Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00021

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00334 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Долгорхүүгийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК болон тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Отгонжаргалд нарт холбогдох,

******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02, 04 тоот сахилгын арга хэмжээ авсан тогтоолууд, тус компаний гүйцэтгэх захирлын 2018 оны 05, 06, 07, 13 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулж, ******* ******* ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээрp хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.******* 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.******* нь 2004 оноос эхлэн *******оос Улаанбаатар, Улаанбаатараас ******* аймгийн чиглэлд Пургон автомашин жолоодон зорчигч тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Ингээд 2007 онд анх Тээвэрчин хоршоо байгуулагдаж, хоршооны даргаа томилж бүх хот хоорондын тээвэр хийдэг жолооч нарыг нэгтгэсэн. Миний бие ч мөн адил тус хоршоонд нэгдэн орж сар бүр хуримтлалын мөнгө болох замын хуудасны 35.000 төгрөгийг төлөх болсон. Ингээд 2008 оноос Солонгос улсаас автобус оруулж ирэн зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж Тээвэрчин хоршоо нэрээр үйл ажиллагаа тасралтгүй эрхэлж ирсэн бөгөөд нэг эргэлтэндээ 50.000 төгрөгийг тус хоршооны үйл ажиллагаанд хураамж болгон оруулж жилд 38-48 эргэлт явж хувь нэмрээ оруулж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ингээд тус хоршоо нь 2018 оны 4 дүгээр сард үйл ажиллагаагаа компанийн хэлбэрээр явуулахаар болж дүрмээ батлан биднээр гарын үсэг зуруулан ТУЗ-ийн даргаар Н.Отгонжаргалыг сонгосон байсан.

Тухайн үед би байгаагүй, улмаар 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зорчигч тээврийн жолооч бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тус компаний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүйтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээг байгуулсаны дараа ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор надад Хөдөлмөрийн гэрээ болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин удаа дараа зөрчил гаргаж хүн хэтрүүлэн тээвэрлэж зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 1 сарын хувиараас хасч арга хэмжээ авах шийдвэрийг дарга Н.Отгонжаргал гэгч нь гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага тооцох үндэслэлд дурьдсан зөрчлийг гаргаагүйгээс гадна яг надтай адил зөрчил гаргасан жолоочид сануулах сахилгын шийтгэл ногдуулж надад хувийн өс хонзонгоор хандаж арга хэмжээг хүндрүүлэн авсан. Учир нь би төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хувийн таарамжгүй харилцаатай болоод удаж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтууд надад байдагБи 1 дүгээр сард Улаанбаатараас *******, *******оос Улаанбаатар чиглэл рүү явахыг 1 удаа гэж тооцвол нийт 4 удаа, явсан хоногоор тооцвол 8 удаа зорчигч тээвэрлэж хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлдэг байсан атал миний хөдөлмөрлөх эрхэд өс хонзонгийн байдлаар халдаж, хот хооронд зорчигч тээвэрлэх эрхийг хууль бусаар хасаж байгаад маш их гомдолтой байна.

Иймд ******* Тээвэрчин ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор надад авсан зорчигч тээвэрлэх эрхийг 1 сарын хувиараас хасах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 9 дүгээр сард ажиллаагүй тул хөдөө Жинст сум руу явж аав ээжийндээ очиж байж байгаад иртэл ******* аймгийн ******* Тээвэрчин ХХК-ний ТУЗөвлөл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 04 дүгээр хурлын тогтоолоор мөн л тус зөвлөлийн гишүүдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг өмнөх сахилгын шийтгэлд дурдсан үндэслэлтэй хамт баримтлан дахин сахилгын шийтгэл ногдуулж миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж тодорхойгүй хугацаагаар хот хоорондын тээвэр үйлчилгээ эрхлэх хуваариас хассан байна.

Иймд намайг ажил үүргээ гүйцэтгээгүй байхад шалтаглан өмнөх сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэсэн шалтгаанаар дахин сахилгын шийтгэл ногдуулсаныг хууль бус гэж үзэж байх тул ******* Тээвэрчин ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор надад ногдуулсан сахилгын шийтгэл буюу хот хоорондын зорчигч тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хассаныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсаны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад маргаан бүхий 2 тогтоол буюу ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолуудыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгосныг мэдлээ. Би сахилгын шийтгэл ногдуулсан 05, 06, 07 дугаар тушаалуудыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байнаМиний бие ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоол гарсанаас хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зорчигч огт тээвэрлээгүй бөгөөд би Улаанбаатар, ******* чиглэлд зорчигч тээвэрлэж сүүлийн 8 сарын хугацаанд л гэхэд /2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал/ нийт 53.057.366 төгрөг, үүнийг 8 сард хуваавал 1 сард 6.632.170 төгрөгийн орлого олдог байсан

Хуваарийн дагуу жолооч бүр сард 4 удаа эргэлт /рейс/ хийдэг бөгөөд нэг рейс хийхэд нэг замын хуудсанд 50.000 төгрөг төлөх журамтай бөгөөд өөрөөр хэлбэл сард 200.000 төгрөгийг замын хуудасны зориулалтаар компанид төлдөг, мөн нэг эргэлтэд /рейс/ 600.000 төгрөгийг шатахуунд зарцуулах бөгөөд 4 удаа рейс хийхэд сард 2.400.000 төгрөгийн шатахуун зарцуулагддаг. Үүнийг зорчигч тээвэрлэсэн орлогоос жолооч өөрсдөө зарцуулдаг юм. Ингээд сард олсон орлогоос 2.600.000 төгрөгийн цэвэр зарлага гардаг гэж тооцвол би дунджаар сард 4.032.170.75 төгрөгийн цэвэр орлогоор ар гэрээ тэжээдэг байсан.

Гэтэл дээрх хүмүүсийн хууль бус шийдвэрээс шалтгаалан 2018 оны 9, 10 дугаар саруудад ямар ч орлого олоогүй байгаа тул үндэслэлгүй шийдвэрийн улмаас олж чадаагүй 2018 оны 9, 10 дугаар сард олох байсан сарын цэвэр орлого 1 сарын 4.032.170.75 төгрөг бөгөөд огт ажиллаагүй 2 сарыг тооцвол нийт 8.064.341.5 төгрөг болох бөгөөд дээрх цалин түүнтэй адилтгах орлогыг гаргуулах нь зүйн хэрэг гэж бодож байна.

Иймд1. ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудаар надад сахилгын шийтгэх ногдуулсаныг хүчингүй болгуулах,

2. 2018 оны 9, 10 дугаар саруудад ******* Тээвэрчин ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрээс шалтгаалан олж чадаагүй, олох байсан орлого 8.064.341.5 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ХХК-ний захирлын 13 дугаар тушаалыг гаргаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байна. Үндэслэлгүй гэсний учир нь урьд өмнө надад сахилгын арга хэмжээ авсан үндэслэлээр дахин арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж миний эрхэнд халдсан гэж үзэж байна.

Улмаар миний бие шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хандаж ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, намайг тус компаний хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ******* ******* ХХК-ийг Д.******* надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 131/Ш32019/00278 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн маргаж байгаа зүйл ба үндэслэлийн талаарх өөр хэргийг дээд шатны шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Харин өнөөдрийн байдлаар маргааныг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон байна. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Үүнд: 1. ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгож,

2. ******* ******* ХХК-ийг Д.******* миний биетэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж,

3. Д.******* миний биеийг ******* ******* ХХК-ний хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******аас дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд: 1. ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 04 тоот тогтоолууд болон тус компаний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ******* Тээвэрчин ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрээс болж олж чадаагүй, олох байсан орлого 8.064.341.5 төгрөгийг гаргуулах, мөн ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, Д.*******ыг ******* ******* ХХК-ний хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлээр шүүхэд хандсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компаны эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна гэсний дагуу ******* ******* ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгож баталсан таван хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах эрх бүхий компаний удирдах дээд байгууллага мөн. 

Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76.1.1-д заасан компаний үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоон ******* ******* ХХК-ний дүрмийн 2.7-д заасан өөрийн ажлын онцлогт тохирсон Хөдөлмөрийн дотоод журмыг ТУЗ-өөр батлан хэрэгжүүлж ажилладаггаргасан шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон хуулийн этгээдийн өмнө бүрэн хариуцдаг.

Жолооч Д.******* нь өөрийн эрхэлж буй ажил үйлчилгээний онцлог байдал, зорчигчийн амь нас аюулгүй байдлыг харгалзахгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм журам, Хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.6 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-д заасан сахилгын ноцтой зөрчлүүдийг гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж алдаагаа засаагүй давтан зөрчил гаргаж ТУЗ-өөс удаа дараа шат дараалсан арга хэмжээ авагдсан, инжинер Б.Чулуунбат ажлын хариуцлага алдаж цалингийн хувь хасуулсан, жолооч Д.Мөнхбат анх удаагийн зөрчлөөр хатуу сануулга авсан зэрэг зөрчлүүд нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2 удаагийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол зэргээс үзэхэд үндэслэлтэй гэж үзэхээр байна. ТУЗ-өөс авсан сахилгын арга хэмжээ нь нэг хүний шийдвэр биш бөгөөд зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тогтоолоор баталгаажуулан гарын үсэг зурж тэмдэг дарж албажуулдаг. Гүйцэтгэх удирдлага /Компанийн гүйцэтгэх захирал/ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш тул төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээхгүй болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагуудад холбогдуулан гаргасан тайлбарууддаа: ******* Тээвэрчин ХХК нь маргаан бүхий 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 , 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолууд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчин гарсан байх тул 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгож уг шийдвэрийг зөвтгөж гүйцэтгэх захирлын тушаал нөхөн гаргасан. Ингэхдээ 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар захирлын тушаалаар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаар тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалаар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус тус нөхөн зөвтгөлөө.

Нэхэмжпэгч болох Д.******* нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн жолоочгүй, компанид бүртгэлгүй жолоочоор тээвэрлэлт гүйцэтгүүлж зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон тул 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн хоёр хуваариас хасах арга хэмжээ авсан. Үүнийг Д.******* өөрөө хүлээн зөвшөөрсөн учир энэ тушаал дээр гомдол гаргаагүй байх. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус зорчигч тээвэрлэх явцдаа хүн хэтрүүлэн тээвэрлэж, авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй зэргээс зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон болох нь Авто тээврийн төвийн зөрчлийн бүртгэл, ******* аймгийн Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Албан мэдэгдэл зэргээр илэрсэн тул 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9 дүгээр сарын хуваариас хасч арга хэмжээ авсан. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 9.1, хөдөлмөрийн гэрээний 4.4, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний 4.2.18 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьдийн албан бичиг болон баталсан хуваарийн дагуу ******* Тээвэрчин ХХК-ний бүх автобус улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 21-ний өдрийн хооронд хамрагдах хуваарийн дагуу хамрагдсан боловч Д.******* автобусаа үзлэгт оруулаагүй. Компанийн зүгээс 80-88БНХ улсын дугаартай ******* ******* ХХК-ний эзэмшлийн автобусыг дээрх заасан хугацаанд хамруулах талаар удаа дараа утсаар ярьж, өөрөө амжихгүй бол ээлжийн жолоочоороо явуул гэсэн боловч ирэхгүй байсаар хугацаа дууссан тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношлогоонд орж, өвлийн улиралд тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуваариас хасч арга хэмжээ авсан.

Д.*******ын энэ мэт үйлдлүүд компанийн ажлыг хойш татаж, компаний үйл ажиллагааг дэмждэггүй байдлын илрэл юм. Д.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа сард 4 рейс явдаг үүнээс цэвэр 4.032.170 төгрөгийн орлого олдог гэжээ. Гэтэл сард 1 жолооч үндсэн 3 хуваарийн дагуу явдаг, Нэмэлт хуваарь, урсгал нэмэгдсэн үед тавигддаг хуваарь юм. 45 суудалтай автобусны суудал дүүргэлт дунджаар 70-80 хувь байдаг. 80 хувь гэж үзвэл 36 хүн нэг талдаа явна. 1 рейсд 72 хүн тээсэн гэвэл зорчигчийн тасалбарын үнэ болох 27.500 төгрөг үүнээс амь даатгал 500 төгрөг, АТҮТ-д үйлчилгээний хөлс 8 хувь төлдөг гэхээр 2.160 төгрөг ингээд 1 зорчигч 24.840 төгрөг72 хүн 1.788.480 төгрөгийн нэг рейсийн орлого. Үүнээс жолооч шатахуунд 100 км дунджаар 35 литр шатахуун зарцуулдаг. *******оос Улаанбаатар, Улаанбаатараас ******* ороход 1260 км-т 441 литр шатахуун 2200 төгрөг = 970.200 төгрөг, ээлжийн жолоочийн цалин дунджаар 200.000 төгрөг, замын хуудас 50.000 төгрөг хасаад 568.250 төгрөгийн цэвэр орлого үүнийг сард 3 явсан гэж үзвэл 568.250х3=1.704.750 төгрөгийн сарын орлого олдог. Автобус өнөөгийн зах зээлийн ханшаар 270.000.000 сая төгрөгийн үнэтэй бөгөөд үүнийг МЫЗ 5012:2011 стандартын 7.4-д заасны дагуу 12 жилээс дээш ашиглахыг хориглоно гэсний дагуу актлагдана. Автобусны элэгдлийг шулуун шугамын аргаар бодоход 270.000.000 /12 жил=22.500.000 төгрөгийн жилийн элэгдэл, жилийн элэгдлээ 22.500.000 /12 сард хуваахад 1.875.000 төгрөг, сард 3 рейс гэж үзвэл 1 рейсэнд 625.000 төгрөгийн элэгдэл гаргадаг. Д.******* 9, 10 сард автобусаа явуулаагүй гэж үзэхэд автобус элэгдээгүй байна. Автобусны элэгдлээ тооцоогүй, мөн жолоочийн зардал тооцоогүй засвар үйлчилгээ тос тосолгооны материал тооцоогүй, MNS 4601:2011 стандартын дагуу 3500-4000 км тутамд тос солих зардал, гражийн түрээсийн төлбөр нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг хасах ёстой зардлуудыг хасаагүй тооцсон байна. Жолооч бүр жилд олсон орлогын хэмжээгээр татварын албанд жилийн эцсийн тайланг гаргаж, иргэний орлогын албан татварт орлогын 10 хувийг төлдөг. Д.******* 2013-2018 онд төлсөн татварын тайлангаас ийм өндөр орлого олох боломжгүй байгаа нь харагдаж байна гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Д.*******т авсан сахилгын арга хэмжээ, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухайд компанийн үйл ажиллагааны онцлог, хөдөлмөрийн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дотоод журамд заасан үндэслэлээр арга хэмжээ авсан болно гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Отгонжаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би хувийн өс хонзон яриад ганцаараа шийдээд арга хэмжээ авдаг хүн биш. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бүгд сууж байгаад арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь үүргээ биелүүлдэггүй, дандаа зөрчил гаргаж байдаг. 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зөрчилд нь арга хэмжээ аваагүй. 2018 оны 8 дугаар сард дахин Замын цагдаагаас мэдэгдэл хүрээд ирсэн, танайх энэ зөрчлөө арилга гэсэн, тэгээд гаргасан зөрчлийг нийлүүлж байгаад нэг арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчихгүй гээд гарын үсэг зурсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил гээд Авто тээврийн үндэсний төвөөс удирдлага болгоод үзлэг оношилгоо хийсэн. Тэгээд хэлэхээр хөдөө байна гээд ирээгүй, утсаа авна гэж байхгүй, зөвхөн өөрийнхөө хэрэгтэй үед бид нар руу залгадаг. Сахилгын арга хэмжээтэй байсан юм чинь гээд тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй гэж байгаа. Би явж чадахгүй та нар өөрсдөө оношилгоонд оруулаад ир гээд бид нарт автобусаа авчирч өгсөн бол бид нар оношилгоонд оруулаад явах боломж байсан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2018 оны 4 дүгээр сараас эхлэн компаний зохион байгуулалтад орж ажилласан. Компаний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компаний эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна гэсний дагуу ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийг бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгож таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Төлөөлөн удирдах зөвлөл нь Компаний тухай хуульд заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоогоод ******* ******* ХХК-ний дүрмэнд заасан өөрийн ажлын онцлогт тохирсон дотоод журам, хөдөлмөрийн гэрээг баталсан байдаг. Нэхэмжлэгч нь зорчигчдийн амь нас аюулгүй байдлыг харгалзахгүй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.6 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан учраас энэ арга хэмжээг авсан байдаг.

Ер нь гаргасан зөрчлөө засахгүй давтан зөрчил гаргаад байсан. Удаа дараа шаардлага тавиад арга хэмжээ авах гэтэл ирдэггүй, компаний үйл ажиллагаанд оролцдоггүй. Сахилгын арга хэмжээ авсан асуудал бол 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зорчигч тээвэрлэж явахдаа тооноосоо илүү 3 зорчигч тээвэрлэж явсан зөрчил гаргасан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөн суудлын тооноос илүү хүн тээвэрлэсэн тул  Цагдаагийн газраас 50.000 төгрөгөөр торгосон байдаг. Энэ 2 зөрчлийг гаргасны улмаас бид хувиараас хасч тооцсон.

Жолооч Д.******* нь сахилгын арга хэмжээтэй байх хугацаандаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй, Авто тээврийн үндэсний төвтэй ******* ******* ХХК-ний байгуулсан хот хоорондын зорчигч тээвэрлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.16-д заасан улирал бүр тогтоосон хугацаанд оношилгоонд орно гэсэн заалтыг зөрчсөн. Утсаар яриад, жолоочоор явуул гэхэд ирдэггүй. Энэ нь 2 гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тухайн үед автобус манай компаний өмчлөлд байсан бол бид нар энэ оношилгоонд оруулах боломжтой байсан. Ийм алдаа дутагдал гаргасан учраас бид нар  дахиад арга хэмжээ авч тодорхойгүй хугацаагаар тээвэрлэлт явуулах эрхийг хассан.

Урьд гаргасан тогтоолуудаа тушаал болгож өөрчилсөн гэдэг асуудал яригдаж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл сахилгын арга хэмжээ авах субъект биш юм байна гэж үзээд тухайн 2 тогтоолыг гүйцэтгэх захиралын тушаал болгоод зөвтгөж гаргасан байгаа. Үүнд техникийн алдаа гараад нөхөж гэсэн үг орсон. Нөхөж гаргаагүй, зөвтгөж гаргасан гэж үзэж байна. Тэдгээрийн доторх агуулга яг нэг агуулгатай байгаа. Зөвхөн тогтоолыг тушаал болгож өөрчилсөн асуудал юм. Олох ёстой орлого нэхсэн, үүн дээр Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлс гэдэг зүйлийг олгох ёстой болохоос олох ёстой байсан орлогыг олгоно гэсэн ойлголт байхгүй. Тухайн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж явдаг. Үүнийг олох ёстой байсан орлого гэж үзвэл гэм хор гэж үзээд шүүх шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгч нь компаний өмчийг өнөөдрийг хүртэл ашиглан тээвэрлэлт хийж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байнгын бус тээвэрлэлт хийх бичиг хийж өгсөн байхад 10 дугаар сарын 04-ний өглөө ямар ч тасалбар байхгүй хүн ачиж яваад баригдсан байдаг. Түүнийг бид сүүлд мэдсэн энэ дээр нь арга хэмжээ аваагүй. Тухайн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан асуудал дээр нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0167132 тоот шийтгэх хуудсаар мөн шийтгэл оногдуулсан. Энэ мэтээр Д.******* нь давтан зөрчил гаргаад байгаа учраас арга буюу Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлаас халахаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа. Харин компаний хувьцаа эзэмшигч хэвээр байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д тус тус зааснаар ******* Тээвэрчин ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаал, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ыг ******* Тээвэрчин ХХК-ний улс, хот хоорондын зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ******* Тээвэрчин ХХК-ний ТУЗ-ийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг ******* Тээвэрчин ХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүйд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ******* Тээвэрчин ХХК-иас ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 546.516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.517.825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.979 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч байгууллага ******* Тээвэрчин ХХК-иас 17.045 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ******* ******* ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохироогүй, сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан зэргээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, уг хуулийг зөрчсөн байна. гэжээ.

Тус компани нь ******* Тээвэрчин хоршоо байсан 2018 оны 4 дүгээр сард хуулийн этгээдийг өөрчлөн байгуулж компаний зохион байгуулалтад орсон. Компаний зохион байгуулалтад ороход 21 жолооч өөрийн автобусаа компаний өмчлөлд шилжүүлж компаний хувьцаа эзэмшигч болж хувьцаа эзэмшигчид компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажиллах болсон.

Д.******* нь хоршооны гишүүн байсан ба өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автобусыг компанид хөрөнгө болгон оруулсан хувьцаа эзэмшигч, компанийн үндсэн үйл ажиллагаа болох хөдөлмөрийн гэрээний дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх жолоочоор ажилладаг.

Компанийн хувьцаа эзэмшигч Д.******* нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, АТҮТ-тэй байгуулсан гэрээ хүчингүй болгоход хүргэх зөрчил гаргасан /2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3 зорчигч илүү тээвэрлэж авч явсан. 1 зорчигчийг нь буцааж, 2 зорчигчийг шаардлага биелүүлэхээс татгалзаж авч явсан. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ******* Аймгийн Замын цагдаагийн тасгийн албан мэдэгдэл, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дахин зорчигчийн тоо хэтрүүлэн тээвэрлэсэн 50.000 төгрөгөөр торгуулсан/ учраас бид өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх эрх бүхий субьект болох ТУЗ-н гишүүдийн нэг сарын зорчигч тээвэрлэх эрхийг хассан арга хэмжээг авсан.

2. АТҮТ ТӨҮГ-с тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьдын Нийтийн эорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №2/1752 тоот Техникийн хяналтын үзлэгт хамруулах тухай" албан бичгийн дагуу 9 дүгээр сарын 5-наас 25-ны хооронд Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ-нд заасны дагуу компанид бүртгэлтэй тээврийн хэрэгсэлийг техникийн хяналтын үзлэгт хамруулах даалгавар ирсэн. Гэтэл Д.******* нь тухайн үед компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгаж, тогтоосон хугацаанд мэдэгдсээр байтал оношилгоонд оруулаагүй БТҮТ-тэй байгуулсан гэрээний 4.2.16-д заасан улирал бүр хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд оруулах үүргээ биелүүлээгүй. Энэ нь цаашдаа нийтийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой буюу гарах үр дагавар нь үйлчлүүлэгч иргэд буюу зорчигчдын эрх ашиг, сонирхолд хохирол учрах үр дагавартай байсан учраас зөрчлөө арилгаж үзлэгт орох хүртэлх тодорхойгүй хугацаагаар хувиариас хассан юм.

З. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т сахилгын зөрчил гаргасан байхыг шаарддаг. Д.*******ын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчил мөн юм. Учир нь 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн "Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 2 дахь хэсгийн 2.4-т Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заажээ. Мөн энэ хэсэгт хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм, ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой, дүрэм, журам зэргийг зөрчих зэргээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна" гэж заажээ. ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тушаал гарах болсон гол үндэслэл нь тушаалын 1.4-т заасан зөрчлийг гаргасан байдаг. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг тодорхой ойлгомжтой давтан гаргасан гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн өмнө гаргасан зөрчлүүдийг дурьдсан болохоос сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан арга хэмжээ аваагүй бөгөөд тушаалын 1.4-т гаргасан энэхүү зөрчлийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн хууль зүйн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан юм. Гэтэл Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно.

******* *******" ХХК-ний үндсэн эрхэлж байгаа үйл ажиллагаа нь Зорчигч тээвэр юм. Нэхэмжлэгч нь тус компанийн хувьцаа эзэмшигч, хөдөлмөрийн гэрээгээр жолоочоор ажилладаг. Тэгэхээр үйл ажиллагааны онцлогоос хамааран ажил үүрэгтээ холбогдох Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, журмыг баримтлан ажиллах ёстой атал компанийн хувьцаа эзэмшигч бусад 20 хүний эрх ашигт хохирол учруулах эрсдэлтэй зөрчлийг удаа дараа өөрийн биеэр үйлдэж гаргасан байхад анхан шатны шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Д.******* нь компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ноцтой зөрчил гаргасан. Харин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь "******* *******" ХХК-ийн 9.2-т заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байгаа талаар дурьдсан бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн 2 агуулгыг илэрхийлсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан агуулгаар бус сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн хуулийн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласаныг шүүх анхаарч үзээгүй болно.

Мөн Нэхэмжлэгч нь зөрчилд авсан арга хэмжээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд дээрх зөрчлүүдийг гаргасан эсэх талаар нэхэмжлэл гарган маргаагүй тул энэ байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Д.*******аас анхан шатны шүүхэд хандан ******* ******* ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02, 04 тоот сахилгын арга хэмжээ авсан тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн тус компаний гүйцэтгэх захирлын 2018 оны 05, 06, 07, 13 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, олох ёстой байсан орлого 8.064.341 төгрөгийг гаргуулах, ******* ******* ХХК-ний хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг ******* ******* ХХК-д даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор жолооч Долгорхүүгийн *******ыг ...хөдөлмөрийн гэрээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчин удаа дараа давтан зөрчил гаргаж хүн хэтрүүлэн тээвэрлэж зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон... гэх үндэслэлээр нэг сарын хуваариас хасах сахилгын арга хэмжээ тооцсон байна. /хх-ийн 1-р хавтас 5-р тал/

Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч Д.*******аас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд дахин компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоолоор ...хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.5, 4.7 дахь заалтууд болон компаний дүрэм, дотоод журмыг удаа дараа давтан зөрчиж тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулаагүй, үзлэг оношлогоонд хамрагдаагүй зэрэг эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон, компаний ажилд удаа дараа оролцоогүй, компаний үйл ажиллагааг дэмжээгүй, компаний хөдөлмөрийн дотоод журмыг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг зөрчил нь тогтоогдсон... гэж үзэн тодорхойгүй хугацаагаар хуваариас хасч, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар бүх хувьцаа эзэмшигчидийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх сахилгын арга хэмжээ авчээ. /хх-ийн 1-р хавтас 72-р тал/

Хариуцагч байгууллага нь өөрөө Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө жолооч Д.*******т сахилгын арга хэмжээ авсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоолуудыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, дээрх тогтоолууд хүчингүй болсон талаар зохигчид маргаагүй хэмээн үзэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүйгээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05 тоот тушаалаар жолооч Д.*******т 2018 оны 5 дугаар сарын 04-нд ээлжийн жолоочгүй, компанид бүртгэлгүй жолоочоор тээвэрлэлт гүйцэтгүүлж зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэж 6 дугаар сарын үндсэн хоёр хуваариас хасах,

06 тоот тушаалаар удаа дараа зөрчил гаргаж Хөдөлмөрийн гэрээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчин зорчигч тээвэрлэх явцдаа хүн хэтрүүлэн тээвэрлэсэн, Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй зэргээс үүдэн зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэж 9 дүгээр сарын хуваариас хасах,

07 тоот тушаал гарган компаний үйл ажиллагааг дэмждэггүй, өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийг АТҮТөвөөс заасан хугацаанд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношлогоонд оруулах үүргээ биелүүлээгүй, ******* аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хийсэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах гүйцэтгэлийн шалгалтад хамрагдаагүй, компаний дотоод хяналт шалгалтын автобусны техникийн байдлыг шалгах хуудсаар тээврийн хэрэгслийг шалгуулаагүй байх тул тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношилгоонд орж, өвлийн улиралд тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуваариас хасах сахилгын арга хэмжээг тус тус нөхөн тооцсон.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №13 тоот тушаалаар жолооч Д.******* нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь компаний үндсэн үйл ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 1-р хавтас 135, 153, 154, 2-р хавтас 114-116-р тал/

Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Ажил олгогч ажилтан нар нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ажилтны ямар үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасны дагуу тухайн зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулдаг.

Дээр дурдагдсан хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын нөхөн гаргасан гэх тушаалуудаас үзвэл уг тушаалуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар хуулийн зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхой бус, ажилтны гаргасан үйлдэл нь хэдийд гаргасан, түүнийг хэдийд илрүүлэн хэрхэн тогтоосон нь тодорхой бус, тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж удаа дараа ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тушаалуудыг нөхөн гаргаж ажилтны эрх зүйн байдлыг дордуулж байсан, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон зарим зөрчлүүд нь тухайн компаний хөдөлмөрийн дотоод журамд дурдагдаагүй байхад уг үйл баримтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан, дээрх шийдвэрүүдээ тухай бүрт нь мэдэгдээгүй, нэг үйл баримтад давхардуулан хуульд заагаагүй сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг нь буруу байна.

******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүй 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан улс, хот хооронд зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн жолоочоор ажиллуулан эхэлсэн байх ба тус гэрээний 2.2.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч жолоочийг сар бүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, сар тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон шимтгэл хураамж төлсөн тухай нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж байхаар тохиролцсон байна. /хх-ийн 1-р хавтас 6-10-р тал/

Анхан шатны шүүхээс Д.*******ын олох ёстой байсан орлого хэмээн нэхэмжилсэн 8.064.341 төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.1-д заасныг баримтлан Д.*******ын сарын дундаж цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бодож ажилгүй байсан өдрийн цалин болох 546.516 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас 7.517.825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар

зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

             ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

Д.ЭРДЭНЭБИЛЭГ