Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01274

 

Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00001 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор сум Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25,500,000 төгрөг, 

Хариуцагч Баянхонгор сум Ё.Цэрэнжамба ахлагчтай Баян-Овоо нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762,100 төгрөг,

Хариуцагч Баянхонгор сум Ш.Лхагва ахлагчтай Алтан-Од нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Пауэр Бласт ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо /ХАМОДХ/ ТББ-д бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй байгуулсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөрийг нөхөрлөлүүд нь өдий хүртэл барагдуулаагүй. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт хийгдээгүй байна. Иймд Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842,765.88 төгрөг, нийт 42,171,957 төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Пауэр Бласт ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ болон түүнд бүртгэлтэй нэр бүхий 20 нөхөрлөл, түүний ахлагч нартай Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан боловч дээрх ХАМОДХ ТББ болон нөхөрлөлүүд нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө манай байгууллагад бүрэн гүйцэд төлөлгүйгээр өнөөдрийг хүрч манай компанийн эрх ашгийг зөрчсөөр байна. Манай компани нь зөвхөн хийсэн ажлынхаа үндсэн төлбөрөө нэхэмжилж байгаа бөгөөд өөр бусад хүү, алданги зэргийг нэхэмжлээгүй болно. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөгдөх ёстой төлбөрүүд дутуу төлөгдсөн бөгөөд нийт 42,171,957 төгрөгийг хариуцагч нараас дараах үлдэгдэл төлбөрийн дүнгийн дагуу тус бүрээс нь гаргуулж өгнө үү.

1. ХАМОДХ ТББ аас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын ажил үйлчилгээний зардалд 25,500,000 төгрөг болон тус үнийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 456,620 төгрөг, нийт 25,956,620 төгрөг,

2. Баян-Овоо нөхөрлөл, түүний ахлагч Ё.Цэрэнжамбаас 762,100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 22,840 төгрөг, нийт 784,940 төгрөг,

3. Алтан од нөхөрлөл, түүний ахлагч Ш.Лхагваас 569,900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 17,747 төгрөг, нийт 587,647 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-ын шүүхэд гаргасан тайлбарт: ХАМОДХ ТББ-д бүртгэлтэй нөхөрлөлүүд 2016 оны 07 сараас эхлэн Пауэр Бласт ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308-р журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээ хийж ажил үйлчилгээ авсан нөхөрлөл тус бүр сарын ажлын хөлс 2,300,000 төгрөг байхаар, тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгслийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг бодож төлж байхаар тохиролцсон. 2016 оны 7, 8 саруудад 2,300,000 төгрөгөө төлсөн нөхөрлөлүүдийн ажлыг зарим нөхөрлөлүүд мөнгөө төлөхгүй байна гэх шалтгаанаар олон хоног зогсоож төлбөрөө өгсөн нөхөрлөлүүдийг хохироосон. Бид Пауэр Бласт ХХК-тай дахин уулзаж нөхөрлөл тус бүр сард 2,300,000 төгрөг төлөхөд хүндрэлтэй байна, нөхөрлөлүүд мөнгөө төлж чадахгүй байна гэж ярилцаад сарын 30,000,000 төгрөг буюу нэг өдрийн 1,000,000 төгрөгөөр ажил үйлчилгээ авахаар тохиролцож 2016 оны 9, 10, 11 саруудын ажлын хөлс нийтэд нь 90,000,000 төгрөгийг ХАМОДХ ТББ-ын нөхөрлөлүүдийн шлам борлуулсны орлогоос Пауэр Бласт ХХК-ийн Голомт банкин дахь 2025101255 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Бид 2016 оны 9, 10, 11 саруудын ажлын хөлсийг нийтэд нь төлсөн боловч тухайн саруудад тус компанийн зүгээс шалтгаалан олон хоног ажил үйлчилгээ үзүүлээгүй юм. 2016 оны 12 сарын ажил үйлчилгээний хөлс 30,000,000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүд хувааж төлөхөөр болсон. Нөхөрлөлүүд энэ ажлын хөлсийг 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад сул зогссон хоногуудын ажил үйлчилгээний хөлсөнд нөхөж, шилжүүлж тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулж ажил үйлчилгээ авсан нөхөрлөлүүд гэрээний дагуу хэрэглэсэн тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийнхээ үнийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд энэ төлбөрийг ХАМОДХ ТББ хариуцахгүй юм гэжээ.

Хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбын шүүхэд гаргасан тайлбарт: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирт хувиараа ашигт малтмал олборлогч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамба надад Пауэр Бласт ХХК-аас 784,940 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Тус компани 2016 оны 06 сард тус уурхайд тэсэлгээний материал нийлүүлсэн. Манай нөхөрлөл 2016 оны 06 сард 1,300,000 төгрөг тушааж тэсэлгээний бодис авсан. 07 сард 600,000 төгрөгийг тушааж тэсэлгээний материал авсан. 7 сард 29 кг тэсэлгээний бодис хэрэглэсэн. Мөн 8, 9, 10, 11 саруудад бага хэмжээгээр бодис авсан. Мөнгийг тухайн үед тушаасан. 2016 оны 12 сар, 2017 оны 01 сард Таван Эрдэнэ нөхөрлөлийн нэр дээр тэсэлгээ хийлгэж 298,000 төгрөгийг нөхөрлөлийн ахлагчийн дүү Сэргэлэнбаатарт өгсөн. Иймд миний бие нэхэмжлэгчид тооцоо байхгүй гэжээ.

Хариуцагч Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагвагийн шүүхэд гаргасан тайлбарт: Ш.Лхагва миний бие нь Пауэр Бласт ХХК-нд Алтан-Од нөхөрлөлийг төлөөлж тэсэлгээний ажлын гэрээ хийгээгүй. Тус компанид миний хийх тооцоо байхгүй учир миний нэр дээр нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 762,100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагваас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 569,900 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо Төрийн бус байгууллагаас ажлын хөлс 25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн төлсөн нэхэмжлэлийн шаардлагад дүйцэх 292,110 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас 22,840 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагваас 17,747 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00001 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 213/МА2020/00001 дугаар магадлалыг эс зөвшөөрч, миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дугаар зүйлд заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх болсон үндэслэлээ тайлбарлахдаа ...Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэрээр ХАМОДХ ТББ-аас шаардсан 25,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлээ тайлбарлахдаа тус шийдвэрийн 8 дугаар нүүр, 38-39-р мөр ...ХАМОДХ ТББ-ын хувьд нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн хооронд гэрээнээс үүдэлтэй харилцаа үүссэн шинж үгүйсгэгдэж байна гэж үзсэн. Харин Давж заалдах шатны шүүх 213/МА2020/00001 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ нь Пауэр Бласт ХХК болон нэр бүхий 21 нөхөрлөлийн хооронд хийгдсэн байдаг. Пауэр Бласт ХХК-иас ажил үйлчилгээ авсан этгээд нь буюу захиалагч тал нь нэр бүхий 21 нөхөрлөл бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзсэн нөхцөлд хөлсийг зохих журмын дагуу төлөх үүрэг үүсэх боломжтой. Харин Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ нь Пауэр Бласт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй буюу талуудыг гэрээг байгуулахад аль нэг талд ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй байна гэжээ... гэвч дараах үндэслэлүүдээр тус магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХАМОДХ ТББ нь гишүүддээ үйлчилдэг, нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг чиг үүрэг бүхий байгууллага гэж тайлбарласан. Үүний хүрээнд Пауэр Бласт ХХК-ийн тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулсан хөлсийг өөрийн байгууллагад бүртгэлтэй нийт нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, тэсэлгээний ажил хийсэн хөлсийг нөхөрлөлүүдээс цуглуулан Пауэр Бласт ХХК-ийн дансруу тогтмол 2017 оны 01 сараас эхлэн шилжүүлсээр ирсэн. Тухайлбал, 1 дүгээр ХХ-ийн 180 дугаар хуудаст 2016.10.11-ний өдөр 39,100,000 төгрөгийг ХАМОД Холбоо"-оос тэсэлгээний үнэ, 1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудаст 2016.11.16-ны өдөр 60,000,000 төгрөгийг 10,11 дүгээр сарын тэсэлгээний ажлын хөлс, ХАМОД Холбоо гэж нийт 99,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүргийн эрх зүйн харилцаа нь зөвхөн гэрээний үүргийн эрх зүйн харилцаанаас гадна Бусдын зардлаар хөрөнгөжсөнтэй холбоотой үүргийн харилцаа буюу шударга бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой харилцаанаас үүссэн шаардах эрхийн үндэслэлийг анхаарч үзээгүй. Учир нь ХАМОДХ ТББ нь нөхөрлөлүүдээс тэсэлгээний үнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах хүрээнд цуглуулан манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сар хүртэлх төлбөрийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын нөхөрлөлүүдээс цуглуулсан төлбөрүүдийг шилжүүлээгүй болно. 1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудаст ХАМОДХолбоо-ний 2017.10.30-ны өдрийн 10/07 дугаар Нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай тайлбарт үлдэгдэл 30,000,000 бидний зүгээс 25,500,000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүд хувааж төлөхөөр болсон гэдэг боловч энэхүү 30,000,000 төгрөгийг нөхөрлөлүүд хувааж төлөх тухай нөхцөл байдал нь тус хэрэгт хариуцагчаар оролцсон 21 нөхөрлөлийн хариу тайлбар зэрэгт тогтоогддоггүй бөгөөд бид зөвхөн тэсэлгээний барааны материалын үнийг төлөх үүрэгтэй гэж үзэж, энэхүү хүрээнд эвлэрлийн гэрээг байгуулж явсан. Тэгэхээр ХАМОДХолбоо ТББ нь тэсэлгээний үлдэгдэл төлбөрт тэдний үзэж буйгаар 30,000,000 төгрөг, манай нэхэмжилж буй үнийн дүнгээр 25,500,000 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг нөхөрлөлүүд нь хувьдаа төлөх ёстой буюу ХАМОДХолбооны ТББ-н дансаар тэсэлгээний үнийн үлдэгдэл төлбөр нөхөрлөлүүдээс орж ирээгүй болохоо шүүх дээр нотлоогүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд ХАМОДХолбоо ТББ нь өөрсдийн дансаар нөхөрлөлүүдээс өмнө 99,000,000 төгрөгийг бөөгнүүлэн Пауэр Бласт ХХК-руу шилжүүлж байсантай ижил үлдэгдэл 25,500,000 төгрөгийг өөрсдөдөө хүлээн авсан атлаа өнөөдөр шүүх хуралдаан дээр бидний хооронд гэрээ байгуулагдаагүй тул ТББ хариуцахгүй гэсэн тайлбарыг хэлж байх бөгөөд анхан шатны шүүх зөвхөн энэхүү тайлбар дээр үндэслэж шийдвэр гаргасан. Ийнхүү нөхөрлөлүүдээс шилжүүлсэн мөнгийг Пауэр Бласт ХХК-ийн дансруу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хувьдаа үлдээж, бусдын зардлаар буюу Пауэр Бласт" ХХК-ийн зардлаар хөрөнгөжсөн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зохицуулалт нь 4 үндсэн урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой. Үүнд: 1/ Бусад этгээдээс ашиг орлого, үр шим хүртсэн байх, 2/ бусдын зардлаар буюу бусад этгээдэд алдагдал учруулсан байх, 3/ дээрх ашиг орлого, зардлын хооронд шалтгаант холбоо байх, 4/ хуульд заасан үндэслэл байхгүй байх гэсэн 4 шинж нь ХАМОДХолбооны тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан бидний хооронд гэрээ байгуулагдаагүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбараас тодорхой харагдаж байна. Хариуцагч талаас ХАМОДХолбооны данс болон кассаар нөхөрлөлүүдийн тэсэлгээний үнэ орж ирээгүй, тэд өөрсдөө төлнө гэдэг үндэслэлээ нотлох баримтаар хавтаст хэрэгт нотолж чадаагүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн гэрээнээс үүсэлтэй шаардах эрх харилцаа үүссэн шинж байхгүй гэсэн хэт туйлширсан тайлбарыг үндэслэж хэргийг нотлох баримтанд тулгуурлалгүй шийдвэрлэсэн. Хариуцагч бусад нөхөрлөлүүдийн зүгээс өөрсдийн төлбөр төлөх хэмжээгээ хүлээн зөвшөөрөх, эсхүл төлбөр төлөх өөр этгээдийн нэрийг зааж төлбөрийг хариуцах этгээдийг нэрлэн цохсоны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөрчлөх, хамтран хариуцагчаар татах ажиллагаа явуулахад солигдсон этгээд нь төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар дийлэнх хэргийг шийдвэрлэсэн. Энэ хооронд тэсэлгээний үнийг нөхөрлөлүүд бид хариуцна гэж нэгээхэн ч тайлбар өгөөгүй бөгөөд зөвхөн ХАМОДХолбооноос л ингэж тайлбарласан мөртлөө энэхүү тайлбараа өөрсдөө нотолж чадаагүй, ХАМОДХ-оос энэхүү хавтаст хэрэгт нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Хоёрдугаарт: Пауэр Бласт ХХК нь бодитоор өөрсдөөсөө зардлаа гаргаад тэсэлгээний ажил хийсэн бөгөөд өөрсдөд гарсан бодит зардлаа л нэхэмжилж буй болно. Энэ хэрэгт хариуцагч ХАМОДХолбоо болон нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-ийн зүгээс маргаагүй санал нэгтэй дараах үйл баримтууд байсаар байхад анхан шатны шүүхээс талуудын маргаагүй үйл баримтанд үнэлэлт дүгнэлт өгч, талуудын хооронд бүүр гэрээний эрх зүйн ямар ч харилцаа үүсээгүй тул шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудаст ХАМОДХолбооны 2017.10.30-ны өдрийн 10/07 дугаар Нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай тайлбар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас харахад талуудын маргаагүй дараах үйл баримтууд хэрэгт байна. Үүнд:

1. Тайлбарт Бид Пауэр Бласт ХХК-тай дахин уулзаж нөхөрлөл тус бүр сарын 2,300,000 төгрөг төлөхөд хүндрэлтэй байна, нөхөрлөлүүд мөнгөө төлж чадахгүй байна гэж ярилцаад сарын 30,000,000 төгрөг буюу өдрийн 1,000,000 төгрөгөөр ажил үйлчилгээ авахаар тохиролцоод 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлсийг нийтэд нь 99,000,000 төгрөгийг ХАМОДХ ТББ шилжүүлэн өгсөн гэх тайлбараас ХАМОДХолбоо нь нөхөрлөлүүдэд учирч буй хүндрэлийг арилгах зорилгоор өөрсдөө санал тавьж сарын 30,000,000 төгрөгийг нийтэд нь төлөх, нөхөрлөлүүдээс цуглуулан өөрсдөө манай Голомт банкны дансруу шилжүүлэх" тухай саналыг манай компанид ирж уулзан, тэдний эрх ашгийн үүднээс харилцан тохиролцсон. Анхнаасаа нөхөрлөлүүдээс шууд өөрсдөөс нь тус бүрд нь

1,300,000 төгрөг авдаг байсан ажиллагааг маань ХАМОДХ нь өөрсдөө нөхөрлөлүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд гэж уулзаж, тэсэлгээний үнийг авдаг байсан манай хуучин ажиллагааг өөрсдөө өөрчилсөн атлаа өнөөдөр ийнхүү итгэл эвдэж, үлдэгдэл тэсэлгээний төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Дээрхээс харахад ХАМДХ ТББ нь 99,000,000 төгрөгийг өөрсдийн санал болгосон журмынхаа дагуу нөхөрлөлүүдээс цуглуулж, Голомт банкны дансруу шилжүүлдэг байсан үйл баримт дээр маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаар үлдэгдэл төлбөрт 25,500,000 төгрөг буюу ХАМОДХ-ны үнийн дүнгээр 30,000,000 төгрөг байгаа тал дээр талууд маргаагүй. Сар бүр 30,000,000 төгрөг төлөх журмыг хариуцагч ХАМОДХ ТББ нь өөрсдөө нэхэмжлэгч талд санал болгож, энэхүү тэдний санал болгосон журам үйлчилдэг байсан дээр талууд маргаагүй болно. Гэтэл ийнхүү илэрхий нөхцөл байдлаар Пауэр Бласт ХХК нь бодит зардлаар хохирч, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэх ХАМОДХ хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй зэрэг нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр Пауэр Бласт ХХК-ийг үлдэгдэл 25,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болгосон шийдвэрийг гаргасанд туйлын гомдолтой байна. Шүүх нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирсон этгээдийн хохирлыг буруутай этгээдээр барагдуулах үндсэн чиг үүрэг, тангарагтай, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй этгээд атлаа ийнхүү бодитоор хохироод байгаа этгээдийг улам хохироож буй шийдвэрийг гаргасан. Пауэр Бласт хийсэн тэсэлгээний ажлын үлдэгдэл ажлын хөлсөө ХАМОДХ ТББ-с авахгүй байх ямар үндэслэл байна бэ? Хийсэн ажил, төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл төлбөр 2-оо л авах гэж ийнхүү шүүхээр яваад буйг гол нь анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 213/МА2020/00001 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25,500,000 төгрөг, хариуцагч Ё.Цэрэнжамба ахлагчтай Баян-Овоо нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762,100 төгрөг, хариуцагч Ш.Лхагва ахлагчтай Алтан-Од нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569,900 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас 762,100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагваас 569,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Пауэр Бласт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо Төрийн бус байгууллагаас ажлын хөлс 25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Пауэр Бласт ХХК нь Баянхонгор аймагт байрлах ашигт малтмал олборлох бичил уурхайнуудад тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэхээр Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй 22 нөхөрлөлтэй Тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж иржээ.

2018.01.19-ний өдрийн шүүх хуралдаан дээр 15 нөхөрлөл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул үндсэн нэхэмжлэлээс тусгаарлаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 15 нөхөрлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарчээ.

Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нэр бүхий нөхөрлөлүүдтэй Пауэр Бласт ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нөхөрлөлүүд нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308 дугаар журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээг авч эхэлсэн байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар ...хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга журам хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу хөлсийг тохиролцжээ.

Пауэр Бласт ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгө нь 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын ажил үйлчилгээ явуулсан хөлс бөгөөд гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж тэсэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Отгонбаатарын ...нөхөрлөл тус бүрийн сарын хөлс 2,300,000 төгрөг байхаар, тэсэлгээний бодис, хэрэгслийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг нь бодож төлж байхаар тохиролцсон.. гэсэн тайлбар болон хэргийн баримтаас үзвэл авсан ажил үйлчилгээнийхээ үнийг тухайн нөхөрлөлүүд өөрсдөө хариуцан төлж байхаар талууд тохиролцсон тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

Нэхэмжлэгч нь ... төрийн бус байгууллага нь 2016 оны 9, 10, 11 сарын ажлын хөлс 99,000,000 төгрөгийг манайд төлсөн тул энэ харилцаанд эрх үүрэг үүсэж, төлбөрийг төлж барагдуулж байсан тул үлдэх төлбөрийг төлөх ёстой гэсэн боловч нөхөрлөлүүд авсан ажил үйлчилгээнийхээ үнийг  өөрсдөө хариуцан төлж байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо 2016 оны 9-11 сарын ажлын хөлсийг нөхөрлөлүүдээсээ цуглуулж нийтэд нь 99,000,000 төгрөгийг Пауэр Бласт ХХК-д төлсөн нь 25,000,000 төгрөгийг мөн адил төлөх үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй, уг мөнгийг нөхөрлөлүүдээс цуглуулсан тухай баримтгүй байна.

Иймээс Пауэр Бласт ХХК-ийн өмнө Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хууль буюу гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд үүрэг үүсээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Хоёр шатны шүүх Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Ё.Цэрэнжамбаас тэсэлгээний ажил үйчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний үүргийн 762,100 төгрөг, Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагваас мөн гэрээний үүргийн 569,900 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 213/МА2020/00001 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 285,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН