Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 3840

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Б.П-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:Б.А-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот хаягт байрлах 625 м.кв газрыг Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000386862 тоот гэрчилгээтэйгээр хууль ёсоор өмчилдөг.Би энэ газрыг Р.Анхбаяраас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ийнхүү газар худалдаж аваад газар дээр хашаагаа хатгах гэхэд 2017 оны 5 сард манай хажууд нүүж ирсэн Алтантогос гэх эмэгтэй газар дээр хашаа бариулахгүй хэл ам хийгээд байсан.Би 2017 оны 10 сард газар дээр нүүж ирэхэд миний өмчлөлийн газрын баруун хэсэгт байшингийн суурь тавьчихсан байсан.Энэ нь газар дээр хийсэн хэмжилтийн зургаас хангалттай харагдах бөгөөд газрын нийт хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээтэй тохирдог.Газар чөлөөлж өг гэж Алтантогост шаардлага тавихаар хэл амаар доромжилж, хүлээж авалгүй байсаар өдийг хүрлээ. Би энэ хугацаанд Баянгол дүүргийн газрын албанд удаа дараа хандаж, Газрын албаны газар зохион байгуулагч дээр Алтантогосыг дагуулан очиж уулзаж байсан.Газар зохион байгуулагч Алтантогост “Та амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх эрх аваагүй байж хүний өмчлөлийн газарт нэвтэрч байшингийн суурь тавьж, өмчлөх эрхийг нь зөрчиж байна, даруйхан газрыг нь чөлөөлж өг” гэж хэлсэн. Алтантогос байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй.Би энэ асуудлаар мөн НМХГазарт 2018 оны 9 дүгээр сарын 24-нд өргөдөл гаргаж, НМХГ-ын байцаагч Алтантогостой уулзаад хууль зөрчсөн болохыг сануулсан боловч үл тоосон.Ийнхүү зохих шатны байгууллагад хандаад, тухайн байгууллагуудаас энэхүү хүнд шаардлага тавьдаг боловч огт миний газрыг чөлөөлж өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна.Иймд миний өмч болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байрлах газрын баруун хэсэг /хойд талаараа 4.30 м, урд талаараа 6.90 давхцаж орсон/-ийг Б.Алтантогосыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.П Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамж 508 тоот хаягт байрлах 625 метр квадрат газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000386862 тоот гэрчилгээтэй хууль ёсоор өмчилсөн.Энэ газрыг Р.Анхбаяраас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан ба газар дээрээ хашаагаа хатгах гэхэд 2017 оны 5 дугаар сард хашааны хажууд Б.Алтантогос нүүж ирээд газар дээр хашаа бариулахгүй хэл ам хийсэн, 2017 оны 10 дугаар сард уг газар дээр нүүж ирэхэд газрын баруун хэсэгт байшингийн суурь тавьчихсан байсан.Энэ нь газар дээр хийсэн хэмжилтийн зургаас тодорхой харагдах бөгөөд газрын нийт хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээтэй тохирдог.Б.Алтантогост газар чөлөөлж өгөх шаардлага тавихад хүлээж авахгүй байна.Энэ хугацаанд Баянгол дүүргийн газрын албанд удаа дараа хандаж газрын албаны газар зохион байгуулагч дээр Б.Алтантогосыг дагуулж очиж уулзаж байсан.Газар зохион байгуулагч Б.Алтантогост “та амьдарч байгаа газрын эзэмших эрх аваагүй байж, Б.Пийн өмчлөлийн газарт нэвтэрч байшингийн суурь тавьж, өмчлөх эрхийг нь зөрчиж байна. Б.Алтантогос нь байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Нийслэлийн мэргэжилийн хяналтын газарт 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан ба Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын байцаагч Балжинням Б.Алтантогостой уулзаж, хууль зөрчсөн болохыг сануулсан, зохих шатны байгууллагуудад хандаж тухайн байгууллагаас Б.Алтантогост шаардлага тавьсан боловч газрыг чөлөөлж өгөхгүй байна.Иймд Б.Пийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамж 508 тоот хаягт байрлах хойд талаараа 4,30 м, урд талаараа 6,90 м давхцаж орсон газрыг Б.Алтантогосын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Алтантогос шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2017 оны 5 сарын 04-ний өдөр 23 хорооны хогоо хаядаг гүн жалгыг түрж тэгшилж янзлаад 2017 оны 5 сарын 05-ны өдөр гэр барьж буусан юм.Манай ам бүл наймуулаа, 0-16 насны 4, бие гүйцсэн 2 хүүхэдтэй амьдардаг.Хажуу айл болох айлын газар руу нэг алхам ч орж газрыг аваагүй.Харин миний янзалж, түрж тэгшилсэн газрыг оруулаад кадастрын зураг хийлгээд зарсан байгаа.Би тэр үед газартаа түрүүлээд шороо асгуулаад, өөрт байсан мөнгөө өгөөд надад хашаа хатгаж кадастрын зураг авахуулах мөнгөгүй байх хооронд хажуу айл янзалсан газар руу минь ороод кадастрын зураг хийлгэсэн.Бичиг нь гараагүй байгаа, өгчихсөн гэж ярьж тохиролцоод Анхбаярын дүү болох Анх-Од гэдэг залуу танил талаа ашиглаж, миний янзалсан газрын талыг нь оруулаад зарсан байгаа юм.Харин миний үнэн зөв байдлыг харгалзан үзэж, энэ айлын бичгийг нь хүчингүй болгож, одоогийн байгаагаар нь кадастрын зураг хийж өгч тусална уу. Намайг энэ газрыг янзалсныг гэрчилж хэлж ярих хүмүүс олон байгаа.Шүүх, Цагдаагийн байгууллага үнэн зөв байдлыг үнэнээр шүүж, миний янзалсан газрын талыг буцааж олгож өгнө үү.Би өөрийн газраа авахын тулд зураг болон өргөдлөө Нийслэлийн газрын албаны даргад аваачиж өгсөн.Надад одоогоор өргөдлийн хариу ирээгүй байна.Газар дээр очиж бодит байдалтай танилцаж, үнэн зөв байдлыг харж үзэж өгнө гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П хариуцагч Б.Алтантогост холбогдуулан Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байрлах газрын 1-2 болон 1-6 дугаар цэгт давхцаж байгаа газрыг Б.Алтантогосын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Ордгеод ХХКомпани 2017 оны 5 дугаар арын 7-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбайтай газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг гаргасн байна.

 

Баянгол дүүргийн засаг даргын 2018 оны А/198 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбайтай газрын Б.Пид эзэмшүүлсэн болох нь Баянгол дүүргийн газрын албаны даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/955 дугаартай баримтаар нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбайтай, нэгж талбарын 1680710221 дугаартай газрыг Б.Пид өмчлүүлэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000386862 дугаар гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон байна.

 

Баянгол дүүргийн газрын албанаас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбайтай, нэгж талбарын 1680710221 дугаартай газарт кадастрын зураг хийж баталгаажуулсан байна.

 

Мөн Баянгол дүүргийн газрын албанаас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Пийн захиалгаар барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанар улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргасан байна.

 

Хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг эзэмшиж байгаа газрын байршилын кадастрын зургаас үзэхэд Б.Пийн өмчлөлийн газрын баруун хойд хэсгийг Б.Алтантогос эзэмшиж байна.

 

Хариуцагч Б.Алтантогос нь тухайн газрыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байх боловч тухайн газрыг эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас авсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч Б.Алтантогос шүүхэд гаргасан тайлбарын хамт ирүүлсэн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн гудамжинд байрлах М.Бат-Эрдэнийн эзэмшил газрын кадастрын зураг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд мөн тайлбартай гэрэл зургуудад газрын байршил тодорхойгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбай бүхий Б.Пийн өмчлөлийн газартай давхцаж байгаа хэсгийг хариуцагч Б.Алтантогос чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Б.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбай бүхий газрын 1-2 болон 1-6 дугаар цэгүүдийн давхцсан хэсгийн газрыг чөлөөлж өгөхийг Б.А-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-с 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.П-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН