдөг.Би энэ газрыг Р.Анхбаяраас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ийнхүү газар худалдаж аваад газар дээр хашаагаа хатгах гэхэд 2017 оны 5 сард манай хажууд нүүж ирсэн Б.А гэх эмэгтэй газар дээр хашаа бариулахгүй хэл ам хийгээд байсан. Би 2017 оны 10 сард газар дээр нүүж ирэхэд миний өмчлөлийн газрын баруун хэсэгт байшингийн суурь тавьчихсан байсан. Энэ нь газар дээр хийсэн хэмжилтийн зургаас харагдах бөгөөд газрын нийт хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээтэй тохирдог.

Газар чөлөөлж өг гэж Б.А-т шаардлага тавихаар хэл амаар доромжилж, хүлээж авалгүй байсаар өдийг хүрлээ. Би энэ хугацаанд Баянгол дүүргийн газрын албанд удаа дараа хандаж, Газрын албаны газар зохион байгуулагч дээр Б.А-ыг дагуулан очиж уулзаж байсан. Газар зохион байгуулагч Б.А-т “Та амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх эрх аваагүй байж хүний өмчлөлийн газарт нэвтэрч байшингийн суурь тавьж, өмчлөх эрхийг нь зөрчиж байна, даруйхан газрыг нь чөлөөлж өг” гэж хэлсэн. Б.А байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Би энэ асуудлаар мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.А-той уулзаад хууль зөрчсөн болохыг сануулсан боловч үл тоосон. Ийнхүү зохих шатны байгууллагад хандаад, тухайн байгууллагуудаас энэхүү хүнд шаардлага тавьдаг боловч огт миний газрыг чөлөөлж өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна.

Иймд миний өмч болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байрлах газрын баруун хэсэг /хойд талаараа 4.30 м, урд талаараа 6.90 давхцаж орсон/-ийг Б.А-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 сарын 04-ний өдөр 23 хорооны хогоо хаядаг гүн жалгыг түрж тэгшилж янзлаад 2017 оны 5 сарын 05-ны өдөр гэр барьж буусан юм. Манай ам бүл наймуулаа, 0-16 насны 4, бие гүйцсэн 2 хүүхэдтэй амьдардаг. Хажуу айл болох айлын газар руу нэг алхам ч орж газрыг аваагүй. Харин миний янзалж, түрж тэгшилсэн газрыг оруулаад кадастрын зураг хийлгээд зарсан байгаа. Би тэр үед газартаа түрүүлээд шороо асгуулаад, өөрт байсан мөнгөө өгөөд надад хашаа хатгаж кадастрын зураг авахуулах мөнгөгүй байх хооронд хажуу айл янзалсан газар руу минь ороод кадастрын зураг хийлгэсэн. Бичиг нь гараагүй байгаа, өгчихсөн гэж ярьж тохиролцоод Анхбаярын дүү болох Анх-Од гэдэг залуу танил талаа ашиглаж, миний янзалсан газрын талыг нь оруулаад зарсан байгаа юм.

Харин миний үнэн зөв байдлыг харгалзан үзэж, энэ айлын бичгийг нь хүчингүй болгож, одоогийн байгаагаар нь кадастрын зураг хийж өгч тусална уу. Намайг энэ газрыг янзалсныг гэрчилж хэлж ярих хүмүүс олон байгаа. Шүүх, Цагдаагийн байгууллага үнэн зөв байдлыг үнэнээр шүүж, миний янзалсан газрын талыг буцааж олгож өгнө үү. Би өөрийн газраа авахын тулд зураг болон өргөдлөө Нийслэлийн газрын албаны даргад аваачиж өгсөн. Надад одоогоор өргөдлийн хариу ирээгүй байна. Газар дээр очиж бодит байдалтай танилцаж, үнэн зөв байдлыг харж үзэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.д заасныг баримтлан Б.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбай бүхий газрын 1-2 болон 1-6 дугаар цэгүүдийн давхцсан хэсгийн газрыг чөлөөлж өгөхийг Б.А-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-оос  70 200 төгрөгийг гаргуулан Б.П  ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш 23 хорооны Зүүн ард аюушид байрлах гүн жалгыг өөрийн мөнгөөр трактор хөлсөлж түрж тэгшлээд янзалж 2017 оны 5 дугаар сарын 05-ны өглөө гэрээ авчирч барьсан. Газар нь уруу байсан учир ахиж тэгшлэх гэж 15 хоовоо шороо мөнгөөр авч суулгаж орхиж манай нөхөр болох н.Баасанбаяр нь ажлынхаа зав зайгаар тэгшилж янзалсан. 2017 оны 5 дугаар сарын дундуур хажуу газар болох н.Анхбаярын дүү н.Анх-Од гэж цагдаа залуу ахын газрыг зарах гэж байгаа. Одоогоор бичиг баримт байхгүй байгаа хөөцөлдөж зарна гэж явж байсан манайх энэ газрыг янзалсан байгааг харчихаад намайг гэртээ байхгүй хойгуур кадастрын зураг хүн авчраад манай янзалж тэгшилсэн газрыг оруулж кадастрын зураг авахуулсан байсан. Манайх тэр үед нь хашаа бариагүй газраа тэгшилж дуусаагүй бас мөнгө байхгүй учир кадастарт ороогүй байсаныг ашиглаж хүний хийсэн хөдөлмөрийг өөрийн газар болгож худалдсан байна.

Миний жалга янзалсан мөнгө, хундаам, жорлон ухуулсан гээд трактор авчирч түрүүлж янзлуулсан 2 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Шүүхэд шинжээч байдаг бол энэ газрыг хэн янзалсан үнэн зөвийн олж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.П   нь хариуцагч Б.А-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын маргаж буй Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот хаягт байршилтай 625 м.кв газарт иргэн Р.Анхбаяр “Ордгеод” ХХК-иар эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хийлгэсэн байх ба уг газрыг нэхэмжлэгч Б.П   худалдан авсан, хариуцагч Б.А уг газрын хойд талаас 4.30 метр, урд талаас 6.90 метр талбайг оруулж байшингийн суурь цутгасан үйл баримт “Ордгеод” ХХК болон “Сайтсүрвэй” ХХК-ийн кадастрын зураг зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.П  ид Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны А/198 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот хаягт байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 625 м.кв газар эзэмших эрх олгогдсон байх бөгөөд уг захирамжид заасан хэмжээгээр дээрх газрыг Б.П  ид хууль ёсны дагуу эзэмшүүлсэн ба тэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 7-8 дугаар тал дах 000386862 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн газрын албаны кадастрын зураг, Баянгол дүүргийн газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/955 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.

 

Хариуцагч Б.А нь “хог хаядаг гүн жалгыг тэгшилж буусан, миний янзалсан газрын талыг н.Анхбаярын дүү н.Анх-Од оруулаад бусдад худалдсан” гэж тайлбарласан боловч өөрийн эзэмшлээ хууль ёсны дагуу буюу зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эзэмшиж байгаа гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.П-ийн газартай хариуцагч Б.Аын газар давхцсан гэж дүгнэсэн нь буруу байгааг дараах байдлаар залруулах боломжтой. Нэхэмжлэгч Б.П-ийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Б.А чөлөөлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримталж хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн тул газар тэгшилэхэд гарсан зардал гаргуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 м.кв талбай бүхий газрын Х5311290.104, Ү639972.654, Х5311288.611, Ү639966.776, Х5311294.600, Ү639967.070, Х5311297.018, Ү639970.337 цэгээр хүрээлэгдсэн газрыг Б.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ