Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2022/02534

 

 

 

 

 

 

 

 

  2022      08         23                                              182/ШШ2022/02534

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АМ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.У-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,000 ам доллар буюу 24,964,000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зохигчдын хооронд 2015.10.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр хариуцагч Ц.У нь нэхэмжлэгч АМ-с 4000 ам долларыг, сарын 1%-ийн хүүтэй, 2017.10.08-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн бөгөөд хүүг жилийн эцэст бөөнд нь буюу 2016.10.08-ны өдөр гэхэд төлсөн байх, хариуцагч Ц.У нь гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 0,5%-иар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2015.12.21-ний өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.У-н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Бага тойруу гудамж, ** дугаар байр, **  тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч АМнь зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.У-т4000 ам долларыг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Ц.У нь хүү төлөх, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг нэхэмжлэгч талаас удаа дараа утсаар, захидлаар шаарддаг байсан.

Гэсэн хэдий ч зохигчид танилын харилцаатай байсан учраас 2016.02.17-ны өдөр дахин зээлийн гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч АМнь 5000 ам долларыг хариуцагч Ц.У-т зээлдүүлсэн. Харин хариуцагч Ц.У нь зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, өөрөөр хэлбэл хоёр зээлийн гэрээний дагуу нийт 9000 ам доллар төлөх үүргийг өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй, хүү төлөхгүй байгаа, зээл, хүү төлөхийг шаардахад төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн байдаг. Ингээд зохигчид 2020 оны 01 сард биечлэн уулзалдаж, хүүд нэг удаа 1500 ам доллар төлөөд дахиж төлөхгүй байх, тэгээд үндсэн зээлээ төлөх талаар ярилцан, хариуцагч Ц.У нь 2020.01.14-ний өдөр 1500 ам доллар, 2022.05.27-ны өдөр 1000 ам долларыг төлсөн байдаг. Ингээд үндсэн зээлийн 9000 ам доллараас төлсөн 1000 ам долларыг хасаж, үлдэгдэл 8000 ам долларыг нэхэмжилсэн байгаа.

Харин хариуцагч Ц.У нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, 6500 ам долларыг өмгөөлөгч Б.С эр дамжуулан төлсөн гэж бичсэн байх боловч бид энэхүү мөнгийг хүлээн аваагүй. Зээлийн гэрээнд мөнгийг Б.С  өгнө гэж тохиролцоогүй. Харин Б.С  өмгөөлөгч энэ мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй, дундаас нь өөрөө аваад ашигласан гэдгээ бидэнд тайлбарласан. Тэгэхлээр Б.С , Ц.У нар энэ асуудлаа хоорондоо шийдэх учиртай. Бидний хувьд гэрээний тал болох Ц.У-тмөнгийг хүлээлгэн өгсөн, түүнээс мөнгөө шаардана. Тийм учраас өмгөөлөгч Б.С д мөнгийг өгсөн, төлөх төлбөргүй гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг авах ёстой этгээдэд нь өгөөгүй учир хариуцагч Ц.У-с нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм.

Бид зээлийн гэрээгээр алданги, хүү тохиролцсон боловч алданги, хүү огт нэхэмжлээгүй. 8000 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2022.03.02-ны өдрийн ханшаар тооцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад долларын ханш өссөн тул бид шаардлагаа 2022.06.09-ний өдрийн ханшаар тооцон ихэсгэсэн байгаа. Иймд хариуцагч Ц.У-с 8000 ам доллар буюу 24,964,000 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие зээлийн төлөлтийг хийж дуусгасан байгаа. Энэ хүн дандаа хууль бусаар мөнгө хүүлэх ажил Монгол Улсад хийж явдаг, би гомдолтой байна. Шүүхэд хэрэг үүсгэсний дараа 8000 ам долларыг өссөн ханшаар тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал, 2015.10.08-ны өдрийн зээлийн гэрээ /герман, монгол хэлээр/, 2015.12.21-ний өдрийн барьцааны гэрээ, 2011.11.30-ны өдрийн хариуцагч Ц.У-н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө хүлээн авсан тухай хариуцагч Ц.У-н гар бичвэр, Монгол банкны ам долларын ханшийн лавлагаа, 2022.05.27-ны өдрийн 1000 ам доллар төлсөн, хүү 1500 ам доллар төлсөн тухай баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч АМнь хариуцагч Ц.У-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 8000 ам доллар буюу 24,964,000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын  гарган өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Ц.У нь хоёр зээлийн гэрээний дагуу нийт 9000 ам доллар төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, төлөхийг удаа дараа шаардуулсны эцэст 2020 оны 1 сард хүү 1500 ам доллар, 2022 оны 05 сард 1000 ам доллар төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн мөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгч Б.С эр дамжуулж 6500 ам доллар төлсөн гэх боловч бид уг мөнгийг хүлээн аваагүй, Б.С  өмгөөлөгч хариуцагч Ц.У-с авсан мөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, тийм учраас гэрээний тал болох хариуцагч Ц.У-с зээлээ бүрэн төлж дуусгахыг, мөн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, харин бид хариуцагчаас хүү, алданги огт шаардаагүй байгаа гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ц.У нь “...авсан зээлийн мөнгийг бүхэлд нь нэхэмжлэгчид төлсөн, үүнээс 6500 ам долларыг Б.С эр дамжуулж төлсөн, одоо надаас нэхээд байх зүйлгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

            3.Хариуцагч Ц.У нь 2015.10.08-ны өдрийн монгол, герман хэл дээр хийгдсэн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч АМ-с 4000 ам долларыг, сарын 1%-ийн хүүтэй, 2017.10.08-ны өдрийг хүртэл зээлэх, хүүг жилийн эцэст бөөнд нь 2016.10.08-ны өдөр гэхэд төлсөн байх, гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоногийн 0,5%-иар алданги төлөхөөр, 2015.12.21-ний өдрийн барьцааны гэрээгээр энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч Ц.У-н өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202****** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Бага тойруу гудамж, ** дугаар байр, **  тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

            Мөн зохигчид амаар тохиролцож, хариуцагч Ц.У нь 2016.02.17-ны өдөр нэхэмжлэгч АМ-с 5000 ам долларыг тодорхой хугацаагүй зээлж авсан байх бөгөөд зохигчдын энэхүү зээл, барьцааны гэрээнүүд нь 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцааг үүсгэжээ.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг онцлогтой.

 

4.Нэхэмжлэгч АМнь дээрх хоёр зээлийн гэрээний дагуу 9000 ам долларыг хариуцагч Ц.У-тхүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч Ц.У нь:

- 2015.10.08-ны өдрийн 4000 ам долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4000 ам доллар, 24 сарын хүү /1 сарын хүү 40 ам доллар/ 960 ам доллар, нийт 4960 ам долларыг,

2016.02.17-ны өдрийн 5000 ам долларын зээлийн гэрээний дагуу 5000 ам долларыг тус тус нэхэмжлэгч АМ буцаан төлөх үүрэгтэй байжээ.

 

 

Тодруулбал, нэхэмжлэгч АМнь дурдсан хоёр зээлийн гэрээний дагуу 4000 ам доллар, 5000 ам доллар, нийт 9000 ам долларыг хариуцагч Ц.У-т шилжүүлэх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Ц.У нь дээр дурдсан зээл, хүү төлөх үүргээ тохиролцсон хугацаанд төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

Өөөрөөр хэлбэл, 4000 ам долларын зээлийн гэрээний 2 жилийн хугацаа 2017.10.08-ны өдөр дууссан, харин 5000 ам долларын амаар тохиролцсон зээлийн гэрээний хугацаа тодорхойгүй байх ба Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар нэхэмжлэгч АМ-гзээл төлөхийг шаардсанаас хойш 1 сарын дотор хариуцагч Ц.У нь төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч Ц.У нь дурдсан хоёр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас удаа дараа амаар шаардсан, хариуцагч Ц.У нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020.01.14-ний өдөр 1500 ам долларын хүү, 2022.05.27-ны өдрийн 1000 ам долларыг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

5.Иймд нэхэмжлэгч АМнь зээлийн гэрээ, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийг хариуцагч Ц.У-с шаардах эрхтэй, хариуцагч Ц.У нь зээлийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар хариуцагч Ц.У нь зээл төлөх үүргийг нэхэмжлэгч АМ-нөмнө, эсхүл түүний зөвшөөрснөөр гуравдагч этгээдийн өмнө гүйцэтгэсэн бол уул үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Харин хариуцагч Ц.У нь энэ үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгч Б.С эр дамжуулж 6500 ам доллар төлснийг нэхэмжлэгч АМхүлээн аваагүй, зөвшөөрөхгүй байх бөгөөд “...уг мөнгийг өмгөөлөгч Б.С  АМ өгөлгүй, дундаас нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэж тайлбарлаж байх тул хариуцагч Ц.У зээл төлөх үүргийг нэхэмжлэгч АМ-нөмнө бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Ц.У-н ирүүлсэн “...авсан зээлийн мөнгийг бүхэлд нь нэхэмжлэгчид төлсөн, үүнээс 6500 ам долларыг Б.С эр дамжуулж төлсөн, одоо надаас нэхээд байх зүйлгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь хариуцагч Ц.У, өмгөөлөгч Б.С  нарын тусдаа шийдэх асуудал гэж үзлээ.

 

6.Шүүх зээлийн тооцооллыг шалгаж үзвэл:

- 4000 ам долларын зээлийн гэрээний нийт үүрэг болох 4960 ам доллар /үндсэн зээл 4000 ам доллар, 24 сарын хүү 960 ам доллар/-аас гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020.01.14-ний өдөр хариуцагч Ц.У-н хүүд төлсөн 1500 ам долларыг хасаж, 3460 ам долларыг энэхүү гэрээний үлдэгдэл гэж тооцлоо. Учир нь зээлийн гэрээний хугацааг талууд ямар нэгэн байдлаар сунгаагүй, энэ талаарх бичгийн баримтгүй байхад нэхэмжлэгч АМнь гэрээгээр тохирсон хэмжээнээс илүү хүү авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Ц.У энэхүү гэрээний үүрэг болох 3460 ам долларыг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202****** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Бага тойруу гудамж, ** дугаар байр, **  тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Учир нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар нэхэмжлэгч АМнь барьцааны зүйлийг худалдсан дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Ц.У нь барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч АМнь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Ц.У нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар нэхэмжлэгч АМ-ншаардлагыг хангах үүрэгтэй гэж үзнэ.

 

7.Харин 5000 ам долларын, амаар тохиролцсон гэрээний хувьд, уг 5000 ам доллараас 2022.05.27-ны өдөр хариуцагч Ц.У-н төлсөн 1000 ам долларыг хасаж, 4000 ам долларыг энэхүү зээлийн гэрээний үлдэгдэл гэж тооцлоо. Учир нь зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон, энэ гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулаагүй учир ямар нэгэн байдлаар хүү тооцогдох, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй юм.

 

 Ингээд дээр дурдсан хоёр зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.У-н төлөх нийт үүрэг 7460 /3460 ам доллар + 4000 ам доллар/ ам доллар болж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар 1 ам долларын ханшийг тухайн үеийн буюу нэхэмжлэл гаргасан 2022.03.02-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2869,97 төгрөгөөр тооцож 21,409,976 төгрөг /7460 ам доллар * 2869,97 төг/-өөр нэхэмжлэлийн үнийг тодорхойлов.

 

Тиймээс хариуцагч Ц.У-с 8000 ам доллар буюу 21,409,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АМ олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,554,024 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийг буюу ам долларын ханшийг буруу тодорхойлсон үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч АМ-нтэмдэгтийн хураамжид төлсөн 410,302 /286,200 төг + 70,200 төг + 53,902 төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-с 335,200 /265,000 төг + 70,200 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АМ олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.У-с 8000 ам доллар буюу 21,409,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн АМ/АМ/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,554,024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.У нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 2015.10.08-ны өдрийн 4000 ам долларын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3460 ам доллар буюу 9,930,096 /3460 ам доллар * 2869,97 ам доллар/ төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч АМ-нбарьцаанд байгаа, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202****** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Бага тойруу гудамж, ** дугаар байр, **  тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч АМ-нтэмдэгтийн хураамжид төлсөн 410,302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-с 335,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АМ олгосугай.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА