Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 463

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Л-д холбогдох

 

Гэм хорын хохирол 7 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Л-той 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дараалал дайрлаа гэж маргалдсаны улмаас намайг цохисон. Миний бие зодуулсны улмаас биед хөнгөн гэмтэл учирч, эмчлүүлж хэвэндээ орох шаардлагатай болсон. Энэ хугацаанд “Байшинт өргөө констракшн” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явах шаардлагатай байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан тул яваагүй бөгөөд гэрээний 5 300 000 төгрөгийн ажил хүчингүй болсон. Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аван 1 000 000 төгрөгийг төлсөн. Гэмтлийг эдгэх хугацаа 1 сар болсон тул энэ хугацаанд ажлаа хийж цалин аваагүй тул 1 сарын хөдөлмөрийн хөлс буюу цалин 1 500 000 төгрөг, нийт 7 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн асуудал дээр маргаангүй байгаа. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дугаарлаж байхад урдуур дайрлаа гэж маргаан үүсгэсэн. Хариуцагч цохих болсон шалтгаан бол эхлээд нэхэмжлэгч Б.Т  нь Б.Л ийн эхнэрийн чих рүү нь цохисон тул хариу цохисон. Сонгдо эмнэлэг дээр очиж 350 000 төгрөгөөр оёдол хийлгэсэн. Хариуцагч Б.Л ийн хувьд өөрийг нь зохицсон бол ингэж зодоон үүсгэхгүй байсан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад нэхэж байгаа мөнгөн дүнг их байсан учраас эвлэрээгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд мөнгө нэхэж байгаа бол баримтуудыг гарга гэсэн боловч авчраагүй. Өмгөөлөгчийн зардлын хувьд Эрүүгийн хуулийн 503 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчтэй оролцох 6 үндэслэлд энэ хэрэг хамаарахгүй байдаг. Өмнө нь өмгөөллийн зардлыг 300 000 төгрөгөөр хийж байсан гэж хэлсэн боловч өнөөдөр өмгөөллийн зардал 1 000 000 төгрөг гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд мөнгө нэхэх эрхтэй боловч нотлогдох ёстой. Мөн цалин авч байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалингийн тодорхойлолт байх ёстой. Ийм баримт хэрэгт байхгүй. 5 300 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх гэрээ байгаа боловч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цохиулснаас болоод 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орж ирэх мөнгө яагаад ороогүй вэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмтсэнээс болж энэ гэрээ цуцлах, хэрэгжих боломжгүй болсон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтланхариуцагч Б.Л оос 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т т олгож, үлдэх 6 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данс/-д оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгтээ өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, үйлчилгээний хөлсийг бэлнээр олгосон талаар нотлох баримт хэрэгт авагдсан боловч тус үйлчилгээний хөлсийг өмгөөлөгчдөө тус дүнгээс өгсөн талаарх хангалттай нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь өөрөөсөө ямар эх үүсвэрээс тус үйлчилгээний хөлсийг гаргасан талаарх нотлох баримт байхгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд "өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна гэж заасны дагуу өмгөөлөгчийн дансаар эсхүл бэлнээр өгсөн бол өмгөөлөгчөөс хувь хүний орлогын албан татварын тайлан, хамаарал бүхий нөхөрлөлөөс аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар баталгаажаагүй байхад шүүхээс өмгөөлөгчийн зардлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох шүүх хурал биш байсан, түүнчлэн эрүүгийн хэргийн шүүх хурал дээр шүүхийн зүгээс хэдийгээр өмгөөлөгч авах нь Үндсэн хуульд заасан эрх нь боловч эрүүгийн хэргийн холбогдогч Н.Л нь гэм буруугийн тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа талаар хохирогчид тайлбарлаж өгсөн. Гэрээгээр тохироогүй, эсхүл эрүүгийн хэрэгт заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг биш байхад тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчид өмгөөлөгчийн зардлыг нь шийдвэрлэж байгаа нь шүүхийн практикт буруу жишиг тогтоож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хэсгийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Б.Л-д холбогдуулан гэм хорын хохиролд олох ёстой байсан орлого 5 300 000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1 000 000 төгрөг, нэг сарын цалин хөлс 1 500 000 төгрөг, нийт 7 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн баримтаас үзвэл Б.Л  нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Эко” худалдааны төв доторх АТМ-с мөнгө авах дарааллаас болж Б.Т тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэргийн 13-15 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаар шийтгэх тогтоол болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “Байшинт өргөө констракшн” ХХК, “Монголиан дайрект бридж” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, “Байшинт өргөө” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл” гэх албан бичгийг баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан өдрөөс хойш 4 хоногийн дараа хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, “Монголиан дайрект бридж” ХХК БНХАУ-д байх төлөөлөгчтэй биечлэн уулзах, зар сурталчилгааг хүлээн авах тухай үүрэг тусгагдаагүй, гэрээ дуусгавар болж 5 300 000 төгрөгийн олох ёстой байсан орлогыг олоогүйгээс нэхэмжлэгч алдагдал хүлээсэн болох нь тогтоогдоогүй, дээрх үйл баримт хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж олох ёстой байсан орлого 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 10, 12 тал дахь өмгөөллийн зардал төлсөн баримт, А.Ганзориг, Б.Т  нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар нотлогдсон, хариуцагчийн буруутай үйдлийн улмаас нэхэмжлэгч 1 000 000 төгрөгөөр хохирсон тул шүүх хариуцагч Б.Л оос 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т т олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нэг сарын цалин хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх нэг сарын цалин хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.

 

            Иймд шүүх хариуцагч Б.Л оос 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээсэн болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ