Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2019/00149

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ТББ-д холбогдох 2016 оны 12 сар, 2017 оны 01 саруудын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч: Баян-Овоо нөхөрлөл, ахлагч *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч: ******* нөхөрлөл, ахлагч *******д холбогдох тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч ******* ТББ-ын төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо /*******/ ТББ-д бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй байгуулсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөрийг нөхөрлөлүүд нь өдий хүртэл барагдуулаагүй. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт хийгдээгүй байна.

Иймд Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842.765,88 төгрөг, нийт 42.171.957 төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч ******* 2017 оны 12 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

 

******* ******* ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ болон түүнд бүртгэлтэй нэр бүхий 20 нөхөрлөл, түүний ахлагч нартай Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан боловч дээрх ******* ТББ болон нөхөрлөлүүд нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө манай байгууллагад бүрэн гүйцэд төлөлгүйгээр өнөөдрийг хүрч манай компанийн эрх ашгийг зөрчсөөр байна. Манай компани нь зөвхөн хийсэн ажлынхаа үндсэн төлбөрөө нэхэмжилж байгаа бөгөөд өөр бусад хүү алданги зэргийг нэхэмжлээгүй болно.

Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөгдөх ёстой төлбөрүүд дутуу төлөгдсөн бөгөөд нийт 42.171.957 төгрөгийг хариуцагч нараас дараахь үлдэгдэл төлбөрийн дүнгийн дагуу тус бүрээс нь гаргуулж өгнө үү.

1. ******* ТББ аас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын ажил үйлчилгээний зардалд 25.500.000 төгрөг болон тус үнийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 456.620 төгрөг, нийт 25.956.620 төгрөг,

 

2. Баян-Овоо нөхөрлөл, түүний ахлагч *******ас 762.100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22.840 төгрөг, нийт 784.940 төгрөг,

3. Алтан од нөхөрлөл, түүний ахлагч *******ас 569.900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 17.747 төгрөг, нийт 587.647 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ТББ-н тэргүүн Ч.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ТББ-д бүртгэлтэй нөхөрлөлүүд 2016 оны 07 сараас эхлэн ******* бласт ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308-р журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээ хийж ажил үйлчилгээ авсан нөхөрлөл тус бүр сарын ажлын хөлс 2.300.000 төгрөг байхаар, тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгслийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг бодож төлж байхаар тохиролцсон. 2016 оны 7, 8 саруудад 2.300.000 төгрөгөө төлсөн нөхөрлөлүүдийн ажлыг зарим нөхөрлөлүүд мөнгөө төлөхгүй байна гэх шалтгаанаар олон хоног зогсоож төлбөрөө өгсөн нөхөрлөлүүдийг хохироосон. Бид ******* бласт ХХК-тай дахин уулзаж нөхөрлөл тус бүр сард 2.300.000 төгрөг төлөхөд хүндрэлтэй байна, нөхөрлөлүүд мөнгөө төлж чадахгүй байна гэж ярилцаад сарын 30.000.000 төгрөг буюу нэг өдрийн 1.000.000 төгрөгөөр ажил үйлчилгээ авахаар тохиролцож 2016 оны 9, 10, 11 саруудын ажлын хөлс нийтэд нь 90.000.000 төгрөгийг ******* ТББ-ын нөхөрлөлүүдийн шлам борлуулсны орлогоос ******* бласт ХХК-ийн Голомт банкин дахь 2025101255 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Бид 2016 оны 9, 10, 11 саруудын ажлын хөлсийг нийтэд нь төлсөн боловч тухайн саруудад тус компанийн зүгээс шалтгаалан олон хоног ажил үйлчилгээ үзүүлээгүй юм. 2016 оны 12 сарын ажил үйлчилгээний хөлс 30.000.000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүд хувааж төлөхөөр болсон. Нөхөрлөлүүд энэ ажлын хөлсийг 2016 оны 9,10,11 дүгээр саруудад сул зогссон хоногуудын ажил үйлчилгээний хөлсөнд нөхөж, шилжүүлж тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулж ажил үйлчилгээ авсан нөхөрлөлүүд гэрээний дагуу хэрэглэсэн тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийнхээ үнийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд энэ төлбөрийг ******* ТББ хариуцахгүй юм гэжээ.

 

Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирт хувиараа ашигт малтмал олборлогч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* надад ******* ******* ХХК-аас 784.940 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Тус компани 2016 оны 06 сард тус уурхайд тэсэлгээний материал нийлүүлсэн. Манай нөхөрлөл 2016 оны 06 сард 1.300.000 төгрөг тушааж тэсэлгээний бодис авсан. 07 сард 600.000 төгрөгийг тушааж тэсэлгээний материал авсан. 7 сард 29 кг тэсэлгээний бодис хэрэглэсэн. Мөн 8, 9, 10, 11 саруудад бага хэмжээгээр бодис авсан. Мөнгийг тухайн үед тушаасан. 2016 оны 12 сар, 2017 оны 01 сард Таван Эрдэнэ нөхөрлөлийн нэр дээр тэсэлгээ хийлгэж 298.000 төгрөгийг нөхөрлөлийн ахлагчийн дүү Сэргэлэнбаатарт өгсөн. Иймд миний бие нэхэмжлэгчид тооцоо байхгүй гэжээ.

******* нөхөрлөлийн ахлагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие нь ******* ******* ХХК-нд ******* нөхөрлөлийг төлөөлж тэсэлгээний ажлын гэрээ хийгээгүй. Тус компанид миний хийх тооцоо байхгүй учир миний нэр дээр нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагаас ******* ТББ-аас 25.500.000 нэхэмжилж байгаа. ******* бласт ХХК-ийн зүгээс зардлаа гаргаад ажлаа хийчихсэн, түүнийхээ үлдэгдэл төлбөрийг авъя гэдэг л нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нар нь ******* бласт ХХК-аас үйлчилгээ авсан болон төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин үлдэгдэл төлбөрийг яаж төлөх вэ гэдэг асуудал дээр маргаж байгаа. 9, 10, 11 саруудын тооцоо хийгдээд дуусчихсан. Хэрвээ тэсэлгээний ажил дутуу хийгдсэн гэж байгаа бол тухайн сар бүрд нь мэдэгдэх ёстой байсан. Өмнө нь хийгдээд дуусчихсан ажил дутуу хийгдсэн гэж маргаж байгаа бол энэ нь тусдаа шүүхээр шийдүүлэх асуудал. Гэтэл хариуцагч талаас энэ талаар сөрөг нэхэмжлэл ч гаргаагүй. Хариуцагч талаас гэрээ байгуулаагүй учраас бид хохирох ёстой мэтээр тайлбарладаг. ******* ТББ нь нөхөрлөлүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ дагуу нөхөрлөлүүдийг төлөөлөөд манай байгууллагатай уулзаж өдрийн 1.000.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Ингээд ******* ТББ нь сар бүр нөхөрлөлүүдээс тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрийг хурааж өөрийнхөө данснаас манай данс руу хийдэг байсан. Гэтэл сүүлийн 2 сар энэ үйлдлээ хийгээгүй. ******* ТББ хариу тайлбартаа тухайн сар бүрийн төлбөрийг нөхөрлөлүүд тус тусдаа өгөхөөр тохиролцсон гэсэн. Гэтэл нөхөрлөлүүд хариу тайлбартаа сүүлийн 2 сарын төлбөрийг бид өөрсдөө төлнө гэдэг талаар хэн нь ч дурдаагүй. Хариуцагч талаас хариу тайлбараа нотолж ямар ч баримт гаргаж өгөөгүй. Сүүлд 2016 оны 10 сар хүртлэх дансны хуулга өгсөн байсан. Гэвч бид 2016 оны 12, 2017 оны 01 сарын төлбөр дээр маргаж байгаа. Хэрвээ ******* ТББ нөхөрлөлүүдээс сар бүрийн төлбөрийг хурааж өгч чадахгүй гэдэг талаараа урьдчилаад мэдэгдсэн бол бид нөхөрлөлүүдтэй байгуулдаг гэрээгээ байгуулаад явах боломжтой байсан. Тийм учраас 25.500.000 төгрөгийг ******* ТББ-аас гаргуулж өгнө үү.

******* нөхөрлөлд холбогдуулж 569.900 төгрөг нэхэмжилсэн. ******* нь тухайн мөнгийг би өгөхгүй, өөр хүн өгөх ёстой гэдэг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Бидний хувьд шинээр мөнгө нэхээгүй үлдэгдэл төлбөрөө л нэхэмжилж байгаа.

Баян-овоо нөхөрлөлөөс 762.100 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариу тайлбар дээрээ төлбөрөө бүрэн төлсөн гэдэг боловч мөн энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогддог. Ажил гүйцэтгэсэн эсэх асуудлаар талууд маргаагүй. Тухайн саруудад гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хэрхэн төлөх асуудал дээр маргаж байгаа. 2016 оны 06 дугаар сарын 09 нд байгуулсан тэсэлгээний ажил үйлчилгээ хийлгэх хамтын ажиллагааны гэрээг байгуулахад ******* нөхөрлөлийн ахлагч *******, ******* бласт ХХК, ******* ТББ оролцсон. Ингээд талууд харилцан зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан учраас гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас 2016 оны 12 сар, 2017 оны 1 сарын төлбөрийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал 2016 оны 9, 10, 11 саруудын төлбөрийн талаар яриад байдаг. Нөхөрлөлүүд тэсэлгээнийхээ материалын үнийг төлөөд байсан юм гэдэг. Тэсэлгээний ажлын хөлс, тэсэлгээний бодисын төлбөр нь тусдаа төлөгддөг. 2016 оны 12 дугаар сард 19 өдөрт 57 удаа, 2017 оны 1 дүгээр сард 13 өдөрт 37 удаа тэсэлгээ хийсэн байдаг. Хэрэгт хариуцагчаар татагдсан бусад нөхөрлөлүүд тухайн өдрүүдэд тэсэлгээ хийсэн талаар маргахгүй төлбөрийг өгөхөөр эвлэрсэн. Хариуцагч ******* ТББ-ын төлөөлөгч хариу тайлбартаа манайх 9, 10 саруудын төлбөрийг төлсөн гэж байгаа нь гэрээний дагуу сүүлийн 2 сарын төлбөрийг ч бас ******* төрийн бус байгууллага нөхөрлөлүүдээсээ цуглуулж манай компанид төлөх ёстой гэдгийг нотолж байгаа юм. Иймд тухайн саруудын төлбөрийг ******* төрийн бус байгууллагаас гаргуулах үндэслэлтэй гэж бодож байна.

Хариуцагч ******* нөхөрлөлийн хувьд нэг талаас ******* бласт ХХК-ийн дэд захирал Мөнхтамга, нөгөө талаас ******* нөхөрлөлийн ахлагч ******* нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Тийм учраас гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон хүнээс л төлбөрийг нэхэмжилнэ.

Хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн төлөөлөгчийн хувьд би төлбөрийг Эрдэнэсувд гэх хүнд төлсөн гэж байна. Бусад нөхөрлөлүүд ч Эрдэнэсувд гэх хүн биднээс мөнгө авсан гэдэг талаар ярьсан. Эрдэнэсувд гэх хүн тэсэлгээний төлбөрийг авах эрх бүхий этгээд биш, тэр хүн манайхаас халагдсан учраас түүнээс мөнгөө нэхэмжилж авах эрх нь та нарт нээлттэй. Харин бид гэрээ байгуулсан хүмүүсээсээ л мөнгөө нэхэмжилнэ гэдгийг тухай бүрт нь ойлгуулж хэлсэн. Тэгэхээр Цэрэнжамбын өөр хүнд мөнгө өгсөн нь манай асуудал биш учраас түүнээс төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч ******* ТББайгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Манайх гишүүдээсээ удирдлагаа сонгодог. Тэсэлгээний төлбөрийг манай байгууллагаас нэхэх үндэслэлгүй юм. ******* төрийн бус байгууллагад тэсэлгээ хийлгэдэг нэг ч нүх байхгүй. Манай байгууллага нөхөрлөлүүдийг ажиллах нөхцөл боломжоор хангаж ажилладаг болохоос ямар нэгэн ашгийн төлөө ажилладаггүй. Боловсруулах цехээс үлдэгдэл шлам гэж гардаг. Түүнийгээ аймаг орон нутгийнхаа засаг захиргаатай хамтраад дахин боловсруулах үйлдвэрт өгч нэг удаагийн оролтоор аймагтаа 1.500.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 30 хувийг нь нөхөрлөлүүд авсан. Энэ мөнгөнөөсөө ******* бласт ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 99.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Гэтэл манай байгууллагыг нөхөрлөлүүдийн өгсөн мөнгөөр хөрөнгөжсөн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөрлөлүүд тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрөө төлөхгүй байхад тэр төлбөрийг манай байгууллагаас нэхэх ямар ч үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч ******* нөхөрлөлийн ахлагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надаас хойш Алтанбагана гэх хүн ******* нөхөрлөлийн ахлагч болсон. 2016 оны 9, 10 саруудын тэсэлгээний материалын паспорт дээр Алтанбаганын гарын үсэг байгаа. Надад ач холбогдолгүй байхад намайг хариуцагчаар татаж байна. Алтанбагана энэ мөнгийг төлсөн гэдгээ удаа дараа тайлбарласан. Тухайн сарынхаа тэсэлгээний материалын мөнгө, ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй бол ажил үйлчилгээ үзүүлдэггүй байсан гэв.

Хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд сар бүрийн төлбөрийг тухай бүрд нь хийдэг байсан. Хамгийн сүүлд тооцоо хийхэд 297.000 төгрөгийн үлдэгдэл байна гэж ******* ******* ХХК-ийн ажилтан Сувдаа надад хэлсэн. Тэгээд тус мөнгийг Таван эрдэнэ нөхөрлөлийн Сэргэлэнбаатар гэх залууд өгч явуулсан. Анх сарын 2.300.000 төгрөгөөр гэрээ байгуулж ажиллахад 7, 8 сар дээр цөөхөн тэсэлгээ хийлгэсэн. Тухайн үед тэсэлгээний материалын мөнгө гэж дахин авдаг байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ТББ-д холбогдуулан 2016 оны 12 сар, 2017 оны 01 саруудын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах,

Баян-Овоо нөхөрлөл, ахлагч *******д холбогдуулан тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг гаргуулах,

******* нөхөрлөл, ахлагч *******д холбогдуулан тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг тус тус гаргуулахыг хүсэн шаарджээ.

 

Хариуцагч ******* ТББайгууллага нь Манай байгууллага энэ төлбөрийг хариуцахгүй, ******* бласт ХХК бидний хооронд гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, нөхөрлөлүүд өөрсдөө төлбөрөө хариуцах ёстой гэж,

Хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* нь Миний хувьд сар бүрийн төлбөрийг тухай бүрд нь хийгээд явдаг байсан. Хамгийн сүүлд тооцоо хийхэд 297.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж ******* ******* ХХК-ийн ажилтан Сувдаа хэлж байсан. Одоо ******* ******* ХХК-д 297.000 төгрөгийг төлөх боломжтой, түүнээс илүүг төлж чадахгүй гэж,

Хариуцагч ******* нөхөрлөлийн ахлагч ******* нь Надаас хойш Алтанбагана гэх хүн ******* нөхөрлөлийн ахлагч болсон. 2016 оны 9, 10 саруудын тэсэлгээний материалын паспорт дээр Алтанбаганын гарын үсэг байгаа. Алтанбагана энэ мөнгийг төлсөн гэдгээ удаа дараа тайлбарласан. Тэсэлгээний материалын мөнгө, ажил үйлчилгээний төлбөрийг бүрэн төлсөн тул одоо дахин мөнгө төлөхгүй гэж тус тус тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

******* ******* ХХК нь 2016 оны 06 сарын 09-ний өдөр ******* нөхөрлөлийн ахлагч *******тай, 2016 оны 06 сарын 14-ний өдөр Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч *******тай тус тус Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ буюу Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ-г бичгээр байгуулж, нөхөрлөл нь тэсэлгээний материалын захиалга өгснөөр гүйцэтгэгч нь тэсэлгээний ажлыг хууль журмын дагуу хийж гүйцэтгэхээр 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл эрх үүрэг хүлээн хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний дагуу ******* бласт ХХК нь *******, Баян-Овоо нөхөрлөлүүдэд тэдний хүсэлтийн дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлсэн, тус нөхөрлөлүүд нь 2016 оны 06, 07, 08 саруудад тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрийг дутуу төлж, Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* нь 762.100 төгрөг, ******* нөхөрлөлийн ахлагч ******* нь 569.900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбар гаргаж байх боловч ******* бласт ХХК нь 2016 оны 06, 07, 08 сард хэдэн өдөр тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлсэн, ажил үйлчилгээний хөлс хэдэн төгрөг болсон, нэхэмжилж байгаа мөнгө нь ажил үйлчилгээний хөлс, эсвэл тэсэлгээний материалын үнийн аль нь болох нь тодорхойгүй, ******* бласт ХХК-аас тус нөхөрлөлүүдэд 2016 оны 06, 07, 08 сард тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлсэн талаарх нотлох баримт /Тэсэлгээний ажлын пасспорт/ хэрэгт авагдаагүй байх тул дээрх нөхөрлөлүүдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч ******* нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед сүүлд ******* бласт ХХК-тай тооцоо хийхэд манай нөхөрлөл 297.000 төгрөгийн төлбөртэй гарсан. Энэ төлбөрийг би хүнээр дамжуулан тус компанид өгүүлсэн боловч уг мөнгө компанид очоогүй юм байна. Иймд одоо ******* бласт ХХК-д 297.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж байх тул Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч *******ас 297.000 төгрөгийг гаргуулж ******* бласт ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

******* ТББ-ын хувьд нэхэмжлэгч ******* бласт ХХК-тай ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй байх бөгөөд ******* бласт ХХК болон нэр бүхий нөхөрлөлүүдийн хооронд байгуулсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ-ний төлбөрийг ******* ТББайгууллага хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь: ******* ТББайгууллага нь ******* ******* ХХК болон нөхөрлөлүүдийн хооронд байгуулагдсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ-нд өөрт бүртгэлтэй нөхөрлөлүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдний авсан тэсэлгээний ажлын хөлс, төлбөрийг татан төвлөрүүлж нэгтгэн тухай бүр төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн тул 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын тэсэлгээний ажил, үйлчилгээний төлбөр 25.500.000 төгрөгийг ******* ТББайгууллага хариуцах ёстой, 2016 оны 9, 10, 11 сарын тэсэлгээний ажлын хөлс 99.000.000 төгрөгийг ******* ТББ төлсөн бөгөөд энэ харилцаанд эрх үүрэг үүсгэж, төлбөрийг төлж байсан тул үлдэх төлбөрийг мөн төлөх ёстой гэж тайлбарлаж байх боловч ******* ТББ нь дээрх мөнгийг өөрийн хөрөнгөөс гаргаагүй, хувиараа ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн шлам борлуулсны орлогоос нөхөрлөлүүдийн ахлагч нартай зөвшилцсөнөөр ******* бласт ХХК-ийн дансанд тушаасан тухай тайлбартаа дурдсан байна.

Эндээс үзвэл ******* ТББайгууллага нь ******* бласт ХХК-ийн өмнө Иргэний хуулийн 186-р зүйлд зааснаар хууль буюу гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд үүрэг үүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ******* ТББ нь нөхөрлөлүүдээс тэсэлгээний ажил үйлчилгээний хөлсийг өөрийн дансанд авсан боловч манай ******* бласт ХХК-д шилжүүлж өгөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх боломжтой гэж тайлбар гаргасан ба ******* ТББайгууллагаас 2019 оны 01 сарын 11-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, түүнд хавсаргасан Голомт банкны 6105102129 тоот ******* ТББайгууллагаас ******* бласт ХХК-тай харилцаж байсан дансны хуулгаас үзвэл нөхөрлөлүүдээс шилжүүлсэн тэсэлгээний ажил үйлчилгээний хөлсийг ******* ТББ нь тухай бүр ******* бласт ХХК-ийн дансанд шилжүүлж байсан байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* бласт ХХК-ийн нэхэмжилсэн 2016 оны 12 сар, 2017 оны 01 сард хувиараа ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн хэрэглэсэн тэсэлгээний материал, ажил үйлчилгээний төлбөрийг ******* ТББайгууллага хариуцах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д заасныг баримтлан Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч *******ас 297.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* бласт ХХК-д олгож, Баян-Овоо нөхөрлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 465.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ******* /Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо/ ТББайгууллагад холбогдох 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах, ******* нөхөрлөлд холбогдох 569.900 төгрөг гаргуулах тухай ******* бласт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2, 57-р зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497.207 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 9.560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* бласт ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.ОТГОНЧУЛУУН