Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2019/00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Х.Оюунжаргал, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л-д холбогдох

Гэм хорын хохиролд 7,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, иргэдийн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.Л-той 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дараалал дайрлаа гэж маргалдсаны улмаас намайг цохисон. Миний бие зодуулсны улмаас биед хөнгөн гэмтэл учирч, эмчлүүлж хэвэндээ орох шаардлагатай болсон. Энэ хугацаанд Байшинт өргөө констракшн ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явах шаардлагатай байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан тул яваагүй бөгөөд гэрээний 5,300,000 төгрөгийн ажил хүчингүй болсон. Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аван 1,000,000 төгрөгийг төлсөн. Гэмтлийг эдгэх хугацаа 1 сар болсон тул энэ хугацаанд ажлаа хийж цалин аваагүй тул 1 сарын хөдөлмөрийн хөлс буюу цалин 1,500,000 төгрөг нийт 7,800,000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргаангүй байгаа. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дугаарлаж байхад урдуур дайрлаа гэж маргаан үүсгэсэн. Хариуцагч цохих болсон шалтгаан бол эхлээд нэхэмжлэгч Б.Т нь Б.Л-ийн эхнэрийн чих рүү нь цохисон тул хариу цохисон. Нөхцөл байдал ийм зүйлээс болсон. Сонгдо эмнэлэг дээр очиж 350,000 төгрөгөөр оёдол хийлгэсэн. Хариуцагч Б.Л-ийн хувьд өөрийг нь зохицсон бол ингэж зодоон үүсгэхгүй байсан. Эхнэрийг нь зохицсон болохоор уур нь хүрсэн гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад нэхэж байгаа мөнгөн дүнг их байсан учраас эвлэрээгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд мөнгө нэхэж байгаа бол баримтуудыг гарга гэсэн боловч авчраагүй. Өмгөөлөгчийн зардлын хувьд Эрүүгийн хуулийн 503 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчтэй оролцох 6 үндэслэлд энэ хэрэг хамаарахгүй байдаг. Өмнө нь өмгөөллийн зардлыг 300,000 төгрөгөөр хийж байсан гэж хэлсэн боловч өнөөдөр өмгөөллийн зардал 1,000,000 төгрөг гэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд мөнгө нэхэх эрхтэй боловч нотлогдох ёстой. Мөн цалин авч байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалингийн тодорхойлолт байх ёстой. Ийм баримт хэрэгт байхгүй. Гуравдугаарт, 5,300,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх гэрээ байгаа боловч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цохиулснаас болоод 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орж ирэх мөнгө яагаад ороогүй вэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмтсэнээс болж энэ гэрээ цуцлах, хэрэгжих боломжгүй болсон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Л-д холбогдуулан гэм хорын хохиролд олох ёстой байсан орлого 5,300,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөг, нэг сарын цалин хөлс 1,500,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхдөө нэгдүгээрт, хариуцагчийн буруутай үйлдэл 5,300,000 төгрөгийн хохиролтой шалтгаант холбоо байхгүй; хоёрдугаарт, өмгөөллийн үйлчилгээ авах нь хувь хүний эрх ба тухайн хэрэг нь өмгөөлөгчийг зайлшгүй оролцуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш; гуравдугаарт, нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийн цалин хөлс авдаг талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр маргажээ.

Б.Л нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эко худалдааны төв дотор АТМ-ээс мөнгө авах дарааллаас болж Б.Т-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдох ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-13-15/

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.Л нь хууль бус үйлдлийнхээ улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хорыг арилгахдаа өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ.

Нэхэмжлэгч олох ёстой байсан орлого 5,300,000 төгрөгийн шаардлагад холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Монголиан дайрект бридж ХХК, Байшинт өргөө констракшн ХХК-ийн хооронд байгуулсан зар сурталчилгааг самбаруудад байршуулах ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан №040618/51 дугаар Хамтран ажиллах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, Байшинт өргөө констракшн ХХК-ийн гэрээг хүчингүй болсон тухай мэдэгдлийг баримтаар гарган, уг гэрээний дагуу БНХАУ-д байх захиалагч байгууллагын төлөөлөгчидтэй хийх уулзалтад нүүрэндээ гэмтэл авсны улмаас явах боломжгүй болж улмаар гэрээг дуусгавар болсон гэх тайлбарыг гаргажээ. /хх-4-9/

Нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан өдрөөс хойш 4 хоногийн дараа Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, Монголиан дайрект бридж ХХК буюу гүйцэтгэгч тал БНХАУ-д байх төлөөлөгчтэй биечлэн уулзах, зар сурталчилгааг хүлээн авах тухай үүрэг тусгагдаагүй байгаагаас үзэхэд гэрээ дуусгавар болж, алдагдал хүлээсэн болох нь тогтоогдохгүй, мөн түүнчлэн хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Нэхэмжлэгч нь Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт А.Г-г өмгөөлөгчөөр оролцуулж, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б.Т, А.Г нарын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр төлсөн тухай баримтаар тогтоогдож байна. /хх-10-12/ Учирсан хохирлыг хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхийн сацуу нэхэмжлэгчийн хөрөнгө энэ хэмжээгээр буурсан байх тул хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийг аваагүй цалин хөлсөнд нэхэмжилсэн боловч нэг сарын хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн тухай, 1,500,000 төгрөгийн цалин хөлс авдаг тухай баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Л-оос 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож, үлдэх 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Л-оос 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож, үлдэх 6,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данс/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ