Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01949

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01949

 

ХБНГУ-ын иргэн А М /A M/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/02534 дугаар шийдвэртэй ХБНГУ-ын иргэн А М /A M/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч: Ц.У-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,000 ам доллар буюу 24,964,000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр хариуцагч Ц.У нь ХБНГУ-ын иргэн А М-ээс 4,000 ам долларыг, сарын 1 хувийн хүүтэй, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн бөгөөд хүүг жилийн эцэст бөөнд нь буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэхэд төлсөн байх, хариуцагч Ц.У нь гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.У-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Б гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн А М нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.У-т 4,000 ам долларыг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Ц.У нь хүү төлөх, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг нэхэмжлэгч талаас удаа дараа утсаар, захидлаар шаарддаг байсан. Гэсэн хэдий ч зохигчид танилын харилцаатай байсан учраас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин зээлийн гэрээг амаар байгуулж, ХБНГУ-ын иргэн А М нь 5,000 ам долларыг Ц.У-т зээлдүүлсэн. Харин Ц.У нь зээл төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Зохигчид 2020 оны 01 дүгээр сард биечлэн уулзаж, зээлийн хүүд нэг удаа 1,500 ам доллар төлөөд дахиж төлөхгүй байх, тэгээд үндсэн зээлээ төлөх талаар ярилцан, хариуцагч Ц.У нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,500 ам доллар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000 ам долларыг төлсөн. Үндсэн зээлийн 9,000 ам доллароос төлсөн 1,000 ам долларыг хасаж, үлдэгдэл 8,000 ам долларыг нэхэмжилж байна. Харин хариуцагч Ц.У нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, 6,500 ам долларыг өмгөөлөгч Б.С-р дамжуулан төлсөн гэж бичсэн байх боловч бид энэхүү мөнгийг хүлээн аваагүй. Зээлийн гэрээнд мөнгийг Б.С өгнө гэж тохиролцоогүй. Харин Б.С өмгөөлөгч энэ мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй, дундаас нь өөрөө аваад ашигласан гэдгээ бидэнд тайлбарласан. Б.С, Ц.У нар энэ асуудлаа хоорондоо шийдэх учиртай. Бидний хувьд гэрээний тал болох Ц.У-т мөнгийг хүлээлгэн өгсөн, түүнээс мөнгөө шаардана. Тийм учраас өмгөөлөгч Б.С-д мөнгийг өгсөн, төлөх төлбөргүй гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг авах ёстой этгээдэд нь өгөөгүй учир хариуцагч Ц.У-ээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Бид зээлийн гэрээгээр алданги, хүү тохиролцсон боловч алданги, хүү огт нэхэмжлээгүй. 8,000 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ханшаар тооцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад долларын ханш өссөн тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би зээлийн төлөлтийг төлж дуусгасан. ХБНГУ-ын иргэн А М нь Монгол Улсад хууль бусаар мөнгө хүүлэх ажил хийдэг. Би гомдолтой байна. Шүүхэд хэрэг үүсгэсний дараа 8,000 ам долларыг өссөн ханшаар тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.У-ээс 8,000 ам доллар буюу 21,409,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн А М /A M/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,554,024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.У нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4,000 ам долларын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,460 ам доллар буюу 9,930,096 /3,460 ам доллар*2869,97 ам доллар/ төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн А М-ийн барьцаанд байгаа, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * хороолол, Б гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн А М-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 410,302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-ээс 335,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн А М-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ХБНГУ-ын иргэн А М-ээс 4,000 ам долларыг зээлсэн. Энэ зээлийг төлсөн тухай баримтыг хэрэгт өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн *-р хороо, *-р хороолол, Б гудамж **-р байрны ** тоотын 2 өрөө байрыг барьцаалсан. Энэ тухай гэрч Д.Б, Б.С нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Хэт нэг талд маргааныг шийдвэрлэсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр 5,000 ам доллар зээлдүүлсэн гэж байгаа боловч энэ долларыг өгсөн авсан ямар ч баримтгүй. Байраа барьцаалж, миний хамтран амьдрагч Д.Б 4,000 ам долларын зээл авсан нь үнэн. Д.Б өөрийн төрсөн эгч Б.С-ээр дамжуулан төлсөн удаа дараагийн зээл төлөлтийг илтгэх нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Б.С шүүх хуралд оролцож чадаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бусдын нэр хүндэд халдаж, худал мэдүүлэг мэдүүлсэн. Өмгөөлөгч Б.С хэрэгт өмгөөлөгчөөр бус гэрчээр оролцох ёстой байтал түүнийг удаа дараа өмгөөлөгчөөр оролцуулж хууль зөрчсөн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр амаар тохиролцоод авсан гээд байгаа 5,000 ам долларыг авсан эсэх тал дээр баримтаар тогтоогдоогүй байхад дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. 4,000 ам доллар дээр шүүгч шууд 960 ам долларын хүүг өөрөө нэмсэн, 5,000 ам доллар өгсөн ямар ч баримтгүй байхад өөрөө нэмж бодсон. Нэхэмжлэгч нь Монгол улсад 1995 оноос хойш амьдарч хууль бус олон үйл ажиллагаа хийсэн хүнийг яагаад шүүх хуралд оруулаагүй вэ? Шүүх хуралд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газарт төлөн гүйцэтгэх ёстой. 2019 оноос хойш А М Монгол улсад байгаагүй. Мөнгө өгөөгүй байж зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өмгөөлөгч Б.С-ээс ХБНГУ-ын иргэн А М ажил болон гэрээг нь очиж удаа дараа долларыг авч байсан тухай тайлбарладаг. Тэд гэр бүлийн найз байсан бөгөөд Б.С нь олон жил түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласныг би мэднэ. Ахмад настны тэтгэврээр амьдардаг би энэ их мөнгийг яагаад ч төлж чадахгүй бөгөөд эрүүл мэнд, залуу нас, үр хүүхдээ золин байж БНСУ-д 10 жил 24 цагаар хөдөлмөрлөсөн ажлын хөлсөөрөө авсан 2 өрөө байраа ч дуудлага худалдаанд оруулж чадахгүй. Энэхүү зээлтэй холбоотой асуудалд миний хамтран амьдрагч Д.Б, түүний төрсөн эгч өмгөөлөгч Б.С, төрсөн дүү Б.Б нар зайлшгүй гэрчээр оролцох ёстой бөгөөд уг зээлийг 4,000 ам долларыг Д.Б бид бизнест оруулсан нь үнэн. Үүнийгээ ч төлсөн. ХБНГУ-ын иргэн А М авсан гэж шударгаар мэдүүлэх үүрэгтэй болно. Хэргийг сайтар хянан үзнэ үү. Маш их гомдолтой байна гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5,000 ам долларыг зээлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарлаж байх боловч зохигчдын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, түүнийг дагалдаж гарсан барьцааны гэрээ болон гар бичмэл, зээл төлсөн талаарх тооцоолол зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Зээл төлсөн талаарх тооцоололд 2015 онд 4,000 ам доллар, 2016 онд 5,000 ам доллар, нийт 9,000 ам долларыг хүлээн авч, зээлийн хүүд 1,500 ам доллар, 1,000 ам долларыг зээлд төлсөн талаар өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Иймд зээл авсан, төлсөн талаарх баримт байхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хариуцагч зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн төлөлтийг өөр этгээдээр дамжуулан төлсөн гэж хариу тайлбартаа дурдсан. Түүнчлэн н.Батбаатар нь өөрийн эгч Б.С-ээр дамжуулан мөнгө өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтыг үнэлээгүй гэж тайлбарлаж байх боловч уг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргах эрхтэй байсан атал гэрч оролцуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, уг эрхээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Нэхэмжлэгч А М нь хариуцагч Ц.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000 ам.доллар буюу 24,964,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 17, 30, 44, 47/

4. Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А М нь 4,000 ам долларыг, сарын 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Ц.У-т зээлдүүлэх, зээлдэгч Ц.У нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт төлөхөөр тус тус тохиролцож гэрээ байгуулжээ.

Мөн А М нь 5,000 ам долларыг Ц.У-т нэмж зээлж, нийт 9,000 ам доллар зээлдүүлсэн болох нь Ц.У-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн бичгийн баримтаар нотлогдож байна. /хх 6-7, 10/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

5. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.У-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 хороолол, Их тойруу, 66 дугаар байрны 47 тоот, 43,63 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх6-9/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан байна.

6. Зээлдүүлэгч А М нь зээлдэгч Ц.У-т 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,000 ам доллар шилжүүлсэн. Зээлдэгч Ц.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн хүүд нэг удаа 1,500 ам доллар, үндсэн зээлийн төлөлтөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000 ам долларыг төлсөн үйл баримтад талууд маргаагүй. /хх 10, 45/

7. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт ...уг мөнгийг өмгөөлөгч Б.С А Мэд өгөлгүй, дундаас нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн... гэх агуулгатай тайлбар авагдаагүй байхад үндэслэх хэсэгтээ дурдсан нь буруу болжээ.

Харин хариуцагч Ц.У- нь татгалзлын үндэслэлээ зээлийн үлдэгдэл 6,500 ам долларыг Б.Сэр дамжуулан А М-д төлсөн гэх агуулгатай тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй.

8. Анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүгийн үүргийг 4,960 ам доллароос 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Ц.У-ийн төлсөн 1,500 ам долларыг хасаж, энэхүү гэрээний үлдэгдэл үүргийн хэмжээг 3,460 ам доллароор тооцсон нь зөв.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч Ц.У-ийн төлсөн 1,000 ам долларыг хасаж, нийт төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,460 ам доллар гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцжээ.

9. Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 7,460 ам.доллар буюу 21,409,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ам долларын ханшийг нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2,869.97 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй.

10. Талуудын хооронд 5,000 ам долларын зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Зээлдэгч Ц.У- нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 9,930,096 /3,460х2869.97/ төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ц.У-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202016186 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 хороолол, Бага тойруу гудамж, 66 дугаар байр, 47 тоотод байрлах, 43,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

11. Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5,000 ам доллар хүлээн авсан тухай баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан, мөн шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Зээл төлөх талаарх тооцоолол баримтад 5,000 ам доллар авсан тухай дурдаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул шүүх 5,000 ам долларыг зээлийг гэрээний дагуу авсан гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй, уг баримтуудыг няцаах өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан учраас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авхуулах зэргээр шүүхээр холбоотой нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул гэрчээс мэдүүлэг аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/02534 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР