Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 131/шш2019/00603

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, / ******* тоот регистрийн дугаартай/

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, 16-03 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох,

Хууль бус эзэмшлээс Баянхонгор ******* ХХК-ийн өмчлөлийн ******* БНХ улсын дугаартай, Hyundai Universe маркийн, цагаан алаг өнгөтэй автобусыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Д.******* нь компанийн өмчлөлийн ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг өмчлөгчийн буюу компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч яван өөрийн эзэмшилдээ байлгаж, тус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, хууль бус зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэн ашиг олж байна.

Д.*******ын энэхүү хууль бус үйлдлийн талаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахаас татгалзаж, Иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу иргэн Д.*******ын хууль бус эзэмшлээс Баянхонгор ******* ХХКомпанийн өмчлөлийн ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг чөлөөлүүлж өгнө үү. Автобусыг хууль бус эзэмшлээс яаралтай чөлөөлүүлж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахгүй бол Д.******* нь хууль бусаар компанийн нэрийг барьж зорчигч тээвэрлэлт хийж, зөрчил гаргаж, энэ нь компанийн болон бусад жолооч нарын эрх ашгийг хөндөж байгаа юм гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан Hyundai universe маркийн ******* БНХ улсын дугаартай автобусыг миний бие 2017 оны 05 дугаар сард Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулан 63.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан. Зээлийг бүрэн төлж дуусаагүй байгаа. Баянхонгор Тээвэрчин ХХК нь миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байгаа. Одоо миний хөлс хүчээр авсан автобусыг авч намайг хохироосон дээрээ улам хохироохоор завдаж байна. Хэрэв тус компани шүүхийн шийдвэрийг дагаж намайг ажилд эгүүлэн оруулвал гэрээний дагуу шийдвэрлэж болох бөгөөд өнөөдрийн байдлаар Баянхонгор Тээвэрчин ХХК надтай хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан Баянхонгор ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* нь Hyundai universe маркийн ******* БНХ улсын дугаартай автобусыг миний бие 2017 оны 05 дугаар сард Голомт банкнаас 63.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан. Миний хөлс хүчээр авсан автобусыг Баянхонгор ******* ХХК нь авч намайг хохироохоор завдаж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан № 01899450 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн, цагаан алаг өнгөтэй, KMJKJ18NP9C903543 арлын дугаартай автобусны өмчлөгчөөр Баянхонгор ******* ХХК бүртгэгдсэн байна.

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д: Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, .. тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, .. аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ,

171 дүгээр зүйлийн 171.2-т: Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заасан.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 5.1-д: Өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэнэ,

5.2-т: Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэхдээ .. автотээврийн хэрэгслийн гэрчилгээг .. үндэслэнэ гэж тус тус заасан байна.

Эндээс дүгнэвэл ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн, цагаан алаг өнгөтэй, KMJKJ18NP9C903543 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 03 сарын 19-ны өдөр Монгол улсад орж ирсэн тус автобусны өмчлөгч нь Баянхонгор ******* ХХК байна.

 

Хариуцагч Д.******* нь Hyundai universe маркийн ******* БНХ улсын дугаартай автобусыг миний бие 2017 оны 05 дугаар сард Голомт банкнаас 63.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан. Миний хөлс хүчээр авсан автобусыг Баянхонгор ******* ХХК нь авч намайг хохироохоор завдаж байна. гэсэн тайлбар гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, харин № 01899450 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.*******ын хууль бус эзэмшлээс Баянхонгор ******* ХХКомпанийн өмчлөлийн ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн, KMJKJ18NP9C903543 арлын дугаартай автобусыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3-т тус тус заасныг баримтлан ******* БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн, KMJKJ18NP9C903543 арлын дугаартай автобусыг Д.*******ын эзэмшлээс чөлөөлүүлж, Баянхонгор Тээвэрчин ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Д.ОТГОНЧУЛУУН